| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03707/И |
| Дугаар | 181/ШШ2024/03207 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/03207
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин суух, Б овогт М Г /РД: МЗ /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, оршин суух, Ч овогт Ж Н /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,635,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Г миний бие гэр бүлийн хамт 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед Toyoto criuser prado маркийн улсын дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тамир амралтын газрын зүүн талын гулгадаг хэсгээс төв зам руу явж байх үед морьт чарга жолоодсон хүн хашаа тойроод зүүн талаас хурдтай орж ирээд морьныхоо амыг татсан боловч зогсоож чадалгүй чаргаараа машины баруун урд талаас мөргөсөн.
Ослын улмаас миний эзэмшлийн автомашинд А ХХК-ийн үнэлгээгээр 4,635,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар иргэн Ж.Н болон түүний эхнэрт удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.
Иймд холбогдогч Ж.Нээс учруулсан хохирол болох 4,635,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Н.Г нь нийт хохирлын хэмжээний 3,000,000 төгрөгийн хохирлыг 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авахаар тохиролцож, нийт 4,635,000 төгрөгөөс 1,635,000 төгрөгийг авахаас татгалзаж, 3,000,000 төгрөгөөр тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ХариуцагчЖ.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нямцэнд миний бие 2024.09.03-наас 2024.09.17-ны өдрийн хугацаанд 3,000,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлнө гэжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ж.Н-эд холбогдуулан 4,635,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх шаардлагыг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийн шаардлага 4,635,000 төгрөгийн 1,635,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Н 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,110 төгрөгөөс 44,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 44,555 төгрөгийг, хариуцагчЖ.Нээс 44,555 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ