Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/779

 

 

Б.Н, Д.Б, Б.М,

С.А, Ч.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган, Б.Бямбадагва,   

хохирогч Б.Нийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

яллагдагч Б.Нийн өмгөөлөгч Б.Батжаргал,

яллагдагч Д.Бы өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

яллагдагч Ч.Аийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1039 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Б.Нийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Н, Д.Б, Б.М, С.А, Ч.А нарт холбогдох 1809046760956 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.

2.

3.

4.

5.

1. Яллагдагч Ч.А нь “Т б” ХХК-ийн Тээврийн товчооны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа:

албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн шууд удирдлагад ажилладаг ахлах теллер С.А, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б, Б.Н нартай үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж “...гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж төсөл хэрэгжүүлнэ, манай нөхрийн компани тендерт оролцож байгаа, Т бнаас их хэмжээгээр мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүсийн өмнөх зээлийг хаах зорилгоор өндөр хүүтэй зээлбэл мөнгөө өсгөх боломжтой...” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлүүдээр нийт нэр бүхий 48 иргэнээс 4,149,070,667 төгрөгийн залилан авсан,

               нийтийн албан тушаалтны албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тооцооны төвийн ахлах'теллер С.А, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б, Б.Н нартай үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийж, нийт нэр бүхий 49 иргэний зөвшөөрөлгүйгээр дансыг нь барьцаалж, бичил бизнесийн болон данснаас нь дур мэдэн мөнгө гарган авч ашиглан, өөрийн эрх ашгийн гүйцэтгэх зорилгоор авч өөртөө давуу байдал бий болгож, “Т б” ХХК-д 4,393,162,539 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

2. Яллагдагч С.А нь “Т б” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Тээврийн товчооны тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа Тээврийн товчооны тооцооны төвийн захирал Ч.А, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б, Б.Н нартай үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлүүдээрээ нийт 48 иргэнээс 4,149,070,667 төгрөгийн залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон;

3. Яллагдагч Б.М нь “Т б” ХХК-ийн Тээврийн товчооны тооцооны төвийн вип теллерээр ажиллаж байхдаа Тээврийн товчооны тооцооны төвийн захирал Ч.А, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б, Б.Н нартай үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлүүдээрээ нийт 48 иргэнээс 4,149,070,667 төгрөгийн залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон;

4. Яллагдагч Д.Б нь “Т б” ХХК-ийн Тээврийн товчооны тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа Тээврийн товчооны тооцооны төвийн захирал Ч.А, ахлах теллер С.А, харилцааны менежер Б.Н нарын үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлүүдээр нийт 48 иргэнээс 4,149,070,667 төгрөгийн залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон;

5. Яллагдагч Б.Н нь “Т б” ХХК-ийн Тээврийн товчооны тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа Тээврийн товчооны тооцооны төвийн захирал Ч.А, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б, Б.Н нарын үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, “гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж төсөл хэрэгжүүлнэ, манай нөхрийн компани тендерт оролцож байгаа, Төрийнг банкнаас их хэмжээгээр мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүсийн өмнөх зээлийг хаах зорилгоор өндөр хүүтэй зээлбэл мөнгөө өсгөх боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлүүдээр нийт 48 иргэнээс 4,149,070,667 төгрөгийн залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдэхэд нь хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Б.Мгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

С.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Ч.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус хэрэгт нэр бүхий иргэдийг хохирогчоор, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна.

Үүнд:

            1. Яллагдагч Ч.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт кредит карт эзэмших гэрээ /10хх 132/, барьцаат зээлийн гэрээ /10хх 155/ тус тус авагдсан байх бөгөөд уг гэрээнд Ч.А, Н.Т нар гарын үсэг зурсан байна. Н.Тын нөхөр гэх Д.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг т “...гэрээнд гарын үсэг зураагүй гэж эхнэр Н.Т хэлсэн...” /10хх 115-116/ гэж мэдүүлсэн байна. Иймд Н.Таас мэдүүлэг авч, хохирогчоор тогтоох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай /гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар тодруулах/ бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийх,

            - Т бны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/3451 дугаартай албан бичигт: “...О.М зэрэг нэр бүхий иргэд гомдол гаргасан талаар дурдаж, цагдаагийн газарт шалгуулах тухай хүсэлт гаргасан...” байна. Мөн шүүгдэгч нар шүүх хуралдаанд “...О.М зэрэг хүмүүс хохирогчоор тогтоогдоогүй байгаа...” гэж мэдүүлсэн.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1837 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаартай магадлал зэргээр Т б, О.М нарын маргааныг шийдвэрлэсэн байна. Иймд О.Мд хохирол учруулсан гэх үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, яллагдагч нарын оролцоо болон хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж, мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах,

            - Мөн Эрүүгийн 1809000001056 дугаартай хэрэгт Д.Тыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоосон байна.

            Яллагдагч Ч.А, С.Оюунбилэг нарын хооронд зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн, төлбөрийн баримт 7 дугаар хавтас хэргийн 100-106 дугаар хуудсанд авагдсан байна. Хохирогч Д.Т-ын мэдүүлэгт “...эх С.Оюунбилэг миний өмнөөс зээлийн гэрээ хийсэн. ...” гэжээ. Яллагдагч Ч.Атэй зээлийн гэрээ байгуулсан С.Оюунбилэг нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдох эсэх, хохирогчоор тогтоогдсон Д.Ттай ямар холбоотой болохыг түүнээс тодруулж мэдүүлэг авах,

            - Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор яллагдагч Ч.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт “Хан Файнанс Солюшн” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Хэрэгт Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...2018 онд компанийг Б.Буянжаргалд шилжүүлсэн...” гэжээ. /9хх 72-73/, Мөн “Хан Файнанс Солюшн” ХХК-ийг гүйцэтгэх захирал Б.Буянжаргал гэх албан бичиг /9хх 75/ хэрэгт авагдсан байна. “Хан Файнанс Солюшн” ХХК-ийг Б.Бат-Эрдэнэ төлөөлөх эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул “Хан Файнанс Солюшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримтыг үндэслэн итгэмжлэлгүй бүрэн төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл уг хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна.

            2. Яллагдагч Н.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаартай прокурорын тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулаагүй, тэдгээрийн гомдол гаргах эрхийг хангаагүй байна. Мөн уг тогтоолд яллагдагч Н.Н-д битүүмжилсэн хөрөнгө байхгүй талаар дурдаж шийдвэрлэсэн атал яллах дүгнэлтэд Н.Нармандахын нэр дээр бүртгэлтэй 054721 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй 40 м/кв бүхий Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зуслангийн зориулалттай газар зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн талаар дурджээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг прокурорын тогтоолыг гардуулж, мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангаж, битүүмжилсэн эд хөрөнгийг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй.

            3. Т бны зөрчил илрүүлсэн дотоод шалгалтын тайлангууд /2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/6137 дугаартай/-ыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор мөрдөгч нэмэлт шинжээч томилж /29хх 139, 243, 30хх 13/ шинжээчийн дүгнэлтүүд гаргуулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “...шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч... нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгана...” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч тус хэрэгт хохирогч, иргэний хариуцагчаар тогтоогдсон “Т б” ХХК-ийн “дотоод шалгалтын тайлан”-г шинжээчийн дүгнэлт гэж түүнд нэмэлт шинжээч томилж байгаа нь хохирлын хэмжээг бүрэн бодитойгоор тодорхойлох боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол банкны хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч шинжээч Б.Хаш-Эрдэнийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Т бны 01/6137 дугаартай тайланд тусгагдсан асуудлыг нягтлан үзэхэд шаардлагатай тулган баталгаажуулалт, меморриалын баримт, орлого, зарлагын гүйлгээний баримт шинжлэх боломжгүй, гарын үсгийн үнэн зөвийг баталгаажуулах боломжгүй...” талаар дурдсан байна. Иймд “Т б” ХХК-иас хохирогчийн хувьд хохирлын хэмжээг хэрхэн яаж тооцож, хэдэн харилцагчийн, хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа болон иргэний хариуцагчийн хувьд хэрэгт хохирогчоор тогтоогдсон зарим хохирогч нарын нэхэмжилсэн дүн “Т б” ХХК-ийн шалгалтын тайланд тусгагдсан дүн зөрүүтэй байх тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай.

            Мөн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /29хх 1/, 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /29хх 5/-ыг тус тус шинжээчид танилцуулаагүй, хууль сануулж гарын үсэг зуруулаагүй байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шинжилгээ хийлгэх журмыг зөрчиж байх бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол ...хэр хэмжээ...”-г тогтоогоогүй буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж шүүх үзлээ.

            - Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ч.Аийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийн эсрэг” буюу тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэгт, мөн хуулийн 27 дугаар бүлэгт заасан “авлигын” буюу тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...их хэмжээний хохирол учруулсан” үйлдлийг “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах ашиглах” гэмт хэргээр тооцож, “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тус тус хуульчилсан. Тус хэрэгт “Т б” ХХК болон банкны харилцагч иргэд хохирогчоор тогтоогдсон ба яллагдагчийн “...Т б ХХК-д /удирдах албан тушаалд/ ажиллаж байхдаа ...банк болон харилцагч нарт мэдэгдэхгүй, нууж, тэдний өмнөөс ...гэрээнд гарын үсэг зурж, баримт бичиг ашиглаж ...банкинд хадгалуулсан иргэдийн мөнгө, хөрөнгийг өөртөө шилжүүлж авч ашигласан...” гэх үйлдэлд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, ойролцоо төрлийн гэмт хэргүүдийн ижил төстэй болон ялгаатай шинжүүдийг өрсөлдүүлэн хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байна.    Мөн түүнчлэн яллагдагч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг үг, үсгийн зөрүүгүй хуулбарлаж тавьсан нь яллагдагч тус бүрийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн...” гэх тайлбарыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг хэн үйлдсэн”-ийг нотолно гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана. 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж тус тус хуульчилжээ. Дээрхээс үзэхэд энэ нь үндэслэлтэй буюу яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зайлшгүй тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, улмаар сонсгосон ялын талаар мэдүүлэг өгч, шүүх хуралдаанд “мэтгэлцэх эрх” хангагдах юм.

            4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар “Тошиба” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн Самсунг Эс-9 загварын гар утас 1 ширхэг, Айфоне-7 загварын гар утас 1 ширхэг, диск 7 ширхэг, хард диск 1 ширхэг зэргийг хураан авч хэргийн хамт ирүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч нараас нэр төрөл, тоо ширхэг, бүхий эд зүйл хураан авч шүүхэд ирүүлсэн байх хэдий ч яллах дүгнэлтийн хавсралтад бичээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хуульд нийцүүлэн “...хураасан эд зүйлийг хавсралтад дурдаж...” ирүүлэх нь зүйтэй. Дээр дурдсан алдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, шалгаагүй орхигдсон ажиллагаа зэрэг нь Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөр байх тул яллагдагч Ч.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх бол...” гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Нийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч Б.Н энэ хэрэг маш удаашралтай шалгаж байгаад гомдолтой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах... хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан байдаг. Хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 26 өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогч Б.Н өргөдөл гаргаж А нь намайг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар намайг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж намайг залилсан гэж үзэж хуулийн дагуу шалгаж, хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн /5хх 18/. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 7 өдрийн 1809000001096 прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Ч.Аийг яллагдагчаар татсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Аээс яллагдагчаар мэдүүлэг өгч, А нь хүлээн зөвшөөрч байна. Хэрэг нэгтгэгдсэний дараа мэдүүлэг өгье гэдэг Прокурорын 443 дугаартай тогтоолоос эрүүгийн хэргийг нэгтгэсэн. Ингээд яллагдагчаар Ч.А нь татагдсанаас хойш 4 дэх жил рүү орж, хугацаа өнгөрч байна. Хэргийг буцааж, цаг алдуулан, хөөн хэлэлцэх хугацаа зогсож, удаашруулж үргэлжлүүлэх нөхцөл байдал үүсвэл хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөнө гэж үзэж байна.

2. Миний үйлчлүүлэгч Б.Нд бодит хохирол 113.000.000 төгрөгийн хохирол учирсан ба эхний ээлжид Т бнаас гаргуулж өгнө үү гэж мэдүүлэгтээ хүсэлтээ илэрхийлдэг. Хэрэг учрал болсноос хойш 4 дэх жилийн нүүр үзэж байна. Тухайн үеийн 113 сая төгрөг одоогийн бусад улсын валюттай харьцуулахаар үнэ цэнэ нь өдөр ирэх тусам буурч байна. Хохирол мөнгө маань эргүүлж олдохгүй бол яана гэж айдсаас болж зүрх чичирч, цээж бачуурч, даралт ихэс ч нойр хүрэхгүй боллоо гэж өмгөөлөгчдөө удаа дараа хэлсэн. хохирогч Б.Н нь одоо 65 настай, тэтгэврийн хүн, дээрх мөнгийг банкаар хүүтэй хадгалж өсгөн ирээдүйд орон сууц авах зорилготой байсан. Энэ хэргийг хурдан шүүхээр шийдүүлж хохирол төлбөрөө авах хүсэлтэй байгаа. Үүний адил бусад хохирогч нар ч энэ хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байгаа гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхэд хэрэг ирээд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг нэг ч хохирогч гаргаагүй байсан.

3. 2021 оны 5 дугаар сарын 19 өдрийн иргэний хариуцагч А.Бямбазоригийн мэдүүлэгт ... хүмүүсийн хохирлыг эрүүгийн журмаар шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байна гэж мэдүүлдэг. Хохирогч Нд А нь хэлэхдээ 1 дүгээрт Т б 50% нь Төрийн өмч, 2 дугаарт би энд олон жил ажилласан нэр төртэй, 3 дугаарт албан тушаалаараа баталгаа гаргаж, батлан дааж байна гэдэг. А нь теллер ээ дуудаж зааварчилга өгөн баримт бичиг үйлдүүлсэн тул ном журмын дагуу юм байна гэж бодогдсон. Т бны нас намба тогтсон удирдах албан ажилтан албан ажил дээрээ теллертэйгээ хамтарч банкны харилцагчаа тархийг нь угааж итгүүлэн ийм зүйл хээв нэг хийж байх юм гэж бодох нь битгий хэл зүүдэлсэнгүй, түүнд итгэсэн гэж хохирогчийн өргөдөл болон мэдүүлгийг хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Т б удирдах албан тушаалын ажилтнаар яагаад ийм хүнээр ажиллуулж байгаа юм, цаг тухайд нь хяналт шалгалт хийж зөрчил дутагдлын засаж байсан бол ийм олон хүн хохирогч болохгүй байсан. Иймд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг хурдан хэлэлцүүлж, хохирол төлбөрийг эхний ээлжид Т бнаас гаргуулах хүсэлтэй байна.

4. Яллагдагч Б.Мгийн өмгөөлөгч К.Манлайгаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1р зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15т заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Өмгөөлөгч хүсэлтэд ээ үндэслэлээ тодорхой, дэлгэрэнгүй тусгаж өгөөгүй, үндэслэлийг шүүх хуралдаанд танилцуулсан. Нэр бүхий 48н хохирогчийг хэн, яаж залилсан талаар яллах дүгнэлтэд зайлшгүй тодруулах шаардлагатай, хохирлын тооцоо, гэмт үйлдлийн тоо, яллах дүгнэлтэд үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн, үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж...яллах дүгнэлтийг солих шаардлагатай гэж үзэж байна гэж хүсэлт гаргадаг. Яллах дүгнэлтийг солиулах, өөрчлүүлэх, засвар оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд хамаарахгүй бөгөөд яллах дүгнэлт үйлдэх ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаа биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.9-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд Прокурорын зөвшөөрлөөр эсвэл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ. Яг ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь тодорхойгүй ба ойлгомжгүй байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал яригдахгүй бөгөөд яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбараас харахад гэмт буруугийн асуудлын талаар тайлбарладаг, хэн хэн нь ямар гэмт хэрэгт холбогдсон, үйлдэл оролцоо нь ямар байсан эсэх, үйлдлээрээ эсвэл үгсэн тохиролцсон, бүлэглэсэн эсэх асуудал нь нотлох баримтыг шинжлэн судлаад гэм буруутай эсэх нь зөвхөн гэм буруугийн шүүх хурлаар хэлэлцэгдэнэ гэж үзэж байна. Хохирлын тооцоог шинжээчийн дүгнэлтээс гадна, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга, мөн шилжүүлсэн баримт гэх мэт хэрэгт авагдсан баримтын үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт хийх боломжтой байсан.

5. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурор Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, хохирогч Г.Э, Б.Энхбаяр нарын      өмгөөлөгч Н.Нарантуяа, хохирогч С.Оюуны өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, хохирогч Э.Энхтайван, Э.Цэнгэл нарын өмгөөлөгч С.Давааравдан, хохирогч Б.Нийн өмгөөлөгч миний бие, хохирогч М.Ичинхорлоогийн өмгөөлөгч Ө.Алтангадас нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.7-д 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай заасан. Гэтэл шүүгчийн захирамжид энэ талаар огт тусгагдаагүй байна.

6. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022\ШЗ\1039 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн авахад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл огт гараагүй байсан, танилцуулаагүй. Уг хэлэлцүүлэгт хохирогч Ичинхорлоогийн өмгөөлөгч Ө.Алтангадас нь өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь уг захирамжид огт тусгагдаагүй байна.

7. Яллагдагч С.Аийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Тэнгис нараас ...Болорчулуун, А нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгээд оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна гэж урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарладаг. Энэ асуудлаа мөрдөн шалгах ажиллагааны үед хүсэлтээ яагаад өгөөгүй юм бэ!. Хавтаст хэргээс харвал хэрэг Нийслэлийн Прокурорын газрын хяналтад ирснээс хойш хэн нэгний үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах талаар, хэн нэгний зарим нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаар, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох талаар өмгөөлөгч нараас нэг ч хүсэлт гаргаагүй гэж прокурор Б.Ганбулган тайлбарласан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хохирогч нарт бодит хохирлоос гадна сэтгэл санааны хохирол учирсаар байна.

8. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт яллагдагч Ч.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт... Н.Таас мэдүүлэг авч хохирогчоор тогтоох хэсгийг шийдвэрлэх, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах... гэжээ. Энэ хэрэгт Н.Тыг хохирогчоор тогтоож, түүний эх С.Оюунбилэг нь зээлийн гэрээ хийсэн, хохирогч Туулын нөхөр нь хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж харагдаж байна. Хохирогч Туултай холбоотой асуудлыг Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж, шаардлагатай тохиолдолд хохирогч Н.Т, Д.Э нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хан Файнанс Солюшин ХХК иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоол хавтаст хэрэгт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэгч Б.Буянжаргалаар өөрчилж Хан Файнанс Солюшин ХХК нь гүйцэтгэх захирал Б.Буянжаргалын албан бичиг, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг үндэслэн тогтоож болох байсан. Иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг анхан шатны шүүх хуралдаанд авах боломжтой байсан. Т бны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01\3451 дугаартай албан бичигт О.М зэрэг нэр бүхий иргэд гомдол гаргасан талаар дурдаж, Цагдаагийн газарт шалгуулах хүсэлт гаргасан.... зэрэг байна. ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1837 дугаартай шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2203 дугаартай магадлал зэргээр Т б, О.М нарын маргааныг шийдвэрлэсэн байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.6-д зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх асуудлыг яллагдагчдыг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой хуульчилсан. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн мөн энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж заасан байдаг. Аль болохоор хуулийн гарц гаргалгааг зөв гаргаж, цаг хугацаа алдахгүй энэ хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй бол олон тооны хохирогчтой хэрэг удааширч хөөн хэлэлцэх хугацаанаас болж зарим нь хэрэгсэхгүй болох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж, ийм байдал ирээдүйд үүсч, зарим холбогдогч ял завших хандлага практикт буруу жишиг тогтох вий гэдгээс болгоомжилж байна.

9. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасан. Анхан шатны шүүх хурлын үеэр нотлох баримтыг шинжлэн судлаад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй эсэхийг тогтоож шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр, өөр шинжээчид даалгах боломжтой байсан. Хэн гэдэг хохирогчийн хувьд хохирлын хэмжээг буруу тооцсон, хохирогч нарын нэхэмжилсэн дүн ямар баримт шинжлэн судлагдаад зөрүүдтэй байгааг шүүхийн үндэслэх хэсэгтээ тусгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ... нотолбол зохих байдалд дан ганц шинжээчийн дүгнэлт орохгүй бөгөөд, хохирогч гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн гэрээнүүд, банкны дэвтэр гэх мэт бусад нотлох баримтаар нотлогдоно. Иймд шүүгчийн захирамжтай санал нийлэхгүй байна.

10. Т б ХХК харилцагч Б.Нд... бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хамтарч ажиллах санал тавин ...залилсан ...нийт 48 иргэнээс 4.149.070.667 төгрөгийг залилан авч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэж яллах дүгнэлт үйлдэж Ч.Ад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Залилах гэмт хэргийг хууль хэрэглээг хэрэглэхтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаартай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаартай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаартай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаартай тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 435 дугаартай тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 244 дугаартай тогтоол, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаартай тогтоолоор тус тус
тайлбарласан. Прокурор Б.Ганбулган шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа хохирогч нарт огт мэдэгдээгүй шууд данснаас нь мөнгө авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн  22.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учирлуулснаар зүйлчилсэн гэдэг. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн талаар Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 407 дугаартай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 586 дугаартай тогтоолоор хууль хэрэглээг тайлбарласан. Шүүгчийн захирамжид үндэслэх хэсэгт ... үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж ойролцоо төрлийн гэмт хэргүүдийн ижил төстэй болон ялгаатай шинжүүдийн өрсөлдүүлэн
хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал
нөлөөлөхөөр байна гэжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан 72 дугаар хавтаст хэргийг шинжлэн судлаад Улсын Дээд шүүхийн хууль хэрэглээтэй холбоотой тайлбарыг удирдлага болгон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт дээр тулгуурлаж хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байсан. Нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, шүүх бүрэн бодитоор шийдвэрлэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсгээр зүйлчлэх эсэхийг тогтоох эрх хэмжээ шүүхэд байгаа. Эрх зүйн байдлыг дээрдүүлэн, зүйлчлэлийг хөнгөрүүлж, анхан шатны гэм буруугийн шүүх хурлаар шийдвэрлэх боломжтой ба хэрэв эрх зүйн байдал дордохоор бол энэ талаар шүүх хууль зүйн дүгнэлтээ гаргаж, шүүх тогтоолдоо тусгаж хэргийг прокурорт буцаах  боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Нийн өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд  “...Тайлбар байхгүй...” гэв. 

Яллагдагч Д.Бы өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нарын хувьд цаг хугацаа алдаж байгаад хүндэтгэлтэй хандаж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэх бодитой нөхцөл байдал байхгүй. Нийт 8 холбогдогч 38 хохирогч байгаа. Яллах дүгнэлтэд 8 холбогдогчийг 38 хохирогчийн үйлдлээр хуулбарлаж орж ирсэн. 8 холбогдогчийг ямар гэмт хэрэгт, ямар үйлдлийг хэзээ үйлдсэн, аль хохирогчид ямар үйлдлээрээ хэн нэгний эрх ашгийг зөрчсөн, ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаа нь яллах дүгнэлтэд тодорхой харагдахгүй байна. Ямар холбогдогчид хэн гэдэг хохирогч нь холбогдоод, хэзээний үйлдлээр нь тодорхой болоогүй учир хохирлын тооцоо хийх, хэдэн төгрөг төлөгдөөд, иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох этгээдүүд нь хэн болох, төлөгдсөн хохирол нь хэд болох юм, хэн нь ямар хохирлыг хариуцах, аль холбогдогчид аль үйлдэл нь хамааралтай вэ гэдэг нь тодорхойгүй болохоор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд анхан шатны шүүхээс буцаасан шүүгчийн захирамжид үндэслэлүүдийг дурдаж гаргаж ирсэн бодит хэрэгцээ нь байгаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс захирамж гарсан гэдэг агуулгаараа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Яллагдагч Ч.Аийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, процессын хуулийг ноцтой зөрчсөн гэж тодорхой дурдсан байдаг. Энэ хэрэгт хохирогч болсон хүмүүс нь хэдийгээр бага боловч субъект нь дотоод аудитын дүгнэлтээр иргэн дээр ярих юм бол би ингэж хохирсон юм гэж анхан шатны баримтуудаа гаргаад өгчихвөл тэр нь дээр нэмэлтээр шинжээчийн дүгнэлт томилж байгаа нь процессын хууль ноцтой зөрчиж байна. Хохирогчийн аудитын дүгнэлтийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дүгнэлт гаргаж тэрний үндсэн дээр буруу, зөрүү бол нэмэлтээр гаргах байсан. Гэтэл шууд хохирогчийнхыг дүгнэлт гэж гаргаж байгаа нь процессын зөрчил. Ганцхан энэ үндэслэлээр шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа чинь мөрдөгчийн, прокурорын, шүүхийн гэж шат шатанд нь ялгаад бүлэг, бүлэгт үүргийг нь хуваарилсан. Тэгэхээр бүх юмыг шүүх хийх үүрэг хүлээгээгүй. Хохирогчоор тогтоох, шинээр иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь тусдаа процесс. Энэ мөрдөн байцаагч, прокурорын үүрэг болохоос шүүхийн хийдэг ажил биш. Хэрэв бүгдийг нь шүүх хийдэг бол цалин ч гэсэн нэмэгдэх ёстой биз дээ. Цалингаа авч байгаа хүмүүс ажлаа хийцгээ гэж шүүх захирамжаар буцаасан. Манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэл дээрээ маргадаггүй, бүх үйл баримтаа хүлээн зөвшөөрдөг. Өргөдөл гаргаж байгаа Б.Н болон бусад хохирогч нарын гаргасан өргөдөлд бичсэн мэдүүлэг нь яллагдагчийн мэдүүлэгтэй тохирдог. Процессын зөрчил гэж яриад байгааг Ч.А гэм буруугаа хүлээхгүй яриад байна гэж прокурорууд буруугаар битгий ойлгоорой. Энд бид ноцтой зөрчил гаргаснаа залруулах үүрэгтэй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ажиллагаануудыг хийлгэх нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гүйцэтгэх хуудас бичигдэхэд нэхэмжлэгч, хохирогч нь буруу байна гэдэг асуудал гардаг учраас зөвтгөх нь зүйтэй...” гэв. 

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт хүчингүй болгосон. Энэ заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулж прокурорын зүгээс шүүгчийн захирамжийн үндэслэл дээр хэлэх тайлбар байхгүй...” гэв. 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Б.Ганбулгантай санал нэг байна...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Н, Д.Б, Б.М, С.А, Ч.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

Яллагдагч Б.Н, Д.Б, Б.М, С.А, Ч.Ад холбогдох яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 1809046760956 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн:

  • хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг хуульд заасны дагуу зөв тогтоох,  
  •  яллагдагч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ажиллагаанд гомдол гаргах оролцогчийн эрхийг хангах, битүүмжилсэн эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх,
  •  яллагдагч нарын үйлдлээс учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй, шүүх үнэлэх боломжтой байдлаар тогтоох,
  •  Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож буй үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, яллагдагчийн хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй тогтоох зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж шийдвэрлэх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоолгох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргасан “...хэргийг буцаах нь цаг алдана, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хохирогчийн эрх ашиг зөрчигдөнө. ...” гэсэн үндэслэлээр хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, тус эрүүгийн хэргийн яллагдагч нарыг “...үгсэн тохиролцож, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж...” гэж яллагдагчаар татсан тул хууль зүйн үндэслэлгүйгээр мөрдөн шалгах нэмэлт ажиллагаатай холбогдуулан яллагдагчийн үйлдлийг тусгаарлах хууль зүйн үндэслэлгүй, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг эргэлзээгүй, хуулийн дагуу тогтоогдоогүй байхад эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хохирогч Б.Нийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1039 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Б.Нийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ