Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0275

 

      2024          03           27                                   128/ШШ2024/0275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, шүүгч Ө.Б*******, шүүгч Ц.О******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И Б*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ө.Б*,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б, И.Ө нарын хоорондын санхүүгийн тайланг хүлээн авах эсэх тухай татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Г.Б, иргэдийн төлөөлөгч Ш.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч И Б******* ХХК-аас “Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүгийн тайланг хүлээж авах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаад “2021 оны 04 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, И Б******* ХХК-ийн 2021 оны 04 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах” гэж тодруулжээ.

2. Нэхэмжлэгч компани Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/605 дугаар албан бичгээр ...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдөж байгаа учраас тайланг хүлээн авах боломжгүй гэх хариу өгснийг эс зөвшөөрч, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул мөн оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

            3.1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийх тухай хуульчилсан. Мөн тус хуулийн 30.3 дахь хэсэгт Татварын алба энэ хуулийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно гэж хуульчилсан. Гэтэл ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар авалгүйгээр манай байгууллагын тайланг хүлээж авахаас татгалзаж,

3.2. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 3.3 дахь хэсэгт Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэж,

3.3. Мөн журмын 3.4-т Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэхээр,

3.4. Татварын хэлтэст аливаа байгууллагын санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд гагцхүү тайлан зөрүүтэй бол уг зөрүүг арилгах шаардлага гаргах эрхтэй байхад тайланг хүлээх авахаас татгалзсан шийдвэр нь хууль бус гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 02 дугаар сарын 10-ны дотор тайлангаа хүргүүлээд түүнээс өмнө татвараа төлсөн байх шаардлага нь байдаг юм. Тэр шаардлагаа манайх хангачихсан. Буцаагаад 02 сарын 10-ны өдрөөс хойш буцаачихсан. Тайлан нь буцаагдчихсан тохиолдолд 90 хувиа буцааж авах боломжгүй учраас бид дахиж нэмж тайлан илгээгээд татварын алба хүлээж авсан ч манайх хугацаа алдалттай буцаан олголтоо хүлээж авах боломжгүй байдаг тул тайлангаа илээгээгүй байгаа гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, “И Б*******” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд “И Б*******” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2021 онд 619,946,663.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 449,000,768.00 төгрөгийн зардалтай, 170 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийгээ 4 дүгээр улирлын тайландаа тусгаад нийтдээ 17,017,858.00 төгрөгийн орлогын албан татварыг харьяалах татварын хэлтэст тушаасан. Тушаагаад татварын хэлтэст тайлангаа өгсөн. Гэвч Татварын хэлтэс тайланг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан.

Татвараа тушаагаад тайлангаа татварын хэлтэст өгсөн боловч Татварын хэлтэс нь татварын төлбөрийн и-баримт үйлдээгүй байна гэдэг ерөнхий агуулгаар тайланг хүлээж авахаас татгалзсан байдаг. Тайланг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулаад манай зүгээс холбогдох дээд шатны албан тушаалтнуудад гомдлоо зохих журмынх нь дагуу гаргаад явсан боловч тайланг хүлээж аваагүй гэх энэ шийдвэр хэвээр үлдсэн.

Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын байгууллага тайланг хүлээн авахаас татгалзах эрх байхгүй. Татварын ерөнхий хуульд тодорхой мэдээллийн зөрүүтэй, агуулга, тооцооллын хувьд зөрүүтэй байх юм бол зөрүүг арилгахыг шаардана гэж заасан.  Манай зүгээс ямар нэгэн зөрүү байхгүй гэдэг тайлбар өгсөн боловч шууд хүлээн авахаас татгалзсан байгаа. Энэ нь Татварын ерөнхий хуульд заасан холбогдох журамд нийцэхгүй байна.

Хариуцагч тал танайх 619 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 440 сая төгрөгийн зардалтай байна. Энэ зардлын зарим хэсэг чинь төлбөрийн и-баримтаар баталгаажсан зардал биш байна гээд тайлангийн агуулга руу ороод тайланг хүлээн авахаас татгалзаад байгаа юм. Нэхэмжлэгч талаас татварын алба манай тайланг хүлээж авч байгаа чинь энэ тайлан хууль ёсны үнэн зөв, алдаагүй тайлан гэж хүлээж авч байгаа юм биш. Татварын алба нэгдсэн татварын бүртгэл хөтөлдөг, манай татварыг зүгээр хүлээж авлаа гэж бүртгэж байгаа болохоос биш, тайлангийн агуулгыг тусдаа, татварын хянан шалгах процесс нь тусдаа.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуульд зааснаар тайлангийнхаа үнэн зөвийг өөрөө хариуцна. Татварын алба бол Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа дотор хэзээ ч шалгалт оруулаад энэ байгууллага тайлангаа үнэн зөв тайлагнасан юм уу, үгүй юм уу, тэр зардал нь баримтаар нотлогдсон зардал мөн үү, биш үү гээд хянан шалгах эрх нь бол татварын албанд байна. Татварын албанд хүлээлгэж өгч байгаа тайланг шууд хүлээн авахаас татгалзах эрх бол байхгүй. Татварын алба тайланг хүлээж авч байгаа нь эхний ээлжид бүртгэл хөтлөөд хүлээж авч байгаагаас биш, хууль ёсны үнэн зөв гэж баталгаажуулаагүй юм гэж нэхэмжлэгч маргаж байгаа.

Хариуцагч тайлангийн агуулга руу ороод зардал чинь и-баримтаар батлагдаагүй байна. И-баримт бичигдээгүй байна гээд, Татварын ерөнхий хуульд заасан эрхээ хэтрүүлээд тайлан хүлээн авахаас татгалзаад байгаа. Иймд нэхэмжлэгчийн хувьд дараах байдлаар эрх нь зөрчигдөөд байгаа.

Татварын ерөнхий хуульд зааснаар 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар борлуулалтын орлоготой компани тодорхой татварын хөнгөлөлт эдэлнэ. Өөрөөр хэлбэл, 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой бол төлсөн татварынхаа 90%-ийг буцааж авах хөнгөлөлтэй хуулийн зохицуулалт байдаг. И компани 619 сая төгрөгийн борлуулалтын орлоготой. Угаасаа л ер нь бол жилийн жилд 400-600 сая төгрөгийн орлоготой компани. Хуульд заасан 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой гэдэгт нь хамаарчхаад байгаа. Тэгэхээр татварынхаа хөнгөлөлт буюу төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах гэхээр хариуцагч байгууллага тайланг нь хүлээж аваагүй учраас төлсөн татварыг нь буцааж өгөхгүй ийм нөхцөл байдал үүсээд эрх нь зөрчигдөөд байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Энэ хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх энэ хэргийг өмнө нь нэг удаа шийдвэрлэсэн. Нэг удаа шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн дурдсан үндэслэлд бодитой тайлбар, хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, татварын алба аж ахуйн нэгжийн энэ тайланг хүлээн авахаас татгалзах эрх нь яг яаж байгаа юм бэ, яг ямар агуулгатай байгаад байгаа юм бэ, энэ байгууллага ингээд тайлангаа өгчихлөө, зөрүүтэй байвал зөрүүгээ залруулаад ир гэх ийм шаардлагатай. Түүнээс биш шууд хүлээн авахаас татгалзах эрх хуулиар байна уу, байхгүй юу гэдэг дээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй гэдэг. Ийм байдлаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож буцаасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр үйл ажиллаагаа явуулдаг.

Нэхэмжлэгч компани нь 2021 оны аж ахуйн нэгжийн 4 дүгээр улирлын тайлангаараа 619,946,663.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 449 сая төгрөгийн хасагдах зардлаар тайланг татварын албанд ирүүлсэн байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага нь 13.1.4-д зааснаар доор дурдсан бараа, ажил үйлчилгээний зардал, татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад өгсөн тухай баримтаар баталгаажсан байх шаардлагатайгаар хуульчилсан байдаг. Татвар төлөгчийн ирүүлсэн тайланд тусгасан 449 сая төгрөгийн зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан зардлын байдлаар нотлогдоогүй зөрүү болохыг илрүүлсэн.

Иймд манай байцаагч тайланг нь буцаасан байдаг. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 30.2.1-д заасны дагуу тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээдийн гарын үсэг зурж баталгаажуулж, эсвэл цахимаар татварын албанд илгээх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ бол татвар төлөгч маань биелүүлсэн. Нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх дээр нь татварын улсын байцаагч хяналт тавих үүрэгтэй байдаг. Ингээд үзэхээр татварын удирдлагын нэгдсэн систем дэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, зардлын баримтууд хоорондоо зөрсөн байдаг. Яагаад зөрсөн гэхээр тайландаа 449,768,082.00 төгрөгийн зардлыг тусгасан боловч и-баримтын зардал дээр 49,063,306 төгрөгийн зардалтай. Баримтгүйгээр хүлээн зөвшөөрөгдөх зардал буюу нийгмийн даатгалд татварын тайлан төлсөн тайлан гээд үүнийгээ хасаад 280 сая төгрөг болсон байхад, 169 сая төгрөгийн зардал нь ямар нэгэн баримтаар нотлогдоогүй байдаг. Иймд байцаагч нь тайлангаа хүлээж аваагүй байгаа.

Татварын ерөнхий хуулийн 30.2.6-д заасны дагуу татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт мэдээллийн дүн, тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх дээр нь татварын байцаагч хянаж татварын тайлангаа хүлээж авдаг. Гэтэл энэ дээрх зөрүүнүүдээс болоод татварын байцаагч маань тайлангаа хүлээж аваагүй.

Мөн хуулийн 30.2, 30.3, 30.4-д заасны дагуу байцаагч мэдээллийн зөрүүг илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулахыг татвар төлөгчид утсаар мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор захирал болон нягтлан нь манай татварын албан дээр ирээд байцаагчтайгаа уулзаад ямар ямар зөрүүнүүд байгаа юм бэ гэдгийг тайлбарлуулаад явсан. Үүнтэй холбоотойгоор залруулах, ирүүлэх үүргээ мэдэж байсан байгаа. Татвар төлөгч ирж уулзаад Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 02 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр хүсэлт өгсөн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Татварын албанаас 5/605, мөн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/132 гэсэн дугаар албан бичгээр хариу өгсөн. Тухайн албан бичигт танай тайлан зөрүүтэй байгаа учраас зөрүүг залруулаад тайлангаа дахин татварын албанд илгээнэ үү гэсэн бичгийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгч ямар нэгэн тайланг дахиж татварын албанд ирүүлээгүй. Ингээд татвар төлөгч нь Татварын ерөнхий газар мөн гомдлыг гаргахад 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх хэлтсийн 06879 гэсэн дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг. Энэ дээр бас л татвар төлөгчийн тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо зөрүүтэй байна. Мөн татвар төлөгч нь тайлангаа залруулаад дахиад татварын албанд тушаах нь байна шүү гэдгийг албан бичгээр дахин хүргүүлсэн боловч татвар төлөгч тухайн тайланг ирүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 30.5-д заасны дагуу татвар төлөгч нь 30.4-д заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээж авна гэж заасан. Сүүлд шүүхээс үзлэг хийхэд манай татварын удирдлагын нэгдсэн системээс харахад татвар төлөгчийн татварын албанд ирүүлсэн тайланг буцаасан бүх баримтууд нотлох баримтаар хэргийн материалд авагдсан байдаг.

И компани нь татварын тайлангаа дахиж манай албанд ирүүлээгүй. Ирүүлээгүй тайланг татварын алба хүлээж авах боломжгүй, ийм нөхцөл байдал үүссэн. 90%-ийн буцаан олголтыг олгохдоо татвар төлөгч тайланг ирүүлээд,  тайланг хүлээн авсан төлөвт шилжсэн тохиолдолд тухайн 90%-ийн буцаан олголтыг олгодог. Тэгэхээр татвар төлөгч манайд тайлангаа ирүүлээгүй, эхний тайлан зөрүүтэй учраас хүлээж авах боломжгүй байсан учраас манай татварын алба тайлан аваагүй, тайлан авагдаагүй болохоор хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэв.

7. Иргэдийн төлөөлөгч Ш.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тайлангаа хугацаанд нь өгөөд байгаа учир нэхэмжлэгч талын зөв гэж үзэж байна. Программд асуудал байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. “И Б*******” ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын 649.946.663.78 төгрөгийн ногдолтой, 449.768.062.60 төгрөгийн хасагдах зардалтай татварын тайланг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст цахимаар илгээж, албан татварыг хөнгөлөн буцаан авахаар тооцсон дүнг 15.316.072.31 төгрөгөөр тайлагнаж, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөнгөлөлтийг буцаан олгуулахаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/605 дугаар “Тайлан буцаах тухай” албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдөж байгаа тул тайланг хүлээн авах боломжгүй” гэж хариу хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгчээс “...И Б******* ХХК нь 2021 оны 04 дүгээр улирлын тайлангаар 649.946.663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан тул хуульд заасны дагуу 90 хувийн албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй, ...албан татварын хөнгөлөлт буцаан авахаар 15.316.072.31 төгрөгийг буцааж авах хүсэлтийг 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хамт etax.mta.mn сайтаар хүргүүлсэн, ...манай байгууллагыг e-barimt шивээгүй гэх үндэслэлээр татварын тайланг хүлээж аваагүй буцаасан ...манай байгууллагад татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээс татгалзсан, ...Татварын ерөнхий хуульд зааснаар татварын алба нь тус хуулийн 30.3-т зааснаар тайланг хянаад мэдээлэл зөрүүгүй бол тайланг хүлээж авах үүрэгтэй, шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардах эрхтэй, мөн Татварын ерөнхий газрын даргын баталсан журамд ...мэдээлэл зөрсөн тохиолдолд тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэхээр журамласан. Харин Татварын албанд санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй, гагцхүү зөрүүтэй бол зөрүүг арилгахыг шаардах эрхтэй байхаар заасан байхад татварын алба ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар авалгүйгээр манай тайланг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус. ...Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн төлсөн зээлд хэрхэн и-баримт олгох талаар программ хөгжүүлэлт дуусах шатандаа явж байгаа ...манай байгууллагын үйлчлүүлэгч нарт дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгдөг эсэх асуудал нь тусдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл энэ үндэслэлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт эдлэхэд саад болох үндэслэл болгож тайланг хүлээж авахгүй буцааж байгаа нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүгийн тайланг хүлээж авах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны актыг гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Харин хариуцагчаас “...Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн ирүүлсэн тайлангийн үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэхэд хяналт тавиад, үзүүлэлт хооронд ямар нэгэн асуудалгүй, үзүүлэлтийн арифметик томьёоллоор асуудалгүй тохиолдолд татварын тайланг баталгаажуулаад, тооцоолол хоорондоо зөрүүтэй тохиолдолд татвар төлөгчид буцаана гэсэн заалтуудын дагуу улсын байцаагч тухайн татвар төлөгчид татварын тайланг буцаасан, ...тайлангаа хуулийн хугацаанд гаргаж ирүүлсэн боловч зөрүүг арилгаагүй, эцсийн тооцоо хийгээгүй тул хөнгөлөлт эдлэх боломжгүй ...татвар төлөгчийн ирүүлсэн 649 сая төгрөгийн орлоготой тайланд 449 сая төгрөгийн зардлыг тусгасан байх боловч и-баримтын төлбөрийн дугаараар баталгаажсан дугаараар баталгаажаагүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.5, 30.2.6, 30.2.9-д заасныг удирдлага болгон татварын байцаагч тайланг баталгаажуулахаас татгалзсан ...татварын тайлангийн зөрүүгээ арилгаагүй, тайлан нь баталгаажигдаагүй тул татварын хөнгөлөлтийн тайлангийн хүсэлт буцаагдсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

5. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.3-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно”,  30.4-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ”, 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна”, 30.6-д “Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ”, 30.7-д “Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авна”, 30.8-д “Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно” гэж тус тус заасан үндэслэлийн хүрээнд татварын алба татвар төлөгчийн тухайд мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдөрт багтааж татварын албаны шаардсан зөрүүг арилгаж, тайланг тушаах үүрэгтэй, ийнхүү зөрүүг арилгаж дахин илгээсэн тайланг татварын алба хүлээн авах үүрэгтэй байхаас гадна татвар төлөгчөөс татварын албаны шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл тайлбараа цахимаар болон бичгээр гаргаж мөн 3 өдөрт багтаан татварын албанд ирүүлэх үүрэгтэй, харин шаардсан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхээр байх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудлаар татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлохоор хуульчилжээ.

6. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл, хариуцагч татварын тайланг хүлээж авахаас татгалзаж буцаах болсон шалтгаан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйн дээр татварын алба И Б******* ХХК-ийн тайланг хүлээж аваад дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдсөн гэж тайланг хүлээж авахгүй буцаасан нь хууль бус бөгөөд тайланд зөрүү илэрсэн бол залруулахыг шаардах эрхтэй байхад энэ талаар биш, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар баталгаажаагүй гэсэн үндэслэлээр татварын тайланг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь хууль бус байна.

7. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.6-д “татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх”, 30.2.8-д “тайланд тусгасан татварын тооцооны үлдэгдэл болон тухайн тайлангийн хугацаанд төлсөн татварын дүн татварын албаны бүртгэлтэй тохирч байгаа эсэх”, 30.2.9-д “тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх” гэж тус тус заасан  үндэслэлийг хянан үзэж, татвар төлөгчийн тухайд мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдөрт багтааж татварын албаны шаардсан зөрүүг арилгаж, тайланг тушаах үүрэгтэй, ийнхүү зөрүүг арилгаж дахин илгээсэн тайланг татварын алба хүлээн авах үүрэгтэй байхаас гадна татвар төлөгчөөс татварын албаны шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл тайлбараа цахимаар болон бичгээр гаргаж мөн 3 өдөрт багтаан татварын албанд ирүүлэх үүрэгтэй харин шаардсан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхээр заасныг зөрчжээ.

8. Учир нь  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нэхэмжлэгч И Б******* ХХК-ийн ирүүлсэн тайланг хүлээн авч хянаж үзээд  мэдээллийн зөрүү илэрсэн гэж үзсэн бол илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлж,  татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн тул энэ тухай тайлбараа татварын улсын байцаагчтай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уулзаж амаар, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 029 дугаартай албан бичгийг Баянзүрх дүүргийн татварын албанд хүргүүлж, 25,316,072.31 төгрөгийг буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан албан бичиг, татварын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

9. Дээрх тохиолдолд татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 30.6-д “Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ”, 30.7-д “Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авна” гэж заасныг биелүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

10. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргад гаргасан гомдолд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/1342 дугаар албан бичгээр “...татвар төлөгч шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй ...танай байгууллагаас ирүүлсэн тайлбар, тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байх тул татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно...” хэмээн хариу өгчээ.

11. Түүнчлэн тайланг буцаахтай холбоотой захиргааны үйл ажиллагаанд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газарт хандан гаргасан гомдлыг тус газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 06/1879 дугаар албан бичгээр “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тайлангаа засаж ирүүлэх шаардлагыг цахимаар хүргүүлсэн байх боловч залруулсан тайланг тушаах үүргээ биелүүлээгүй тул тайланг хүлээн аваагүй, хүлээн авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй гэх гомдол үндэслэлгүй ...танай 2021 оны тайлангийн зөрүү үүссэн бөгөөд одоог хүртэл баталгаажуулаагүй байна...” хэмээн хариу өгч, гомдлыг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Татварын алба нь И Б******* ХХК-аас цахимаар тушаасан 2021 оны 4 дүгээр улирлын тайланд хавсаргасан баримт, тоон үзүүлэлтийг хянаж, мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг арилгуулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэх чиг үүрэгтэй хэдий ч татвар төлөгчөөс тайланг буцаасан үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар бичгээр ирүүлсэн байхад тайланг хүлээн авахаас татгалзаж буцааж шийдвэрлэх эрхгүй юм.

13. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан ч мөн зүйлийн 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ”, 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, 28.10-т “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хууль тогтоомжид заасан журмын дагуу тайлангаа ирүүлж, захиргааны байгууллагаас тайланг буцаасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, тайлбар ирүүлсэн байхад  И Б******* ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн  ирүүлсэн тайланг хүлээн авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  байна.

14. Харин татвар төлөгчийн тушаасан тайланг хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх асуудал нь татварын албанд хамаарах ба журмын 3.3-т “Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ”, 3.4-т “Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30.4-т заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ”, 3.5-д “Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 30.5-д заасан хугацаанд татварын тайлангийн зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах, эсхүл мөн хуулийн 30.6-д заасан тайлбарыг ирүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь И Б******* ХХК-ийн татварын тайланг хянан, мэдээлэл зөрүүтэй үндэслэлээр татварын тайланг баталгаажуулаагүй нь үндэслэлгүй байна гэж үзэв.

15. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө”, 22.2-т “Энэ хуулийн 22.1-т заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно” гэж заасан, мөн шүүхээс “И” Б******* ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон тул нэхэмжлэгч компанийг татварын хөнгөлөлтөд хамруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

16. Гэхдээ Сангийн сайдын 2019 оны 292 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2.8-д “Татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба татварын алба нь холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хууль тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журамд заасны дагуу хянан баталгаажуулна” гэж зааснаас үзвэл, шүүхээс татварын байгууллагыг  нэхэмжлэгч компанийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг шууд даалгах эрхгүй бөгөөд захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн хүргүүлсэн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг  хүлээн авч, татварын хөнгөлөлтөд хамрагдах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

17. Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч И Б******* ХХК-аас тайлангаа хугацаанд нь өгөөд байгаа учраас нэхэмжлэгчийн зөв гэж үзэж байна. Программд асуудал байна гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.6, 30.7, 30.8 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  И Б******* ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, И Б******* ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахыг холбогдох хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЧАНЦАЛНЯМ

                                                             ШҮҮГЧ                        Ө.БОЛОРЧИМЭГ

                                                    ШҮҮГЧ                           Ц.ОДМАА