Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1062

 

 

 

 

 

 

 

 

 

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00835 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б  холбогдох,

 

Зуучлалын хөлс, алданги 1 090 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 69 тоот зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Б-гийн  өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо Хоршооллын хотхон 48/4 байрны 6 тоот 32 м.кв орон сууцыг худалдан авагчтай холбож өгөхөөр тохиролцсон.

Улмаар нэхэмжлэгч компанийн зуучлагч Б.Б  зуучлалын үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Э , Ж.Б  нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Маргаан бүхий байрыг банкны зээлээр Г.Э  худалдан авч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 47 000 000 төгрөг Ж.Б-гийн  дансанд шилжиж орсноор гэрээний 4.1-т зааснаар зуучлалын хөлс 940 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэг Ж.Б  үүссэн.

Тус гэрээний 8.3-т зааснаар гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн дансанд мөнгө орж ирснээс хойш 36 хоногийн алдангийг 1 өдрийн алданги 5 170 төгрөгөөр тооцоход нийт 186 120 төгрөг болж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 1 090 320 төгрөгийг Ж.Б гаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Б  би “А ” ХХК-ийн боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаалахад зуучлах гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан. Талууд харилцан тохиролцох болон гэрээний 11.2-д зааснаас бусад үндэслэлээр зуучлуулагчийн санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй байхаар гэрээг боловсруулсан нь "А " ХХК нь гэрээгээр давуу эрх эдэлж байгаагийн нэг нотолгоо юм.

Миний бие гэрээнд гарын үсэг зурснаас хэд хоногийн дараа тус гэрээг "А " ХХК баталсан бөгөөд тус байгууллагын агент Б.Б аас батлагдсан гэрээний нэг хувийг авахад гэрээний эхлэх болон дуусах хугацааг гэрээний 5-д бичилгүй орхигдуулсан байсан. Энэ талаар агент Б.Б аас асуухад гэрээний эхлэх дуусах хугацааны талаар тодорхой хариулт өгөөгүй бөгөөд гэрээний эхлэх дуусах хугацааг гэрээнд бичилгүй орхигдуулсан, гэрээний 2.4.1-д зуучлалын үйл ажиллагааг гэрээг байгуулснаас хойш эхлэхээр заасан зэрэг нь намайг төөрөгдүүлсэн болохыг нотолж байна.

Мөн гэрээ батлагдсан хэдий ч гэрээнд заагдсан зуучлалын үйл ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд эхлээгүй байсан. "А " ХХК-д хадгалагдсан гэрээний 5.1-д гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эхлэхээр заасан нь надад хадгалагдсан гэрээний 5.1-д зааснаас ялгаатай байгаа нь зуучийн гэрээний 12.8-д гэрээг 2 хувь үйлдэнэ гэсэн заалтыг зөрчиж, "А " ХХК нь өөртөө давуу байдал санаатай үүсгэсэн байна.

Миний бие иргэн Г.Э д өөрийн өмчлөлийн орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн биеэр /нөхрийн хамт/ үзүүлж, худалдан борлуулахаар урьдчилан тохиролцсон нь миний нөхрийн нэр дээр бүртгэлтэй 9409-3600 дугаарт 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Э ын 8003-6027 дугаараас ирүүлсэн мессежээр нотлогдоно.

Г.Э тай өмнө нь уулзаж орон сууц худалдан борлуулахаар урьдчилан тохиролцсон байдлыг "А " ХХК нь үл харгалзан, надад мэдэгдэлгүй 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрсдийн худалдан авах саналын хуудсанд Г.Э аар гарын үсэг зуруулж улмаар надтай холбож өгсөн гэж үзэн зуучлалын хөлс нэхэмжилсэн нь гэрээний 1.3-д заасан зуучлуулагч нь бие даан худалдан борлуулах эрхтэй, зуучлуулагч бие даан борлуулсан тохиолдолд зуучид зуучлалын хөлс төлөхгүй гэснийг зөрчиж байна.

Г.Э  нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, 48/4-р байрны 6 тоот 2 өрөө 32 м.кв орон сууцыг банкны зээлээр 44 000 000 төгрөгөөр худалдан авахаар,  2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон ба гэрээ байгуулах үед Г.Э  нь орон сууцны үнийн дүнг 44 000 000 төгрөгөөр өмнө нь тохирсноо өөрчилж 42 000 000 төгрөг болгож бууруулах санал гаргасан. Яагаад өмнөх тохиролцоогоо өөрчилж бууруулах болсон талаар асуухад "танай дүү 42 000 000 болгож бууруулж болно гэж надад хэлсэн" гэв. Би иргэн Г.Э д "Чамтай хамт байр үзэхээр ирсэн танай 2 дүүтэй байрны үнэ хөлсний талаар огт ярилцаагүй, танай дүү гэж ямар хүнийг хэлж байна вэ" гэхэд Г.Э  "зуучийн залуу Б.Б " гэж хариулсан.

Г.Э  орон сууцны зээл авахаас өмнө цалингийн зээлээ төлөх шаардлагатай тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг 47 000 000 төгрөг болгож нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн санхүүжилтээр байрны төлбөр хийгдсэний дараа нэмэгдүүлсэн 5 000 000 төгрөгийг надаас шилжүүлж авах, нэмэгдүүлсэн 5 000 000 төгрөгт ногдох 2 хувийн татварыг өөрөө төлөх санал тавьсныг би орон сууцны үнийг 43 000 000 төгрөгөөр тооцох, нэмэгдсэн зөрүү 4 000 000 төгрөгийг Г.Э д шилжүүлэх буюу нийт 47 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлөөр зөвшөөрч Г.Э тай 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан.

Г.Э тай 44 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдахаар тохиролцсоны дараа зуучийн агент Б.Б  нь 42 000 000 төгрөгөөр тус орон сууцыг худалдан авах боломжтой тухай Г.Э д мэдэгдсэн нь зуучийн гэрээний 2.1.7-д заагдсан ноцтой зөрчил мөн бөгөөд агент Б.Б  нь зуучийн гэрээний 1.1-д заасан зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө байх, 3.1-д заасан зуучлуулагчийн санал болгосон нөхцөлөөр худалдан авах худалдан авагчтай холбох зэрэг зүйл заалтыг зөрсөн гэж үзэж байна.

Г.Э тай анх тохирсон гэрээний үнэ агент Б.Б ын гаргасан зөрчлийн улмаас буурсан тухай Б.Б д мэдэгдэхэд "Танай байр олигтой ч байр биш, танай байруудыг зуучлахаа болилоо, 200 саяын үнэтэй байрнуудаа зарсан нь дээр” гэж хэлээд гарч явсан нь зуучийн гэрээний 2.1.7-д заагдсан ёс зүйн зөрчил мөн бөгөөд Б.Б ын энэхүү үйлдэл нь "А " ХХК-тай байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаалахад зуучлах гэрээ"-г дуусгавар болгох санал гаргасан гэх бүрэн үндэслэлтэй тул зуучийн гэрээний 11.1.1-д заасны дагуу талууд гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна. Энэ өдрөөс хойш Б.Б  болон "А " ХХК нь надтай ямар нэг байдлаар холбогдоогүй, уулзаагүй.

Иргэн Г.Э  зээл авч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээний үнийн дүн болох 47 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ба мөн өдрөө Г.Э д 5 100 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Г.Э  нь орон сууцны үнийг 42 000 000 төгрөг болгон бууруулж зөрүү 5 000 000 төгрөгийг авах, надаас 2 000 000 төгрөг зээлж авахаар төлөвлөж байсан нь Г.Э ын 8003-6027 дугаараас миний нөхрийн 9999-3600 дугаарт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичсэн мессежээр нотлогдоно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар хариуцагч Ж.Б гаас зуучлалын хөлс 924 000 төгрөг, алданги 166 320 төгрөг нийт 1 090 320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30 718 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах саналын хуудсанд 2019 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд зуучлагч нь орон сууц худалдан авсан Г.Э тай уулзаж зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна гэж илтэд буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нотариатаар гэрчлэгдээгүй үндсэн эх баримт нь биш байхад тус саналын хуудсыг хууль зөрчиж нотлох баримтаар үнэлж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бичмэл ба эд мөрийн баримт эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал дүрс дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг туршилт таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтооно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч Ж.Б  холбогдуулан зуучлалын хөлс, алдангид 1 090 320 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.Б  нь “А ” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийг худалдаалахад зуучлах гэрээ” байгуулж, гэрээгээр зуучлагч “А ” ХХК нь Ж.Б гаас олгосон эрхийн дагуу түүний өмчлөлийн Ү-2204081168, Ү-2204081167, Ү-2204081169, Ү-2204081166, Ү-2204081158, Ү-2204081157, Ү-2204085148, Ү-2204085147, Ү-2204085146, Ү-2204085144 дугаарт бүртгэлтэй 10 үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад худалдан авагчтай холбож өгөх, Ж.Б  нь хөлс төлөх талаар тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв. /хх 6-13/

 

Г.Э , Ж.Б  нар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ж.Б-гийн  өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон 48/4 байр, 6 тоот хаягт байрших 32 м.кв орон сууцыг Г.Э  47 000 000 төгрөгөөр худалдан авсан байна.

 

Хариуцагч Ж.Б  нь нэхэмжлэгч “А ” ХХК зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, нэхэмжлэгч “А ” ХХК нь зуучлалын гэрээ байгуулмагц орон сууц худалдах тухай зарыг unegui.mn сайтад байршуулсан, Г.Э  зуучлалын ажилтан Б.Б тай утсаар холбогдож орон сууцны талаар мэдээлэл авсан гэж тус тус тайлбар гаргаж маргажээ.

 

Гуравдагч этгээд буюу худалдан авагч Г.Э ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “unegui.mn сайтаас өөрийн санхүүд тохируулаад зар хайхад гарч ирсэн Б.Б ын дугаараар холбогдоод очиж 1 өрөө байрыг үзэх гэхэд түлхүүрээ мартсан гээд надад 2 өрөө байр байна гээд үзүүлэхэд нь би нэг өрөө үзэх гэж очоод 2 өрөө байрыг нь үзээд авсан, 42 000 000 төгрөгөөр тохирсон. Анхнаасаа үнэнээ хэлээд 43 000 000 гэж байхад  гуйж байгаад 42 000 000 болгосон. Б.Б  хүртэл хамт гуйж өгч байсан” гэх мэдүүлэг, мөн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “А ” ХХК-д Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо Хоршооллын хотхон 48/4 байрны 6 тоот хаягт байрших 32 м.кв орон сууцыг 47 000 000 төгрөгөөр худалдан авах санал Г.Э  илэрхийлсэн баримт зэргээс дүгнэвэл “А ” ХХК нь Ж.Б тай худалдан авагчийг холбож өгсөн, зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэнэ. /хх 82/

 

Хариуцагч Ж.Б  нь Г.Э тай зуучлалын гэрээ байгуулахаас өмнө уулзаж орон сууц худалдахаар урьдчилан тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын хөлс шаардах эрхтэй.

 

Ж.Блормаагийн Хаан банк дахь 5064041877 тоот дансанд 47 000 000 төгрөгийг “Э -с байр худалдан авсан төлбөр” гэх утгаар шилжүүлж, Ж.Б  нь Г.Э ын Хаан банк дахь 50640074325 тоот дансанд 5 100 000 төгрөгийг “bolormaagaas 48/4-6 toot bairnii tulburiin zu” гэх утгаар шилжүүлсэн байна. /хх 43/

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний бодит үнэ 42 000 000 төгрөг болохыг тогтоож, уг үнийн дүнгээс гэрээний 4.1-т “... үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчтай холбон зуучилж өгсөн бол зуучлуулагч, худалдан авагч нарын хооронд байгуулагдсан үндсэн гэрээний нийт үнийн дүнгийн 2.2 хувь болох ... төгрөгтэй тэнцэх хэмжээний зуучлалын хөлсийг зуучлагчид төлнө” гэж заасны дагуу зуучлалын хөлсийг 924 000 төгрөг тооцсон нь зөв байна. Түүнчлэн гэрээний 8.3-т “... гэрээнд заасан хугацаанд зуучлалын хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зуучлагчид үл маргах журмаар төлнө” гэж заажээ.

 

Иймд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 36 хоногт алданги тооцож, алдангид 166 320 /924 000 х 0,5% = 4620 х 36 хоног/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч “надад өгсөн гэрээнд гэрээ дуусах хугацааг бичээгүй” гэж маргах боловч талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаалахад зуучлах гэрээний удиртгал хэсэгт гэрээний хугацааг бичсэн байх тул гэрээний үйлчлэх хугацааг үгүйсгэх нөхцөл гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА