Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 205

 

Ч.Б, Ц.А  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э , Д.П , нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалтай, Ч.Б, Ц.А  нарт холбогдох 1829000000050 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 02 сар хорих ял, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ял, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Ч.Б,

2. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Х овогт Ц.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “Хүнийг бүлэглэж алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шүүгдэгч Ч.Б д 13 жил хорих ял, шүүгдэгч Ц.А эд 12 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  гаргасан гомдолдоо “...Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан, талийгаач ахынхаа оршуулгын ажил явдлын зардлыг ах дүү бид нар хамтран гаргаж, хохирлын тооцооллыг гаргаж өгсөн хүн нь би юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс миний гомдлыг огт авч хэлэлцээгүй, энэ талаар үг үсэг ч магадлалдаа дурдаагүй, хурлын товыг ч надад мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Би хуулийн дагуу хохирогчоор тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын зүгээс бидний гаргаж өгсөн оршуулгын зардлын дагуу ганц ч төгрөг төлөөгүй байхад давж заалдах шатны шүүх хуралдаанаас энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Д.П гийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох ёсгүй гэж үзэж байгаа ба хоёр хууль ёсны төлөөлөгч тогтоогдсон байхад яг хэн нь хуулийн дагуу хохирогчоор тогтоогдох байсан талаар дүгнэлт хийгээгүй, мөн шүүгдэгч нарын Д.П д өгсөн хохирлын мөнгийг хохирол төлсөнд тооцон үнэлсэн нь буруу ба өнөөдрийн байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би Д.П гаас ч тэр, шүүгдэгч нараас ч тэр ганц ч төгрөг гар дээрээ аваагүй. Би энэ мөнгийг өөртөө авах гээд гомдоод байгаа юм биш, талийгаач ах маань 3 хүүхэдтэй тэд нарт нь юм аваад өгчих юмсан гэсэн бодолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн асуудалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч шийдэлгүйгээр Д.П д мөнгө өгсөн баримтаар хохирол барагдуулсанд тооцсон нь буруу юм. Иймд хэргийн материалыг бүхэлд нь судлан шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хохирогч миний бие хохирлоо хэнээс, яаж авах асуудлыг тодорхойлж хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б  гаргасан гомдолдоо “...Миний бие энэ гэмт хэргийг үйлдээгүй тул ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цагаан хадны Хайрхан багийн “Дээдэс” дэлгүүрийн хавьд 18:30 цагийн үед явж байгаад Ц.А , С.Б хоёртой таарч цаашаа очиж талийгаач М.Э , Б, Э нартай машинд архи уусан юм. Гадаа харанхуй болсон байсан бөгөөд Э  хоёр удаа архи хийж өгсөн. Тэгээд Баатар буугаад явсан. Би тэгээд жолооч талын суудал дээр суугаад рулийг түшээд жаахан дуг хийсэн. Тэгээд чанга чанга дуугараад Б шорон, цагдаа яриад байсан, өөр хоорондоо маргаад байсан зүйл байхгүй. Би жолоочийн талаар буугаад зөв талаар нь тойроод 15-20 метр яваад хүндээр бие засаад байж байтал пижигнээд дуугарсан, тэгээд босоод алхаад очтол нэг хүн хэвтэж байсан, хэн бэ гэсэн чинь талийгаач хэвтэж байсан тэгээд ойртож очоод зүүн мөрөн дээрээс 2 татсан, 3-4 алхмын цаана Ц.А  зогсож байсан. Би ойртож очоод юу болсон, яасан юм гэхэд дуугараагүй. Энэ хүн чинь юмаа хаячихвий гээд оруулж унтуулаарай гэж хэлээд би явахдаа паскийг нь авсан. Маргааш өглөө нь эрт ирсэн. Талийгаач урд талын суудал дээр байсан, яасан бэ, юу болсон гайгүй юу гэхэд Ц.А  намайг зодсон гэсэн. Би талийгаачийн мөрнөөс нь 2 татсан, түүнийг өшиглөсөн зүйл байхгүй, гар хүрээгүй. Би машинаас зөв тал буюу жолооны хүрдэн дээр сууж байгаад бие засах гээд жолоочийн талын хаалгаар буугаад машины хойд тал руу явсныг гэрч Б гэрчилж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч Б  намайг машины урд талаар тойрч буруу талын хаалган дээр очсон мэтээр хэлсэн. Ц.А  болохоор өөрийнх нь талаар араар давж жолоочийн талын хаалгаар буугаад шууд машины буруу талын хаалган дээр ирсэн гэж ярьдаг. Энэ мэтээр нэг цаг хугацаанд, нэг газар болсон үйл явдлыг хэргийн оролцогч, гэрч нар өөр өөрөөр тайлбарлаж мэдүүлсэн байна. Талийгаач М.Э той гэрч Б  ухаантай байх үед нь буюу машинд орж ирэхэд нь ярилцсан гэх мэдүүлэгтэй бас л гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг зөрүүтэй байдаг юм. Хохирогч нь гэрч Б эд намайг Хөвсгөлийн гэх Ц.А  зодсон, бие муу байна гэж хэлээд унтсан гэж байхад Б  шал өөр зүйл ярьсан байх юм. Гэрч Б эхний мэдүүлэг нь миний бодлоор яг үнэнээ хэлсэн мэдүүлэг. Харин дараа нь буюу 2, 3 дахь мэдүүлэг бол худлаа мэдүүлэг, яагаад гэвэл машины хаалганы ард талын жижиг цонхоор гарсан гэж мэдүүлдэг. Тэр цонхоор гарах ямар ч аргагүй, цонх нь битүү зураг наасан гадагшаа юм харагддаггүй цонхтой байдаг. Эдгээр зүйлүүдийг дахин тодруулж шалгуулах хүсэлтэй байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 02 буюу маргааш өглөө нь намайг паск өгөх гээд талийгаачтай уулзах үед ямар ч байсан өөрийн ухаантай, хоёр цагдаад юм яриад зогсож байсан. Тэр хоёр цагдаагаас ч тодруулах зүйл байгаа гэж бодож байна. Мөн анхан шатны шүүх хурлын дараагаар бас дахин зурвас ирсэн. “Чи хохирлоо миний нэр дээр хий, өмгөөлөгчөөсөө сайн лавлаж асуу, би өмгөөлөгчдөө чамайг өшиглөхийг хараагүй гэж үнэнээ хэлнэ. Миний буруугаас болж энэ хүний эрх ашиг зөрчигдөж болохгүй” гэсэн утгатай захианууд ирсэн. Ийм учраас миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б ын өмгөөлөгч И.Олонмөнх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Ч.Б ыг хүнийг санаатай алах хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэж, ял халдаахдаа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үзэлгүй, зөвхөн Ц.А ийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаагаа дурдаагүй. Болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүд Ч.Б  талийгаачийг зодсон талаар гэрчилдэггүй бөгөөд харин гэрч Ц.Б , Ч.Э, С.Б  нар “Эрдэнэболд кабинд орж ирээд нөгөө өөрийгөө Хөвсгөлийн бөх гээд байсан залуу намайг зодчихлоо гэж хэлсэн” талаар мэдүүлсэн байдаг. Мөн дуудлагаар очсон цагдаагийн ажилтан С  “Б-ээс Э-г хэн зодсон талаар асуухад Хөвсгөлийн гаралтай аймгийн цолтой гэж танилцуулж байсан нэг залуу зодсон гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Анхны тусламж үзүүлсэн эмч Г.М ын мэдүүлэг ч үүнийг давхар нотолдог. Харин Ц.А ийн мэдүүлэгт “Ч.Б ыг М.Э ын нүүрний баруун талын хэсэгт зүүн талын хөлөөрөө өшиглөж байсныг харсан, би цээж хавьд нь өшиглөсөн” гэсэн байгаа нь талийгаачийн амь нас хохирсон гэмтлийг би учруулаагүй гэсэн санаа явж байгаа харагдаж байна. Мөн тухайн хэрэг учрал гарах үеийн цагийн байдал, орчны үзэгдэх байдал ямар байсан, машин тэрэгний байрлал, талийгаач машинаас хэр зайтай хэвтэж байсан, харагдах орчин зэргийг шалгаж тогтоогоогүй, гэрч Бат-Эрдэнийн хоёр дахь удаагийн мэдүүлгийг хэрхэн дүгнэж байгаа болон бусад гэрч болох Б , Э , М , С  нарын хууль сануулан өгсөн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн талаар үндэслэх хэсэгтээ дурдаагүй байж зөвхөн холбогдогч Ц.А ийн мэдүүлгийг үндэслэн Ч.Б ыг гэм буруутайд тооцсон нь хууль бус, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж, Ч.Б ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх эмнэлгийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн шинжилгээ болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тархины оройн хэсгийг нийтэд нь хамарсан, духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины оройн дух, зулай, дагзны дэлбэнг хамарсан их хэмжээний тархины эдийн няцрал, тархины бүрхэвчийн идээт хүндрэл бүхий гэмтлүүд учирч амь насыг нь аврах боломжгүй боломжгүй болсон гэдэг нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан амь хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн. Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нь тухайн зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх нь энэ талаар тодорхой хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Б, Ц.А  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ч.Б, Ц.А  нарыг 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э ыг зодож, амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б, Ц.А  нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэднийг бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар Ч.Б д 13 жил хорих ял, Ц.А эд 12 жил хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн гэж магадлалдаа тусгасан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э ийн гомдлын талаар шийдвэрийнхээ удиртгал, тодорхойлох хэсэгтээ дурдаагүйн дээр түүний гомдлыг ямар зарчмаар, яагаад хэлэлцээгүй талаар огт дүгнээгүй орхигдуулсан байна.

Уг нөхцөл байдлыг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан ноцтой зөрчил гэж үзнэ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж оролцогчдын гаргасан гомдлыг няцаан үгүйсгэхдээ тодорхой үндэслэлд тулгуурлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчилд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг зөв гэж дүгнэхдээ үндэслэлээ огт заагаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлд тулгуурласан байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  болон бусад гомдол гаргасан, санал хэлсэн хүмүүсийн гомдол, санал болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэмдэглэгдсэн гэм буруугийн үндэслэлд тодорхой үндэслэлүүд зааж дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлага болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ч.Б, Ц.А  нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ч.Б, Ц.А  нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН