Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0274

 

 

     

 

    2024         03           27                                     128/ШШ2024/0274

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ю*******” ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,

Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд,

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

 Хариуцагч: Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн өмгөөлөгч Т.Э нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Л.А, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас Монгол Улсын Сангийн сайд,  Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нарт холбогдуулан Монгол Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтийг болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2. “Ю*******” ХХК нь 2020 онд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас *******/ дугаартай “Таксины зогсоол байгуулах /10 дугаар хороо/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцжээ.

3. Ингэхдээ “Ю*******” ХХК нь тендерт бүрдүүлж өгсөн Хас банкны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 142/1385 тоот тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэх мэдээлэл ирүүлэн тухай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний ******* тоот албан бичгийг Сангийн яаманд ирүүлсний дагуу улсын байцаагчаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байна.

4. Улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын 1 дэх заалтаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах жагсаалтыг баталж, уг жагсаалтын 50-д “Ю*******” ХХК илт худал мэдээлэл тендер ирүүлсэн үндэслэлээр орсон байна.

5. Нэхэмжлэгчээс Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын ерөнхий байцаагч Ж.Г*******ад гомдол гаргаж,

Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8525 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “гомдолд Хас банкны тодорхойлолтын зөвхөн огноог өөрчилсөн ба агуулгыг өөрчлөөгүй, тухайн үед ямар нэгэн өр төлбөргүй байсан гэж дурдсан нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй” гэж үзэж  Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

6. Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад орсон талаар мэдэгдэж, тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тайлбартаа: “...Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл бүртгэх тухай тушаалын Ю*******  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн байцаагч Л.Агийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. Сангийн сайдын тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу хуульд заасны дагуу хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Ю******* ХХК өр төлбөргүй байсан. Ю******* ХХК  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 3 дахь удаагаа зарласан таксины зогсоол байгуулах тухай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо Хас банк ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1******* тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 104 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Манай компанийн тендерийн баримт бичгийг боловсруулсан хүн нь Хас банк ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1******* дугаартай тодорхойлолтын огноог өөрчилсөн зүйл гарсан байна. Өөрчилсөн хүний хариуцлагагүй үйлдлийг гүйцэтгэх захирал мэдээгүй байсан. Энэ тухай тайлбараа хэлж байсан. Тодорхойлолтын хувьд зөвхөн онгоог нь өөрчилсөн боловч агуулгын хувьд зөрчилдөхгүй. Манай компанийн зүгээс ямар нэгэн өр төлбөргүй байсан нь бодит үнэн тул худал бүхий илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тодруулж хэлбэл бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хяналт шалгалтыг хууль бусаар явуулсан гэх дараагийн үндэслэл байгаа. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт тусгагдсанаар Ю******* ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг үндэслэж хяналт шалгалт зохион байгуулсан гэж байгаа. Гэтэл тендер шалгаруулалт даруй 2 жилийн өмнө зохион байгуулагдаж дууссан байдаг. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дээрх албан бичиг ирнээс хойш 1 жил 5 сарын дараа тендер сонгон шалгаруулалт явагдсанаас хойш 2 жил 11 сарын дараа байцаагчийн дүгнэлт гарсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу хариуцагч Л.А үйл ажиллагаа явуулдаг. Л.Ад ирсэн удирдамжийн даалгаварт холбогдох төрийн захиргааны байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу гаргасан асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Тус шийдвэрт илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэхийг тогтоох даалгавар байдаг. Илт худал мэдээлэл бүхий тендер гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч талаас Хас банк дээр бид нарын зүгээс өргүй байсан. Иймд худал мэдээлэл биш гэж хэлээд байна. Тендер шалгаруулалтын хувьд худал мэдээллийг юу гэж ойлгох вэ гэхээр тендер шалгаруулалтад үнэлгээний хороо болон захиалагчийг хянаж үзэхээс ирүүлсэн баримт бичгээр худал мэдээлэл гэдэг нь илэрдэг. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын албан бичгээр 2020 оны 11 дүгээр сарын албан бичгийг тендерт шалгарах зорилготой өөрчилсөн. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сард Монгол улсад эсвэл Хас банкнаас үйлдээгүй огноо дугаартай баримт бичгийг өөрсдөө цоо шинээр үйлдэж түүнийгээ тендерт ирүүлсэн. Тендер шалгаруулалтын хувьд илт худал мэдээлэл хийгдсэн. Худал мэдээлэл гэдгийг тухайн үед үнэлгээний хороо буюу Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас холбогдох банкнаас тодруулж энэ асуудлаар татгалзсан байдаг. Хэрэг нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас өөрийн тендерээс хуулийн 14.1.6-д заасныг үндэслэж татгалзсан асуудлаар маргасан гэдэг баримт ирүүлээгүй. Тухайн үед хуурамч баримт бичиг үйлдсэн байна гэж үзэж татгалзсан. Татгалзсан шийдвэртэй маргаагүй.  Одоо маргаж эхэлж байгаа нь өөрийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг нь хязгаарласан нөхцөл үүссэнтэй холбоотой маргаж худал мэдээлэл ирүүлээгүй гэж хэлээд байгаа. Хэрвээ өөрсдийнх нь үнэн зөв гэж үзэж байгаа бол анхны тендер шалгаруулалт дээрээ энэ асуудлаараа маргаж маргасны үндсэн дээр худал мэдээлэл биш байна гэдэг нь тогтоогдсон бол болох байсан. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөд явж байсан нөхцөл байдал байгаа. Мөн процессын зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч талаас тайлбар хэлж байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм дээр хяналт шалгалт хийх 30 хоног сунгах хугацааг хэлж байгаа. Энэ хугацаа удирдамж гарснаас хойш ямар хугацаанд хяналт шалгалт хийгдэх вэ гэдэг цаг хугацааны асуудал болохоос биш ирүүлсэн хүсэлттэй холбоотой цаг хугацааны хязгаар биш. Удирдамж 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Энэ асуудлаар талуудын тайлбар, дүгнэлт, нотлох баримт гаргах хугацаа боломжийг олгож улсын ерөнхий байцаагчийн удирдамжаар 30 хугацааг сунгаж 104 дүгээр дүгнэлт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Энэ нь журамд заасан 60 хоногийн хугацаа хэтрээгүй байна.

Анхны ирүүлсэн хүсэлттэй холбоотой 2020 оны 12 дугаар сард ирсэн хүсэлт болон 2022 оны 5 дугаар сард ирүүлсэн хүсэлттэй холбоотой улсны ерөнхий байцаагч буюу төрийн нарийн бичгийн дарга өөрөө гарын үсэгтэй шүүхэд тайлбар ирүүлдэг. Удирдамж гараагүй үндэслэлийг тайлбарлах эрх бүхий этгээд гэж үзэж байгаа. Ерөнхий байцаагчийн албан бичигт шүүхээс шаардаж байгаа баримтыг албан бичиг дээрээ тайлбарлаж байгаа. 2020 оны 12 дугаар сард ковидын хатуу хөл хориотой байсан цаг үе байсан. Үүнтэй холбоотой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл бэрхшээлтэй байдал үүсгэхгүй байх үүднээс төрийн бүх захиргааны байгууллагууд хяналт шалгалт хүнд суртал багасгах дээр ажилласан. Мөн худалдан авах ажиллагааны хяналт шалгалт хийхэд гарч байгаа үр дагавар нь тухайн компанийн тендерт шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болсон тул сонсох ажиллагаа болон нотлох баримт цуглуулах ажлыг аль болох биечлэн хийлгэхийг ерөнхий байцаагчийн зүгээс удирдамж болгож байсан. Зөвхөн захиалагчаас ирсэн баримт болон нөгөө талаас ирж байгаа баримтыг үзээд оролцогч талын үндэслэл болгож буй хуулийн заалтыг амаар сонсох боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Энэ асуудлаар удирдамж гаргаагүй. Хорио цээрийн дэглэмтэй яаманд тодорхой нөхцөлөөс бусад тохиолдолд оруулахгүй гэсэн журам тогтоосон байсан. 2021 оны 12 дугаар сард ковидын хөл хорио харьцангуй бага болж аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулахаар санал гаргаад ирэхэд мэргэжлийн хяналтын байгууллага баар болон рестораны газруудад шалгалт хийж үйл ажиллагаа явуулахгүй байсан. Зарим аж ахуй нэгж нар тухайн үед цахимаар эсэргүүцэл зарлаж үйл ажиллагааг эхлүүлж байсан. Үүний үндсэн дээр Засгийн газар хуралдсан байдаг. Хяналт шалгалтын үйл ажиллагааг ковидын дараа хөнгөвчлөх шаардлагатай гэж Сангийн сайд Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж. Тухайн өдрийн хуралдаанаар ******* дүгээр тэмдэглэл гарсан. ******* дүгээр тэмдэглэл худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хамааралгүй тэмдэглэл нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгааг нь мэдэхгүй байна. Хяналт шалгалт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бүх төрийн захиргааны байгууллага иргэн, аж ахуй нэгжид хандсан хяналт шалгалт хийхийг бууруулах зогсохыг даалгасан тэмдэглэл гарсан. Харин төрийн захиргааны байгууллагууд тус зүйл үйлчлэхгүй гэж 3 дугаар талд хамааруулж байгаа. 2020 болон 2021 онд хяналт шалгалт хийгээгүй нөхцөл байдал нь бий болсон. Нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байгаа” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ: 

1. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.1. Нэхэмжлэгчээс Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын хавсралтын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

1.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 327 тоот албан бичгээр ““Ю*******” ХХК-ийг ...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагчаар тогтоолгож, ... тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах” хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр “Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас хуурамч материал бүрдүүлсэн байж болзошгүй 2 аж ахуйн нэгжийн мэдээлэл ирүүлсэн...ирүүлсэн мэдээллийн дагуу худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн талаарх мэдээллийг ...хүргүүлж байна” гэх мэдээллийг Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт хүргүүлсэн,

2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Ж.Г******* 03 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг баталж, хяналт шалгалтыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30 хоногт багтаан гүйцэтгэхээр тусгасан, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30 хоногоор сунгасан,

1.3. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нь 104 дугаартай “...“Ю*******” ХХК нь ...Хас банкны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/1385 тоот албан бичгийн огноог 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болгож зассан, тендер бэлтгэхдээ бусад этгээдээр гүйцэтгүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ба холбогдох эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендертэй холбоотой хариуцлагыг компани хүлээх үндэслэлтэй байна...”Ю*******” ХХК-г тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

1.4. Уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн маргаан бүхий 213 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ю*******” ХХК-г тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн байна.

1.5. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж заасан.

1.6. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тоотоор “2020 онд зарласан Таксины зогсоол байгуулах *******/ төсөл арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тендерийн нээлтийг хийхэд “Ю*******” ХХК нь материал илгээж ...дахин зарлаж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээлт хийхэд дахин материал ирүүлж оролцсон байна” гэх лавлагааг ирүүлснээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зөрчил гаргасан гэж дүгнэхээр байна.

1.7. Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгээгүй боловч хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасныг баримтлаагүй бөгөөд энэ талаарх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбар үндэслэлгүй байна.

1.8. Тус тайлбарт Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаанд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 327 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хойшлуулсан гэх боловч уг хуулиар хяналт шалгалтыг хойшлуулах асуудлыг зохицуулаагүй...мөн Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн хяналт шалгалтын ажлыг мөн хойшлуулж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр албан бичгийн дагуу хяналт шалгалтыг 1 жил 3 сарын дараа эхлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээр дурдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

1.9. Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр хуралдааны тэмдэглэлд “...төлөвлөгөөт хяналт шалгалтыг 50 хувиар бууруулах... төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрсдэлд суурилан зайлшгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийх, хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг дарга нарт даалгав” гэсэн нь уг маргаанд хамааралтай төлөвлөгөөт бус шалгалтыг хойшлуулах агуулга тусгагдаагүй байна. 

1.10. Нэгэнт хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлээгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт гаргасан байх тул уг дүгнэлтийг үндэслэж буюу зөрчил гарснаас хойш 3 жил 12 хоногийн дараа гарсан Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 312 дугаар тушаалын хавсралтын “Ю*******” ХХК-д холбогдох хэсэг нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн тул мөн хууль бус гэж үзнэ. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын хавсралтын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю*******” ХХК-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОДМАА