Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00674

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00674

Төв аймаг

 

                       Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Т П газар

/Т аймаг, З сум, дүгээр баг/,

Хариуцагч Б овогт П. Ж

/Т аймаг,  сум,  дүгээр баг, /

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 1,904,232 төгрөг гаргуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т аймгийн П газар нь хариуцагч П.Жамъянд холбогдуулан нийт 1,904,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: П.Ж нь Т аймгийн Эсумын У дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Д албан үүргээ гүйцэтгэж байхад хууль сахиулагчийг эсэргүүцэж, биед нь халдаж түүнд хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор П.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,150,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн 2134000000450 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Д нь "Гурван гал" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр 53000, 2021 оны 14 дүгээр сарын 04-ны өдөр 1851232 төгрөг нийт 1.904.232 төгрөгийг мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан байна. Иймд П.Жамъяанаас Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.904.232 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие Т аймгийн П газрын нэхэмжлэлтэй танилцлаа маргах зүйлгүй доорх хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 634,744 төгрөг, 2024 оны 11 дугаар сарын 30-ны өдөр 634,744 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 634,744 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, зардлын түүх, иргэний оршин суугаа газрын тодорхойлолт, Таймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Таймгийн П газар нь хариуцагч П.Ж холбогдуулан нийт 1.904.232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч П.Ж нь ...1.904.232 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Ж нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч П.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 45,418 төгрөгийн тал хувь 22,709 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т аймгийн П газрын нийт 1.904.232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Ж зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч П.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 45,418 төгрөгийн тал хувь 22,709 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ