Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг, 

Хохирогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Г.Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

Шүүгдэгч Г.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан галын хайчаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.10.07-ны өдөр найзынхаа байрны найранд очсон. Эхнэртэйгээ юунаас болж муудсанаа санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.10.07-нд манай найз шинэ байшинд орсон. Орой 6 өнгөрөөгөөд ажлаасаа буугаад айлд очсон. Өглөө 4 цагийн үед харьсан. Найран дээр Г хүнтэй маргалдаад байсан. Гэртээ орж ирээд галын хайчаар цохьсон. Би гэрээс зугатааж гараад аав руугаа хэлсэн. Одоо гомдолгүй гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..гэртээ яаж очсон, гэртээ ороод эхнэр Бтэй ямар асуудлаас болж маргалдаж муудалцсанаа огт санахгүй, мэдэхгүй байна. Би архи уухаараа эхнэр Бийг өөр хүнтэй хардаж муудалцдаг байсан. Тэрнээс цохиж зодоод байсан асуудал бол байхгүй гэсэн мэдүүлэг / хх-23 дугаар хуудас / ,

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...гэртээ харьцгаасан. Тэгээд гэрт орж ирээд үүдэнд намайг үгийн зөрүүгүй үсдээд дарсан. Тэгээд галын хайч аваад миний дух дундуур цохиод байсан. Яг хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна, их л зууралдаад байсан. Тэгээд алх бариад авахаар нь би гарнаас нь мулталж аваад гэрээс гараад зугтаасан...өнгөрсөн 2016 онд мөн архи ууж ирчихээд галын дэгээ барьж сүрдүүлж байсан. Тухайн үед би цагдаа дуудсан, тэгээд арга хэмжээ авахуулж байгаагүй. Тэрнээс өмнө ойр ойрхон 2-3 удаа агсам тавьж дээрэлхэдэг байсан. 2015 онд мөн архи уучихаад миний хөл рүү өшиглөөд гэмтээж байсан, ер нь ихэвчлэн уучихаад хүнтэй харддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би гэртээ амарч байсан чинь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 4 цаг 47 минутад манай эхнэрийн эгч Б над руу залгаад чи цагдаад дуудлага өг Бийг нөхөр Г нь зодоод байна гэж хэлсэн тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд Гийн гэрт очиход Б нүүр ам нь нил цус болсон байдалтай байсан...Бийн том охин нь Гийн хүүхэд биш болохоор хөөж, туугаад загнаж зодоод байдаг гээд том охин нь манайд гүйж ирж байсан. Ер нь бол Б, Г нар хоорондоо их хэрүүл, маргаантай л байдаг юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Г , Б хоёрын харилцаа байнгын маргаантай байдаг. .хүргэн Г архи уухаараа эхнэрээ хардаж хэрүүл өддөг юм. 2015 онд манай охин над руу залгаад Г намайг унтуулахгүй байна гэж байхад би гэрт нь очиж цагдаад дуудлага өгч байсан.

Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... манай охин Б надруу залгаад аав хурдан ир гэж хэлсэн.  Тэгээд би очтол гэрийнх нь үүд тэр чигтээ  цус болчихсон. Манай охины нүүр нь цус болчихсон, үс нь сэгсийчихсэн байж байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудсан ... гэсэн мэдүүлэг / хх-25 дугаар хуудас / ,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын ... дугаартай “...Б.Бийн биед духны шарх, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтохги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг Сайншанд сумын ЗДТГ-н 3 р багийн нийгмийн ажилтан О.Нгийн хийсэн баримт, дүгнэлт /хх-37-40/,

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн Цагдаагийн ахмад Ц.Бгийн хийсэн дүгнэлт /хх-41-42/

Шүүгдэгч Г.Гийн цагдаагийн байгууллагад удаа дараа эрүүлжүүлэгдсэн, албадан саатуулагдсан талаар баримт/хх-43-46/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /хх 3-7/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /59/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэрэгт зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Уг гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хүчирхийлэлийг үйлдэхдээ байнга зодсон гэсэн бүрэлдэхүүнтэй байхад хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2016 онд мөн архи ууж ирчихээд галын дэгээ барьж сүрдүүлж байсан. 2015 онд мөн архи уучихаад миний хөл рүү өшиглөөд гэмтээж байсан”  гэсэн мэдүүлгээс өөр байдлаар шүүгдэгчийн зүгээс хохирогчийг байнга зодсон гэх үйлдлийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс шүүгдэгч нь хохирогчийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас байнга зодсон үйлдэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Г.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаа багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхдүүдийн дэргэд 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч буй гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Бийг бусадтай хардсны улмаас галын хайчаар толгойн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.10.07-ны өдөр найзынхаа байрны найранд очсон. Эхнэртэйгээ юунаас болж муудсанаа санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би архи уухаараа эхнэр Бийг өөр хүнтэй хардаж муудалцдаг байсан. гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.10.07-нд манай найз шинэ байшинд орсон. Орой 6 өнгөрөөгөөд ажлаасаа буугаад айлд очсон. Өглөө 4 цагийн үед харьсан. Найран дээр Г хүнтэй маргалдаад байсан. Гэртээ орж ирээд галын хайчаар цохьсон. Би гэрээс зугатааж гараад аавруугаа хэлсэн. Одоо гомдолгүй гэсэн мэдүүлэг Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...гэртээ харьцгаасан. Тэгээд гэрт орж ирээд үүдэнд намайг үгийн зөрүүгүй үсдээд дарсан. Тэгээд галын хайч аваад миний дух дундуур цохиод байсан. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна, их л зууралдаад байсан. Тэгээд алх бариад авахаар нь би гарнаас нь мулталж аваад гэрээс гараад зугтаасан... гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би гэртээ амарч байсан чинь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 4 цаг 47 минутад манай эхнэрийн эгч Б над руу залгаад чи цагдаад дуудлага өг Бийг нөхөр Г нь зодоод байна гэж хэлсэн тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд Гийн гэрт очиход Б нүүр ам нь нил цус болсон байдалтай байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... манай охин Б надруу залгаад аав хурдан ир гэж хэлсэн.  Тэгээд би очтол гэрийнх нь үүд тэр чигтээ  цус болчихсон. Манай охины нүүр нь цус болчихсон, үс нь сэгсийчихсэн байж байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаартай дүгнэлт , Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг Сайншанд сумын ЗДТГ-н 3 дугаар багийн нийгмийн ажилтан О.Нгийн хийсэн баримт, дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ хийсэн Цагдаагийн ахмад Ц.Бгийн хийсэн дүгнэлт , Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилөн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх 1 ширхэг, галын хайч 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн даавуун цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан түүний хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдсантай холбоотой бичгэн баримтыг хэлэлцүүлэн түүнд торгох ял шийтгэлийг оногдуулах санал гаргасныг шүүх хянаж үзээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ нь Эрүүгийн хуулинд заасан хязгаарлалтанд хамаарахгүй зохицуулалттай зэргийг харгалзан түүнд шүүхээс тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тодорхой хугацаагаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогчийн бие махбодийн , сэтгэл санааны шаналал үүсгэж онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл хүндрүүлэх   нөхцөл байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;

 

           1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж зүйлчилсүгэй.

 

           2. Шүүгдэгч Г.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 / дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх 1 ширхэг, галын хайч 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн даавуун цамц 1 ширхэгийг устгасугай.

 

 7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Х.ГАНБОЛД