| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0164/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 166
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Э******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Э*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д*******
Нарийн бичгийн дарга Л.Э******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Э*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр С****** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, охин, эхнэр, дүүгийн хамт Улаанбаатар хот Б******* дүүрэг, ** дугаар хороо, э******* ** дугаар гудамжны *** тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, С******* аймаг, ******* сум, Т******* * дүгээр баг, *-** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б******* овогт, Э Э*******, РД:/**********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э******* нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг *-** тоотод Л.Хтай маргалдан түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр Х өөрөө манай гэрт ирсэн. Өнгөрдөг зун Х нь миний нүүр лүү тоосгоор цохиж сорви үлдээсэн. Тэр явдлаас үүдээд л маргаан болсон. Түүнээс би архи нэхэж дарамталсны улмаас ийм зүйл болоогүй ...” гэх мэдүүлэг
Хохирогч Л.Хын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед байх би хойд хороололд байдаг Э*******ийн гэрт ганцаараа орсон юм. Гэрт нь ороход Э******* бас нэг өөр залуу цуг байсан. Тэгээд хоорондоо юм яриад сууж байгаад Э******* намайг архи аваад өг гэхээр нь би ганцаараа гараад Баялаг дэлгүүрээс 1 шил 0.5л-ийн Ерөөл архи аваад буцаж гэрт нь ороод бид гурав хувааж уусан юм. Гэтэл Э******* архи ууж дуусаад намайг архи авч өг гээд олон юм яриад байхаар нь би гэрээс нь гараад зугтаах гэхэд намайг бариад тэр хоёр нийлээд зодсон. Тэрнээс хойш юм санахгүй байгаа. Гэрт дотор байхад Э******* хутга бариад ална гээд миний цээжийг зүссэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
Хохирогч Л.Хын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би архи их хэмжээгээр хэрэглэсэн архи гараагүй шоконд орсон байхад цагдаа орж ирээд мэдүүлэг аваад байсан. Би тэр үед өөрөө ч юу ярьснаа санахгүй байна. Архи гараагүй байсан учир балай юм ярьчихсан байна. Түүнээс биш А Э******* нар нь намайг бүлэглэж зодсон асуудал байхгүй. Харин тэр А гэж залуу салгаад байх шиг байсан. Э******* нь намайг зодож цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
Гэрч Б.Бгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Э.Э******* нь 1986 онд Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* сумын сургуулийг 8 дугаар анги хүртэл сурч төгссөн. Бид хоёр гэр бүл болоод 3 жил орчим болж байна. Манай нөхөр архи дарсыг хааяа уудаг. Элдэв муу араншин байхгүй. Хувь хүний хувьд ааш араншин сайтай хүнд их тусархуу ер нь их сайн хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Гэрч Л.Хын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн үед над руу А хүрээд ирээч гээд ярихаар нь би хаана байгаа юм бэ гэхэд Э*******ийн гэрт байна гэхээр нь би дүү Хыг дагуулаад Э*******ийн гэрт очсон юм. Би Аод 80.000 төгрөг өгөх өртэй байсан болохоор очиж уулзаад эхнэр рүүгээ яриад Аын эхнэрийн дансаар өр болох 80.000 төгрөгөө өгсөн юм тэр үед Э*******, А нар архи уугаад сууж байсан тэгээд надад 1 хийж өгөхөөр нь би тэрийг нь уучихаад Аын хамтаар гэрээс нь гараад урд айлаас цемент аваад Аыг Э*******ийн гэрт хүргэж өгөөд дүүгээ гараад явъя гэсэн чинь би дэлгүүр орчоод гэрлүүгээ харина гэхээр нь би дүү Хыг Э*******ийн гэрт үлдээгээд яваад өгсөн. Гадуур ажлаа амжуулаад явж байхад буюу өдрийн 16 цагийн орчимд эмнэлэгээс эмч утсаар залгаад танай дүү эмнэлэгт ирсэн байна хүрээд ир гэсэн тэгээд эмнэлэг дээр очиход манай дүү орон гаран юм яриад байсан цээжиндээ гэмтэл авсан байх яаралтай аймаг руу авч явж үзүүл гэсэн юм. Тэгээд аймаг руу эмнэлгийн машинтай явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч С.Тгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө ******* сумаас доош байрладаг 3-р бригад гэдэг газар чацаргана түүхээр явчихсан байсан юм. Тухайн газар сүлжээ барьдаггүй утсаар ярьж болохгүй газар байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой чацарганаасаа буугаад ирэхэд манай хүү Хыг хүн зодсон талаар ахаас нь буюу Хаас мэдсэн юм одоо хаана байгаа талаар нь асуухад Сэлэнгэ аймагт эмнэлэгт үзүүлээд явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/
Гэрч Ц.Нын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Э******* нь Сэлэнгэ аймгийн ******* суманд эхнэр хүүхдийн хамт оршин суудаг Э.Э******* нь ааш зан сайтай, ажилсаг, хөдөлмөрч эд тэнд хар бор ажил хөдөлмөр хийгээд л явдаг. Төлөв даруу зантай тэр болгон хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Хааяадаа архи дарс уух үе байдаг уусан үедээ хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/
Гэрч Ж.Огийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Э******* нь хүүхэд байхын ааш зан сайтай, ажилсаг хөдөлмөрч хувиараа ажил төрөл хийгээд явдаг. Төлөв даруу зантай тэр болгон хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Архи уусан үедээ тэр болгон хүнтэй муудалцаад байдаггүй л юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №306 дугаартай: “......
1.Л.Хын биед зовхинд цус хуралт, хацар, цээж, сүвээнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 30 дугаар тал/
Хохирлын баримтууд /хх-ийн 16-17 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/
Э.Э*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/
Э.Э*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Э******* нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг *-** тоотод Л.Хтай маргалдан түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 12-15/, гэрч Л.Хын /хх-ийн 19-20/ мэдүүлгүүд болон шинжээчийн 306 тоот дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Хын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Э.Э*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн олон үйлдэлтэй төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, шүүгдэгч Э.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Э Э*******ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Э Э*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Э*******ийг оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 30 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Э.Э******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн иүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн олон үйлдэлтэй төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Э.Э*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ