Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар   151/ШШ2024/00755

 

 

 

   2024       08          22                                     151/ШШ2024/00755

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.А-гийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б-ыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:

Нэхэмжлэгч О.А-гийн аав нь түүний ирээдүйд хэрэг болох үүднээс нийт 30,220,000 төгрөгийг данс руу нь шилжүүлэн хадгаламж нээж өгсөн. О.А нь Ц.Б-тай 2022 оны 09 дүгээр сараас үерхэж эхэлсэн бөгөөд Ц.Б нь О.А-г хадгаламжиндаа их хэмжээний мөнгөтэй, түүний аав нь байнга мөнгө шилжүүлдэгийг мэддэг болсон. 2022 оны 10 дугаар сараас эхлэн  нэхэмжлэгчээс элдэв янзын тайлбар шалтаг тоочиж "би Яармагт ажил хийж байгаа 2,000,000 төгрөгний цалин авна, цалин буухаар буцааж өгнө, удахгүй өгнөө" гээд байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд дансаар болон бэлнээр нийт 16,686,000 төгрөгийг зарцуулсан. Улмаар Ц.Б, ... сумын 5 дугаар баг, нисэх гудамжны 133 тоотод оршин суудаг гэх хаягаар нь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ц.Б-ын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ц.Б нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Ц.Б-ыг тодорхойлжээ.

Ц.Б нь ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь ... сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б-ын оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Б-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Б-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Ц.Б-ын оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О /утас:.../-д мэдэгдэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН