Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00663

 

 

 

 

2024         07        30                                      151/ШШ2024/00663

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э /онлайн/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.А нь Ц.М-тай 1998 онд танилцаж, 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах болсон. Гэвч таарамжгүй харилцаатай байсан тул 2002 онд салж тус тусын амьдралаар амьдрах болсон. Одоо Ч.А нь тусдаа амьдралтай, гэр бүлтэй болоод олон жил болж байна. Бидний дунд 18-аас доош насны хүүхэд болон дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандах гэсэн боловч Ц.М-ын оршин суугаа хаягийг мэдэхгүй, тодорхой бус байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар (хх-1-5), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-6) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ц.М нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Ц.М-ыг тодорхойлжээ.

Ц.М нь ... тоот гэж бүртгэсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ... хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 706 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. (хх-17-18)

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, түүний оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай Ч.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ч.А-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН