| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00752/И |
| Дугаар | 151/ШШ2024/00658 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2024/00658
| 2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2024/00658 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Э.Х,
/Т. аймаг, Б. сум, . дугаар баг, . . 3 дугаар гудамж, . тоот/,
Хариуцагч: Х. овогт Г.И.,
/Т. аймаг, Б. сум, 2 дугаар баг, . /,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Г.И холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2019 онд Г.И танилцаж 2021 оноос хамт амьдарсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин И.Н төрсөн бид гэрлэлтээ бүртгүүлээгүй бидний зан харилцаа, өмнөх гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг мэдсэний улмаас 2023 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарласан.
2. Хариуцагч Г.И шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.И нь Э.Х-ийн гаргасан нэхэмжлэл болох хүүхдийн тэтгэмж төлөх болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрүүл мэндийг тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, охин И.Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Т аймгийн Б- сумын У- 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Э.Х хариуцагч Г.И-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Г.Их нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Г.И нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч тэдний дундаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин И.Н төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
5. Зохигчдын тайлбараар охин И.Н эх Э.Х-ийн хамт амьдардаг, эрүүл өсөж бойжиж буй нь Өрхийн эмчийн магадалгаагаар тогтоогдож байна.
6. Талууд хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь маргаан гаргаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй ч хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах нь төрийн үүрэг тул шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэв.
7. Охин И.Н 3 настай, төрсөн цагаас эхлэн эхийн асрамжид хамт амьдарсан, байнгын хараа хяналт, асаргаа, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, эрх ашиг сонирхол нь нэн тэргүүнд тавигдах шаардлагатай зэрэг байдлыг харгалзан үзэж эх Э.Х-ийн асрамжид үлдээж, эцэг Г.И-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
8. Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин И.Н-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.И-аас тэтгэлэг гаргуулж эх Э.Х-д олгож шийдвэрлэв.
9. Хариуцагч Г.И нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн Э.Х-ийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Их-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Х овогт И-ын Н-ийг эх Б овогт Э-ын Х-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин И.Н-ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.И тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.И-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ