Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 958

 

 

 

 

 

 

 

 

 

О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/00408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т ” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор 8 114 837 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхсанаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Т ” ХХК-ийн Дархан-Уул салбарын захирлаар ажиллаж байгаад “Т ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/1487 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн. 2016 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 182/ШШ2017/00566 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1217 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01211 тоот тогтоолоор Г.О-ыг  “Т ” ХХК-ийн Дархан-Уул салбарын захирлын албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31 342 627 төгрөгийг хариуцагч “Т ” ХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Гэвч хариуцагч “Т ” ХХК нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 27 сар орчим хугацаа өнгөрч байхад өнөөг хүртэл үүрэгт ажилд томилоогүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр сарын цалингийн дундаж 1 637 857 төгрөг болохыг тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 509 155 төгрөг /1 637 857:22=74 448*74/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох шийдвэр гарсны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 5 509 155 төгрөгийг,

2018 оны 10-р сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02092 тоот Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 31 342 627 төгрөгийг,

мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/01830 тоот шүүхийн шийдвэрээр 2018 оны 10 сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны олговор 16 378 570 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн.

Одоо 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойших 5 сарын цалин хөлстэй тэнцэх олговор буюу ажилгүй байсан гэх ажлын 109 хоногийн олговорт 8 114 837 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О  нь “Т ” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 430 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 734 тоот хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан тус банкны Дархан-Уул салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан.

Тус салбарын захирлаар ажиллаж байсан С.М  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00871 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан үндэслэлээр “Т ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 дугаартай тушаалаар Г.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00566 дугаартай шийдвэрийн дагуу 5 509 155 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02092 дугаартай шийдвэрийн дагуу 31 342 627 төгрөгийг тус тус олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасны дагуу “Т ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1504 тоот тушаалаар Г.О-ыг  Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Төв салбарын захирлаар томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 114 837 төгрөгийг хариуцагч “Т ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.О т олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Т ” ХХК-аас 144 787 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүртэлх хугацааны ажлын 109 хоногийн 8 114 837 төгрөгийн цалинг “Т ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын нийт 106 хоног байх ба нийт 7 891 488 төгрөг байна.

Гэтэл шүүх ажлын нийт 109 хоногоор тооцож банкнаас 8 114 837 төгрөг гаргуулахаар буюу 3 хоногийн илүү цалинг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс 223 349 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.О  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 8 114 837 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01830 дугаар шийдвэрээр “Т ” ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн.

 

Ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоогоогүй, ажилтны хөдөлмөрлөх эрх арилаагүй талаар анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байгаа хугацаан дахь олговрыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/01830 дугаар шийдвэрээр О-ын нэг сарын дундаж цалинг 1 637 857 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгчид олгох олговрын хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 108 хоногоор тооцвол 8 189 285 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан 8 114 837 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчимтай нийцнэ.

 

Иймд “Т ” ХХК-аас нэхэмжлэлд хамаарах хугацаа ажлын 108 хоног байх тул 3 хоногийн олговрыг илүү олгосон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 351 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА