| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2106026141026 |
| Дугаар | 2022/ДШМ/822 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/822
Б.Ххолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/928 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ххолбогдох эрүүгийн 210602626 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Х,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 543 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 12 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мн 19-434 тоотод байрлах Н.Бгэрийн тооноор дотогш нэвтрэн орж 13 инчийн компьютерын дэлгэц, “Делл” брэндийн компьютерын гар, “Делл” брэндийн компьютерын маус, “мечта” гэсэн бичиглэл бүхий плитка, 6 метрийн урттай залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Н.Бд 197.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Хийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Хийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 543 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хоногдуулсан 3 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Хийн цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б.Хийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдолдоо: “...Б.Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мн 19-434 тоотод байрлах Н.Бгэрт нэвтрэн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 197.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Тус хэрэг нь Б.Б.Хийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө буюу 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд өөрөөр хэлбэл тус хэргийг үйлдэхийн өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй. Мөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчийн 197.400 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэг нь бусдад учруулсан хохирлын хувьд болон нийгмийн аюулын шинж бага зэрэг нөхцөл байдлууд байна. Б.Б.Х нь үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийтдээ 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байгаа нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нийт биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар буюу уг зүйл ангийн хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мн 19-434 тоотод байрлах Н.Бгэрийн тооноор дотогш нэвтрэн орж 13 инчийн компьютерын дэлгэц, “Делл” брэндийн компьютерын гар, “Делл” брэндийн компьютерын маус, “мечта” гэсэн бичиглэл бүхий плитка, 6 метрийн урттай залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Н.Бд 197.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Б“...2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эхнэр н.Оюунтүлхүүр төрөх гээд бие нь эвгүйрхээд охин Буянтогтох бид 3 гэрээ түгжээд гараад явсан. Тэгээд эхнэрээ эмнэлэгт хэвтүүлж, хоол өгчихөөд гэртээ 19 цаг 45 минутад ирэхэд хаалганы цүүг бага зэрэг хөшсөн юм шиг байсан. Үүдний тамбарны дээвэр доош суусан, булан хэсэгт зай гарсан, дээрээс нь гишгэсэн юм шиг байдалтай байсан. Дотор нь ороход 13 инчийн компьютерийн дэлгэц, делл брэндийн компьютерийн гар, маус, 6 метрийн урттай залгуур, “мечта” гэсэн бичиглэл бүхий улаан шилэн плитка алга болсон байсан.” /хх-н 21-22/
яллагдагч Б.Б.Хийн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр цайз орчимд ганцаараа архи уугаад согтчихсон байсан тул айлын гэрээс орж эд зүйл авсан талаараа санахгүй байна.” /хх-н 104/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч З.Мөнх-Эрдэнийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/415 дугаартай шинжээчийн “2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд ММ 000310028424, ММ000310030615 дугааруудад бүртгэгдсэн Базаргүр овогтой Б.Хийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-н 30-41/
Дамно ХХК-ийн үнэлгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 46-47/, 2021 оны 7 дугаар 31-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-16/, Б.Б.Хийн ялын тооцоо /хх-н 118/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б.Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилдэг.
Шүүгдэгч Б.Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мн 19-434 тоотод байрлах Н.Бгэрийн тооноор дотогш нэвтрэн орж 13 инчийн компьютерын дэлгэц, “Делл” брэндийн компьютерын гар, “Делл” брэндийн компьютерын маус, “мечта” гэсэн бичиглэл бүхий плитка, 6 метрийн урттай залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Б.Хийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нийт биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Б.Хийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.ХЭрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсний дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял оногдуулж хөнгөрүүлэв.
Шүүгдэгч Б.Б.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Х нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байх ба энэ шийтгэх тогтоолоос өмнө тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн ба түүнд ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхдээ “2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 543 дугаартай шүүгчийн захирамж”-аар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх гэж буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүгдэгч Б.Б.Х нь энэ хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 82 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөж, Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 118 хоног цагдан хоригдсонг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б.Хийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Х2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Хийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 543 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Хийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1240 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хоногдуулсан 3 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хоногдуулсан 2 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 118 /нэг зуун арван найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц. ОЧ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ