Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2019/01670/и |
Дугаар | 1048 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 1048
УБЕГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00118 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: УБЕГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ч-т холбогдох,
Хохиролд 4 264 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнхгэрэл, У.Мөнхцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Чинбат,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Борхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Ч нь тус газрын Улсын бүртгэлийн хэлтсийн түр архивчаар ажиллаж байсан М.Б-ыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
М.Б нь уг тушаалыг хүчингүйд тооцуулж, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 942 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалинд 1 393 907 төгрөгийг гаргуулжээ.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар М.Б-ыг тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчаар томилсон боловч, мөн өдрийн Б/19 дүгээр тушаалаар Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
М.Б нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ/2017/00372 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ М.Б-ыг тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 870 608 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгажээ.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу С.Ч оос М.Б д олгосон ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 2 870 608 төгрөгийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.
Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн төсвөөс олгосон 6 155 244 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх тухай 02/02 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн.
Дээрх шаардлагын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас цалинд олгосон 2 870 608 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн нийт 4 264 515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Ч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б16 тоот тушаалаар томилогдож ажилласан. Ингэхдээ ажил олгогчтой тодорхой гэрээ байгуулж, үүрэг хүлээн төрөөс баталж хэрэгжүүлж байгаа хууль дүрэм, журам, дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу ажилласан.
С.Ч нь М.Б-ыг ажлаас халсан тушаалыг гаргасан ч гэсэн шүүхээс хууль бус тушаал гэж үзээгүй, эрх зүйн зөрчилтэй акт байна гэж үзсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл, Иргэний хээлийн 498 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй.
Өөрөөр бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн байдаг. Гэтэл С.Ч ийн үйлдэл нь гэм буруутай байна гэж шүүхээс тогтоосон зүйл байхгүй. Иргэний шүүхээс гаргасан тушаал нь эрх зүйн зөрчилтэй байна гэсэн. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилж байгаа.
Гэтэл яг ямар байдлаар улсын байгууллагад хохирол учруулсан болох нь тодорхойгүй байна. М.Б нь С.Ч ийг хэлтсийн даргаар очиход ажиллаж байсан бөгөөд одоо ч гэсэн ажиллаж байгаа. Тэгэхээр давхардсан байдлаар цалин олгосон зүйл байхгүй, тухайн албан тушаалд өөр хүн авч цалинжуулсан зүйл байхгүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь хохиролд төлбөр гаргуулах бөгөөд хэрэгт авагдсан цалин олгосон баримт дээр хүлээн авсан гэсэн М.Б ын гарын үсэг байхгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар яагаад С.Ч-т холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч С.Ч оос 4 264 515 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Ч оос улсын тэмдэгтийн хураамжид 83 182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх С.Ч оос нийт 4 264 515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч талд үнэхээр хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэн өгсөн мөнгөн дүнгийн баримт нь шаардлага хангахгүй, хүлээн авагч нь тодорхойгүй, гарын үсэг байхгүй, бусдын буруу шийдвэрийн өмнөөс хохирсон гэх хохирлыг төлсөн баримт байхгүй.
С.Ч ийг үр дүнгийн гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнээд, эд хөрөнгийн хохирол учирсан тохиолдолд хэрхэн хариуцах талаар гэрээгээр тохиролцоогүй байна гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ үгүйсгэсэн нөхцөл байдлаар ойлгомжгүй тайлбарлан хэрэглэж, эрх зүйн байдлыг нь дордуулан тайлбарласан.
Мөн С.Ч-ийг бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэх үүрэгтэй, дээд шатны байгууллагаас орон тоог хоёр болгож цөөрүүлсэн, ажлаас халсан хүн нь шүүхийн шийдвэрээр ажилдаа орж ирсэн нь цалинг давхардуулан олгосон хэлбэр байна гэж үзсэн нь огт үндэслэлгүй Үндсэн хуулиар олгосон эрхийг хөндсөн, өөрөөр хэлбэл тухайн халагдаж байгаа хүн гомдол гаргах эрхгүй, гаргасан ч ялагдах, дахин ажилдаа орох эрхгүй байсан мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь шүүхийн ёс зүйд үл нийцэх тайлбар болсон, бодит нөхцөлийг мушгин тайлбарласан гэж үзэж байна.
Мөн дүгнэлтэд заасан төлбөрийн хэмжээ зөрүүтэй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг огт өөр гэрээний заалттай холбон буруу тайлбарласан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хариуцагч С.Ч-т холбогдуулан хохиролд 4 264 515 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/66 тоот тушаалаар С.Ч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Оюуны өмч, УБЕГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн,
тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Л.Б-ыг ажлаас чөлөөлж, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалаар архивчийн ажилд эгүүлэн тогтоож, Б/19 тоот тушаалаар ажлаас чөлөөлж байсан. Шүүхийн шийдвэрээр Л.Б-ыг 2 удаа ажилд эгүүлэн тогтоож, нийт 4 264 515 төгрөгийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээр М.Б-ыг ажлаас чөлөөлсөн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ч ийн Б/12, Б/19 тоот тушаалуудыг хуульд нийцээгүй болохыг тогтоосон ба Улсын бүртгэлийн ерөнхий газар нь С.Ч оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны ажилчдын цалингийн тооцооны 2016 оны 03 дугаар сарын хүснэгтэд архивч Г.А , Д.Д , М.Б , 4 сарын хүснэгтэд архивч Г.А , Д.Д , М.Б , Ц.Н , 6 сарын хүснэгтэд Г.А , Д.Д , Ц.Н , 7 сарын хүснэгтэд Г.А , Д.Д , М.Б , Ц.Н , 8 сарын хүснэгтэд Г.А , Д.Д , М.Б , Ц.Н , 9 сарын хүснэгтэд Г.А , Д.Д , М.Б , Ц.Н , н.Н нар тус тус цалин авсан байдлыг Оюуны өмч, УБЕГ-ын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/25 тоот тушаалаар Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн архивчийн орон тоог 2 гэж баталсан нөхцөл байдал, Л.Б д шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор олгосныг харьцуулсны үндсэн дээр анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллага архивчийн цалинг давхардуулж олгосон, энэ нь Л.Б-ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн С.Ч ийн гаргасан шийдвэрийн улмаас байгууллагад хохирол учирсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Түүнчлэн хэргийн 130-131 дүгээр талд авагдсан шүүхийн шийдвэрийн дагуу олгож буй цалин, Улсын бүртгэлийн ажилтан М.Б д шүүхийн шийдвэрийн дагуу 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын нөхөн олгож буй цалингийн тооцооны хүснэгт, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/02 тоот албан шаардлага зэрэг баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу М.Б д ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4 264 515 төгрөгийг олгосон болох нь нотлогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч байгууллагыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас 4 264 515 төгрөгөөр хохирсон гэж дүгнэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар С.Ч нь уг хохирлын мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагад буцаан төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан боловч энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй гэж дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 183 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Э.ЗОЛЗАЯА