| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00868/И |
| Дугаар | 155/ШШ2024/00899 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2024/00899
| 2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2024/00899 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.О холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Байшингийн шал өөрчилж, чанарыг дордуулсныг хуучин байдлаар сэргээн засварлах зардалд 5,000,000 (таван сая) төгрөг, ашиглалтын зардалд 9,600,000 ( есөн сая зургаан зуун мянга) төгрөг, нийт 14,600,000 ( арван дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00868/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: А.О (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 1 дүгээр сард өөрийн эзэмшлийн ... сумын ... дугаар багийн ... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 21,000,000 төгрөгөөр худалдахаар зар өгч, зарын дагуу А.О нь манай үл хөдлөх хөрөнгийг үзэж судлаж байгаад худалдах үнийг жаахан доошлуулаач гэж гуйхаар нь 19,000,000 төгрөг болгож бууруулсан боловч байшингийн 5 цонхийг вакумдах 1,000,000 төгрөгийг хасч засварт тооцож) 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 18,000,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан. А.О нь 12,000,000 төгрөгийг бэлнээр төлж 6,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр шилжүүлж өгч, хурдан хугацаанд буюу цаад тал нь 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулж, дууссан байхаар тохиролцсон. Ингээд миний дансны дугаарыг авч үлдээд би хот руу буцсан. Энэ өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй 11 сарыг хүргэсэн тул би нэхэмжлэл гаргаж ... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын ..-ний өдөр .... тоот шийдвэрээр И.А миний бие хашаа, байшин үл хөдлөх хөрөнгөө буцаан авах, А.О 12,000,000 төгрөгийг буцааж төлөхөөр шийдвэр гарсан. Энэ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа миний бие А.О-аас үл хөдлөх хөрөнгөдөө учруулсан хохирол болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн боловч гаргахгүй орхисон. Өөрөөр хэлбэл О нь миний үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон төлбөрөө бүрэн гүйцэт төлж, өмчлөх эрхээ өөрийн эзэмшилд шилжүүлэх авахгүй байх үедээ миний үл хөдлөх хөрөнгөд засвар хийх нэрийн дор дур мэдэн халдаж чанар байдлыг нь дордуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл чийгтэй хүйтэн мөөгөнцөртдөг, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байдалд оруулсан гэж үзэж байгаа. Одоо буцаагаад хэвийн өмнөх байдалд нь оруулж авахад барилгын материал өссөн, хүн хөлсөлж хийлгэх үнэлгээ нэмэгдсэн, мөн би өөрөө Улаанбаатар хотоос ирж, очиж, явж хийлгэхэд маш их цаг мөнгө орох хүндрэл учруулсан зэрэг шалтгаанаар нэхэмжилж байна. ... өдрийн шийдвэр гарсан хугацаанаас хойш хашаа байшинд амьдарсан хугацааны ашиглалтын зардал болох 9,600,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна. А.О нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 3 жил 5 сарын хугацаанд миний үл хөдлөх хөрөнгө болох хашаа, байшинд амьдарч байна. Би энэ бүх хугацааны биш зөвхөн шийдвэр гарсан хугацаанаас хойшхи 2 жилийн хугацааны төлбөрийг сарын 400,000 төгрөгөөр тооцож ашиглалтын зардал гаргуулж өгөхийг хүсч байна. Би хоёр оюутан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй 12,000,000 төгрөгийг бэлэн бүрдүүлж өгөх чадваргүй байна. Эгчдээ султгаад өгвөл түрээслээд мөнгийг нь төлье гэж гуйхад заавал бэлэн мөнгөө өгвөл гарна гэсээр 2 жил өнгөрсөн. Би энэ хоёр жилийн хугацаанд түрээслэсэн бол мөнгийг нь төлчих байсан. Бүтэн жилээр нь түрээсийг нь төлөөд сууя гэсэн хүмүүс байсан. Энэ нөхцөл байдлаа хэлж учирлаад гуйхад есөн шидээр дайрч, доромжилж, дарамталж байсан. Одоо энэ хүнд бэлэн төлөх мөнгө байхгүй, бүрдүүлж ч чадахгүй боломжгүй байгааг минь мэдчихээд зориуд хугацаа хожиж байна гэж үзэж байна. 10 сар болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар байрнаас гаргаж болохгүй гэчихдэг. Тийм учраас О-аас шал өөрчилж чанарыг нь дордуулж сэргээхэд 2,5 жилийн өмнөх байдлаар 5,000,000 төгрөг (одоо үүнээс ч хоёр дахин нэмэгдсэн), хоёр жилийн ашиглалтын зардал 9,600,000 төгрөг, нийт 14,600,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч И.А шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: И.Алагбөмбөг миний бие тус шүүхэд А.О холбогдуулан 14,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар О нь нотлох баримттай танилцах хүсэлт гаргаснаар хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Одоо би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн09 цагт болох шүүх хуралд намайг оролцуулалгүйгээр, миний татгалзыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ... тоотод оршин суугч Х овогт И.Алагбөмбөг надад холбогдуулан байшингаа хуучин байдлаар сэргээх зардал 5,000,000 (таван сая) төгрөг, 2 жилийн ашиглалтын зардал 9,600,000 (есөн сая зургаан зуун мянга) төгрөг, нийт 14,600,000 (арван дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тухайн нэхэмжпэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн эс зөвшөөрч хариуцагч миний зүгээс дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.
1.Нэхэмжпэгч И.А-ийн эзэмшлийн ... тоотод байрлах 8x8 харьцаатай өвлийн палкан байшинтай холбоотой маргаан ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр .... өдөр .... дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Тухайн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч нэхэмжлэгч И.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа учраас тухайн обьект бидний эзэмшлээс чөлөөлөгдөх боломжгүй байгаа болно. Нэхэмжпэгч И.А заавал биелэгдэх учиртай шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаад бидний 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг буцаагаад өгчихвөл өнөөдөр ч гэсэн түүний хашаа байшинг чөлөөлж өгөхөд бэлэн байна.
2.Нэхэмжпэгч И.А нэхэмжлэлдээ байшингийн шал өөрчилж, чанарыг нь дордуулсан учраас хуучин байдлаар нь сэргээхэд 5,000,000 (таван сая) төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч И.А нь миний хууль бус эзэмшлээс хашаа, байшингаа 2021 онд шүүхээр шийдвэр гаргуулан чөлөөлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тухайн мөнгийг шаардаж байсан боловч шүүх тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхээр өмнө нь эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар нэхэмжлэгч И.А нь увайгүй шуналдаа хөтлөгдөн дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.Нэхэмжлэгч нь надаас 2 жилийн ашиглалтын зардал гэж 9,600,000 (есөн сая дургаан зуун мянга) төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Миний зүгээс нэхэмжлэгч И.А-тэй хашаа байшинг нь хөлслөх талаар ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүйгээс гадна миний зүгээс зөвхөн шүүхийн шийдвэр хэзээ биелэгдэхийг хүлээж, нэхэмжлэгч И.А-өөс шүүхийн шийдвэрийн дагуу авах 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөрөө хашаа байшингийн булантай болох хүсэлтэй байна. Нэгэнт бидний хооронд эд хөрөнгийн ашиглалттай холбоотой харилцаа үүсээгүй учраас ашиглалтын зардлын талаар нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Нэхэмжлэгч И.А нь хэдийгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ч өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа атлаа бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглаж болохгүй юм.
4.Тухайн хашаа байшингийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн .... шүүхээр ... дугаартай шийдвэртэй, тухайн шийдвэр нэхэмжлэгчээс шалтгаалан биелэгдээгүй тул нэхэмжлэгч И.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулж, мөн зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасны дагуу шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.
5.Нэхэмжпэгч И.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлж маргааныг эцэслэн өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцааж авахын оронд яавал миний 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг өгөхгүй өөртөө завших талаар арга саам эрэлхийлж байгаад маш их харамсаж байна.
Иймд нэхэмжлэгч И.А нь ... шүүхийн ... дугаартай шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсаныг ойлголоо. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.А нь хариуцагч А.О-т холбогдуулан байшингийн шал өөрчилж, чанарыг дордуулсныг хуучин байдлаар сэргээн засварлах зардалд 5,000,000 (таван сая) төгрөг, ашиглалтын зардалд 9,600,000 (есөн сая зургаан зуун мянга) төгрөг, нийт 14,600,000 ( арван дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч И.А нь тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр И.А миний бие тус шүүхэд А.О-т холбогдуулан 14,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар О нь нотлох баримттай танилцах хүсэлт гаргаснаар хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Одоо би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт болох шүүх хуралд намайг оролцуулалгүйгээр, миний татгалзыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэрийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч И.А-ийн дээрх нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,950 (хоёр зуун гучин мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 115,475 ( нэг зуун арван таван мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,475 ( нэг зуун арван таван мянга дөрвөн зуун далан тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.О холбогдох байшингийн шал өөрчилж, чанарыг дордуулсныг хуучин байдлаар сэргээн засварлах зардалд 5,000,000 (таван сая) төгрөг, ашиглалтын зардалд 9,600,000 (есөн сая зургаан зуун мянга) төгрөг, нийт 14,600,000 ( арван дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч И.А нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,950 (хоёр зуун гучин мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 115,475 (нэг зуун арван таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,475 (нэг зуун арван таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА