Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 171

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              А.Энхтуяа

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч      Д.Даваасүрэн

 Шүүгдэгч Ц.Анхбаярын хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхбаяр      

 Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Энхжин, Ц.Анхбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000480056 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 26-нд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах эгч нарын хамт Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 13 дугаар хороо Хангайн 56-7 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Отгонбаатарын Энхжин /РД:УХ-99032613/

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2001 оны 06 дугаар сарын 15-нд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Дархан Өргөө польтехник коллежийн гагнуурын 3а ангид сурдаг, ам бүл 4, ээж дүү хойд аав хамт Дархан уул аймаг Шинэ дархан 5 дугаар хороолол 380 айлын 28 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Борогчин овогт Цолмонгийн Анхбаяр /РД:МЕ01261511/

     

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч О.Энхжин, Ц.Анхбаяр нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р баг 6-04 тоотод оршин суух иргэн Ж.Одонбилэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 5.300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Энхжингийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 01-нд Хүдэр сумаас Бугант руу Сумъяабазар, Ганзул, Анхбаяр бид хэд Ууганбаатар ахын машинаар явж, тэндээс 3 нд ирсэн...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ц.Анхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хэд Ууганаа ахынд ажилладаг байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 01-нд Бугант руу алтны уурхай руу түлш хүргэж өгөх гээд явсан. Тэр оройдоо шаварт суугаад өглөө нь Бугантад оччихоод эргээд Ууганбаяр, Энхжин, Ганзул, Сумъяабазар нартай “Пронтер” маркын цагаан өнгийн машинтай яваад 2017 оны 08 дугаар сарын 03-нд буцаад ирсэн...” гэх мэдүүлэг

Хохирогч Ж.Одонбилэгийн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өглөө өөрийн гэртээ ирээд хаалгаа онгойлгооод ороход авдрын цоожийг эвдлээд цоож байхгүй болсон байсан. Тэгээд би утсаа авах гэтэл утас маань алга болсон байхаар нь гэрийнхээ эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг бүртгэж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, авдар дотор байсан уламжлан ирсэн мөнгөн аяга, шкафан дотор байсан мөнгөн аяга, мөнгөн даруулгатай эмээл, 2017 оны 07 дугаар сард шинээр нь худалдан авч байсан Самсунг Жи-1 маркын гар утас зэрэг зүйлс алдагдсан байсан. тэгээд хаагуур ордог юм гээд цонхнуудаа татаж үзэхэд гал тогооны том цонх онгорхой байсан /завсартай байсан/. Тэгээд хулгай орж эд зүйлс алдагдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Эрэгтэй хүний бор өнгийн хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой улаан эрээн дээл 1 ширхэг, авдар дотор байсан миний аавын уламжлан ирсэн модон тагш мөнгөөр бүрсэн мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн даруулгатай эмээл 1 ширхэг, 2017 оны 07 дугаар сард шинээр нь худалдан авч байсан Самсунг Жи-1 маркын гар утас зэрэг зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/

Хохирогч Ж.Одонбилэгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...манай хашаанд хулгайд алдагдсан эд зүйлсийг шуудайнд хийгээд тавьсан байсан. Үүнийг би олж хараад сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаатарт мэдэгдэж шалгасан. Шуудайн дотор байгаа манай гэрээс алдагдсан гэх гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн даруулгатай эмээл 1 ширхэг, эрэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, ясан хяртай мөнгөн тоногтой эмээл 1 ширхэг тус тус байсныг хашаан дотороосоо авсан. Харин цэнхэр өнгийн ЖИ-1 маркын мэдрэгчтэй шинэ гар утас алга байсан. Одоо хүртэл хүлээн аваагүй байна. Манайхаас эд зүйл хулгайлж авсан хүмүүс намайг байхгүйд хашаанд оруулж ирээд тавьсан байсан. Сумын цагдаа үүнийг шалгаж байгаад хэн авсныг нь олж тогтоосон байгаа манай сумын бага насны хүүхдүүд байсан. Одоо гар утсаа олооод авчихвал болчих гээд байна. Бусад эд зүйлсээ хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Гэрч Р.Бийраадамбын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Маргааш өглөө нь Ж.Одонбилэг манай гэрт ирээд “Манайд хулгай орчихсон байна. Та нар хүн амьтан харж үзсэн үү” гэж асуухаар нь мэдсэн. Тэгээд би хараагүй гэдгээ хэлсэн. Би урьд орой нь жоохон архи уусан байсан эрт амарсан гэдгээ хэлж ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/

Гэрч Ц.Түмэнжаргалын 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хөдөө байдаг гэрээсээ сумын төв рүү орж ирээд эхнэр Одонбилэгийн хамтаар гэртээ орох гээд эхнэр маань түрүүлээд гэртээ ороод “манай гэрт хулгай орсон байна” гээд “ямар ямар эд зүйлс алдагдсан байна” гэхээр нь “чи бид хоёрын дээл, мөнгөн аяга алга болсон байна” гээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

Гэрч П.Ариунтунгалагийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад хэлэхдээ би Хүдэр суманд дэлгүүр орчихоод явж байхад над руу манай найз залгаад дуудсан. Ингээд яваад очиход айлын гадна байж бай гээд үлдээгээд орсон ба айлаас гарч ирэхдээ юм аваад гараад ирэхээр нь наадхаа оруулж тавиа боль гэж хэлсэн. Авсан зүйлээ хашааг нь давуулаад шидэж орхисон гээд учир нь олдохгүй баахан зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

Гэрч Н.Мөнхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Анхбаярын ахуй амьдрал нь ер нь бол хэцүү. Ээж Цолмон нь Ховд аймагт айлын мал маллаж сүүлд суусан нөхөртэйгээ нэг хүүхдийнхээ хамт байдаг. Харин Ц.Анхбаяр Дархан-Уул аймагт өөрийн гэртээ ганцаараа амьдардаг. Мөн мэргэжил сургалтын төвд суралцдаг, ээж нь ажил хийгээд мөнгө явуулдаг гэж сонссон одоогоор Дархан-Уул аймагт өөрийн гэртээ байгаа юм байна лээ. Дархан-Уул аймагт хувийн байрандаа амьдардаг. Аав нь нас барахдаа хүүдээ байраа үлдээсэн юм. Аав нь өнгөрөөд 10 гаран жил болж байна. Ц.Анхбаярыг 2-3-хан настай байхад нь нас барсан санагдаад байна. Машины осолд орж гэнэтийн байдлаар нас барсан. Ингээд ээжийнхээ нэрээр овоглож явдаг. Энэ хүүг одоо харж үзэх хүн байхгүй. Өөрийгөө болгоод л явдаг юм. Ээж нь анхаарахгүй нөхрөө дагаад Ховд руу явчихсан, энэ хүү харин сургуульд сураад, гадуур ажил хийгэд өөрийгөө болгоод байдаг юм шиг байгаа юм. Миний хувьд хамаатан хэдий ч уулзаад туслаад байж чададгүй. Ийм хэрэгт холбогдсон талаараа Ц.Анхбаяр надад хэлээд надтай ирж уулзсан. Ээж нь надтай утсаар ярьсан. Наашаа ирэх боломжгүй гэсэн. Энэ хэрэгт нь анхаараад шийдээд өгөөч гэж хэлсэн. Ингээд одоо би дүүгийнхээ төлөө явж байна хэрэг асуудлыг нь гайгүйхан шиг шийдвэрлүүлчихмээр байна. Уг нь ийм хэрэг хийгээд явахааргүй их томоотой хүү юм эрт биеэ даасан амьдралын зөв, буруу зүйлийг үзэж яваа хүүхэд. Хамт нийлдэг хүүхэд нь уруу татсан юм шиг байсан. Тэрнээс бол ганцаараа хулгай хийгээгүй юм шиг байна лээ..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

Б.Баяржаргалын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найз Энхжин, Анхбаяр нарын хамтаар манай хорооллын Ууганбаяр гэдэг ахын мотоциклыг нь хөдөө өвөөгийндөө очино гэж аваад  3 дугаар бригад орж эмээ, өвөөгөөсөө 20.000 төгрөг аваад  буцаад төв рүү орж ирээд гэр гэрлүүгээ харьсан. Орой 17 цагийн үед намайг Энхжин Дружба уулан дээр дуудаад “Анхбаярын найз охинтой уулзъя” гэхээр нь би “За” гээд мотоциклтой Дружба уул руу очсон. Тэгээд Анхбаярын найз охинтой уулзчихаад тэндээсээ Энхжин, Анхбаяр нарын хамтаар буцаж явхад Энхжин зам дээр түр зогсож бай гэхээр нь зам дээр зогсож байхад Энхжин, Анхбаяр буугаад мотоциклоо асаалттай байлгаж бай гэж хэлээд бил хоёр ойрхон явчаад хүрээд ирье гээд айлын хашаа даваад орсон. Удалгүй Энхжин, Анхбаяр нар даавуунд ороосон эд зүйлс аваад гараад ирсэн. Тэгээд надад нөгөө эд зүйлсээ үзүүлэхэд эмээл, мөнгөн аяга, үстэй дээл, цэнхэр өнгийн гар утас зэрэг зүйл байсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ лай болно гэж хэлэхэд Энхжин дараа нь мөнгө болгож болно гээд эд зүйлсээ аваад Энхжингийн гэр лүү очиж эд зүйлсээ тавьсан юм. Тэгээд гэрлүүгээ харьсан. Маргааш өглөөнөөс нь би модонд яваад хэд хоног өнгөрсөн юм. Тэрний дараа Энхжин, Сумъяабазар, Анхбаяр нарын хамтаар Монгол алт руу алтанд явсан. Тэндээ 3 хоног байрлаж алт угааж үзчихээд бид нар буцаад төв рүү очсны дараа Энхжин, Анхбаяр бид нар хоорондоо яриад Энхжин дэмий юм байна гээд Анхбаяр бид хоёрыг яаж ийж байгаад аваачаад тавьчих гэсэн. Тэгэхээр нь Анхбаяр бид хоёр авсан эд зүйлсийг шуудайнд хийгээд нөгөө айл руугаа мотоциклтой очоод шуудайтай эд зүйлсийг хашааг нь давуулаад тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/

Б.Баяржаргалын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн: “...Хэрэг асуудал болдог өдөр би мотоцикл жолоодооод дэлгүүр орчихоод харих гээд явж байхад над руу Энхжин залгаад хаана явна гэж асуухаар нь дэлгүүр орчихоод явж байна гэж хэлэхэд Дружба дээр хүрээд ир гэхээр нь би яваад очиход Энхжин Анхбаяр нар нь хамт байсан ба Анхбаяр найз охинтойгоо уулзчихаад салаад явж байна гэсэн ярьж байсан. Ингээд бид гурав уулнаас доошоо уруудаж явсан ба Дружба уулын хажууд хажуугийн улаан өнгийн дүнзээр барьсан байшингийн гадна зогсоогоод чи мотоциклоо асаалттай байлгаж байгаарай бид хоёр ахынх руугаа орчихоод ирье гээд буугаад явсан тухайн үед гадаа харанхуй болсон байсан болохоор цаг хэд болж байсынг нь мэдэхгүй байна. Ингээд би мотоцикл дээрээ суусан хүлээгээд байж байхад 20-30 минут орчмын дараа Энхжин, Анхбаяр нар цагаан даавуунд юм хийсэн байдалтай барьсан хашааг нь давж гарч ирсэн. Ингээд би юу аваад гараад ирэв ээ гэхэд энэ айлаас эмээл, мөнгөн аяга, утас зэрэг авчихсан байгаа гэж хэлэхээр нь наадахаараа яах гээд байгаа юм бэ лай болно буцааж оруулж тавь гэж хэлэхэд зүгээрээ сүүлд нь мөнгө болно бид нарт хэрэгтэй гэж хэлж байсан. Ингээд би мотоциклынхоо арын суудалд суулгаад Энхжингийн гэр рүү явсан ба гэрт нь очоод гэрийнх нь хойд амбаарт оруулж тавьсан ба ингэж салж явцгаагаад хэд хоногийн уулзалдаад буцаагаад аваачаад өгье гэж ярилцаад Анхбаяр бид хоёр тухайн зүйлийг аваад айлын хашаанд оруулаад тавьчихсан юм. Ингээд л би явж очсон ба дээрх үйл явдал болсон юм Миний хувьд хулгай хийж авсан эд зүйлсээс ямар нэгэн зүйл авч хэрэглээгүй зарж борлуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17 дугаар тал/

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 22 дугаар тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-30 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-83 дугаар тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/

О.Энхжингийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/

О.Энхжингийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/

О.Энхжингийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/зэрэг болно.

            Ц.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/

            Ц.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/

            Ц.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/

            Ц.Анхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/

            Ц.Анхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/

            О.Энхжингийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

          Шүүгдэгч О.Энхжин, Ц.Анхбаяр нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р баг 6-04 тоотод оршин суух иргэн Ж.Одонбилэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 5.300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

         Үүнд: Хохирогч Ж.Одонбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 33-37/, гэрч Ц.Түмэнжаргалын /хх-ийн 40-41/, өсвөр насны сэжигтэн Б.Баяржаргалын /хх-ийн 51-52/ мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа бөгөөд хохирогч Ж.Одонбилэг, гэрч Ц.Түмэнжаргал нар нь эд зүйлээ алдсан талаар мэдүүлж байх боловч шүүгдэгч О.Энхжин, Ц.Анхбаяр нарыг хулгайлан авсан талаар шууд таньж заагаагүй, харин эд зүйлээ алдсан, тэдгээр эд зүйлсийг хашаанд нь буцаан тавьсан талаар мэдүүлсэн байна.

         Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны буюу насанд хүрээгүй сэжигтэн Б.Баяржаргалаас 3 удаагийн тайлбар, мэдүүлэг авах үедээ түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нарыг байлцуулан мэдүүлэг авсан байх ба мөн 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ц.Анхбаяраас  2017 оны 10 дугаар сарын 06, 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Билгүүн, 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Тэмүүжин нар мэдүүлэг авах үедээ хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч байлцуулаагүй төдийгүй түүний төрсөн оныг 1999 он гэж ташаа бичсэн нь ойлгомжгүй төдийгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2-д заасныг зөрчсөн байна.

         Түүнчлэн 1999 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн сэжигтэн О.Энхжингээс мөн дээрх өдрүүдэд сэжигтнээр мэдүүлэг авах үедээ өмгөөлөгч байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан эсрэг сонирхолтой байж болох этгээдүүдийн нэг нь өмгөөлөгчтэй байхад нөгөөг нь өмгөөлөгчгүй байцаалт авсан байна.

         Өөрөөр хэлбэл өсвөр насны сэжигтэн Б.Баяржаргал нь О.Энхжин, Ц.Анхбаяр нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотолсон мэдүүлэг өгсөн байх ба үүнийг өсвөр насны сэжигтэн яллагдагч нар хүлээн зөвшөөрсөн мэт байдал байгаа боловч эдгээр шүүгдэгч нарын шүүх хуралдалдааны шатанд өгч байгаа мэдүүлгээр энэ байдал үгүйсгэгдэж дээрх этгээдүүд нь эсрэг сонирохолтой байгаа байдал тогтоогдож байна.

         Өсвөр насны сэжигтэн Ц.Анхбаяр, сэжигтэн О.Энхжин нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр татаж мэдүүлэг авах үедээ түүний хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхбаяр, өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг байлцуулан мэдүүлэг авсан байх боловч өмгөөлөгч А.Отгонбаяр ямар учраас оролцсон болох нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

        Дээрх яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “....өмнөх өгсөн мэдүүлэгт хэргийн талаар ярьсан үнэн зөв...” гэх байдлаар мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй. 

        Өмгөөлөгч А.Отгонбаяр нь түүний эрх ашгийг хамгаалахаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, тэдний эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцоогүй төдийгүй шүүхийн шатанд шүүгдэгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлох явцад улсын өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан болно.

       Дээрх сэжигтэн яллагдагч нар нь өөрсдөө бие даан орлого олдоггүй, О.Энхжин бүтэн өнчин, Ц.Анхбаяр хагас өнчин болох нь мөрдөлтийн шатанд бүрэн тогтоогдсон, түүний ээж нь гэр бүл зохион Ховд аймагт амьдардаг байдлаас шалтгаалан түүний садан төрлийн хүн Н.Мөнхбаярыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

       Иймд эдгээр сэжигтэн яллагдагч нар төлбөрийн чадваргүй этгээдүүд болох нь мөрдөлтийн шатанд тогтоогдсоор байхад улсын өмгөөлөгчөөр хангаж, эрх ашгийг нь хамгаалуулаагүй байна.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан зохих заалтуудыг зөрчиж авсан сэжигтэн, өсвөр насны сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй байх тул тэднийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Энхжин, Ц.Анхбаяр нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж хэргийг дахин шалгуулахаар Прокурорт буцаах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,5, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Борогчин овогт Цолмонгийн Анхбаяр, Хотгойд овогт Отгонбаярын Энхжин нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2, 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Энхжин, Ц.Анхбаяр нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 91, 92 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн 1731000480056 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ