| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/01950/И |
| Дугаар | 181/ШШ2024/03206 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/03206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух Шеруши овогт О А /РД: ПБ /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах Н ХК /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01132 дугаар Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээнээс татгалзаж, 28,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О.А би Н ХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулан гэрээний 2.1-д захиалагч 500,000 төгрөгийг сар бүр тогтмол төлөх тухай, 2.2-д компани 36 сараас хэтрэхгүй хугацаанд шаардлагад дүйцсэн орон сууцанд оруулж, ашиглалтанд хүлээж авсан тохиолдолд захиалагч нь 1 өрөө байранд 2 сая, 2 өрөө байранд 4 сая, 3 өрөө байранд 6 сая төгрөгийг нэг удаагийн нэмэлт урьдчилгаа төлбөрийг төлөх тухай, 2.6-д орон сууцаа 19-36 сарын хугацаанд хүлээж авсан тохиолдолд захиалагч нь 2.4-д заасан урьдчилгаа нэмэлт төлбөрийг төлөх шаардлагагүй нөхцөлтэйгээр тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээнд тусгагдсаны дагуу эхний 25 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 25 дахь сараас эхлэн компани байгуулагдсан хугацаа болох 2020 оны 08 дугаар сараас, компанитай гэрээ хийсэн хугацаа болох 2021 оны 01 дүгээр сар хүртэлх нийт 5 сарын төлөлт болох 2,500,000 төгрөг болон гэрээний 2.4-д заасан нэмэлт урьдчилгаа төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орох байрнаас сонголт хийж орон сууцанд орох боломжтой гэж компаниас санал тавьсны дагуу 6,500,000 төгрөгийг нэмж төлсөн. Орон сууцжуулах хөтөлбөрийг хэвийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд оролцогч талууд болох 4 газрын хооронд байгуулсан тамга тэмдэг, гарын үсэг бүхий нотолбор болон үүнтэй эрх зүйн хувьд салшгүй холбоотой баримт бичиг болох орон сууц захиалах хуудасны хуулбарыг гарган өгсөн.
Нийт 39 сарын төлөлт болох 19,500,000 төгрөг болон нэг удаагийн нэмэлт урьдчилгаа төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орохоор сонгосон орон сууцны талаар лавлахад захиалагч нартайгаа нэгдсэн журмаар уулзаж мэдээ, мэдээлэл өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл уулзаж албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Энэ хугацаанд захиалга өгөн хүлээж байсан орон сууц маань 2024 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орсныг олж мэдээд энэ тухай тодруулахаар компани дээр удаа дараа очих болгонд захирал байхгүй байгаа, би мэдэхгүй гэсэн хариуг бичиг хэргийн ажилтан нь хэлж байсан учир ашиглалтанд орсон байранд оруулах талаар шийдтэй хариу авахыг шаардсан. Эцэст нь тухайн сонголт хийсэн байрнуудтай захиалгын гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч энэ онд ашиглалтанд орох өөр 2 байршилд дахин сонголт хийж болно гэдэг тайлбар өгсөн.
Н.... ХК нь
1. Гэрээний 5 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хугацаандаа би
2. Цаг үеийн нөхцлөөс хамаарч илүү урьдчилгаа төлөлт хийлгэсэн
3. Гэрээний 5.2-д заасан үүргээ зөрчиж, хариуцлагагүй хандаж иргэн О.А намайг цаг хугацаа, сэтгэл зүй, мөнгө санхүүгийн давхар давхар хохирол учруулсан тул 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууцжуулах хамтын ажиллагааны 01132 тоот гэрээнээс татгалзан, бэлэн төлөлт хийсэн 23,500,000 төгрөг болон гэрээний 3 дугаар зүйлийн заалт, нэмэлтээр төлбөр төлөлт хийсэн зээлийн хүү, энэ хугацаанд мөнгөний болон эд материалын ханшийн зөрүү маш их болсон зэргийг үндэслэн төлсөн мөнгөн дүнгийн 20 хувийн хүү болох 4,700,000 төгрөг, нийт 28,200,000 төгрөгийг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 298,950 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан тайлбартаа:
О.А нь Н.... ХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн О.А нь Н.... ХК-тай гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Энэхүү гэрээ нь өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр байгаа юм.
Хууль зүйн хувьд гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээг цуцалсан эсхүл татгалзсан тохиолдолд буцаан олгохоор хуульчилсан. Гэтэл иргэн О.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харвал гэрээг цуцлах, эсхүл татгалзах шаардлагыг гаргаагүй. Түүнчлэн хэргийн нөхцөл байдалд гэрээг цуцалсан, татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймээс мөнгөн хөрөнгийг шаардсан шаардлага нь үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэлд дурдсанаар мөнгөн төлбөрт хүү тооцож, нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 298,950 төгрөг төлсөн баримт, О.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01132 дугаар Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, нотолбор, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/74 дугаар Хувьцаат орон сууц хөтөлбөрөөс орон сууц захиалах хуудас, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримтууд,
3.2. Хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй болно.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Н.... ХК-д холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01132 дугаар Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээнээс татгалзаж, 28,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний дагуу 39 сарын төлөлт болох 23,500,000 төгрөгийг төлсөн боловч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, төлөлт хийсэн 23,500,000 төгрөг болон 20 хувийн хүү 4,700,000 төгрөг, нийт 28,200,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч Н.... ХК нь иргэн О.Атэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч гэрээг цуцалсан, эсхүл татгалзсан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаарх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Н.... ХК болон О.А нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 01132 дугаар Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээгээр Н.... ХК болон О.А нар нь өөрийн орон сууц захиалагч хувьцаа эзэмшигч иргэний орон байрны хангамжийн асуудлыг худалдан авалт хийхэд гаргадаг зардал бус, тогтмол мөнгөн урсгал, үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаас хувьцааны хөрөнгө оруулалтад хувирган ашиг орлого олдог хэрэгсэл болгох замаар эдийн засгийн таатай нөхцөлөөр шийдвэрлэх, хамтын хариуцлагаар амьжиргааны түвшингээ дээшлүүлэх, амьдран байгаа орчныг оролцогч бүрт үр шимээ өгөх хөгжлийн орон зай болгон зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна. /1 /
Уг гэрээний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
6.1. Нэхэмжлэгч О.А нь гэрээнд заасны дагуу сар бүр тогтмол төлөлт хийж нийт 23,500,000 төгрөгийг төлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь талуудын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /1хх 11-40/
6.2. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01132 дугаар Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Захиалагч захиалгын хуудсанд заагдсан байршил, талбай, бусад шаардлагад дүйцсэн, нийцсэн орон сууцанд орж, ашиглалтыг эхлүүлэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 36 сараас хэтрэхгүй байна гэж заажээ. /1хх 7/
Хариуцагч гэрээнд заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээ гэрээ хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгч гэрээг цуцлах, татгалзах шаардлага гаргаагүй, үйл баримт тогтоогдоогүй гэж тайлбарлаж байна.
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Н.... ХК орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байна.
8. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно, 480.1.1-д гэрээний хугацаа дууссан гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байна. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Хариуцагч Н.... ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт байх тул нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Н.... ХК нь нэхэмжлэгч О.Аээс авсан 23,500,000 төгрөгийг буцаан төлөхөөр байна.
10. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Н.... ХК-ийг нэмэлтээр төлбөр төлөлт хийсэн зээлийн хүү, энэ хугацаанд мөнгөний болон эд материалын ханшийн зөрүү зэрэгт 20 хувийн хүү болох 4,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүү төлнө гэж тохиролцоогүй тул үндэслэлгүй гэж маргаж байна.
Талууд хүү төлөх талаар харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн 20 хувийн хүү авна гэх шаардлага үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд зээлийн хүү, ханшийн зөрүү зэрэг шалтгаанаар 4,700,000 төгрөгийг гаргуулах үйл баримт тогтоогдохгүй байна.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.... ХК-аас 23,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,950 /хоёр зуун ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.... ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 275,450 /хоёр зуун далан таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ