| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00621/И |
| Дугаар | 151/ШШ2024/00631 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00631
2024 07 03 151/ШШ2024/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 902 тоотод байрлах Таван богд финанс ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 30 дугаар гудамж, 322 тоотод бүртгэлтэй, ....................... Х овогт Аийн А,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,574,359.05 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэлд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Соёлмаа,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цогтгэрэл,
Хариуцагч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сүхням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч А.Аад холбогдуулан гэрээний үүрэгт 5,574,359.05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч А.А нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ............ тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 57383 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүү, 12 сарын хугацаатай, 62733 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 1,020,000 төгрөгийг 2,9 хувийн хүү, 12 сарын хугацаатай, 70127 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 150,000 төгрөгийг 2,9 хувийн хүү, 12 сарын хугацаатай тус тус зээлсэн болно. Зээлдэгч А.А нь зээл авсан өдрөөс хойш 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 57383 дугаартай зээлд нийт 908,466.14 төгрөг, 62733 дугаартай зээлд нийт 209,556.14 төгрөг, 70127 дугаартай зээлд нийт 6,006.58 төгрөгийг төлсөн. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 593 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээл 3,342,484.56 төгрөг, хүү 1,924,832.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289,041.68 төгрөг, нотариатын хөлс 18,000 төгрөг, нийт 5,574,359.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. 5,574,359.05 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бууруулах боломжгүй. Манай банк бус санхүүгийн байгууллага нь бүгд тайлан тооцоотой байдаг учраас хүүг буруулах боломжгүй. Гэхдээ 6 сарын хугацаанд хувааж төлөхийг зөвшөөрч болно. Үүнээс өөрөөр хугацаа олгох боломжгүй гэжээ.
2.1.Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Таван богд финанс ББСБ ХХК-ийн гаргасан 5,574,359.05 төгрөгийг бүрэн төлөхөөс татгалзаж байна. Учир нь миний бие зээлийн хүү болон тооцоолол дээр эргэлзэж байгаа тул шүүх хурлаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
2.2.Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 8 дугаар сараас хойш хорих ангид хоригдож байгаа. Зээл авсан нь үнэн. Зээл, зээлийн хүү болон тооцоолол дээрх эргэлзээ байхгүй. Энэ хугацааны хүүг багасгаж өгнө үү. Би 2025 оны 2 дугаар сарын 18-нд суллагдана. Эндээс гараад төлөхөөс өөр төлөх боломж надад байхгүй. Ах дүү, төрөл садан байхгүй. Хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулаад өгвөл 5,574,359.05 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Ажил хийх боломжгүй зүйл ангиар шийтгэгдсэн учраас орлогын эх үүсвэр байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), итгэмжлэл (хх-3-4), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-5-6), цахим зээлийн эрх нээх гэрээ (хх-7-9), хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), цахим зээлийн дэд гэрээ (хх-11-13), улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хх-14-15), зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх-16-18), төлбөрийн нэхэмжлэх (хх-19), мөнгөн шилжүүлгийн баримт (хх-20-22) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас: хариу тайлбар (хх-28) гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч А.Аад холбогдуулан гэрээний үүрэгт 5,574,359.05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч А.А нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ............ тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 57383 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүү, 12 сарын хугацаатай, 62733 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 1,020,000 төгрөгийг 2,9 хувийн хүү, 12 сарын хугацаатай, 70127 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 150,000 төгрөгийг 2,9 хувийн хүү, 12 сарын хугацаатай тус тус зээлсэн болно. Зээлдэгч А.А нь зээл авсан өдрөөс хойш 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 57383 дугаартай зээлд нийт 908,466.14 төгрөг, 62733 дугаартай зээлд нийт 209,556.14 төгрөг, 70127 дугаартай зээлд нийт 6,006.58 төгрөгийг төлсөн. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 593 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээл 3,342,484.56 төгрөг, хүү 1,924,832.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289,041.68 төгрөг, нотариатын хөлс 18,000 төгрөг, нийт 5,574,359.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч А.А нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн боловч хүүг бууруулах, төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар хүсэлт гаргасан. Үндэслэлийг тайлбарлахдаа:
Миний бие зээл, зээлийн хүү болон тооцоолол дээрх эргэлзээ байхгүй. Таван богд финанс ББСБ ХХК-ийн гаргасан 5,574,359.05 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулаад өгвөл төлөхөд татгалзах зүйлгүй. Хорих ял эдэлж дуусахаас өмнө төлөх боломжгүй. Хоригдож буй зүйл анги нь ажил хийхийг хориглодог тул орлого байхгүй, төлбөрийн чадвар байхгүй гэжээ.
4.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), итгэмжлэл (хх-3-4), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-5-6), цахим зээлийн эрх нээх гэрээ (хх-7-9), хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), цахим зээлийн дэд гэрээ (хх-11-13), улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хх-14-15), зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх-16-18), төлбөрийн нэхэмжлэх (хх-19), мөнгөн шилжүүлгийн баримт (хх-20-22), хариуцагчаас өгсөн хариу тайлбар (хх-28) зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг хэлнэ гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна (хх-14-15).
5.2. Зээлдэгч А.А нь сайн дурын үндсэн дээр Таван богд финанс ББСБ ХХК-аас санал болгосон зээлийн гэрээний стандарт нөхцөлийг хүлээн зөвшөөрч дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:
-............ дугаартай 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, (хх-7-9);
-57383 дугаартай цахим зээлийн дэд гэрээг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, 3,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 2,90 хувийн хүүтэй байхаар (хх-11);
-62733 дугаартай цахим зээлийн дэд гэрээг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 1,020,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын 2,90 хувийн хүүтэй байхаар (хх-12);
-70127 дугаартай цахим зээлийн дэд гэрээг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 150,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй байхаар (хх-13) тус тус байгуулсан байна.
6.Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн, зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.
6.1.Нэхэмжлэгч нь 57383 дугаартай цахим зээлийн дэд гэрээг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулж 3,000,000 төгрөгийг, 62733 дугаартай цахим зээлийн дэд гэрээг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 1,020,000 төгрөгийг, 70127 дугаартай цахим зээлийн дэд гэрээг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 150,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. (хх-11-13, 20-22);
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зохицуулсан шаардлагыг дээрх гэрээнүүд хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
8. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.
9.Зохигчид талуудын хооронд гэрээ байгуулагдсан болон мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид хүлээлгэн өгсөн шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтад маргаагүй болно.
10.Зохигчид дээрх зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч А.Ааас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр:
10.1.үндсэн зээлийн үлдэгдэл 3,342,484.56 төгрөг;
10.2.зээлийн хүү 1,924,832.81 төгрөг,
10.3.нэмэгдүүлсэн хүү 289,041.68 төгрөг,
10.4.нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 5,574,359.05 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
11.Хариуцагч А.А нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгааныг эрүүгийн журмаар шалгагдаж, цагдан хоригдож, орлогогүй болсноос үүссэн гэж тайлбарлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардалд маргахгүй, харин зээл төлөх хугацааг хойшлуулах, хүүг багасгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрсөн.
12.Гэрээ болон хуульд заасан хугацааны талаар:
Талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх гэрээ /№............/-г үндэслэн байгуулсан:
-2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 57383 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний 12 сарын хугацаа,
-2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 62733 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний 12 сарын хугацаа,
-2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 70127 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний 2 сарын хугацаа тус тус дуусгавар болсон байна.
13.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд энэ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар зээлийн гэрээний үндсэн болон нэмэгдэл үүргийг шаардах эрхтэй ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэвээр үргэлжилнэ.
14.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан Цахим зээлийн дэд гэрээнүүдэд хүүг сарын 2,9 хувь байхаар тохиролцжээ.
15.Талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх гэрээ /№............/-гээр урьдчилан тохиролцсон нөхцөл үүсч, хариуцагч А.А нь гэрээнд заасан зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэх буюу зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байх ба хариуцагч энэ талаар маргахгүй, хүлээн зөвшөөрсөн.
Уг гэрээний 5.Хариуцлага бүлгийн 5.1-д Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол ББСБ нь зээлдэгчид дараах арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: 5.1.1-д Нэмэгдүүлсэн хүү тооцох гэж, гэрээний 1.3.6-д Нэмэгдүүлсэн хүү гэж ...үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хувь хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож ББСБ-д төлөх мөнгөн төлбөрийг гэж заажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт буюу Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтад зээлдэгч буюу хариуцагч А.Аын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэлд 3,342,484.56 төгрөг, зээлийн хүүд 1,924,832.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь 289,041.68 төгрөг гэж тооцоолсон байх ба үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар хариуцагч маргаагүй, тооцооллыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх тооцоололд дүгнэлт хийх шаардлагагүй байна. (хх-1-2, 16-18)
16. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ааас үндсэн зээл 3,342,484.56 төгрөг, хүү 1,924,832.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289,041.68 төгрөг, нотариатын хөлс 18,000 төгрөг, нийт 5,574,359.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,137.74 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч А.Ааас 104,137.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ааас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5,574,359.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,137.74 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч А.Ааас 104,137.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба тухайн хугацаанд шийдвэрээ гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэрийг гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор шуудангийн хаягаар хүргүүлэхийг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН