| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03147/И |
| Дугаар | 181/ШШ2024/03300 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, Р..... /РД: 9 /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Б.А /РД: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөр 2,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р..... /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Б.Ат холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,380,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараа байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай Р.... СӨХ нь 2011 онд байгуулагдсан. Олимп 16 дугаар байрны оршин суугчдын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манай сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл болон бүх гишүүдийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурдын шийдвэрээр айл өрх бүрээс сар бүр 130,000 төгрөг, гражийн зогсоолын цэвэрлэгээний хураамж 10,000 төгрөг, амьтан нохойны хураамж 2,500 төгрөг СӨХ-д төлж байхаар шийдвэрлэсэн.
Гэтэл тус 16 дугаар байрны 909 тоотод оршин суугч Б.А нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх СӨХ-ны хураамж 1,560,000 төгрөг, гражийн зогсоолын цэвэрлэгээний хураамж 120,000 төгрөг, нийт 1,680,000 төгрөг, мөн 2024 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын СӨХ-ны хураамж 650,000 төгрөг, гражийн зогсоолын цэвэрлэгээний хураамж 50,000 төгрөг нийт 700,000 төгрөгийг төлөөгүй ба удаа дараа шаардахад одоо болтол төлөхгүй хохироож байна.
Иймд Б.Аээс нийт 2,380,000 төгрөгийг СӨХ-д гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.А нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Р.... СӨХ-ны нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. СӨХ-ны төлбөр гэж авсан төлбөрийнхөө зарцуулалт болон данс тооцооны баримтаа үзүүлээрэй гэхэд үзүүлж байгаагүй учир хэрхэн зарцуулагдаж буйг огт мэддэггүй. Байрны гадаа машин тавих зайгүй болтол гадны машин оруулдаг гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 53,030 төгрөг төлсөн баримт, Р.... СӨХ-ны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24/008 дугаар гэрчилгээ, Р.... СӨХ-ны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүрэм, Р.... СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Р.... СӨХ-ны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар итгэмжлэл, Б.Аийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн баталгаа, Р.... СӨХ-ны 2023 оны тооцооны бүртгэл, Р.... СӨХ-ны бүх гишүүдийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, Р.... СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Р.... СӨХ-ны 2022 оны хураамжийн зардлын задаргаа, Б.Аийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бичиг зэргийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн болно.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Р.... СӨХ нь хариуцагч Б.Ат холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,380,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шаардах эрхийн үндэслэлээ тус СӨХ-ны бүх гишүүд, удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тогтоосон дундын өмчлөлийн ашиглалт, засварын зардлыг хэмжээгээр хураамж төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул гаргуулах гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч Б.А нь СӨХ-ны төлбөр гэж авсан төлбөрийн зарцуулалт, тайлан байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Улаанбаатар хот, байрны сууц өмчлөгчдийн холбооны бүрэн эрхийг нэхэмжлэгч Р.... СӨХ хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох хэрэгт авагдсан 24 дугаар гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн холбооны дүрмээр тогтоогдож байна. /1хх 4-7/
6. Хариуцагч Б.А нь тус тоотод оршин суудаг болох нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн баталгаа гаргасан баримт, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна. /1хх 11, 19/
7. Тус СӨХ-ны удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор СӨХ-ны үйлчилгээний хураамжийг нэг айл өрхөөс 130,000 төгрөг, гражид зогсоолтой айлуудаас цэвэрлэгээний хөлс 10,000 төгрөг, нохойтой айлуудаас 2,500 төгрөг тус тус авахаар шийдвэрлэсэн байна. /1хх 9/
8. Хариуцагч Б.А нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2023 оны СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх талаар Р.... СӨХ-д баталгаа гарган өгсөн байна. /1хх 11/
9. Хариуцагч Р.... СӨХ нь авсан төлбөрийнхөө зарцуулалт, тооцооны баримтаа танилцуулдаггүй, байрны гадаа машин тавих зогсоолгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээхээр, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээхээр, 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй талаар тус тус зохицуулсан.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй талаар зохицуулсан.
9.1. Хэрэгт авагдсан 2023, 2024 оны Р.... СӨХ-ны хураамжийн тооцооны бүртгэлээр хариуцагч Б.А нь нийт 2,380,000 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тусгагджээ.
Хариуцагч нь тус төлбөрийг төлсөн талаар татгалзал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар Б.Аээс 2,380,000 /хоёр сая гурван зуун наян мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.....нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамж 53,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.....нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ