Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/826

 

 

Т.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Т.Э, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

яллагдагч Т.Эийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Бдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/309 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Халиуны бичсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Т.Эхолбогдох 21070025 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Т.Э, 

Яллагдагч Т.Э нь Нийтийн албан тушаалтан буюу Бдүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, мөн хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэлтрүүлэх”, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж, 2020 оны “ТӨСӨЛ”-ийн сонгон шалгаруулалт дууссаны дараа сонгон шалгаруулалтаар хасагдсан байсан М.Нгүль, Х.Кэ нарын “Гэр бүл” төсөлд 1.000.000 төгрөг, П.Да, С.Ба нарын “Бүлгийн” төсөлд 755.000 төгрөг, Н.Я, Б.Үн нарын “Туул хүлэмжийн” төсөлд 900.000 төгрөг, Б.Аа, Б.Ба нарын “Г ахуй” төсөлд 800.000 төгрөг, Ж.н, Ж.Ог нарын “Уран оёдол” төсөлд 700.000 төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг бүлгийн төсөлд шалгарсан иргэдийн жагсаалтад нэмж оруулах хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгч, санхүүжилт олгуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Бдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана: 3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж хуульчилжээ. Прокурор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 128 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг хэт ерөнхийлөн, үйл баримтыг дутуу бичсэн байна. Үүнд:

- Яллаж байгаа гэмт хэргийн цаг хугацааг буюу гэмт хэрэг хэзээ гарсныг тодорхойлж бичээгүй, “сонгон шалгаруулалт дууссаны дараа” гэж бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй,

  • Яллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн газрыг тодорхойлон бичээгүй буюу хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн үйлдлийг хаана өгсөн талаар дурдаагүй,
  • Санхүүжилт олгуулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дурдсан атал уг шийдвэрийн огноо, дугаар зэргийг дурдаагүй,
  • Бусдад давуу байдал бий болгосны улмаас ямар хохирол, хор уршиг учирсан талаар тусгаагүй буюу бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий иргэдийг иргэний хариуцагчаар татаж, тайлбар мэдүүлэг авсан, хохирол нөхөн төлүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан атал учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлоогүй байна. Иймд яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, яллагдагч Т.Эийн хувийн байдалтай холбоотойгоор “Иргэний лавлагаа, мэдээлэл” гэсэн /2хх 64/ баримт хэрэгт авагдсанаас бус яллагдагчийг өмнө ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдээлэл, боловсрол, гавьяа шагнал, эд хөрөнгө зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Иймд эдгээр үндэслэлээр яллагдагч Т.Эхолбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Э.Халиун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, шүүх өөрчлөн дүгнэх боломжтой юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн эрх, үүргээ хэтрүүлсний улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг шаарддаг. Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой. Т.Э нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнуудад хууль бус үүрэг даалгавар өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн хууль бус үүрэг даалгаврыг албан тушаалтнууд нь өөрийн ажил үүргийн түвшинд биелүүлсний улмаас сонгон шалгаруулалтаар хасагдсан байсан М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Гэр бүл" төсөлд 1.000.000 төгрөг, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөлд 755.000 төгрөг, Н.Ядмаа, Үйтүмэн нарын “Туул хүлэмжийн” төсөлд 900.000 төгрөг, Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “Газар тариалангийн аж ахуй” төсөлд 800.000 төгрөг, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” төсөлд 700.000 төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг бүлгийн төсөлд шалгарсан иргэдийн жагсаалтад нэмж оруулж санхүүжилт олгуулж давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн дээрх нэр бүхий хүмүүст үндэслэлгүйгээр давуу байдал бий болгосон мөнгөн дүнгийн хэмжээг яллах дүгнэлтэд тодорхой тусгаж өгсөн байхад, шүүх тогтоолдоо хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлоогүй гэсэн нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэх боловч Т.Эхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож буй үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган яллах дүгнэлт үйлдсэн болно.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Эийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний лавлагаа, мэдээлэл, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/100 дугаартай “Т.Эийг ажилд томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаартай Т.Эийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн түүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл зэрэг нь хэрэгт авагдсан. Мөн Т.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт биеийн байцаалт болон яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт түүний хувийн байдлыг тус тус тодорхой тусгаж өгсөн болно. Иймд шүүх хуралдааны явцад дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” биш юм.
  2. Анхан шатны шүүх нь “ТӨСӨЛ”-ийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагддаг байх ба яллах дүгнэлтэд дурдсан нэр бүхий 5 төслийн 1 дүгээр үе шат хэрхэн явагдсан эсэх, хэрхэн шалгарсан эсэх асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь ач холбогдолтой гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчиж байна. Тодруулбал: 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020 оны ТӨСӨЛ шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд ажлын хэсгийн гишүүд санал нэгтэйгээр нийт 19 бүлгийн төслийг дэмжсэн байна. Гэвч Нийслэлийн Бдүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаартай Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дэмжигдсэн бүлгийн төслүүдэд санхүүжилт олгох тухай тушаалаар нийт 24 бүлгийн төсөл шалгаруулж санхүүжилт олгожээ.

Дээрх санхүүжилт олгосон бүлгийн төслөөс:

  1. М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Гэр бүл” төсөл,
  2. П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөл,
  3. Н.Ядмаа, Үйтүмэн нарын “Туул хүлэмжийн” төсөл,
  4. Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “Газар тариалангийн аж ахуй” төсөл,
  5. О.Батсайхан, С.Орхонтуул нарын “Цахилгаан бараа, зурагт засвар үйлчилгээ” төсөл,
  6. Т.Болд, Д.Чаминхорлоо нарын “Цэцэгхэн” төсөл,
  7. Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” төсөл зэрэг нийт 7 бүлгийн төслийг нэмж ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд бичжээ. Уг 7 бүлгийн төслөөс Т.Болд, Д.Чаминхорлоо нарын “Цэцэгхэн” төсөл, О.Батсайхан, С.Орхонтуул нарын “Цахилгаан бараа, зурагт засвар үйлчилгээ” төсөл нь шаардлага хангаж байсан тул ажлын гишүүд санал нэгтэйгээр дэмжиж төсөлд шалгаруулсан байна. Харин Бдүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Э нь М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Гэр бүл” төсөл, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөл, Н.Ядмаа, Үйтүмэн нарын “Туул” төсөл, Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “Газар тариалангийн аж ахуй” төсөл, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” төслүүдийг нэмж оруулахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өгч, сонгон шалгаруулсан хурлын тэмдэглэлд өөрчлөлт оруулан санхүүжилт олгуулж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал нотлогдож тогтоогдсон гэж үзэж хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин шүүгчийн захирамжид түүнд холбогдох хэргийн хэмжээ хязгаараас хэтэрсэн ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Бдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Яллагдагч Т.Эийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хийлгэх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан. Тухайн хүсэлтдээ миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Мөн яллагдагчийн хувийн байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлийг заасан. Яллагдагчийн хувийн байдал, иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой лавлагаа, түүний гэр бүлийн мэдээлэл болон оршин суугаа хаягийн бүртгэл мэдээлэлтэй холбоотой лавлагаа хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн ял шалгах хуудас хавтас хэрэгт огт авагдаагүй байх бөгөөд тухайн баримтуудыг бүрдүүлэх ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлтийг гаргасан юм. Үнэхээр албан тушаалынхаа эрх мэдлийг урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн эсэхийг заавал хөдөлбөргүй тогтоосон байх ёстой. Шүүх миний хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт нь агуулгын шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн учраас хэргийг прокурорт буцаасан. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч Т.Эхолбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Бдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/309 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийслэлийн прокуророос Т.Эийг “Нийтийн албан тушаалтан буюу Бдүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, мөн хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэлтрүүлэх”, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж, 2020 оны “ТӨСӨЛ”-ийн сонгон шалгаруулалт дууссаны дараа сонгон шалгаруулалтаар хасагдсан байсан М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Гэр бүл” төсөлд 1.000.000 төгрөг, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөлд 755.000 төгрөг, Н.Ядмаа, Б.Үйтүмэн нарын “Туул хүлэмжийн” төсөлд 900.000 төгрөг, Б.Аптанхараа, Б.Баяраа нарын “Газар тариалангийн аж ахуй” төсөлд 800.000 төгрөг, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” төсөлд 700.000 төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг бүлгийн төсөлд шалгарсан иргэдийн жагсаалтад нэмж оруулах хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгч, санхүүжилт олгуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

            Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүхээс “... Прокурор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 128 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллаж байгаа гэмт хэргийн цаг хугацааг буюу гэмт хэрэг хэзээ гарсныг тодорхойлж бичээгүй, “сонгон шалгаруулалт дууссаны дараа” гэж бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй, яллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн газрыг тодорхойлон бичээгүй буюу хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн үйлдлийг хаана өгсөн талаар дурдаагүй, санхүүжилт олгуулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дурдсан атал уг шийдвэрийн огноо, дугаар зэргийг дурдаагүй, бусдад давуу байдал бий болгосны улмаас ямар хохирол, хор уршиг учирсан талаар тусгаагүй буюу бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий иргэдийг иргэний хариуцагчаар татаж, тайлбар мэдүүлэг авсан, хохирол нөхөн төлүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан атал учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлоогүй байна. Иймд яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн яллагдагч Т.Эийн хувийн байдалтай холбоотойгоор яллагдагчийг өмнө ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдээлэл, боловсрол, гавьяа шагнал, эд хөрөнгө зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй.” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Прокурор шүүх хуралдаанд “ял шалгах хуудас хэрэгт авагдсан” гэж байгаа боловч хэрэгт Т.Эийн ял шалгах хуудас байхгүй байх тул нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.  

Дээрх нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдав.

Мөн Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.     

Иймд давж заалдах шатны шүүх прокурор Э.Халиуны бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Бдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/309 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/309 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Халиуны бичсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                 Ж.Т.Э

 

ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ