Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 164

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга       Б.Н*******

Улсын яллагч:                      А.Э*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, Х*** аймгийн М****** суманд **** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж аав дүүгийн хамт С***** аймгийн ******* сумын * дүгээр баг ** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б******* овогт С******* ******* РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С********* аймгийн *******  сумын нутаг дэвсгэр **-н даваа гэх газраас 12 метрийн урттай 3.41м куб нойтон нарс модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч С.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Аавын эмчилгээнд мөнгө хэрэг болоод модонд явсан. Очоод 12 метрийн урттай нэг мод хөрөөдөж байтал ойн сангийнхан ирээд тэгээд би баригдсан. Надаас тэр хүмүүс эрхийн бичиг байгаа юу гэж асуухаар нь би эрхийн бичиггүй гэж хариулсан. Мод бэлтгэх зөвшөөрөл авах гэсэн чинь дуусчихсан байсан болохоор мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр очиж мод бэлтгэсэн юм....” гэх мэдүүлэг

Хохирогч Б.Б*******ийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* сумын **-н даваа Ж******* уул гэх газарт Х ХХК-ны ойн сан байгаа юм. Иргэн ой ямар нэгэн төрлийн модыг огтлох эрх байхгүй. ...үнэлгээгээр 3.41м куб буюу 409.200 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч П.Үын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн трактор миний эзэмшлийн трактор байгаа юм. Би энэ тракторыг худалдаж аваад 20 орчим жил болж байна. Албан ёсны гэрчилгээ бичиг баримт нь хаягдаж үрэгдээд алга болсон. Би тухайн трактороо 1.500.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Би трактороо бүрэн бүтэн буцааж авмаар байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

Гэрч Г.Эгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хяналт шалгалтаар 16-н даваа нэртэй газарт шалгалт хийхээр хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тэр үед **-н давааны Ж******* уулын урд аманд иргэн *******           нь нойтон нарс модыг 12 метрийн урттай цагаалж бэлтгэсэн байдалтай байсан. Бид нар саалаад журмын хашаанд буулгахаар болоод явцгаасан. Тухайн үед *******ид ямар нэгэн эрхийн бичиг байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

Гэрч Б.Бий 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг **-н даваа ороход С.*******, Б.Г нар тус тусдаа газарт мод бэлтгэж байсан ба би хөрөөгөө аваад уулын энгэрт байсан 2 ширхэг 12 метрийн урттай нойтон нарс модыг хөрөөдөж унагаасан. Ингээд улаан өнгийн трактороор өөрийнхөө бэлтгэсэн модыг уулнаас чирч буулгаж 12 метрийн урттай 1 ширхэг модыг дундуур нь тайрад байж байтал С.*******, Б.Г нар нь уулнаас мод чирээд өгөөч гэж гуйхаар нь би модыг нь чирч буулгаж өгөөд байж байтал хэсгийн төлөөлөгч байгаль орчины байцаагч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

Гэрч Р.Цын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын танд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр амралтын газар луу явж байтал манай ойн санг чиглээд портер машин явж байсан. Тэгэхээр нь би энэ машиныг дагаад явтал манай компаний гэрээгээр эзэмшдэг ойн сан дотор ачааны машин, трактор зэрэг техниктэй хүмүүс байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгээд байгаа юм бэ болохгүй гэдгийг нь хэлээд хуулийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

Гэрч Б.Г 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э Б нарыг аваад С***** аймгийн ******* сумын **-н даваа гэх газар руу модонд явсан юм. Манай мод бэлтгэхээр очиход С.******* Даам гэж дууддаг ахтай хамт цагаан өнгийн бонго машинтай очсон байсан. Тэгээд уулнаас 1 ширхэг нойтон мод өөрийн улаан өнгийн хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад тэнд мод бэлтгэхээр очсон байсан Б.Б гэж трактортой очсон байсан ахаар уулнаас чирүүлж буулгуулж байхад сумын хэсгийн төлөөлөгч байгаль орчны хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

Гэрч С.Агийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.******* нь ээж аав дээр хөдөө цөөхөн хэдэн мал маллаж амьдардаг. Хүний хувьд их даруу төлөв зантай элдэв муу ааш араншин байхгүй хүнтэй их эвсэг найрсаг хүнд тусархуу залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Гэрч Д.Дын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай нутгийн залуу С.******* нь цагаан өнгийн бонго автомашинтай гэрийн гадаа ирээд модонд яваад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэхээр нь би зөвшөөрч 30.000 төгрөгөөр модонд явж өгөхөөр болсон. Би тухайн үед С.*******аас мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юу гэж асуухад байгаа гэж байсан. Ингээд бид нар С****** аймгийн ******* сумын **-н даваа гэх газар руу модонд явсан. Ууланд очиход хэсэг хэсэг газарт хүмүүс мод бэлтгэж байсан ба С.******* бид хоёр ууланд очоод 1 ширхэг урт ургаа модыг С.******* улаан хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад тэнд мод бэлтгэж уулнаас трактороор модыг чирч буулгаж байсан Б.Б гэж нутгийн залуугийн тракторыг ******* гуйгаад Б.Бээр 1 ширхэг урт нойтон нарс модыг чирүүлж буулгаад 4 метр болгон 3 хэсэг хуваагаад байж байтал сумын хэсгийн төлөөлөгч байгаль орчны байцаагч зэрэг шалгалтын хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

Гэрч Т.Мын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.******* нь ******* сумын нутаг 16-н даваа гэх газраас ойгоос мод бэлтгэх ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй. С.******* нь мод бэлтгэх  зөвшөөрөл хүсч ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй. Би С.*******ийн бэлтгэсэн модонд ******* сумын нутаг **-н даваа гэх газарт байхад нь хэмжилт хийхэд С.******* 4 метрийн урттай 3 ширхэг модыг бэлтгэж тэгш газарт байрлуулсан байдалтай байсан. Одоо уг моднууд нь ******* сумын цагдаагийн хэсгийн хашаанд байгаа. Ямар нэгэн байдлаар модны хэмжээ өөрчлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн  “....

1.******* сумын ойн ангийн инженер Т.Мын иргэн С.*******ид холбогдох модны эзэлхүүнийг Монгол Улсын стандарт бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд MNS 2379:2010-г ашиглан эзэлхүүний хэмжээг гаргаж, түүнд тулгуурлан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон гаргасан нь үндэслэлтэй байна.

2.Монгол Улсын БОНХсайдын 2013 оны 325 дугаар тушаалаар С******* аймгийн ашиглалтын бүсийн ой 3 дугаар мужид хамаарахаар заасан байх тул С******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Галагтай” гэх газар нь ойн 3 дугаар мужид хамаарна.

3.С.*******ийн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон бөөрөнхий нарс мод байна.

4.Иргэн С.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “...иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх...” гэж заасныг, мөн “Мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1 дэх хэсэгт “иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойгоос мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

5.Модны нийт эзэлхүүнийг Монгол Улсын стандарт бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд MNS 2379:2010-гүндэслэн эзэлхүүнийг тооцоход 4 метрийн урттай 3 ширхэг нойтон нарс, модны эзэлхүүн нь 3.41 м3 болов. БОАЖсайдын 2009 оны 394 тоот тушаалаар баталсан экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн тооцоход 3.41м3*1.8*120.000= 736.560 төгрөг болж байна.Үүнийг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 736.560*3=2.209.680 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/

Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 46 дугаар тал/

Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээ /хх-ийн 47 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1010-13 дугаар тал/

Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол /хх-ийн 18-19 дүгээр тал/

С******** аймгийн ******* сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/

С.*******ийн хохирол төлж барагдуулсан баримт /хх-ийн 27 дугаар тал/

С******* аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/

С********** аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 62-63 дугаар тал/

С.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/

С.*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

           Шүүгдэгч С.******* нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн *******  сумын нутаг дэвсгэр 16-н даваа гэх газраас 12 метрийн урттай 3.41м куб нойтон нарс модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж эклоги эдийн засгийн 736.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

           Үүнд; Хохирогч Б.Б*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 25-26 тал/, иргэний нэхэмжлэгч, гэрч П.Үын /хх-ийн 2-31/, гэрч Г.Эгийн  /хх-ийн 32/, Б.Бий /хх-ийн 33-34/, Р.Цын /хх-ийн 35/, Б.Г /хх-ийн 36/, С.Агийн /хх-ийн 37/, Д.Дын /хх-ийн 40-41/ мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Жараглант уулын хойд аманд хууль бусаар нойтон нарсан мод бэлтгэж 2.209.680 төгрөгийн эклоги эдийн засгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч С.*******ид холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч С.*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар мод бэлтгэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

           Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав. 

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай 3 ширхэг нарсан мод, улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж тогтов.

    Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн улаан өнгийн бичиг баримтгүй трактор нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгч С.*******ийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч П.Үад олгохоор заав.

    Энэ гэмт хэргийн улмаас эклоги эдийн засагт учирсан хохирол 2.209.680 төгрөгийн хохирлоос шүүгдэгч С.*******ийн төлж барагдуулсан 409.200 төгрөгийг хасч 1.800.480 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Б******* овогт С******* *******ийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт С******* *******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.*******ид оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 30 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан С.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай 3 ширхэг нарсан мод, улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлогод оруулсугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн улаан өнгийн бичиг баримтгүй тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч П.Үад олгосугай. 

8.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус зааснаар  ялтан С.*******аас 1.800.480 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

9.Ялтан С.*******ид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ