| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00754/И |
| Дугаар | 151/ШШ2024/00673 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2024/00673
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2024/00673 | Төв аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Витафит Юу Би ХХК
/Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Номун интер ХХК-ийн байр/,
Хариуцагч: Улаан соён овогт Зэвэгийн Оюунтуяа
/Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Хөшигт 3 дугаар гудамж, 1110 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,165,051 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК нь хариуцагч З.Оюунтуяад холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,165,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Энхмэнд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлэхэд 1,094,851 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан ба 1,094,851 төгрөгийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 183/ШШ2024/01850 дугаартай манай хүсэлтийг шийдвэрлэсэн үлдэгдэл 1,094,851 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 1,165,051 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, алданги тооцсон хуудас, гар утас, төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээний хуулбар, тооцооны баталгаа, авлагийн дэлгэрэнгүй гүйлгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/01850 дугаар шийдвэрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 30ж 2-2/4499 дугаар Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Хөшигт 3 дугаар гудамж, 1110 тоотод оршин суух тоот, зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,165,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Витафит Юу Би ХХК нь гаргасан байна.
3. Хариуцагч З.Оюунтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 1,165,051 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-/
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК нь хариуцагч З.Оюунтуяад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,165,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,511.22 төгрөгийн тал хувь 16,255.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,255.5 төгрөгийг, хариуцагч З.Оюунтуяагаас 16,255.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК-ийн Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,165,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Оюунтуяа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,511.22 төгрөгийн тал хувь 16,255.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,255.5 төгрөгийг, хариуцагч З.Оюунтуяагаас 16,255.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ