Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0833

 

П.Ц-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч П.Ц, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, түүний өмгөөлөгч А.М, гуравдагч этгээд Б.Б нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2017/0026 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Цийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын  30-ны өдрийн 123/ШШ2017/0026 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 33 дугаар зүйлийн 33.4, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ц-ийн “Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ … Зуунмод сумын Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6/05 дугаартай захирамжаараа Төрийн албаны тухай хуулийн 17.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын дүгнэлт, аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 150 тоот захирамж, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 6 тоот тогтоолыг тус тус үндэслэн “П-ын Ц төрийн жинхэнэ албан хаагчийн зорилт чиг үүргийг хангаж мэдлэг боловсрол, туршлага шаардлага хангаж байгаа тул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай” гэж захирамжлан байнгын ажлын байранд авч ажиллуулсан бөгөөд миний бие ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байсан.

Гэтэл сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжаараа П.Ц намайг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас минь чөлөөлж дараах хуулийн зүйл заалтыг үндэслэлээ болгосон. Үүнд:

1. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.”Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, /Энэ заалт нь ерөнхий заалт. Засаг дарга ямар ч захирамжийг гаргахдаа энэ заалтыг барьдаг./

2. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно”, /Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй төрийн албан хаагчид урамшил олгох зохицуулалт./

3. Төрийн  албаны тухай  хуулийн   39  дүгээр  зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын   гаргасан   шийдвэрийг   холбогдох   байгууллага,   албан   тушаалтан биелүүлэх үүрэгтэй”, /Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн заалт/

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр   эдэлж   чадаагүй   ажилтанд   мөнгөн   урамшуулал   олгож   болно.   Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” /Төрийн албаны тухай хуулийн 31.4-р нарийвчлан зохицуулсан бөгөөд ерөнхий хуулийн заалтыг давхар хэрэглэсэн/.

Мөн захирамжаа Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 тоот тогтоолыг үндэслэжээ.

Иймд уг актыг хэрэгсэхгүй болгож П.Ц-ийг ажилд нь эгүүлэн томилуулан ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлээ гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй тухай: Шүүхийн шийдвэр “Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж” бланк дээр биежсэн байгаа нь шүүхийн шийдвэрийн хэлбэрийн шаардлага, ХУУЛЬ ёсны байх шаардлагуудыг зөрчсөн процессийн ноцтой алдаа гаргаснаар хууль ёсны болоогүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна.

Шүүх хэргийн үйл баримтад алдаатай дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. 

Шүүх хэргийн үйл баримтал дараах алдаатай дүгнэлтийг хийж маргаан бүхий актад хэрэглэсэн хуулийг буруу тайлбарласан. Шүүх үзэхдээ: “... П.Ц-ийг томилон ажиллуулахаар нэр дэвшүүлэн Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байхад П.Ц энэ тогтоолтой холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй. ... уг тогтоолыг хууль бусд тооцоогүй ... хүчин төгөлдөр тогтоол гэж үзээд тогтоолыг үндэслэсэн ... захирамж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасантай нийцсэн байна гэж шүүх үзсэн. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... П.Ц-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй...” гэж хариуцагчийн үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөсөн алдаа гаргасан.

Улмаар Засаг дарга Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлж хууль хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж хариуцагчийн төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 39.6-аар зөвтгөн тайлбарласан.

Шүүх хариуцагчийн гаргасан захирамжийн хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 40.1-д “Төрийн албан хаагчийг ... чөлөөлөх ... асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглоно” хэмээн төрийн алба өөрөө төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө хууль тогтоомжийг хатуу мөрдөхийг үүрэгжүүлсэн заалтыг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглээгүй, Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан 4 үндэслэл /1.Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, 2.Төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон. 3.Тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан. 4.Тухайн төрийн байгууллага нь бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан/, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан 3 үндэслэл /1.Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 2.Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, З.Өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол/-ээр Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг хуулиар зөвшөөрдөг гэтэл шүүх дүгнэлт өгч хэрэглэвэл зохих эдгээр заалтуудыг хэрэглэж маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Нотлох баримтад зөв үнэлэлт өгөөгүйгээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоороо намайг ажлаас чөлөөлөхийг Засаг даргад даалгаагүй, харин хууль дүрэм журамд нийцүүлэн ажилла гэдэг зөвлөмжийг өгсөн хариуцагч хуульд нийцүүлэх үүргээ зөрчин төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 39.6-г мөрдсөн гэж тайлбарлан уг заалтаар хууль бус захирамжаа хамгаалсныг шүүх зөвтгөн үнэлсэн.

Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаар тогтоолд: Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “...П-ын Ц нь ... төрийн жинхэнэ албан хаагч тул Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулах боломжтой гэж дүгнэсүгэй ... “ гэсэн нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а дахь заалтыг зөрчиж байгаа тул уг тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын томилгоог холбогдох хууль тогтоомжид нийцуулж, Төрийн албаны тухай хууль болон дүрэм, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг Зуунмод сумын Засаг даргад зөвлөсүгэй” гэжээ.

Энэ тогтоолоор Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын томилгоог холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, Төрийн албаны хууль болон дүрэм, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг Зуунмод сумын Засаг даргад зөвлөсөн нь П.Ц-г намайг ажлаас чөлөөлөх үндэслэл биш юм. Харин Засаг даргыг хууль, дүрэм журмын дагуу ажиллахыг зөвлөсөн байхад Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 23.4, 24.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад мөн хуулийн 40.1-р хориглосон хууль бус захирамж гарган тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас чөлөөлсөн.

Ийнхүү хариуцагч Засаг даргын төрийг төлөөлөн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд халдах, хөдөлмөрийн үйл ажиллагааг зогсоох захирамжилсан шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээ нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан хуулиар хязгаарлахыг шүүгч дүгнээгүй бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга нь П.Ц намайг ажлаас чөлөөлсөн захирамждаа төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хуульд заасан аль ч үндэслэлийг бариагүй, төрийн алба хуулийг дээдлэх үндсэн зарчмаа алдагдуулсан байхад шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн. 

Шүүх зүй нь маргаан бүхий захирамжийн үндэслэл хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж, Засаг даргын П.Ц намайг ажлаас чөлөөлсөн үйлдэл Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгээр хориглосон хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоох явдал байсан. Гэтэл шүүгч маргаан бүхий актын үр дагавар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн болохыг үгүйсгэсэн алдаатай дүгнэлт хийж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. 

П.Ц-ийн давж заалдах гомдолд “... ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны салбар зөвлөлийн 44 дүгээр тогтоолыг хэрэгжүүлсэн гэх боловч уг тогтоолд ажлаас чөлөөлөх талаар заалт байхгүй байхад шүүх төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлж хууль хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна” гэжээ. 

Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,  Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а-д заасныг үндэслэн, Төв аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан П.Ц-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулах боломжтой гэж дүгнэж, нэрийг нь дэвшүүлсний дагуу Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц нь түүнийг тус албан тушаалд жинхлэн томилжээ. Тухайн үед хэн нэгэн этгээд уг шийдвэртэй маргаагүй байна.

Гэтэл хэн нэгэн этгээд гомдол гаргаагүй, тухайн албан тушаалын чиг үүргийг хэвийн гүйцэтгэж байхад тус салбар зөвлөл нь П.Ц-ийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд ажиллаж бүрэн эрх хэрэгжүүлснээс хойш 11 сарын дараа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а-д заасныг зөрчсөн гэж дүгнэн, дээрх 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Тамгын газрын даргын томилгоог холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон дүрэм, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг Зуунмод сумын Засаг даргад зөвлөжээ. 

Уг салбар зөвлөлийн тогтоол нь П.Ц-ийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй, П.Ц-ийг төрийн албан тушаалаас чөлөөлөхийг даалгаагүй байхад хариуцагч аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Г.М нь уг тогтоолыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас П.Ц-ийг чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба тогтвортой байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25, 26.1.3-д зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зөрчсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлэлгүй, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 44 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байх тул  Б/02 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасанд нийцсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн салбар зөвлөлийн тогтоолын агуулга, хууль зүйн үндэслэлийг шалгаагүй атлаа П.Ц-ийг “хуульд заасан шаардлага хангаж, албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэн, П.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а-д “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  албан тушаалд дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно” гэж заажээ. 

Тухайн салбар зөвлөл нь анх П.Ц-ийг “төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр тэнцсэн” гэж дээрх журмын шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн, мөн хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл П.Ц нь тухайн албан тушаалын шаардлагыг хангаагүй  гэж үзэхээргүй байна. 

Харин дээрх журмын заалтын “... 2-оос доошгүй хүнийг шалгаруулж нэр дэвшүүлэх” гэснийг хангаагүй нь буруу боловч тухайн үед хэн нэгэн этгээд төрийн албанд орох адил тэгш боломжоор хангаагүй талаар гомдол гаргаагүй байх бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад 11 сар төрийн удирдах албан тушаалд ажиллуулсныхаа дараа шалтгаангүйгээр чөлөөлөх нь “төрийн алба тогтвортой байх” зарчимд нийцэхгүй юм.  

Түүнээс гадна хариуцагч нь П.Ц-ийг чөлөөлж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Б.Б-ыг  Тамгын газрын даргын албан тушаалд түр томилсон байх бөгөөд мөн дээрх журмын “ төрийн албаны нөөцөөс мөн 2-оос доошгүй хүний нэрийг дэвшүүлнэ” гэж заасныг зөрчсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Б.Б бол урьд нь Тамгын газрын даргын ажлыг гүйцэтгэж байсан учраас шаардлага хангасан тул томилсон” гэх, гуравдагч этгээд Б.Б-ны “... урьд нь 2013 онд Тамгын газрын даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдөн ... хувийн хэвшилд ажиллаж байгаад сая дахин томилогдсон. Албан тушаалын шаардлагыг хангаж байгаа” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Б.Б нь урьд нь уг албан тушаалд ажиллаж байгаад чөлөөлөгдөн төрийн албаны нөөцөд орсон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, дээрх журмын 14б-д “энэ журмын 14-ийн “а”-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн  иргэдээс  тухайн  албан тушаалд тавих  шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж,  Төрийн албаны зөвлөл буюу  Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөж болно” гэж заасны дагуу томилоогүй байх бөгөөд энэ нь “... шударга ёс, тэгш байдлыг хангах” төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь “... Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар хангалтгүй дүгнүүлсэн, үр дүнгийн гэрээний нэгтгэлийн хүснэгтэд “А” гэж гарын үсэг тамгыг өөрөө дарж баталгаажуулсан нь хууль бус ...” гэх мэтээр П.Ц-ийг буруутгасан тайлбар, нотлох баримт гаргасан боловч маргаан бүхий актыг эдгээр үндэслэлээр гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийг гардуулахдаа “шүүгчийн захирамж” гэж хэвлэн гаргаж өгч алдаа гаргасан боловч хэрэгт байгаа шүүхийн шийдвэр нь хэлбэрийн хувьд алдаагүй, мөн нэхэмжлэгчид гардуулсан хувийн бичвэртэй адил байх тул энэ үндэслэлээр гарсан гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгоогүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг баримтлан П.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон, П.Ц-ийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 711 740 /Долоон сая долоон зуун арван нэгэн мянга долоон зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгч П.Ц-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                   Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                                   С.МӨНХЖАРГАЛ