Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2024/0004/З |
Дугаар | 109/ШШ2024/0009 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 109/ШШ2024/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.М
Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “ Т овогт Б ын Б, Ө овогт Ж ын М нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийг 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартайгаар нөхөн бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б , гуравдагч этгээд Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Ж.М , Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хооронд “ Т овогт Б ын Б , Ө овогт Ж ын М нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийг 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартайгаар нөхөн бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж овогтой М миний бие нөхөр Б овогтой Б тэй анх 2002 онд танилцаж улмаар дотносон 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хамтран амьдарч эхлэн 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулсны дараа жил буюу 2006 оны 8 дугаар сард хурим найраа хийсэн. Бид хоёрын дундаас 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр охин Б.А , 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүү Б.Г , 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр охин, хүү 2 ихэр Б.М , Б.М нар төрсөн. Нөхөр бид хоёр 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө суманд гэрлэлтээ батлуулж №03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний баримтын архив болон улсын бүртгэлийн цахим архивын санд бид хоёрын гэрлэлт бүртгэлгүй, 2005 онд олгосон гэрлэлтийн гэрчилгээг аймгийн иргэний баримтын архив дахь Ө сумын 2005 оны гэрлэсний бүртгэлийн дэвтрийг гэрчилгээний дугаараар шалгаж үзэхэд бидний мэдээлэл бүртгэлгүй байгаа юм. Архангай аймгийн Ө сумын иргэний бүртгэлийн ажилтан нь тухайн үед бидний гэрлэлтийг бүртгэх ажлаа хийж гүйцэтгээгүйн улмаас бидний гэрлэлт улсын бүртгэлд бүртгэлгүй байгаагаас шалтгаалж хуулиар олгогдсон гэр бүлийн гишүүний хувьд эдлэх эрхээ эдлэхэд хязгаарлагдаж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. Энэ асуудлаар миний бие 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө суманд гэрлэлтээ батлуулж №03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн бидний гэрлэлтийг нөхөн бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гарган шийдвэрлүүлэхээр хандсан боловч шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар иргэний улсын бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсний дагуу манай нөхөр уг асуудлаар 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/Ш32024/00279 дугаартай захирамжаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Т овогт Б ын Б , Ө овогт Ж ын М нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийг 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартайгаар нөхөн бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.А хэмээх охиноо гаргасан. Тэгээд Архангай аймгийн Ө сумын иргэний улсын бүртгэлийн байцаагч н.Г гэх хүнээс хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гэтэл заавал гэрлэлтээ батлуулах шаардлага тавьсан. Тэгээд одоо гэрлэлтээ батлуулж болох уу гэхэд болно гэсэн. Тухайн үед би нялх биетэй байсан учраас очиж чадаагүй, манай нөхөр Б 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр очоод хүүхдийнхээ гэрчилгээ, гэрлэлтийн батлахаа авсан. Миний шүүхэд гаргасан шаардлага нь хэрвээ бид өнөөдрийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлчихээр манай охиныг магадгүй 2005 онд төрсөн байхад аав, ээж чинь гэрлээгүй байна гэдэг асуудлаас болоод хүүхэд минь гадаад руу явж чадахгүй болно. Бид батлан дааж хүүхдээ явуулна. Тиймээс хариуцагч талыг энэ нөхцөлд уян хатан хандаж нөхөж бүртгэж өгнө үү гэсэн шаардлага гаргаад байгаа юм. Хоёрдугаарт улсын иргэний бүртгэлийн хариуцлагагүй байдлаас болж бид өдий болтол гэрлэлтийн гэрчилгээнд хууртагдаад явж байна. Тухайн үеийн байцаагчийн ажлын хариуцлага алдаж журналд бүртгээгүй гэрлэлтийн гэрчилгээ бичиж өгснөөс болж ийм асуудал үүссэн. Өмнө нь банкнаас зээл авах болон бусад асуудал гараад гэрлэлтийн лавлагаагаа аваад ир гэхэд байхгүй, гэрлэлтийн гэрчилгээгээ үзүүлчихээр болчихдог байсан. Дараа нь гэрлэлтийн лавлагаа авах гэтэл бүртгэл байхгүй байсан. Тэгээд гэрлэлтийн бүртгэл хийгдээгүй байна гэдгийг 2023 онд мэдсэн. Ингээд улсын бүртгэлд энэ талаараа өргөдлөө бичиж өгсөн. Хэзээ гаргасан цаг хугацаагаа санахгүй байна. Тэгээд улсын бүртгэлийн хэлтсийн хариуг үндэслэлгүй гэж харж байна. Яагаад гэхээр бид 2005 онд бүртгүүлсэн. Хүүхдийнхээ гэрчилгээг авахад гэрлэлтийн батлах бичиж өгсөн. Бидний хамт амьдардгийг хүн бүр мэдэж байгаа. Мөн энэ талаарх нотлох баримтууд ч байгаа. Бидний гэрлэлтийг нөхөөд бүртгэж өгөхөд Улсын бүртгэлийн хэлтэс яагаад болохгүй байгаа юм. Нөхөж бүртгэхэд улсад ямар хохирол учрах гээд байгаа юм, хэнд ямар хэцүү байдал үүсгэх гээд байгаа юм гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон тус хэлтсийн иргэний баримтын архив дахь гэрлэсний бүртгэлийн нотлох баримтыг хянаж үзэхэд иргэн Б.Б , Ж.М нарын гэрлэсний бүртгэл тус хэлтсийн иргэний баримтын архив болон улсын бүртгэлийн цахим архивын санд бүртгэлгүй байна. Иргэн Б.Б, Ж.М нарт 2005 онд олгосон гэрлэлтийн гэрчилгээг иргэний баримтын архив дахь Ө сумын 2005 оны гэрлэсний бүртгэлийн дэвтэрт гэрчилгээний дугаараар шалгахад өөр иргэний мэдээлэл бүртгэлтэй, бүртгэгдсэн он, сар, өдрөөр шалгахад дээрх иргэний мэдээлэл бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.М нь 2023 оны 10 дугаар сард гэрлэлтийн гэрчилгээгээ эх хувиар нь явуулаад мэдээллийн санд бүртгэж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байгаа. Өргөдлийн дагуу архивт байгаа эх баримтаа үзэж шалгаад иргэнд 820 тоот албан бичгээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн. Иргэн Ж.М тайлбартаа 2005 онд төрсөн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахад гэрлэлтийн гэрчилгээ бичиж олгосон гэлээ. 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хууль болон 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар дараах нотлох баримтуудыг заавал бүрдүүлдэг. Үүнд хоёр тал өргөдөл гаргах, эрүүл мэндийн бичиг, 2 талаас гэрч оролцуулж, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлж аваад дараа нь бүртгэлийн журнал хөтөлж ХААТР-15 маягт хөтөлж түүний дараа гэрлэлтийн гэрчилгээг иргэнд бичиж олгох ёстой. Манай байгууллага нь 2009 онд иргэний бүртгэл, мэдээллийн алба, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба, хуулийн этгээдийн алба зэргийг нийлүүлж 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд үүсгэн байгуулагдаж одоо ч энэ байдлаараа явагдаж байгаа. Тухайн 2005 онд иргэний бүртгэлийг хариуцсан ажилтан байдаггүй байсан. Сумаас энэ төрлийн асуудал ганц нэгээрээ орж ирдэг. Засаг даргын Тамгын газрын ажилтан хийдэг байсан юм шиг байгаа юм. Яагаад нөхөж бүртгэж болохгүй байгаа юм бэ гэсэн Ж.М ийн асуултад хариулахад 2005 оны Ө сумын гэрлэсний бүртгэлийн журнал байгаа. Та хоёрын гэрлэлтийн гэрчилгээ нь 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 03 тоот гэрчилгээ байгаа юм. Гэтэл энэ гэрлэлтийн гэрчилгээг 03 дугаараар хайхаар өөр иргэн бүртгэлтэй байгаа. Тэгээд 03 дугаараар байхгүй байхаар нь бүртгэсэн оноогоор нь хайхад байхгүй байгаа. Тиймээс эх нотлох баримт нь байхгүй учраас таны гар дээр байгаа гэрчилгээг үндэслээд гэрлэсний бүртгэлийг оруулах боломжгүй гэсэн тайлбартай байна. Архивын эх нотлох баримтыг үндэслэж бүртгэлийг мэдээллийн санд нөхөж оруулж байгаа гэв.
6. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.М ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Б.Б миний бие зөвшөөрч байна. Ж.М тэй 2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх амьдарч байна. Бид хоёр 4 хүүхэдтэй гэжээ.
7. Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн Ж.М нь гэрлэлтээ нөхөн бүртгүүлэх тухай асуудлаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу, тус хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820 дугаар албан бичгээр “ ... гэрлэсний бүртгэлийн талаарх мэдээлэл архивын эх нотлох баримтад бүртгэлгүй байх тул Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэгт “Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж заасны дагуу шүүхэд хандана уу“ гэх хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 6 дахь тал)
1.2. Улмаар дээрх албан бичигт дурдсанаар “гэрлэлт бүртгүүлсэн байдлыг сэргээн тогтоож, гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг иргэн Б.Б Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхээс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШЗ2024/00279 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 11-13 дахь тал)
1.3. Улмаар дээрх шүүгчийн захирамжид зааснаар иргэн Ж.М ээс 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Монгол Улсын иргэн 1976 онд төрсөн Т овогт Б ын Б , Монгол Улсын иргэн 1980 онд төрсөн Ө овогт Ж ын М нар 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсон учир /ПА №03/ 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын тамга бүхий гэрлэсний гэрчилгээ олгожээ. (Хавтаст хэргийн 4 дэх тал)
2.2. Дээрх цаг үеэс хойш иргэн Б.Б , иргэн Ж.М нар нь 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.А , 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Б.Г , 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б.М , Б.М нарын 4 хүүхэд төрүүлж, одоог хүртэл Архангай аймгийн Ө сумын Хөшөөт багт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 42-45, 67, 72, 83-88 дахь тал)
2.3. 2023 онд иргэн Ж.М нь гэрлэлтийн бүртгэл Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй талаар мэдэж /нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсанаар/ Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хандаж, улмаар тус хэлтсээс шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу хүргүүлснээр уг маргаан үүсжээ.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.
3.2. Нэхэмжлэгч Ж.М анх шүүхэд “ Т овогт Б ын Б , Ө овогт Ж ын М нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийг нөхөн бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага гаргасан.
3.3. Улмаар шүүх хуралдаанд “ Т овогт Б ын Б , Ө овогт Ж ын М нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийг 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартайгаар нөхөн бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
3.5. Шүүхэд “даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийн нэг нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзал тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.М нь өөрийн нөхөр болох иргэн Т овогт Б ын Б тэй 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө суманд гэрлэлтээ батлуулж эрх бүхий ажилтнаас 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг бичиж олгожээ.
3.6. Маргаан бүхий үйл явдал болсон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн (2009 он) 3 дугаар зүйлийн 3.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 3.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж, Иргэний бүртгэлийн тухай хуулийн (1999 он) 5 дугаар зүйлийн 5.1.Иргэний бүртгэл нь гэр бүлийн байдлын, …..тус тус бүрдэнэ., 5.2.Энэ хуулийн 5.1-д заасан бүртгэлийг хөтлөх төрийн захиргааны байгууллага бүртгэлийн дэвтэр болон маягтад шаардлагатай бичилт хийж, түүний үндсэн дээр холбогдох үнэмлэх, гэрчилгээ, лавлагаа олгох замаар иргэний бүртгэлийг хөтөлнө.”, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно.” 13.9-т “Энэ хуулийн 13.2, 13.7-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан гэрлэснийг 30 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ олгоно.” гэж тус тус заажээ.
3.7. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл гэрлэсний бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн дэвтэр болон маягтад шаардлагатай бичилт хийж, түүний үндсэн дээр холбогдох үнэмлэх, гэрчилгээ, лавлагаа олгох замаар иргэний гэрлэсний бүртгэлийг хөтлөх зэрэг ажлыг гүйцэтгэх чиг үүрэг нь захиргааны байгууллагын буюу тухайн үеийн Ө сумын иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтны хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг байна.
3.8. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болох хэмээн заасан.
3.9. Ийнхүү хуулиар хүлээсэн чиг үүргээ улсын бүртгэлийн байгууллага түүний эрх бүхий ажилтан нь бүрэн хэрэгжүүлээгүй иргэний гэрлэсний бүртгэлийн талаарх архивын эх нотлох баримтад шаардлагатай баримтыг бүрдүүлэн бүртгээгүй, орхигдуулснаас үүдэж нэхэмжлэгч иргэний гэрлэлтийн талаарх мэдээлэл иргэний улсын бүртгэлд бүртгэгдэлгүй орхигдсоноор нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
3.10. Нэхэмжлэгчийн хувьд, Иргэний бүртгэлийн тухай хуулийн (1999 он) 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийн гэрчилгээг олгосон тул иргэний гэрлэлтийн бүртгэлийн хуульд заасан шаардлагын дагуу бүртгэлийг хөтөлсөн, гэрлэлт нь зохих хууль журмын дагуу бүртгэгдсэн учраас гэрлэлтийн гэрчилгээг олгосон гэдэгт итгэх хууль ёсны итгэлийг бий болгосон гэж үзнэ.
3.11. Шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч иргэний шүүхэд нотлох баримтаар эх хувиар нь гаргаж өгсөн гэрлэлтийн гэрчилгээтэй холбоотойгоор тухайн гэрлэлтийн эх хувь гэрчилгээг үгүйсгэж мэтгэлцээгүй.
3.12. Харин гэрлэсний бүртгэлийн талаарх мэдээлэл архивын эх нотлох баримтад бүртгэлгүй учраас гэрлэснийг нөхөн бүртгэх боломжгүй талаар тайлбарлаж хариу тайлбар, татгалзлалын үндэслэлээ тодорхойлсон байна.
3.13. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчээс “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн гаргасан эс үйлдэхүй нь хууль бус /хууль зөрчсөн/ эсэх, татгалзлын үндэслэл нь хууль бус эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3.14. Дээр дурдсанаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн (2009 он) 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн (1999 он) 5 дугаар зүйлийн 5.2., 13 дугаар зүйлийн 13.1, 13.9-т заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулж нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнд, иргэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй.
3.15. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, 21.3 дахь хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно.” гэж заажээ.
3.16. Хариуцагч захиргааны байгууллага буюу Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820 дугаартай албан бичгээр иргэний хүсэлтийн дагуу гэрлэсний улсын бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан татгалзал нь дээрх байдлаар хуульд нийцэхгүй байна гэж үзлээ.
3.17. Түүнчлэн Архангай аймгийн Ө сумын Гэрлэснийг бүртгэх дэвтрийн 2005 он хэсэгт 03 дугаарт иргэн Б.Ө, Д.Н нарыг 2005 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрлэсэн болохыг бүртгэсэн, мөн тус бүртгэлийн дэвтрийн 2005 оны 03 дугаарт Л.Б, Ц.Н нарыг 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэсэн болохыг 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн тэмдэглэл хийжээ. (Хавтаст хэргийн 38-40, 48 дахь тал)
3.18. Гэвч дээрх нэр бүхий иргэдийн гэрлэсний бүртгэл бүртгэгдсэн нь нэхэмжлэгч Ж.М (нөхөр Б.Б )-ийн гэрлэлтийг бүртгэхээс татгалзах шууд үндэслэл болохгүй, гэрлэлтийг бүртгэх, ингэхдээ хуулиар тогтоосон шаардлагыг хангуулах зэрэг ажиллагаа нь захиргааны байгууллагад хамаарах чиг үүрэг, эрх хэмжээ байна. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Ө сумын 2005 оны гэрлэснийг бүртгэх бүртгэлд иргэн Ж.М , Б.Б нарын гэрлэлтийг бүртгэлгүй, гэрлэсний гэрчилгээ олгосонд нэхэмжлэгч иргэний буруутгах үндэслэл болохгүй юм.
3.19. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т овогт Б ын Б , Ө овогт Ж ын М нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийг 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартайгаар нөхөн бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА