Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/823

 

 

 Б.Д, Х.Мнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1807 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Д, Х.Мнарт холбогдох эрүүгийн 023250545 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.Д, 

            2. Х.М/Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн/, 

            Шүүгдэгч Б.Д, Х.Мнар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179.045.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Конвол” ХХК-ийн захиалгат үйлчилгээ “кино театр”-ын барилгаас 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан Я.Н300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Д, Х.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” 1.4-д “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2081 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

            “...2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл монгол кирилл бичиг мэдэхгүй, зөвхөн хуучин монгол бичиг сайн мэднэ гэх Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Мгэгчээс яллагдагчийн мэдүүлэг авах, түүнд хавтаст хэргийн материал танилцуулах зэрэгт орчуулагч оролцуулаагүй, прокурорын яллах дүгнэлтийг тухайн яллагдагчийн сайн мэдэх хэл, бичгээр нь орчуулж, эсхүл хөрвүүлж өгөөгүй байгааг тус яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

            3. Яллагдагч Б.Дийн нэр дээрх банкны цахим картыг яллагдагч Х.Мгэгч нь ашиглаж бусдын мөнгийг авсан гэх асуудлыг сайтар шалгаж, тус залилангийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос чухам хэн нь ямар хэр хэмжээгээр хариуцахыг нягтлан тогтоох нь зүйтэй байна.” гэсэн заалтуудыг огт биелүүлэлгүй орхигдуулжээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад улсын Элчин сайдын яамны албан бичигт дурдсан тус улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Хөгжилтийн Х.М/ПД:16927061/ гэгч нь шүүгдэгч Х.Ммөн болохыг түүний гэрэл зургаар тогтоосон эсэх нь тодорхойгүй байна. Мөн Б.Д, Х.Мнарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэрийг тогтоох, Д.Х.Мэнэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай юм. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу тус хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. Мөн захирамжид дурдсан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоосон атал хэт ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэх заалтаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийж, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

            1. Яллагдагч БНХАУ-ын иргэн Mengkejirigala /Мөнхжаргал/-д 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авахад өмгөөлөгч Д.Сарангэрэл, хятад хэлний орчуулагч Г.Намуунзул нарыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “монгол хэл, бичиг мэдэхгүй” хүнд заавал өмгөөлөгч оролцуулах, 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж заасныг тус тус хангаж ажилласан байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн хавтаст хэргийн материал танилцуулах, яллах дүгнэлт гардуулах, шүүх хуралдааны шатанд н.Мандал өмгөөлөгчийг оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. БНХАУ-ын иргэн хэдий ч монгол хэл мэддэг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар, мэдүүлэг, мэтгэлцэж буй байдал, Монгол улсад 16 жил амьдарсан түүний хувийн байдал зэргээр нотлогдоно.

            2. Залилах гэмт хэргийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдэж төгсдөг бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг зарж борлуулсан үйлдлийг гэрч Э.Маргад, Б.Бат-Ирээдүй, Б.Өнөрзул нарын мэдүүлэг болон Б.Дийн Хаан банкны 5925163902, 5065369158 тоот дансны хуулгаар нотолсон байхад шүүх эдгээр нотлох баримтуудыг орхигдуулж бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Гэмт хэргийн хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21-01 дугаартай “...12.480.000 төгрөг” гэх, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “...179.045.000 төгрөг...” гэх, “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...5940 ширхэг нь 30.000 төгрөг нийт 178.200.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлангаар, шүүгдэгч нар бусдад зарж борлуулж залилах гэмт хэргийг төгсгөсөн болох нь Б.Дийн Хаан банкны 5925163902, 5065369158 тоот дансны хуулга, БНХАУ-ын иргэн Mengkejirigala нь өөрийн эхнэр С.Энхцэцэгийн Хаан банкны 5045555320 тоот дансны хуулга, гэрч Э.Маргад, Б.Бат-Ирээдүй, Б.Өнөрзул нарын мэдүүлгээр нотлогдсон байхад эдгээр нотлох баримтуудыг шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэл хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын гадаад харилцааны хэлтсээр дамжуулж, хүсэлтээ уламжилж, улмаар шүүгдэгчийг БНХАУ-ын элчин сайдын яамнаас БНХАУ-ын иргэн Mengkejirigala /Мөнхжаргал/ болохыг тогтоосон албан бичгийг ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлээ дурдаагүй нь тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын ирүүлсэн албан бичгээр БНХАУ-ын иргэн Mengkejirigala /Мөнхжаргал/ нь 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Эрээн Замын-Үүд боомтоор G16927061 дугаартай бичиг баримтаар Монгол улс руу хил нэвтэрч орж ирсэн талаарх албан ёсны эх сурвалжтай мэдээллийг ирүүлсэн нь давхар нотлогдож байна.

            4. Хохирогч БНХАУ-ын иргэн shan, хохирогч Я.Н нарын мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэннадмидын өгсөн мэдүүлэг, Б.Дийн Хаан банкны 5925163902, 5065369158 тоот дансны хуулга, БНХАУ-ын иргэн Mengkejirigala /Мөнхжаргал/-ийн эхнэр С.Энхцэцэгийн Хаан банкны 5045555320 тоот дансны хуулга, гэрч Э.Маргад, Б.Бат-Ирээдүй, Б.Өнөрзул нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх шийдвэр гаргахдаа орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1807 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

            Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэргийн бодит байдлыг тогтоох, Б.Д, Х.Мнарын оролцоог тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирлыг хэрхэн арилгах талаар хуульчилсан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд шүүгчийн захирамжийн биелэлт хангалтгүй гэж үзсэн. Учир нь шүүгчийн захирамжид хохирол, хор уршгийг нарийн тогтоохыг заасан боловч өнөөдрийг хүртэл хохирол, хор уршигтай холбоотой нарийн тооцоолол байхгүй байна. Шууд үйлдэл оролцооноос нь үл хамааран шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдсэн хэмээн үзэж, үнэлгээгээр гарсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах саналыг прокурор гаргаад байгаа юм. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. 2018 онд Х.Мнь н.Мөнхтуул гэдэг нэр ашиглаж байгаад сүүлд Намайг Х.Мгэдэггэж үнэнээ хэлсэн байдаг. 2018 оноос Х.Мөнхжаргалын үйлдэл эхэлсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч 2018 онд Х.Мөнхжаргалтай ямар ч хэлбэрээр холбогдоогүй. 2018 оны 4 дүгээр сард Б.Доор 1 данс нээлгэсэн гэдгээ Х.Мөөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг ба тухайн дансыг Х.Мхэдэн удаа ашигласан талаараа удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөн Х.Мөнхжаргалын гэр бүлийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгсөн зургийг хэрэгт хавсаргасан болохоос Х.Ммөн эсэхийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний хувьд прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Шүүгдэгч Б.Д, Х.Мнарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1807 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Х.Мнар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179.045.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Конвол” ХХК-ийн захиалгат үйлчилгээ “кино театр”-ын барилгаас 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан Я.Н300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

            Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

            Дээрх шүүгчийн захирамжид “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2081 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт: “...монгол кирилл бичиг мэдэхгүй, зөвхөн хуучин монгол бичиг сайн мэднэ гэх Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Мгэгчээс яллагдагчийн мэдүүлэг авах, түүнд хавтаст хэргийн материал танилцуулах зэрэгт орчуулагч оролцуулаагүй, прокурорын яллах дүгнэлтийг тухайн яллагдагчийн сайн мэдэх хэл, бичгээр нь орчуулж, эсхүл хөрвүүлж өгөөгүй байгааг тус яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэх эрхийг зөрчсөн.” гэсэн заалтыг биелүүлэлгүй орхигдуулжээ.” гэсэнг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тодруулсан байх тул дахин энэ асуудлыг шалган тогтоох шаардлагагүй, харин шүүгчийн захирамжид заасан бусад мөрдөн шалгах ажиллагааг хийх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1807 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийн 1 дэх үндэслэлийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/1807 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ