Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2023/0010/З |
Дугаар | 115/ШШ2024/0002 |
Огноо | 2024-03-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 115/ШШ2024/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК,
Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/277 дугаар захирамжаар байгуулагдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс” гэх),
Гуравдагч этгээд: “Б” ХХК-ийн хоорондох барилга байгууламжийг ашиглалтад оруулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг төлөөлж комиссын дарга Ц.О, гуравдагч этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан тус комиссын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/277 дугаар захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс тус аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан “Б” ХХК-ийн захиалгатай, 1 давхартаа үйлчилгээний төвтэй, 65 айлын орон сууцны барилга байгууламж, холбогдох бичиг баримтад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийж 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр УКД-12/2023 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг гаргажээ. /1 дэх хавтаст хэргийн 125-127 дах тал/
2.2. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай холбоотой асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос ирүүлсэн хариу тайлбарт “... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд улсын комиссын дүгнэлтийг гаргасан тухай шийдвэрийг комиссын гишүүдэд мэдэгдэх эрх зүйн зохицуулалт байхгүй” /3 дах хавтаст хэргийн 80 дах тал/ хэмээн дурджээ.
2.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжид комиссын дүгнэлтийг хэзээ, хэнд, хэрхэн танилцуулж, мэдэгдэх талаар тухайлан зохицуулаагүй байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, 43 дугаар зүйлийн 43.1-д “…Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцана” гэж заасан ба улмаар хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос маргаан бүхий дүгнэлтийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд албан ёсоор танилцуулж, мэдэгдсэн гэх нөхцөл байдал нэгэнт тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
3.1.1. Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 04 сарын 26-ны өдрийн А/277 тоот захирамжийг үндэслэж Замын-Үүд сумын Сүлд багийн нутагт байрлах Э.Аын орон сууцны зориулалттай 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авах комиссыг томилсноор 2023 оны 05 сарын 19-ний өдөр Замын-Үүд суманд тус барилга дээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ц.Оаар ахлуулж улсын комисс ажилласан байдаг.
3.1.2. Уг барилга байгууламжид “Г” ХХК нь 2014 оны 07 сарын 01-нээс 2015 оны 08 сарын 25-ыг хүртэл барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр нийт 186 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, зоорь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно гэсний дагуу “Г” ХХК улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байхад бидэнд төлөх төлбөр тооцоог төлөхгүй гэх үүднээс дахин дахин хууль бусаар улсын комисс ажиллаж байна. Уг барилга 2016 оны 09 сарын 15-нд төрийн албан хаагчдын хууль бус үйлдлээс үүдэн хууль бусаар нэг удаа улсын комисс ажиллаж Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0019 дугаар шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсон. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 18 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж уг барилгад хууль бусаар ажилласан улсын комиссын акт хүчингүй болсон.
3.1.3. Гэтэл Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ц.О нь:
1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан барилгын ажилтай холбогдох техникийн баримт бичгийн бүрдлийг хангах, ил далд ажлын актууд, холбогдох зургууд, талбайн журналууд, геодезийн дүгнэлтүүд, барилгын чанарын баталгаа, дүгнэлтүүд байхгүй байхад ашиглалтад оруулж улсын комиссын актад гарын үсэг зурж баталгаажуулсан.
2. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан барилгын ажлын бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын зөвшөөрлийг шинээр авна гэсэн заалтыг хангаагүйгээр буюу Үүнд:
- Уг барилга байгууламж нь 5 давхар 65 айлын орон сууцны зориулалтаар зураг төсөв хийгдэж батлагдсан байдаг. Гэтэл явцын дунд нэг давхар нэмсэнтэй холбоотой нэмэлтээр хийгдсэн барилгын бүтээцийн өөрчлөлтийн зураг, төсөв, шинээр нэмэлтээр авсан зөвшөөрлүүд бүхий холбогдох бичиг баримтууд байхгүй
- Барилгын суурийн хагаралд цууралттай холбоотой 2014 оны 07 сарын 22-ны өдрөөс нэмэлтээр хийгдсэн барилгын бүтээцийн өөрчлөлтийн зураг, төсөв, суурийн хагаралтай холбоотой шинээр нэмэлтээр авсан авсан зөвшөөрөл бүхий холбогдох бичиг баримтууд байхгүй
- Гадна, дотор инженерийн шугам сүлжээ шинэчлэгдэж нэмэлтээр ТПП хийгдэж өөрчлөгдсөн байхад нэмэлтээр хийгдсэн барилгын бүтээцийн өөрчлөлтийн зураг, төсөв, шинээр нэмэлтээр авсан зөвшөөрөл бүхий холбогдох бичиг баримтууд мөн байхгүй
- Барилгын гадна фасад өөрчлөгдөж өнгөлгөөний тоосгоор солигдсон байдаг. Үүнтэй холбоотой зөвшөөрөл, холбогдох бичиг баримтууд байхгүй
3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудсанд бичигдсэн зөрчлүүдийг шийдвэрлэсэн биелэлт нь хангагдаагүй байхад улсын комиссын актад гарын үсэг зураагүй байхад гэх мэтчилэн уг барилга байгууламжийн үндсэн бүтээц, инженерийн шугам сүлжээнд, хүчин чадалд өөрчлөлт орох үеийн фото зургууд, барилгын шинэчилсэн зураг, төслүүд, холбогдох бичиг баримтууд дутуу, бүрдэл хангаагүй байхад,
3.1.4. Мөн барилга угсралтын ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр нийт 186 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн “Г” ХХК нь улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байхад бидэнд төлөх ёстой төлбөр тооцоог төлөхгүй гэсэн үүднээс хууль бусаар улсын комиссыг ажиллуулж, улсын комиссын актад гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзана гэсэн хуулийн дээрх заалтуудыг мөн барилгын салбарт төрийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах шаардлагатай мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах” зарчмыг зөрчиж улсын комисс ажиллуулсан гэж үзэж байгаа тул энэ хууль бус үйлдлийг тогтоож улсын комиссын актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.1.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани улсын комиссын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай актыг буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулсан дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасан. Урьд нь уг барилгад улсын комисс ажиллаад бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар комиссын дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ удаад урьдын хэргүүдтэй адилхан, нэмэгдэж юм хийгдээгүй байна.
Барилга маань явцын дунд их өөрчлөгдсөн. Манайх 2014 оны 7 сараас эхэлж гүйцэтгэгчээр ажилласан. 3 жилийн өмнө хийчихсэн байсан суурь зоорь дээр дөнгөж хийгээд эхлэнгүүт 14 газарт параллель хагарсан, бид гэрээнийхээ дагуу захиалагч талдаа мэдэгдсэн. Захиалагч тал Монгол Улсын зөвлөх инженер авчирч үзүүлэн зөвлөмж аваад барилгын зургийн компаниар зураг хийлгээд барилга маань дээшээ явсан. Бид 5, 6 давхар давтагдана гэсэн зургийн дагуу ажлаа хийж дууссан. Давхар нэмүүлэхэд барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл авах ёстой, тухай бүрд нь зөвшөөрөл аваагүй. Тэрийг Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны шүүх хурал дээр анх мэдсэн.
Дээрээс нь инженерийн шугам сүлжээнүүд бүгд өөрчлөгдсөн. Эхнийхээ зургаас дахиад шинэчлэгдээд уурын зуух, төвийн холболттой байснаа болиод ДП уурын зуух болж өөрчлөгдсөн. Барилгын гадна өнгөлгөө шавардлага эмульс байсан. Өнгөлгөөний тоосго нэмэгдээд барилгын маань даац дахиад хэтэрчихсэн. Энэ болгондоо төрийн байгууллагуудаас барилгынхаа өөрчлөлтийн зургийн зөвшөөрөл авах ёстой. Бидний улсын комисст бүрдүүлж өгөөд байгаа материал дотор нэг ч тийм зөвшөөрөл байхгүй. Миний хэлсэн өөрчлөлтүүдтэй холбоотой нэг ч зураг байхгүй, холбогдох актууд байхгүй. Эд бүгдээрээ байж бүрдэл нь хангасны дараа улсын комисс ажиллана гэж Барилгын тухай хуульд тодорхой заасан байгаа. Гэтэл бүрдэл нь дутуу байхад улсын комисс ингээд 2, 3 удаа хууль бус ажилласан байдаг.
Барилга байгууламж маань улсын комисс авахаас өмнө айл амьдраад эхэлчихсэн. Тухайн үеийн Капитал банкнаас гаргаж өгсөн 28 айлын жагсаалт байдаг зээлд хамрагдсан гэдэг. Тэрнийг харах юм бол 2016 оны 3, 4 сараас эхлээд хүн амьдарчихсан. Ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид хүн амьдрахыг хориглоно гээд заачихсан байгаа. Улсын комисс аваагүй барилга байгууламжид хүн амьдрахыг хориглоно, ус цахилгаан, дулаанаар хангахыг хориглоно гээд Барилгын тухай хуульд заачихсан байхад айлууд нь амьдарчихсан, ашиглагдсан нь тогтоогдчихсон. Ингээд тогтоогдсон барилга байгууламжид дахиад улсын комисс ажиллахыг хориглоно гээд заачихсан. Энэ дээр яах вэ гэхлээр дахин ажиллуулах юм бол шүүхээр орж байж улсын комисс ажиллах эсэхээ шийднэ гээд тодорхой заачихсан байхад бүгдийг нь зөрчөөд улсын комисс ажиллачихсан байдаг юм.
Барилга байгууламж маань 100 жилийн настай, газар хөдлөлт болоод гамшиг болох юм бол хамгийн түрүүнд архивд байгаа материалыг татаж ирэх ёстой. Захиалагч компани энийгээ бүрдүүлж өгөх ёстой, алийг нь ч бүрдүүлээгүй. Би 16 жил барилгын салбарт ажиллахдаа дандаа хууль дүрэм баримталж явсан, нэг ч хууль бус юм хийж байгаагүй. Барилга нүдэн дээр харагдахгүй юмнууд зөндөө. Тэрийг гол нь бүрдүүлж архивд үлдээнэ гэдэг чинь давагдашгүй хүчин зүйлийн, дараа дараагийнхаа бүх юманд ганц хэрэгтэй юм байхгүй юу. Яагаад гэхлээр энэ барилга байгууламж маань 60 жилийн хугацаанд өнөөдөр бид нар маргаж байгаа ч гэсэн маргааш бид нар байхгүй, Бийн захирлууд нь байхгүй, байхад яаралтай юм гарах юм бол 500, 600 хүний эрх ашиг хөндөгдөнө. Дээрээс нь миний 16 жил барилгад ажилласан нэр хүнд маань дагаад унана. Манай компани барилгын салбарт тодорхой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Барилга байгууламжийн баталгаат хугацаа 60 жил юм бол тэр хугацаа дуустал миний нэр манай компанийн нэр хүнд хамт явна. Би энэ барилгыг барьсан учраас мэдээллийн санд нэг бүрчлэн юмаа оруулахыг хүсэж байгаа энэ эрх маань зөрчигдөж байгаа. Ийм учраас бид улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байгаа юм. Хууль дүрэмд заасан бүрдэл нь хангасан үед улсын комисс ажиллах юм бол бид нар татгалзах зүйлгүй гэв.
3.2. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
3.2.1. Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилга угсралтын ажил дуусч, 2016 оны 09 дүгээр сард захиалагчаас, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссыг ажиллуулах хүсэлтийг ирүүлсний дагуу улсын комисс ажилласан байдаг.
Тухайн үед ерөнхий захиалагч нь “Б” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нь “И” ХХК, зураг төсөл зохиогч “С” ХХК-иуд ажилласан ба энэхүү орон сууцны барилга угсралтын ажил 2014 оны 06 дугар сард эхэлж, 2015 оны 08 дугаар сард барьж дуусган 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисс ажиллаж, 26/2016 дугаартай актыг гаргасан.
“Г” ХХК-иас Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, шүүхэд тайлбар гаргахдаа “тус барилгад 2014 оны 06 дугаар сарын 20-ноос 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд үндсэн, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, барилгын суурь хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажлыг гүйцэтгэсэн, мөн үндсэн гүйцэтгэгч “Г” ХХК-иар чанарын баталгаа гаргуулахгүйгээр улсын комиссын акт гаргасан нь хууль бус гэснийг Захиргааны хэргийн анхан, дунд, хяналтын шатны шүүхээс хангах үндэслэлтэй гэж үзэж 26/2016 дугаартай актыг хүчингүй болгосон.
3.2.2. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.4-т зааснаар барилгад улсын комисс ажиллуулахад барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нар хамтран барилгын техник хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргасан байх бөгөөд барилгын үндсэн гүйцэтгэгч “Г” ХХК нь хуулиар хүлээсэн үүрэг болох дүгнэлт, барилгын үндсэн хийц, бүтээц суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажлыг гүйцэтгэсэн ил, далд ажлын акт, талбайн журналыг гаргаж ирүүлээгүй ба энэхүү үйлдлээ тайлбарлахдаа “Б” ХХК-тай ажил гүйцэтгэсэн төлбөрийн маргаантай байгаагаар тайлбарласан байдаг.
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж иргэн, хуулийн этгээд, төрд учирсан хохирлыг барагдуулахаар тус банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг.
“Б” ХХК нь “Капитал банк” ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн охин компани бөгөөд банкны эрх хүлээн авагчаас тухайн аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, барилга баригдсан цагаас хойш 8 жилийн хугацаанд хохироод байгаа тус байрны оршин суугчдын эрх, ашгийг хамгаалах, өр төлбөрийг барагдуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “тус барилгад өөрийн хийж гүйцэтгэсэн барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах, барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг “Г” ХХК-д даалгах нэхэмжлэл гаргасныг тус шүүх заримыг нь хангаж заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Хариуцагч “Г” ХХК нь шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхээс хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Г” ХХК-иас барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж, барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгаж, харин барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгахыг хэрэгсэхгүй болгосон ба хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.
3.2.3. Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/277 дугаар захирамжаар Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах 65 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссыг томилж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус комиссын бүрэлдэхүүн ажилласан.
Комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэгч “Г” ХХК-иас М.Б ажиллаж, дараах материалуудыг бүрдүүлэхийг шаардсан.
Дээрх шаардлагын 1, 3, 6 болон 7 дахь заалтууд нь гүйцэтгэгч “Г” ХХК-иас гаргаж, захиалагчид өгөх үүрэгтэй боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй ба захиалагчаас тус компанитай холбогдож материал гаргуулах оролдлогуудыг хийсэн боловч материал байхгүй, өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар гаргаагүй.
Барилгын захиалагч “Б” ХХК-иас “Г” ХХК-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулан 5 давхар барилгыг 6 давхар болгон өөрчилж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг ба 2016 онд энэхүү орон сууцны барилгыг хүлээн авах улсын комисс ажиллуулахад 6 давхрын зургийн хэмжилтийн байгуулалтын зургийг хавсарган аймгийн Төрийн архивд хүлээлгэн өгсөн байдаг. Барилгын тухай хуулийн 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан байтал “Г” ХХК нь захиалагчаас гаргасан хүсэлтийн дагуу гэх нэрийдлээр барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулан барилга угсралтын ажил гүйцэтгэж хууль бус үйлдлийг хийсэн.
Орон сууцны барилгын зураг төслийг өөрчилсөн, барилгын сууринд хагарал үүссэн, гадна фасад өөрчлөгдөж даац нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэлтээр холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахыг шаардсан нь биелүүлэх боломжгүй. Учир нь орон сууцны барилга баригдаж, ашиглалтад оруулснаас хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн, түүнчлэн ашиглалтад орсон барилгад зөвшөөрлийг нөхөж олгохыг хуулиар хориглосон байдаг тул барилгын үндсэн хийц бүтээцэд мэргэжлийн эрх бүхий байгууллагаар үл эвдэх аргаар хэмжилт хийлгэж, цаашид ашиглаж болох эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоохоор шийдвэрлэж, “Бүүвэй цагаан барс” ХХК-иар дүгнэлтийг гаргуулан ажилласан гэжээ.
Мөн хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны А/277 дугаар захирамжаар комиссыг томилсон. Тухайн үедээ 2016 онд 2 улсын комисс ажиллаж байхад Б гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан учраас энэ комиссын бүрэлдэхүүнд Г компанийн захирал гэдгээр М.Бг томилж ажиллуулсан. Улсын комисс ажиллахад Бгээс саналын хуудас дээр 7 асуудлыг дурдсан байдаг. 1 дүгээрт нь суурь хийсэн бүтээцийн зураг, ил далд ажлын акт, холбогдох зураг. 2 дугаарт нь 5 давхар 65 айлын орон сууцны зориулалтаар батлагдсан явцын дунд нэг давхар нэмсэн. Барилгын тухай хуулийн 26.2-т заасан хүчин чадал нь нэмэгдсэн тул өөрчлөлттэй зураг төсөл, шинээр гаргасан зөвшөөрөл. 3-т нь барилгын суурийн хагаралтай холбоотой нэмэлтээр хийгдсэн зураг төсөл, фото зургууд, шинэ зөвшөөрөл, холбогдох бичиг баримтууд. 4-т нь барилгын гадна фасад өөрчлөгдөж, даац нэмэгдсэн мөн Барилгын тухай хуулийн 26.2-т заасанчлан шинэ зөвшөөрөл, баримтын зураг төсөв, фото зураг. 5-т нь бүх материалыг одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль, Засгийн газрын 212, 151 дүгээр тогтоол, түүний хавсралт 5-ыг баримтлах. 6-т нь ил далд ажлын фото зургийг нөхөж хийх. 7-т нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлэх гэж.
2023 оны 05 сарын 19-ний өдөр улсын комиссын бүрэлдэхүүн тус барилга байгууламжид ажиллаад нарийн бичгийн дарга холбогдох гишүүдээс үүрэг даалгаврын биелэлтүүдийг гаргуулж авсан. Засгийн газрын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 8 дугаар хэсгийн 8.2.1 дээр барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийн ашиглалтад оруулах гэж заасан. Улсын комисс ажилласнаас хойш ажлын 14 хоногийн дотор бүх гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаад тэрийг үндэслээд комиссын акт гарахаар байдаг. Тухайн үед миний бие 5 сарын 19-ний өдөр улсын комисс ажиллаад 5 сарын 23-ны өдөр хорт хавдар гэдэг оноштойгоор Хавдар судлалын үндэсний төв дээр очиж 6 сарын 7-ны өдөр хагалгаанд орж, 7 сарын 1-ний өдрөөс би ажилдаа эргэж орсон. Нарийн бичгийн дарга бүх үүрэг даалгаврынхаа биелэлтүүдийг над дээр авчирч, биелэлтийг нь үзүүлсний үндсэн дээр улсын комиссын дүгнэлтийг баталгаажуулсан байдаг. Тухайн үедээ хүндэтгэн үзэх шалтгаанаар бид нар 14 хоногт багтаан комиссын дүгнэлтийг гаргаж өгч чадаагүй.
Б гишүүний үүрэг даалгаврын биелэлтийн 1, 3, 6, 7 дахь заалтууд нь “Г” компаниас гаргаж захиалагчид өгөх, хуулиараа гаргаж өгөх үүрэгтэй баримт материалууд байгаа. Тэр нь бүтээцийн зураг, ил далд ажлын акт, холбогдох зураг, суурийн хагаралттай холболтой нэмэлтээр хийгдсэн зураг төсөл, фото зургууд, шинэ зөвшөөрлийг гаргах боломжгүй байсан учраас бид нар биелэгдэх боломжгүй юм байна. Улсын комиссын гол зорилго энэ барилга байгууламж ашиглалтын шаардлага хангаж байна уу, хангахгүй байна уу? Нэхэмжлэгч түрүүнд дурдлаа энэ барилга байгууламж маань 100 жилийн хугацаатай гэж байна. Тэгтэл хууль дээрээ бол 60 жилийн хугацаатай энэ хугацаанд барилга байгууламж маань шаардлага хангах уу? Барилгын чанар байдалтай холбоотой бичиг баримтуудаар нотлогдоно. Тэгтэл өнөөдөр бичиг баримтууд нь Бд байгаа юм уу, гүйцэтгэгч Г компанид байгаа юм уу, тэр нь мэдэгдэхгүй, хэд дахин дамжаад алга болчихсон.
Хоёрдугаарт барилга байгууламж баригдаж эхэлснээсээ хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн, тухайн үедээ архивд хүлээлгэж өгсөн бичиг баримтууд байдаг боловч тэр нь нэхэмжлэгчийн яриад байгаа ил, далд ажлын актууд, өөрийнх нь хийж гүйцэтгэсэн ажлуудынх нь бичиг баримтууд дутуу байгаа юм. Бид нар тухайн үеийн зөвшөөрлийг яагаад ч нөхөж олгох боломж байхгүй хуулиар хориглосон асуудал. Тэгэхээр Б гишүүний саналын хуудас, үүрэг даалгавар дээр шаардсан зүйлийг биелүүлэх боломжгүй байсан.
Зөвшөөрлийг нөхөж олгох боломжгүй учраас хамгийн гол нь энэ барилга байгууламж чанартай байна уу? цаашдаа 60 жилийн хугацаанд энэ барилга байгууламж хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр эрсдэл үүсгэхээр нураад унахаар байна уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтооё. Энэ дээр мэргэжлийн эрх бүхий байгууллагыг авчирч дүгнэлт гаргая гэдэг шийдэлд хүрээд Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дүгнэлт гаргах эрх бүхий ганцхан компани байдаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга бүтээцийн тэнхимийн доктор, профессор Дүйнхоржав багшийг урьж авчраад бүх барилгууд дээр дүгнэлтийг гаргаж ирсэн байгаа. Тэр дүгнэлтийг гаргахдаа барилга байгууламжид нэг ч хүн байхгүйгээр хоёр цагийн хугацаанд барилгын суурийг нь доошоо гүйцэт ухаад тоног төхөөрөмжүүдээ тавьж байгаад газар хөдлөлийн чичирхийлэл болон бусад үндсэн хийц бүтээцүүдийг бүгдийнх нь оношилгоо, зураглал юмнууд хийгээд энэ барилга байгууламж 1 дүгээрт ашиглалтын шаардлага хангаж байна, 2 дугаарт газар хөдлөлийн 6 баллд тэсвэртэй байна гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг. Дүйнхоржав багш тусгай зөвшөөрөлтэй “Бүүвэй цагаан барс” гэдэг компаниар оношилгоо хийлгэж дүгнэлт гаргасан гэв.
3.3. Гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
3.3.1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилсон. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-111, А-394, 2021 оны А-268, 2022 оны А-269, 2023 оны А-189 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2024 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-15 дугаар тушаалаар баталсан “Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журам”-ын 5.2-т “Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаас гадна банкны зээлийн өр төлбөрт тооцож, хувьцааг нь шилжүүлэн авсан хуулийн этгээдийн удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэн” гэж заасны дагуу “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Ажлын албаны захирал Д.Дг “Капитал банк” ХХК-ийн охин компани “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 12 сарын 09-ний өдрөөс томилон удирдлагыг хэрэгжүүлж байна.
3.3.2. Банкны эрх хүлээн авагч томилогдох буюу 2019 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаарх нөхцөл байдал:
- Орон сууцанд амьдарч байгаа 41 ам бүл иргэдийн хувьд улсын комисст барилгыг хүлээлгэж өгөөгүй шалтгаанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй, өмчлөгчийн эрх зөрчигдсөн,
- Барилгын халаалтыг шийдэж байсан уурын зуух ажиллагаагүй, халаалтгүй болсон, сантехникийн асуудлууд ихтэй, барилгын дээвэр хууларч ус хана дагаж гоождог болсон,
- Айл, өрхүүд барилгыг улсын комисс хүлээж аваагүй шалтгаанаар цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар төлдөг,
- Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, Замын-Үүд сумын Засаг дарга, тус сумын барилгын техникийн хяналтын улсын байцаагч, Сүлд багийн Засаг дарга зэрэг албан тушаалтнууд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус 65 айлын орон сууцны оршин суугчидтай уулзалт зохион байгуулахад оршин суугчдаас хүйтний улиралд амьдрахад халаалт асуудалтай, өрөөний хана мөөгөнцөртсөн тухай хэлж байсан нь тэмдэглэгдсэн байна.
3.3.3. Банкны эрх хүлээн авагчаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1921 дүгээр “Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай” албан бичгээр “Г” ХХК-ийн захирал М.Бд ажил гүйцэтгэх гэрээний хөлсний маргаанаас шалтгаалж тус орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй тул улсын комисс ажиллуулах асуудлаар харилцан тохиролцож, хамтран шийдвэрлэх саналыг хүргүүлж байсан. Банкны эрх хүлээн авагч нь тухайн хугацаанд барилгатай холбоотой бүх засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг шийдэж, оршин суугчдын хүсэлтийг цаг тухайд нь шийдвэрлэж ирсэн бөгөөд энэ хугацаанд “Г” ХХК болон М.Бгээс огт зардал, төлбөр шийдвэрлээгүй болно.
3.3.4. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн М, Д болон “Г” ХХК-ийн захирал Б нарын хооронд банкны эрх хүлээн авагчийн байранд зохион байгуулагдсан уулзалтад М.Б барилгын ажил гүйцэтгэх гэрээний хооронд үүссэн төлбөрийн асуудал нь барилгыг улсын комисст өгөхөд холбоотой, барилгад 5 компани, өчнөөн олон бригадууд ажилласан, тэдний өмнөөс би юу гэж улсын комисс ажиллуулах юм, би 5 компанийнх нь нэг, би улсын комисст ажиллахгүй гээд хэлчихсэн, манай дээр талбайн журнал нь байгаа гэх тайлбарыг өгч байгаа ба иймд “Б” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Г” ХХК-д холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
1. Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгад өөрийн хийж гүйцэтгэсэн ажил (барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажил)-д холбогдох чанарын баталгааг гаргуулах,
2. Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах,
3. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл (талбайн журнал буюу улаан журнал)-ийг гаргуулах,
4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүний гишүүнээр оролцохыг даалгах,
Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “Барилгын тухай хуулийн 21.2-т зааснаар архивт бүх баримтыг шилжүүлсэн, ... улаан журналыг ч хүлээлгэн өгсөн, ... барилгын ажлын явцад олон өөрчлөлт орсон, шинэ зурагаа хяналтын байгууллагаас нуусан, ... өөрчилсөн зургаар дахин зөвшөөрөл аваагүй бол ашиглалтад оруулахаас татгалзах хуулийн зохицуулалттай, ... барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил, гэтэл барилга баригдаад 6 жил болсон, ... ”И” ХХК-иас хууль бусаар чанарын баталгаа, дүгнэлт гаргуулсан, ... улсын комиссын актад хууль бус баримт бичиг бүрдүүлсэн нь цагдаад шалгагдаж байгаа тул комисст орж ажиллах боломжгүй, мөн биднээс шаардагдах бүх бичиг баримтыг “Б” ХХК-д өгсөн” гэж тайлбарласан.
Гурван шатны шүүхийн шийдвэрээр, Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг “Г” ХХК-иас гаргуулан “Б” ХХК-д олгож, барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг хариуцагч “Г” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулах, барилгын суурь, хана, ханы хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг бичгээр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “Г” ХХК-иас холбогдох материалыг гаргуулан авахаар хандсан боловч хулгайд материалаа алдсан гэх шалтгаанаар гарган өгөхөөс татгалзсан.
3.3.5. Банкны эрх хүлээн авагч шүүхийн шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт хүргүүлсний үр дүнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гарсан, комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгавар болон олон нийтийн эрх, ашгийг зөрчсөн үйлдэл байгаа эсэх талаар судлан, мэргэжлийн байгууллагаар барилгыг энэ хэвээр нь ашиглах боломжтой эсэх тал дээр дүгнэлт гаргуулах захиалга өгч, тухайн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангаж байгаа хариу гарсан.
3.3.6. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс 1 хоногийн хугацаанд барилга байгууламж, түүний холбогдох бичиг баримтад үзлэг шалгалт хийж, комиссын гишүүн М.Б нь дараах материалыг бүрдүүлэхийг шаардсан.
А. Суурь бүтээцийн зураг, ил, далд ажлын акт, холбогдох зураг
Б. 5 давхар, 65 айлын орон сууцны зориулалтаар батлагдсан, явцын дунд 1 давхар нэмэгдсэн нь Барилгын тухай хуулийн 26.2-т заасан хүчин чадал нэмэгдсэн тул өөрчлөлтийн зураг төсөл, шинээр гарсан зөвшөөрөл
В. Барилгын суурийн хагаралтай холбоотой нэмэлтээр хийгдсэн зураг төсөл, фото зургууд, шинэ зөвшөөрөл, холбогдох бичиг баримтууд
Г. Барилгын гадна фасад өөрчлөгдөж даац нэмэгдсэн, мөн Барилгын тухай хуулийн 26.2-т заасан шинэ зөвшөөрөл, баримтын зураг төсөв, фото зураг
Д. Бүх материалыг одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль, Засгийн газрын 212 дугаар тогтоол, эсвэл 151 дүгээр тогтоол, түүний хавсралт 5-г баримтлах
Е. Ил, далд ажлын фото зургийг нөхөж хийх
Ё. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлэх
Дээрх шаардлагын А, В, Е, Ё заалтууд нь гүйцэтгэгч “Г” ХХК-иас гаргаж захиалагчид өгөх үүрэгтэй боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Д.Д нь М.Бтэй холбогдож материалыг гаргуулж авахаар удаа дараа оролдсон боловч байхгүй, өгөх боломжгүй, байгаа газраа хэлэхгүй, уулзахгүй гэсэн шалтгаанаар гаргаж өгөөгүй.
3.3.7. Иймд Банкны эрх хүлээн авагчаас 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 490 дүгээр “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт хүсэлт гаргаж, тус архивын тасагт хадгалагдаж байгаа 2016 оны 26/2016 дугаартай улсын комиссын актад хавсаргасан баримтыг үндэслэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргасан.
3.3.8. Тухайн барилга ашиглалтад орж 7 жилийн хугацаа өнгөрсөн, ашиглалтад орсон барилгад зөвшөөрлийг нөхөж олгох боломжгүй тул барилгын үндсэн хийц бүтээцэд мэргэжлийн эрх бүхий байгууллагаар үл эвдэх аргаар хэмжилт хийлгэж, цаашид ашиглаж болох эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоохоор дүгнэлт гаргуулж ажилласан харилцагчийн үйлдэл хуульд нийцсэн.
3.3.9. Нэхэмжлэгч “Г” ХХК нь барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг захиалагчид гаргаж өгөх, барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, өөрөө хамаарах баримтыг гаргаж өгөхөөс зайлсхийж, улсын комисс ажиллах боломжийг санаатайгаар хязгаарлаж байсан хэрнээ энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй.
3.3.10. “Г” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.2 дахь хэсэгт 6 давхар, тэнхлэгээрээ 46.2*18 метрийн хэмжээстэй, нийт ажлын 5821 м.кв талбай бүхий 65 айлын орон сууцны барилга байна ...” гэж заасан байх тул барилгын давхар өөрчлөгдсөн эсэх талаар мэдээллийг тухайн үед “Г” ХХК нь бүрэн дүүрэн авсан байсан гэж үзэхээр байна.
3.3.11. “Г” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд үүссэн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлсний маргаан уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх маргаанаас тусдаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх бөгөөд энэхүү ажлын хөлснөөс үл хамааран “Г” ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажлыг буюу барилгыг улсын комисс хүлээлгэн өгөх үүрэгтэй юм.
3.3.12. Тус орон сууцны барилгад амьдарч байгаа иргэд нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд барилгыг улсын комисст “Г” ХХК-иас шалтгаалж хүлээлгэж өгөөгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй, хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөөр ирсэн бөгөөд одоо нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар ямар үр дагаварт хүрэх гэж байгаагаа тодорхой тайлбарлахгүй байна. Хэрэв улсын комиссын акт хүчингүй болсноор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан иргэдийн гэрчилгээг хүчингүй болгуулах үр дагаврыг шаардаж байгаа бол шүүхээс тэдгээр иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх шаардлагатай болно гэжээ.
3.3.13. Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө Г компани бид нарыг 2019 оны 4 сард томилогдож ирэхээс өмнө, 2016 оны комиссын актыг хүчингүй болгохдоо гүйцэтгэгч компани комисст ороогүй гэсэн үндэслэлээр актыг хүчингүй болгосон байсан учраас эрх хүлээн авагч томилогдоод “Г” гэж компаниар ашиглалтад оруулъя, оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна гээд асуудал яригдаад шүүхэд хандахад дээд шатын шүүхээр Г комисс ажиллуулах хуулийн этгээд биш, тухайн орон нутгийн Засаг дарга шийднэ, харин Г нь шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгнө гэж шүүхийн тогтоол гарсан. Тэр тогтоолыг үндэслэж аймгийн Засаг дарга болон Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан.
Бид нар 2019 оны 4 сард томилогдоход Г барилгыг бариад 3 жил өнгөрчихсөн байсан учраас ямар ч засвар үйлчилгээнд оролцоогүй. Бид нар 2019 оны 4 сарын 8-аас хойш энэ барилга дээр байгаа Г компанийн гүйцэтгэсэн гүйцэтгэлтэй холбоотой бүх ажил дээр оршин суугчдын тав тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажилласан. Дээврээс нь ус гоождог, элдэв янзын засвар үйлчилгээ хэрэг болдог. Бүгдийг нь банкны эрх хүлээн авагчийн зардлаар шийдэж ирсэн.
Оршин суугчид маань бид нартай 2019 оноос 2022 оны 10 сар хүртэл энэ барилгыг комисст өгөх талаар хамт явсан. 2022 оны 10 сараас хойш бид Засаг даргад үнэн байдлаа хэлээд нөхцөл байдлаа танилцуулаад оршин суугчидтайгаа хамт ирж уулзаад Засаг дарга захирамж гаргасан. Энэ олон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалъя, өнөөдрийн энэ нөхцөл байдал компани хоорондын маргаан биш зөвхөн бичиг цаасны ажил биш комисс ажиллуулаад оршин суугчдынхаа эрх ашгийг бодъё, барилга шаардлага хангахгүй бол бид нар дараагийн арга хэмжээг авъя гээд оршин суугчдыг номер 1-т тавьж явсан.
Зөвшөөрлийн тал дээр бол комисс ажиллаад буруудлаа л гэж ярьж байна. Нөхөж гаргах боломжгүй 6, 7 жилийн өмнөх зөвшөөрлийг 2016 оны барилгад зөвшөөрөл авъя гээд бид нар 2023 онд зогсож байж болохгүй. Ямар ч газар гаргаж өгөхгүй тэрийг ойлгох ёстой. Ингээд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргаад, энэ дүгнэлтээр барилгыг хүлээж авахгүй гэж ярьж байгаа нь өрөөсгөл гэж бодож байна. Яагаад гэвэл энэ мэргэжлийн байгууллага чинь тухайн байшинг хүн амьдрах боломжтой юм уу, хийц бүтээц нь ямар юм бэ гээд хийсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт. Энийг бид нар банкны эрх хүлээн авагчийн зардлаараа гаргаж хийсэн. Бид нар ухарч биш урагшаагаа харж, одоо байгаа нөхцөл байдалдаа тулгуурлаад аль болох эвийн журмаар энэ чинь зөвхөн манай 2 компанийн хоорондох асуудал биш, төрийн байгууллагыг ч гэсэн татан оролцуулаад тэнд амьдарч байгаа, өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийнхөө, 2016 онд авсан байрныхаа гэрчилгээг 6, 7 жил авч чадахгүй, өөрийгөө хөрөнгөжүүлж чадахгүй, хөрөнгөө эргэлтэд оруулж чадахгүй гацчихсан байсан тэр олон оршин суугчдыг бид нар бас бодох ёстой.
Өнөөдөр комиссын актыг бид нар хүчингүй болгоод яг ямар үр дагавартай байна? барилга нурвал нэг компанийн нэр хүндийн асуудал ярьж байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад бид нар мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж байхдаа бүх оршин суугчдаа дуудаж уулзсан. Дүгнэлтээ бид нар үндэслэнэ, үнэхээр болохгүй байвал эрх хүлээн авагчийн зардлаар асуудлыг шийднэ, Монголд ганцхан байгаа байгууллагын дүгнэлтийн үр дүнг нь л хүлээж байсан. Үр дүн ч нааштай гарсан. Дүгнэлт дээр нь хийц бүтээц, суурийн талаар нэлээн дэлгэрэнгүй сайн дурдаж өгсөн байна. Оршин суугчид маань гэрчилгээгээ гаргаж аваад энэ ажил маань эхлээд ерөнхийдөө дуусах шатандаа орчихсон явж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд юу гэж хэлэх гээд байна гэхээр бид оршин суугчдаа бодох хэрэгтэй, өнөөдөр энэ танхимд байж байгаа бид нарын эрх ашиг болон архивын хэдэн цааснаас илүү, мэргэжлийн байгууллагын дүгнэлт хамгийн чухал. Яг энэ барилгатай холбоотой асуудал энэ танхимд биш тэр 65 айлын орон сууцанд өрнөж байгаа. Бид нар ганц нэг бичгийг хүчингүй болгох гээд маргаад байж болохгүй байх гэж бодож байна. Энэ бол компанийн нэр хүнд биш, Монгол Улсын иргэний эрх ашиг яригдаж байна гэж үзэж байна.
Г компаниас улаан журнал яригдаж байгаа, холбогдох бичиг баримтыг бол Б компанид хүлээлгэж өгсөн тэмдэглэл хөтөлсөн юм байдаггүй. Ерөөсөө бид нарыг хүлээж авахад тийм юм байгаагүй. Энэ талаар яаж мэдсэн бэ гэхээр улсын комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлттэй холбоотой удаа дараа холбогдоход өмнөх удирдлагуудад чинь өгсөн гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Одоо бол Ид хүлээлгэж өгсөн гэж байна. Эцсийн байдлаар бид нарт тэр акт, бичиг баримтыг Г компаниас гаргаж энд хүлээлгэж өгсөн гэсэн нотлох баримт өнөөдөр байхгүй байгаа гэв.
3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн тайлбарыг дэмжиж буюу нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартай оролцож байгаа. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 8-ны өдрийн А/96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгахаар шийдвэрлээд банкны эрх хүлээн авагч томилсон бөгөөд 2023 оны 10 сарын 9-ний өдрийн А/189 тушаалаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл банкны эрх хүлээн авагчийн хугацааг сунган ажиллаж байна. Банкны эрх хүлээн авагч нь банкийг албадан татан буулгах ажиллагааг гүйцэтгэнэ. Нөгөө талд нь банкны хөрөнгийг захиран зохицуулна, актив буюу зээл, авлагыг төлөөлнө, өр төлбөрийг барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэдэг үүрэгтэй ажиллаж байгаа. Үүгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Капитал банк ХХК-ийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор татан буулгаж дуусаад улсын бүртгэлээс хасуулах ажиллагаа хийнэ. Үүний хүрээнд түүний охин компани буюу Б компанийг мөн татан буулгаад улсын бүртгэлээс хасуулаад дуусгах ийм ажиллагаа хийх юм. Энэ хэрэг дэх барилгын актыг хүчингүй болгоход цаашид захиалагч этгээд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш байхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн компанийн хувьцаа эзэмшигч татан буугдсан тохиолдолд тухайн хуулийн этгээд байх боломжгүй гэсэн үг.
Дараагийн үндэслэл нь түрүүн яригдсан Г компани болон Бкомпанийн хооронд барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой ажлын хөлсний маргаан 2019 оны 4 сарын 18-ны өдөр эхэлсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүн нь гэрээнд зааснаас илүү ажил гүйцэтгэсэн, илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,1 сая төгрөг, нийтдээ 605,6 сая төгрөгийг гаргуулъя гэдэг шаардлага явсаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 11-ний өдрийн 01460 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод, давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулаад Б компаниас 42 сая 580 мянган төгрөгийг гаргуулж олгоё гээд хяналтын шатны шүүх хүлээж авахаас татгалзсанаар шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг 2024 оны 2 сарын 22-ны өдөр төлж дуусаад энэ маргаан нэг мөр дуусгавар болсон.
Банкны эрх хүлээн авч томилогдоод 2019 оны 4 сарын 8-ны өдрөөр ямар нөхцөл байдалтай бид нар хүлээж авсан бэ гэхээр орон сууцад тухайн өдрийн байдлаар амьдарч байсан 41 ам бүл иргэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй, гэрчилгээгүй учраас хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэж чадахгүй, хаяг дээрээ бүртгэлээ хийлгэж чаддаггүй, хаягийн бүртгэлгүй болохоор нийгмийн бүх үйлчилгээ, эрүүл мэндийн бүх үйлчилгээг авч чаддаггүй ийм байдалтай байгаа. Барилгын халаалтыг шийдсэн байсан уурын зуух нь ажиллагаагүй, халаалтгүй болчихсон, сантехникийн асуудлууд үүсчихсэн, барилгын дээвэр нь хуулраад хана дагаж ус гоожсон. Нэгэнт улсын комисс аваагүй гэдэг үндэслэлээр айл өрхүүд нь цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар төлдөг нь хохиролтой байсан нөхцөл байдалтай танилцсан. Оршин суугчид тухайн үед хүчингүй болоогүй байх үеийн комиссын актыг үндэслээд байранд орсон гэдгээ ярьж байгаа Эрх хүлээн авагч тухайн үеийн уурын зуухыг шинэчлэн барих, ус алдалтыг зогсоох, дээврийг бүрэн бүтэн болгох зэрэг асуудлуудад засварт 60 сая төгрөг, ашиглалтын зардал 30 сая, нийтдээ 90 сая төгрөгийг өөрөө гаргасан. Г компани нэг төгрөг ч гаргаагүй.
Г компаниас улаан журнал, тэмдэглэл гаргуулъя, хамтарсан дүгнэлт хийлгэе, улсын комисст оролцуулаач гэдэг 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, маргаан маань 2022 оны 10 сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа Г компаниас шүүхийн шийдвэрт заасан танай компани өгөх ёстой материалыг авъя гээд хандахад тухайн үед манай барилгын талбай дээр байсан бүх зураг юмнууд нь процессорт байсан, үүнийг хулгайд алдчихсан гэж тайлбарладаг. Мөн шаардагдах бүх бичиг баримтыг Б компанид өгчихсөн гэдэг тайлбар гаргасан. Явцын дүнд улаан журнал буюу талбайн өдөр тутмын ажлын тэмдэглэлийг И компанид өгсөн гэдэг. Шүүх ажиллагаа хийж И компаниас асуухад манайд өгөөгүй гэсэн. Үүнд өгсөн гэдгээ гарын үсгээр нотолж чадаагүй, түүнийг нь шүүх шийдвэртээ дурдсан.
Нэгэнт шүүхийн шийдвэр гаргуулсан учраас улсын комисс ажиллуулъя гэдэг процесс явсан. Улсын комисс тус барилгад 2023 оны 5 сарын 19-ний өдрөөс нэг хоног ажиллаж, энэ өдөр хуралдаан хийсэн комиссын тэмдэглэл хэрэгт авагдсан. Энэ тэмдэглэлээс харахад Б гуай өөрөө оролцсон. Хуралдаан эхлэхэд комиссын дарга, комиссын гишүүдээс комисс ажиллуулахыг эсэргүүцсэн санал байгаа эсэхийг тодруулахад саналгүй гэдгээ илэрхийлсэн нь бичигдсэн байгаа. Б гуай олон төрлийн бичиг баримт цуглуулахыг шаардсан. Комиссын 14 гишүүнээс 8 нь дор дорын чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Энэ үүрэг даалгаврын гол цөм нь Б гуайн нэхээд байгаа, өмнө хийгдэж байсан ажлын юмыг хийгдэхээс өмнө зөвшөөрөл авах ёстой юм шиг, нэг бол барилгыг зайлуулаад ухаж байгаад бүх юмыг нь дахиж үзэх, зургийг нь авах ёстой юм шиг энэ бол боломжгүй. Барилгын бүтээц хийцэд мэргэжлийн байгууллагаар шинжлэх ухааны дүгнэлт гаргуулъя гэдэг дээр гишүүд санал нэгдээд үүрэг даалгаварт тусгагдсан. Б гуай эсэргүүцээгүй зөвшөөрсөн нь тэмдэглэлээр харагдана. Бүүвэй цагаан барс компаниар оношилгоо хийлгэж, барилга ашиглалтын шаардлага хангана гэдэг дүгнэлт гарсан.
Б гуайтай өөрийнх нь өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрөөс чинь авах ёстой баримтыг авъя гээд утсаар ярьсан, бичвэр нь хэрэгт хавсаргасан. Ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтраад техникийнх нь чанарын дүгнэлт гарга гээд Б гуайд шүүх даалгавар өгсөн, үүнийг биелүүлээгүй, өөрт байгаа баримтыг гаргаж өгөхөөс зайлсхийсэн. Ийнхүү улсын комиссын ажиллах боломжийг зогсоогоод хязгаарлаж байсан хэрнээ одоо баримтуудыг гаргах ёстой байсан гэдгээр нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өмнө нь улсын комиссын актыг хүчингүй болгоход манай компани энэ барилгыг хүлээлгэж өгөх ёстой, гэтэл И өгчихлөө гэж явсан хэрнээ өнөөдөр бид хүлээлгэж өгөх ёсгүй, нэмж гаргаж өгөх баримт материал байхгүй гээд тайлбар гарч байна.
Б гуайн дутуу ийм юм авах ёстой байсан гэдэг зүйл дээр товчхон тайлбар хэлье. 1 дүгээрт нь ил далд ажлын фото зургийг нөхөж хийх ёстой байсан гээд байгаа. Түрүүн хэлсэн нэгэнт хийгдсэн ажлыг тухайн барилгыг нүүлгэхээс өөрөөр хийх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр ганц боломж юу вэ гэхээр шинжлэх ухааны байдлаар дүгнэлт гаргуулсан нь зөв зүйтэй.
Гаднах фасад өөрчлөгдсөн, даац нэмэгдсэн, фото зураг бүрдүүлье гэж байгаа. Гаднах фасад гэдэг нь анх шавар фасадтай байх ёстой зүйлийг байгалийн онцлог зүйлээс болоод шороо их шуурдаг учраас тоосго болгоё гэдэг асуудал яригдсан гэж харагдаад байгаа юм. Бидэнд байгаа хэргийн баримтаар 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд байгаа барилгын бүтээцэд өөрчлөлт оруулах тухай тайлбар гээд бичиг байгаа үүнийг Г компанийн инженер Б гэж хүн бичсэн байгаа юм. Гадна ханын 100мм-ийн зузаан фенепостерол хавтанг хасаад 510мм-ийн зузаан тоосго, гадна талын 120мм-ийн өнгөлгийн тоосгоор зургийн дагуу хийхийг захиалагч байгууллага зургийн автортой зөвшилцсөний дагуу өрлөө. Хийц болон суурийн гадна хананы ирмэгээс нэг давхрын гадна ирмэгээс 100мм дотогш өрөгдөх болно гэж байгаа юм. 40 дүгээр хуудсанд цахилгаан байгууламж, халаалтын систем, халуун хүйтэн усны систем, цэвэр усны юмыг далд үеэс шинэчлэх, гадна дулааны шугамын өөрчлөлт оруулах гээд Г компанийн хүсэлт байна. Цахилгааны халаалтын халуун хүйтэн ус энэ юмнууд яг энүүгээр бол их зардал, хугацаа орох юм байна бидэнд хялбарчлах санаа оноо байна. Тэгэхээр та бүхэн энүүгээр шийдэж өгөөч гээд зургийг хавсаргасан байгаа юм.
Тэгэхээр гадна өнгөлгөө, энэ яригдаад байгаа зүйлийг өөрсдөө мэдэж байсан. Өөрсдөө хийсэн гэдэг нь тодорхой байгаад байна. Явцын дунд нэг давхар нэмсэн тул энэнтэй холбоотой өөрчлөлт шинээр гарсан зөвшөөрлийг бүрдүүлнэ гээд байгаа. Анх Г компани болон Бкомпанийн хооронд 2017 оны 6 сарын 17-ны өдөр байгуулсан барилга угсралтын гэрээ байгаа. Энэ гэрээний 1.2 дахь хэсэгт юу хийх гээд тохиролцоод байна гэхээр үйлчилгээтэй 6 давхар тэнхлэгээрээ 46,2-ыг харьцах нь 18 метрийн хэмжээтэй, нийт 5821м2 талбай бүхий ийм барилгын ажлыг Г хийнэ. Тухайн үед барилгын ажил эхлэхдээ үйлчилгээтэй 6 давхар ажлыг өөрөө мэдсэн байгаа. Энд барилгын суурьтай холбоотой ажлын зургууд болон тухайн үеийн ажлын бүх актууд 2 дугаар хавтаст хэргийн 8-91 дүгээр хуудсанд авагдсан.
Энэ комисс Засгийн газрын 2021 оны 212 тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийнхээ дагуу ажилласан юм уу, ажиллаагүй юм уу гэдэг. Энэ дүрмийн 2.1-д Барилгын тухай хуулийн 48.5.3, 5.4-д үзлэг хийлгэж дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна гэж байгаа. Энэ бүрдсэн юм уу гэж харахаар 48.5.3-ын хувьд захиалагч нь шүүхийн шийдвэрээ гаргууллаа, дүгнэлтээ гаргууллаа, Гаас шаардлаа. Комисс байгуулсантай бол нэхэмжлэгч маргахгүй байгаа. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг комисс дүгнэсэн. Механик аюулгүй байдал, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, барилга байгууламж, ачилтын аюулгүй байдлыг тус тус хангасан юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангасан юм уу, барилгын үйл ажил, ногоон хөгжил, бодлогын төлөв байдлыг хангасан юм уу гээд гаргуулсан дүгнэлт нь 7 чиглэлийг гаргаж ирж, хангасан ийм үйл ажиллагаа болсон гэж харж байгаа. Комиссын гишүүнд дор дор нь үүрэг даалгавар өгөхдөө хангаад явчихсан. Өөрөөр хэлбэл 7 зарчмыг улсын комисс дүгнэсэн байгаа. Комиссын хуралдааныг гишүүдийн 90-ээс доошгүй хувьтай зохион байгуулна гэсэн. Энэ шаардлага ч хангагдсан.
Дүрмийн 10.2-д комиссын гишүүн батлагдсан зураг төсөл болон холбогдох хууль, дүрэм журам, нормын шаардлагад нийцэхгүй үүрэг даалгавар өгсөн бол хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж байна. Тэгэхээр надад өгөх юм байхгүй, бидэнд байхгүй гэж байгаа нь шулуухан хэлэхэд энэ тэмдэглэл, хурлын ажиллагаанаас харахад Г компани нь улсын комиссыг ажиллуулах, энэ барилгыг ашиглалтад оруулахын эсрэг байсан байдал харагдаж байдаг. Тэгэхээр өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас комисс хийх ёстой ажлаа хийсэн байна. Гарц гаргалгаа, шинжлэх ухаан технологийн үндэслэлийг харсан байна. Захиалагч бүх юмаа хийсэн байна гэдэг байдал тодорхой харагдаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Энэ шүүх хуралдаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын шийдвэртэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, тэдгээрийн үндэслэл, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг харьцуулан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Маргаж буй захиргааны акт болох Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай дүгнэлтээр, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан, “Б” ХХК-ийн захиалгатай, 1 давхартаа үйлчилгээтэй, 65 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. /1 дэх хавтаст хэргийн 125-127 дах тал/
6. Нэхэмжлэгч хуулийн этгээд, дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Манайх тус орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан, урьд нь уг барилгад улсын комисс ажиллаад бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар комиссын дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ удаад урьдын хэргүүдтэй адилхан, нэмэгдэж юм хийгдээгүй байна, комиссын гишүүний саналын хуудсанд бичигдсэн зөрчлүүдийг шийдвэрлэсэн талаарх биелэлт нь хангагдаагүй, холбогдох бичиг баримтууд бүрдэл дутуу байхад улсын комисс ажиллаж дүгнэлтэд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон, ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид улсын комисс ажиллахыг хориглоно, дахин ажиллуулах бол шүүхээр орж байж ажиллах эсэхээ шийднэ гэсэн байхад бүгдийг зөрчөөд улсын комисс ажилласан, манайх барилгын салбарт тодорхой үүрэг гүйцэтгэсэн компани, барилга байгууламжийн баталгаат хугацаа 60 жил юм бол тэр хугацаа дуустал манай компанийн нэр хүнд хамт явна. Манайх энэ барилгыг барьсан учраас цахим мэдээллийн санд нэг бүрчлэн бичиг баримтуудаа оруулахыг хүсэж байгаа эдгээр эрх маань зөрчигдөж байна” гэж,
7. Хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс, татгалзлын үндэслэлээ “... комиссын бүрэлдэхүүнд “Г” ХХК-иас М.Б оролцож баримт бичиг бүрдүүлэх шаардлагыг тавьсан үүний зарим нь барилгын ажлын гүйцэтгэгч “Г” ХХК-иас өөрөөс нь гаргаж захиалагчид өгөх үүрэгтэй боловч материал байхгүй, өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар гаргаж өгөөгүй, нэгэнт баригдсан барилгад холбогдох зөвшөөрлийг нөхөж олгож боломжгүй зэрэг шалтгааны улмаас мөн байрны оршин суугч иргэдийн эрхийг хамгаалах үүднээс эрх бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж барилгыг ашиглалтад оруулсан“ гэж,
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбарынхаа үндэслэлийг “... “Г” ХХК-иас барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой бичиг баримтыг гаргуулах зарим ажиллагааг хийлгүүлэхээр шүүхэд хандаж шүүхээс холбогдох шийдвэр нь гарсан, шүүхийн шийдвэрийн дагуу ”Г” ХХК-иас бичиг баримтыг гаргуулахаар шаардсан боловч хулгайд алдсан гэх шалтгаанаар гаргаж өгөөгүй, ... мөн шүүхийн шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт хүргүүлсний үр дүнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гарсан, комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгавар болон олон нийтийн эрх, ашгийг зөрчсөн үйлдэл байгаа эсэх талаар судлан, мэргэжлийн байгууллагаар барилгыг энэ хэвээр нь ашиглах боломжтой эсэх тал дээр дүгнэлт гаргуулах захиалга өгч, тухайн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангаж байгаа хариу гарч барилгыг ашиглалтад хүлээн авсан, ... Банкны эрх хүлээн авч томилогдоод хүлээж авахад орон сууцад тухайн өдрийн байдлаар амьдарч байсан 41 ам бүл иргэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй, гэрчилгээгүй учраас хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэж чадахгүй, хаяг дээрээ бүртгэлээ хийлгэж чаддаггүй, хаягийн бүртгэлгүй болохоор нийгмийн бүх үйлчилгээ, эрүүл мэндийн бүх үйлчилгээг авч чаддаггүй ийм байдалтай байсан. Уурын зуух нь ажиллагаагүй, халаалтгүй болчихсон, сантехникийн асуудлууд үүсчихсэн, барилгын дээвэр нь хуулраад хана дагаж ус гоожсон, улсын комисс аваагүй гэдэг үндэслэлээр айл өрхүүд нь цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар төлдөг нь хохиролтой байсан нөхцөл байдалтай танилцсан. Оршин суугчид тухайн үед хүчингүй болоогүй байх үеийн комиссын актыг үндэслээд байранд орсон гэдгээ ярьсан. Эрх хүлээн авагч тухайн үеийн уурын зуухыг шинэчлэн барих, ус алдалтыг зогсоох, дээврийг бүрэн бүтэн болгох зэрэг асуудлуудад засварт 60 сая төгрөг, ашиглалтын зардал 30 сая, нийтдээ 90 сая төгрөгийг өөрөө гаргаж шийдвэрлээд явж байна” гэх агуулгаар тус тус маргасан.
9. Маргаан бүхий барилгын тухайд 2012 оноос эхлэн баригдаж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уг барилгыг анх ашиглалтад хүлээн авсан, барилгын гүйцэтгэгч “Г” ХХК-иас барилгыг хүлээн авсан энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар улсын комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаартай актыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. /1 дэх хавтаст хэргийн 10-17 дах тал/
10. Дээрх үйл баримтын дараа тус барилгын захиалагч болох “Б” ХХК-иас “Г” ХХК-д холбогдуулан “... 65 айлын орон сууцны барилгад хийж гүйцэтгэсэн барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах; барилгын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах; барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах; комиссын бүрэлдэхүүнд оролцохыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасныг 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд “барилгын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах; барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах; шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 935 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон. /2 дах хавтаст хэргийн 115-131 дэх тал/
11. Мөн “Г” ХХК-иас, “Б” ХХК-д холбогдуулан “... нэмэлт ажлын хөлс, алданги зэрэг нийт 604,526,844 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн 2 шатны шүүхээр хэлэлцээд “Б” ХХК-иас 42,580,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. /2 дах хавтаст хэргийн 132-145, 3 дах хавтаст хэргийн 72 дах тал/
12. Түүнчлэн дээрх үйл баримтуудаас гадна маргаан бүхий барилгын захиалагч болох “Б” ХХК нь “Капитал банк” ХХК-д хөрөнгийн хамт шилжин тус компанийн охин компани болж өөрчлөгдсөн, улмаар “Капитал банк” ХХК-ийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар татан буулгахаар шийдвэрлэж банкны эрх хүлээн авагчийг томилсноор “Б” ХХК нь банкны эрх хүлээн авагчийн ажлын албанд шилжсэн, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-189 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацааг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтууд /2 дах хавтаст хэргийн 107-114 дэх тал/-аар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
13. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.6.Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага … ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” хэмээн тус тус заажээ.
14. Мөн дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.6. энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах; гэж зааснаар, маргаан бүхий барилгын захиалагч буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй “Б” ХХК-ийг төлөөлж, Капитал банкны эрх хүлээн авагчаас, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт уг барилга байгууламжийг комисст хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлэх талаар мөн аймгийн Архивын тасагт хандаж уг барилга байгууламжийг өмнө нь ашиглалтад оруулахад бүрдүүлж өгсөн холбогдох баримт бичгийг гаргуулахаар тус тус хүсэлт гаргасан, улмаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий этгээд болох Дорноговь аймгийн Засаг дарга 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А/277 дугаартай захирамж гаргаж, тус аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн захиалгатай, 65 айлын орон сууцны барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссыг 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. /2 дах хавтаст хэргийн 96-99 дэх тал/
15. Тус комисс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий барилга байгууламж, холбогдох бичиг баримтуудтай танилцаад тус байрны оршин суугчдыг оролцуулан хуралдаж, комиссын гишүүд өөр өөрсдийн чиглэлээр зохих үүрэг даалгавар өгч ажилласан улмаар тэдгээр үүрэг даалгаврын биелэлтийг ажлын 14 хоногт багтаан ирүүлсний дараа уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах шийдэлд хүрсэн мөн гүйцэтгэгч компанийг төлөөлөн оролцож буй гишүүнээс өгсөн үүрэг даалгавар болон бусад нөхцөл байдалтай холбогдуулан комиссын 3 гишүүн тус барилгад мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 146-154 дэх тал/
16. Комиссын дээрх хуралд нийт 13 гишүүн оролцсоноос, 9 гишүүн үүрэг даалгавар өгсөн, үүний дотор тус барилгын гүйцэтгэгч “Г” ХХК-ийг төлөөлж оролцсон М.Бгээс:
1. Суурь хийсэн бүтээцийн зураг, ил далд ажлын акт, холбогдох зураг,
2. Таван давхар, 65 айлын орон сууцны зориулалтаар батлагдсан. Явцын дунд 1 давхар нэмэгдэж хийгдсэн. Барилгын тухай хуулийн 26.2-т заасны дагуу хүчин чадал нэмэгдсэн тул өөрчлөлтийн зураг, төсөл, шинээр гарсан зөвшөөрөл,
3. Барилгын суурийн хагарал цууралттай холбоотой нэмэлтээр хийгдсэн зураг төсөл, фото зургууд, шинэ зөвшөөрөл буюу холбогдох бичиг баримтууд,
4. Барилгын гадна фасад өөрчлөгдөж даац нэмэгдсэн. Барилгын тухай хуулийн 26.2-т заасанчлан шинэ зөвшөөрөл, барилгын зураг төсөв, фото зургууд,
5. Бүрдүүлэх бүх материалыг одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль, Засгийн газрын 212 эсхүл 151 дүгээр тогтоолын хавсралт 5-ыг баримтлах,
6. Ил далд ажлын фото зургийг нөхөж хийх,
7. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бүх бичиг баримтын бүрдлийг хангаж бэлтгэх гэсэн долоон төрлийн үүрэг даалгаврыг өгсөн байна. /1 дэх хавтаст хэргийн 132 дах тал/
17. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн (цаашид “дүрэм” гэх) 1.1-д “Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 1.2-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг болон энэ дүрмийг баримтална”, 5.1-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 7.1-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргана” хэмээн журамлажээ.
18. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;
48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;
48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;
48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт” гэж нэрлэн заасан байна.
19. Хэрэгт авагдсан /2 дах хавтаст хэргийн 8-95 дах тал, 1 дэх хавтаст хэргийн 207-211 дэх тал/ нотлох баримтуудаас үзэхэд барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргавал зохих дээрх бичиг баримтуудаас 48.5.2-т заасан барилгын ажлын ил, далд ажлын актууд; 48.5.5-д заасан барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл; 48.5.7-д заасан тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт” зэрэг баримтууд бүрдэл хангасан, харин 48.5.1-д заасан барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хагас дутуу, 48.5.4-д заасан захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт авагдсан ч уг дүгнэлтийг гаргахад гүйцэтгэгч “Г” ХХК оролцоогүй, “И” ХХК-ийг гүйцэтгэгчээр оролцуулж гаргасан нь шаардлага хангасан хамтарсан дүгнэлт гэж үзэх боломжгүй, 48.5.3-д заасан зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт нь байхгүй, зөвхөн зохиогчийн хяналтын гэрээ авагдсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
20. Мөн комиссын гишүүн М.Бгийн өгсөн үүрэг даалгаварт дурдагдсан буюу Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна” гэж заасны дагуу авагдсан байвал зохих холбогдох зөвшөөрлүүд авагдсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байна.
21. Улмаар дээр тогтоогдож буй нөхцөл байдлууд нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана: 48.7.1.энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй; 48.7.3.энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэх үндэслэлд хамаарахаар байх боловч энэ нь хариуцагчаас гаргасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухайн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна гэж үзэв.
22. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;” ойлгохоор тодорхойлж улмаар 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: 40.1.2.барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх; 40.1.17.барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах; гэж заажээ.
23. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд барилгын гүйцэтгэгчийг төлөөлж буй комиссын гишүүнээс өгсөн үүрэг даалгаварт дурдагдсан үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын суурийн хагарал цууралттай холбоотой нэмэлтээр хийгдсэн ажлын зураг төсөл, фото зургууд зэрэг буюу барилгыг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргавал зохих бичиг баримтууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд хамааралтай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээс захиалагчид гаргаж өгвөл зохих баримт бичгүүд байна.
24. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дээрх бичиг баримтын зарим буюу барилгын ажлын ил, далд ажлын акт, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийн албан ёсны хувь нь манай компанид байхгүй, “И” ХХК-ийн холбогдох ажилтанд өгсөн” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд улмаар эх сурвалжийг заах боломжгүй буюу ”уг баримтыг хүлээлгэж өгсөн гадаад инженер нь байхгүй“ гэх тайлбарыг гаргаж байна.
25. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авах”-аар заасныг захиалагч хэрэгжүүлээгүй, үүнийг нөхөн бүрдүүл гэсэн үүрэг даалгаврыг комиссын гишүүний хувьд өгсөн байх боловч энэ нь нөгөө талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, … баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих; гэсэн чиг үүргээ гүйцэтгэгч компанийн зүгээс хангалттай хэрэгжүүлээгүй улмаар энэ нь 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй байна.
26. Мөн “Г” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.2 дахь хэсэгт 6 давхар, тэнхлэгээрээ 46.2*18 метрийн хэмжээстэй, нийт ажлын 5821 м.кв талбай бүхий 65 айлын орон сууцны барилга байна ...” гэж заасан байгаагаас үзэхэд “... барилгын давхар өөрчлөгдсөн эсэх талаарх мэдээллийг тухайн үед “Г” ХХК нь бүрэн дүүрэн авсан байсан гэж үзэхээр байна” гэх гуравдагч этгээдийн тайлбарыг ч үгүйсгэх боломжгүй байна.
27. Түүнчлэн “Г” ХХК-иас “Б” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/26 тоот, захирал М.Бгийн гарын үсэг бүхий “Дорноговь аймаг Замын-Үүд суманд баригдаж буй иргэн Э.Аын үйлчилгээтэй 6 давхар 65 айлын орон сууцны барилгын ажлын явцыг дүгнэх тухай гэсэн албан бичиг /2 дахь хавтас хэргийн 198 дах тал/-т “... 2014 оны 06 сарын 05-нд “Б” ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдаж буй иргэн Э.Аын үйлчилгээтэй 6 давхар, 65-н айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ хийн 2014 оны 06 сарын 20-нд ирж барилгын талбайг хүлээн авсан, ... барилгын суурийн хананд А, Б, В, Г багануудын хооронд ташуу параллелийн хэлбэртэйгээр 14 цууралт өгснийг мэдэн “Б” ХХК-д албан бичгээр танилцуулан тэдний шийдвэрийн дагуу зургийн “BESIGN” ХХК-д хандан зоорийн давхрын угсармал хүчитгэсэн байгуулалтын зургийг гаргуулан зөвлөх инженерүүдийн удирдлага дор: ... зоорийн давхарын бүс бетоныг хүчитгэж 300 марктай, 51 см өргөнтэй, 60 см өндөртэй бес бетоныг зургийн дагуу хийж гүйцэтгэсэн, ... угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж 2015 оны 07 сарын 06-ныг хүртэл барилгыг 99%-тай гүйцэтгэж, үлдэгдэл ажлуудыг мэдэгдэл хүргүүлэн зогсоож дараагийн гүйцэтгэгч компанид хүлээлгэн өгсөн” гэж дурдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй “... Уг барилга байгууламж нь 5 давхар 65 айлын орон сууцны зориулалтаар зураг төсөв хийгдэж батлагдсан байдаг. Давхар нэмүүлэхэд барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл авах ёстой, тухай бүрд нь зөвшөөрөл аваагүй. Тэрийг Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны шүүх хурал дээр анх мэдсэн” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.
28. Улмаар, комиссын гишүүдээс гаргасан саналын дагуу барилгын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, барилга бүтээцийн техникийн хяналтыг гүйцэтгэх эрх бүхий “Бүүвэй цагаан барс” ХХК, маргаан бүхий барилгад оношилгоо хийж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан барилгын экспертизийн тайлангийн дүгнэлт хэсэгт “Барилгын даацын бүтээцүүдийн геометр хэмжээ “Besign” ХХК-ийн 2012 онд боловсруулсан BS-08/2012 шифртэй зураг төслийн дагуу хийгдсэн байна. Барилгын хучилтын хавтан, дам нурууны хотойлтын хэмжээ нормд заасан хязгаарын хэмжээнээс бага, хэвийн байна. Төмөрбетон угсармал хучилтын хавтангийн бетоны бат бэх 25-30 мПа хангаж байна. Барилгын даацын бүтээцүүдийн арматурчлал зураг төслийн шаардлагыг хангаж байна. Барилгын зоорийн давхарын хананд үүссэн ан цавнаас өөр согог ажиглагдахгүй байна. Барилгын зураг төслийн “Besign” ХХК-ийн боловсруулсан “Б” ХХК-ийн, үйлчилгээтэй, 65 айлын орон сууцны барилга анхны зураг төслөөр зоорийн давхараас гадна 5 давхар байхаар байсан боловч 6 давхар болгож барьсан байна” гэж, тус барилгын сууринд оношилгоо хийж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан барилгын экспертизийн тайлангийн дүгнэлт хэсэгт “...Барилгын зоорийн давхрын В тэнхлэгийн ханын дагуу ухсан шурфээр барилгын суурийн уланд 1850 мм өргөнтэй, 400 мм зузаан башмак байна. Барилгын хамгийн их ачаалал авч байгаа голын суурийн даацын тооцоог хийхэд барилгын бат бэхийн шаардлагыг хангаж байна” хэмээн тус тус дүгнэгджээ. /1 дэх хавтаст хэргийн 156-176 дах тал/
29. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг зохицуулсан холбогдох дүрмийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох...”-оор заасан байх боловч уг барилга байгууламжийн хувьд маргаан бүхий дүгнэлтийг гарахаас 7 жилийн өмнө баригдаж дууссан улмаар мөн үеэс нэгэнт ашиглаад эхэлчихсэн тухайн тохиолдолд “захиалагчийн зүгээс хэрэгжүүлсэн байвал зохих холбогдох зөвшөөрлүүдийг шинээр нөхөн олгох улмаар холбогдох зураг төслийг нөхөн гаргуулах боломжгүй” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байхаас гадна энэхүү бодит нөхцөл байдлыг болон тус байранд оршин суугч иргэдийн эрхийг хангах үүднээс уг барилга байгууламжид мэргэжлийн байгууллагаар оношилгоо хийлгэж “…Барилгын даацын бүтээцүүдийн арматурчлал зураг төслийн шаардлагыг хангаж байна, … Барилгын хамгийн их ачаалал авч байгаа голын суурийн даацын тооцоог хийхэд барилгын бат бэхийн шаардлагыг хангаж байна” гэсэн дүгнэлт гарсныг нь харгалзан тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна.
30. Мөн уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулахтай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа гуравдагч этгээдээс хүсэлт гаргаж тус барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажиллагаа явагдсан байх тул “ … дүрмийн 10.3-т заасан ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулна” гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
31. Захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг тодорхойлсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, … хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”-оор заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд шүүх маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэл нь тухайн дүгнэлт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд уг дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэхээр байна.
32. Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан “Б” ХХК-ийн захиалгатай, үйлчилгээний төвтэй, 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны УКД-12/2023 дугаартай дүгнэлт нь хэдийгээр дээр дурдсанчлан Барилгын тухай хуулийн 48 дугар зүйлийн 48.5-д заасанд тухайлан нийцээгүй хууль бус байх боловч уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч буюу тус барилгын гүйцэтгэгч “Г” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдохгүй байна. Түүнчлэн уг дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн ямар байдлаар сэргээн тогтоогдох нь тодорхойгүйг дурдах нь зүйтэй байна.
33. Иймээс нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан тус комиссын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА