Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 959

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨД ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00621 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ӨД ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.С-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Агар-Эрдэнэ, Э.Сайнсанаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Чинхүсэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨД ” ХХК нь Б.С-тай  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч С.С нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Их Монгол гудамж, Таймскүэр цогцолбор хотхон, 508 байр, 1602 тоот, 3 өрөө орон сууцыг 361 900 000 төгрөгөөр захиалан авахаар гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр 30 хувьтай тэнцэх 110 000 000 төгрөг, хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд 10 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, үлдэгдэл төлбөр 241 900 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

“ӨД ” ХХК гэрээнд заасны дагуу орон сууцыг С.С-ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч хариуцагч С.С нь өнөөдрийн байдлаар 155 000 000 төгрөгийг төлж 196 900 000 төгрөгийг төлөөгүй байна. Бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд гэр бүлтэйгээ амьдарч байгаа.

Иймд С.С-аас үндсэн үлдэгдэл төлбөр 196 900 000 төгрөг, алданги 39 380 000 төгрөг, нийт 236 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.С нь 2017 оны 08 дугаар сард “Ө ” ХХК-тай Тайм Скуер хотхоны 508 тоот орон сууцыг 351 900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд тал төлбөрийг бэлэн мөнгөөр үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл 2017 оны 08 сард борлуулалтын албанаас дуудаж гэрээ байгуулахыг санал болгож, гэрээнд тухайн бартерын байрны талаар тусгаагүй байсныг асууж лавлахад “энэ бол зөвхөн тухайн байрны гэрчилгээ бусад баримтыг бүрдүүлэхэд шаардлагатай тул гарын үсэг зурж болно” гэж хэлсэн учраас гэрээнд гарын үсэг зурсан.

Талуудын тохиролцсоны дагуу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 110 000 000 төгрөгийг, 10 дугаар сарын 18-ны өдөр 45 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл тухайн байр хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд гүйцэтгэгч талын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн санал хүсэлт барагдуулах актад дурдсанаар хийх ёстой ажлуудыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор засаж сайжруулахаар тусгасан. Тухайн ажлуудыг бүрэн гүйцэд хийж актаар хүлээлгэж өгөлгүй дутуу хагас байлгасаар өнөөдрийг хүргэсэн.

Миний зүгээс ярилцан тохиролцсоны дагуу “Ө  ” ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2019 оны 12 сарын 11-ны өдөр “Л ” ХХК-ийн гэрээгээр авах байрыг төлбөрт шилжүүлэхээр албан бичгээр хандсан боловч хэлэлцэн тохиролцсон нөхцөлөөсөө буцаж шүүхэд хандсан.

С.С-ын “Ө ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь “Ө  ” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-аас 236 280 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ӨД ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ӨД ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 339 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 339 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ӨД ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардпагыг хангаагүй.

Зохигчийн хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний харилцаанд маргаантай асуудал байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан, улмаар холбогдох нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх шаардлагатай байсан учраас хариуцагч талаас шүүх хуралдаанд зайлшгүй биечлэн оролцох шаардлагатай байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлах гэр бүлийн эзэмшлийн зуслангийн байшинтай бөгөөд 4 улирлын цагт ирж очин амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өглөө шүүх хуралд оролцохоор өөрийн зуслангаас Улаанбаатар хот руу Ар Гүнтийн даваагаар нэвтрэх гэсэн боловч цагдаа болон эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага зэргээс уг давааны өвөр Гүнт талд нь хот руу иргэдийг оруулахгүйгээр хязгаарлалт тогтоож, иргэдийг нэвтрүүлэхгүй байсан ба дэлхий нийтэд таран халдварлаж байгаа корона вирусын тохиолдол Монгол Улсад анх бүртгэгдсэн учир Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хотын бүс рүү нэвтрүүлэхгүй гэж хэлсэн.

Тухайн үед миний бие Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдаанд оролцох талаар тайлбарласан боловч хот руу нэвтрэхийг зөвшөөрөөгүй бөгөөд бүх төрлийн арга хэмжээг цуцалсан тухай мэдэгдсэн.

Улмаар тус дүүргийн шүүгч туслахтай утсаар холбогдож тухайн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болсон талаар тайлбарлаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй боловч хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргах ямар ч боломжгүй болсон байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг хойшлуулж өгөх талаар хүсэлтээ хэлсэн.

Тухайн үед шүүгчийн туслах “за би шүүгчээсээ асууя” гэсэн боловч хариу хэлээгүй. Ингээд хэсэг хугацааны дараа дахин утсаар залгаж асуухад “шүүх хуралдаан болж шүүхийн шийдвэр гарсан” гэх хариу өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давагдашгүй хүчин зүйлийн улмаас хот руу орж чадахгүй болсон, энэ талаар шүүхэд урьдчилан мэдэгдсээр байхад миний энэ аргагүй байдлыг үл тоож шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шууд зөрчсөнөөс гадна эрх тэгш мэтгэлцэх эрхийг мөн хангаагүйгээс хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хариу тайлбар шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хариу тайлбар гаргаагүй байсан мэтээр үндэслэх хэсэгт эрх зүйн дүгнэлт хийж хэт нэг талыг барьж хариуцагчийн эрхийг дордуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ӨД ” ХХК нь хариуцагч С.С-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236 280 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг амаар гаргасныг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж бэхжүүлж авчээ. Хүсэлт нь хүндэтгэн үзэх үндэслэлтэй буюу Корона вирусын халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулж Улсын Онцгой комиссоос зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон арга хэмжээ авсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Энэ эрхийн хүрээнд хянавал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн санал хүсэлт барагдуулах актыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 183/ШЗ2020/02609, 183/ШЗ2020/03189 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3-09 тоот албан бичигт дээрх баримт байхгүй гэснийг үндэслэн нотлох баримт цуглуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй нь буруу болжээ.

 

Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж нотлох баримтыг цуглуулахдаа нотлох баримт гаргаж өгөх үүрэг бүхий этгээдийн тайлбарт үндэслэхгүй бөгөөд хуульд заасан нотлох баримт албадан гаргуулах ажиллагааг явуулах учиртай.

 

Иймд анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 339 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                        

                               ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Э.ЗОЛЗАЯА