| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00736/И |
| Дугаар | 151/ШШ2024/00662 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00662
2024 07 30 151/ШШ2024/00662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б-ыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:
Миний бие О.Б-аас 2022 оны 01 дүгээр сард хээр зүсмийн морийг 3,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн 2,400,000 төгрөгөнд нь морь тэжээнэ гэж цэвэр будаа 4 тонныг бэлнээр 800,000 төгрөг өгч авсан. Гэтэл морь нь доглоод байсан учир 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр наймаа буцаж морийг нь буцааж өгөөд мөнгөө авах болсон боловч О.Б нь цагаан сарын дараа мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Тэгэхээр гарын үсэг зуруулж баримтжуулж авсан. О.Б-аас 3,200,000 төгрөгөөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. О.Б-тай ... дугаарын гар утас руу нь залгахаар авахгүй эсвэл холбогдохгүй, мөн түүний хаягийг олох боломжгүй байна. Иймд О.Б-ы оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Миний бие 0-2 насны 2 хүүхэдтэй бөгөөд том хүүхэд маань өвдсөн тул эмнэлэгт хүүхдээ сахиж байна. Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
О.Б нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр О.Б-ыг тодорхойлжээ.
О.Б нь ... оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь ... сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б-ы оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.Б-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.М нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Б-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. О.Б-ы оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.М /утас:.../-т мэдэгдэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН