Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/824

 

 

Ж.Х холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч Ж.Ж.Х өмгөөлөгч Ө.Энхтайван,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1082 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Х холбогдох эрүүгийн 2101740700 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ж.Х,

            Шүүгдэгч Ж.Ж.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1а байрны 9 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Нцохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Ж.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хохирогч Б.Нын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хийлгэх шаардлагатай гэж үзлээ. Учир нь, хэрэгт авагдсан томографын оношилгоонд ямар нэгэн гэмтэл илрээгүй талаар тусгасан ба шинжээчийн үзлэгээр “духны баруун хэсэгт 4,5*3 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан, өөр ил харагдах гэмтэлгүй” гэх боловч хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар дүгнэсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэлзүйн шинж илрээгүй, жижиг/биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.” гэсний дагуу гэмтлийн зэрэг тогтоох учиргүй байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэх тул дахин шинжилгээг хийх нь зүйтэй байна.

            Томографын шинжилгээ хийсэн эмч Д.Лхагвасүрэнгээс гэрчийн мэдүүлэг авч “үзлэг хийх үеийн цаг хугацаан дахь хохирогчийн хувийн байдлыг” тодруулах /хх 44/, хэргийн газарт нөхөн үзлэг хийх, шүүгдэгч талаас нотлох баримтаар сүүлд өгсөн сидинд үзлэг хийх /хх 204/, хэрэгт авагдсан мессеж гэх зургаар /хх 94-105/ авагдсан баримт дахь нөхцөл байдлыг тухайн үеийн цахилгаан холбооны байгууллагаас лавлагаагаар авах, мессежинд үзлэг хийлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар монгол хэл бичгээр хөтлөн баримтжуулах, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Ш нь байлцаж гарын үсэг зурсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна. Шүүх Ж.Х холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн үндсэн зөрчлийг арилгаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцах хүртэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ж.Ж.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1а байрны 99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Нцохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Б.Нын мэдүүлэг, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоол, тогтоолын дагуу гарсан шинжээчийн 1001 дугаартай дүгнэлт, гэрч Ё.Жанчивдорж, Ж.Цэрэннадмид, Б.Наранцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

            Гэтэл шүүх шинжээч эмч М.Аригуунтөгс шинжилгээ хийлгэх тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, тухайн өдөр хохирогч Б.Нын биед үзлэг хийсэн. Үзлэгээр “Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, хэлбэр зөв дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимын чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө 1 хуруу, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саажилтгүй, өнгөц ба гүнийн мэдрэхүй хэвийн...” гэсэн ба дүгнэлт хэсэгт Б.Нын духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байдаг. Хохирогчийн биед үзлэг хийх үед нүдний алимын чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө 1 хуруу буюу тархи доргилтын шинжийг дурдсаар байхад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн үндэслэлгүй байна. Хэрэв шинжээчийн дүгнэлтийн талаарх талуудын маргаанд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх дахин шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгах боломжтой боловч эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч Б.Н “Мед траума” эмнэлэгт компьютер томографик хийлгэж, уг зургийг эмч Д.Лхагвасүрэн үзэж дүгнэлт бичсэн бөгөөд нэмэлт шинжилгээний талаар шинжээч эмч М.Аригуунтөгс шинжээчийн дүгнэлтэд дурдсан байна. Хэргийн газар болох шүүгдэгчийн гэрт ямар нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор нөхөн үзлэг хийлгэж байгаа, хийлгэснээр ямар нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байгаа, шүүгдэгч шүүхийн шатанд гаргаж өгсөн сиди баримт нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсны дараах үйл явдлыг бичсэн бичлэг ба тухайн бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хоёр ч удаа шинжлэн судалсан байхад түүнд үзлэг хийлгэхээр, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгч Г.Шүрэнцэцэгийг байлцуулаагүй гэдгийг үгүйсгэх ямар нэгэн баримт байхгүй байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг гарснаас хойш хохирогчтой харилцаж байсан мессеж захидлын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгснийг оператор компаниудаас захидлын дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулах боломжгүй байдаг ба сүүлийн 3 сарын дуудлага орсон гарсан жагсаалт гардаг. Шүүгчийн захирамжид заасан дээрх мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар ямар нөхцөл байдлыг тогтоох, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1082 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

            Шүүгдэгч Ж.Ж.Х өмгөөлөгч Ө.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст шинжээчийн дүгнэлт байгаа. Хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст томографын оношилгоо байгаа. Тухайн оношилгоонд ямар нэгэн Тархи доргилттой гэсэн зүйл бичигдээгүй байдаг. Тийм учраас дахин шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн шинжээч эмчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авах шаардлагатай. Хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байх учраас мэдүүлгүүдийн зөрүүг гаргуулах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн хохирогч талаас гаргаж өгсөн зурган зурвасыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлэлгүйгээр оруулсан. Үүнийг албажуулах шаардлагатай гэж үзэж байна. Г.Шүрэнцэцэг нь Сүхбаатар дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн бөгөөд Ж.Ж.Х, Б.Н нарын гэрлэлт цуцлах асуудалд шинжээч томилох үед ирж хүүхдүүдтэй ярилцлага хийж, гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ холбогдох нотлох баримтыг хэрэгт өгөөгүй бөгөөд энэ талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ярьсан. Гэтэл мэдүүлэг авах үед Г.Шүрэнцэцэг энэ үйл явдлаас тэс өөр зүйл ярьдаг.” гэв.

              Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...Томографын шинжилгээ хийсэн эмч Д.Лхагвасүрэнгээс гэрчийн мэдүүлэг авч “үзлэг хийх үеийн цаг хугацаан дахь хохирогчийн хувийн байдлыг” тодруулах, хэргийн газарт нөхөн үзлэг хийх, шүүгдэгч талаас нотлох баримтаар сүүлд өгсөн сидинд үзлэг хийх, хэрэгт авагдсан мессеж гэх зургаар авагдсан баримт дахь нөхцөл байдлыг тухайн үеийн цахилгаан холбооны байгууллагаас лавлагаагаар авах, мессежинд үзлэг хийлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар монгол хэл бичгээр хөтлөн баримтжуулах, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Шүрэнцэцэг нь байлцаж гарын үсэг зурсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай....” гэсэн үндэслэлээр Ж.Х холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Прокурор Н.Булганчимэг “...Шүүгдэгч Ж.Ж.Х үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Б.Нын мэдүүлэг, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоол, тогтоолын дагуу гарсан шинжээчийн 1001 дугаартай дүгнэлт, гэрч Ё.Жанчивдорж, Ж.Цэрэннадмид, Б.Наранцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэтэл хэргийн газар болох шүүгдэгчийн гэрт ямар нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор нөхөн үзлэг хийлгэж байгаа, хийлгэснээр ямар нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байгаа, шүүгдэгч шүүхийн шатанд гаргаж өгсөн сиди баримт нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсны дараах үйл явдлыг бичсэн бичлэг ба тухайн бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хоёр ч удаа шинжлэн судалсан байхад түүнд үзлэг хийлгэхээр, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгч Г.Шүрэнцэцэгийг байлцуулаагүй гэдгийг үгүйсгэх ямар нэгэн баримт байхгүй байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг гарснаас хойш хохирогчтой харилцаж байсан мессеж захидлын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгснийг оператор компаниудаас захидлын дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулах боломжгүй байдаг ба сүүлийн 3 сарын дуудлага орсон гарсан жагсаалт гардаг. Иймд шүүгчийн захирамжид заасан дээрхи ажиллагааг дахин хийх шаардлагагүй.” талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул шүүгдэгч Ж.Х холбогдох эрүүгийн хэргийн прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг даруй шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр прокурорт буцаах захирамж гаргасан ба тус захирамжийг хэргийг оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулаагүй, прокурор Н.Булганчимэгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бичсэн эсэргүүцлийг хүлэээн авч, хэргийн оролцогч нарт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан боловч хэргийг Давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд ирүүлээгүй 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн зөрчил гаргасан болохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхааруулж, тус шүүхийн Тамгын газар, Ерөнхий шүүгчид мэдэгдэл хүргүүлэхийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1082 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

 

                                   ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                       ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ