| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00657/И |
| Дугаар | 151/ШШ2024/00565 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00565
2024 06 12 151/ШШ2024/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:
Ж.Б миний бие 2022 оны 4 дүгээр сараас эхлэн ... улсын ... компанид ажиллаж эхэлсэн ба энэ үед Б.Ж нь надаас Р гоо сайхны 11 бүтээгдэхүүнээс бүрдсэн ком тус бүр нь 2,050,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг ком, ... ком бүтээгдэхүүн 550,000 төгрөгийн үнэтэй, мөн бэлэн 500,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Б.Ж-аас эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг зарсан төлбөр 6,700,000 төгрөг, зээлж авсан 500,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж түүний ... дугаартай утсаар холбогдоход удаахгүй төлнө өө, жаахан хүлээж байгаа ч гэж хэлдэг. Гэвч мөнгө өгөхгүй удсаар байсан учир Б.Ж-тай 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ... аймагт уулзаад бид төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Би хүнээс хүүтэй мөнгө зээлж эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг авснаа хэлж, түүнд хүү тооцохоо илэрхийлж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар Б.Ж нь нийт 9,720,000 төгрөгийг сар бүр 1,200,000 төгрөг төлснөөр 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал төлж барагдуулах байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрээр 2,167,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 7,533,000 төгрөгийг төлөхгүй, утсаа авахгүй, алга болсон. Ингээд Б.Ж-гийн оршин суух ... хаягт нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд түүний ..., ээж Б-гийн ... дугаартай утсаар холбогдож байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Ж-гийн оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байх тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү. Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Л.М би Ж.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 00 минутад товлон зарласан байна. Гэвч миний бие 2024 оны 06 сарын 11-ний өдөр ... сум болон тус сумын Х багт, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ... сумдад хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Иймд Ж.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Б.Ж нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Б.Ж-г тодорхойлжээ.
Б.Ж нь ... хаягт оршин суух бүртгэлгүй, оршин суудаггүй, амьдардаггүй болох нь ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-гийн оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Ж-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Л.М нар нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Ж-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б.Ж-гийн оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ж.Б/утас:/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М /утас:/-т мэдэгдэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН