| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2022/00436/И |
| Дугаар | 151/ШШ2024/00603 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/00603
2024 06 19 151/ШШ2024/00603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.О,
Хариуцагч: М.М нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 66,375,142.88 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
“Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А, И.Ц, Х.С,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А,
Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.С,
Гэрч: Р.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Л.О, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,375,142.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Л.О, хамтран зээлдэгч М.М нар нь Т ХК-ийн ... аймаг салбараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувь /сарын 1.5 хувь/-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай, ... тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Л.О нь ... суманд "И" нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлж, 2020 оны 04 дүгээр сараас зээлээ хугацаанд нь төлөхгүй болсон. Иймд зээлдэгчтэй байнга утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардсан, мөн зээлээ төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй байгаа. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул “Т” ХК-иас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зардлыг гаргуулан авах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна. Иймд “Т” ХК-ийн зээлдэгч Л.О, хамтран зээлдэгч М.М нараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 48,046,252.06 төгрөг, хуримтлагдсан хүү 17,765,751.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,138.88 төгрөг, нотариатын зардал 63,000 төгрөг, нийт 66,375,142.88 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг төлүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Л.О, М.М нар нь “Т” ХК-ийн ... дахь салбараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, №... тоот зээлийн гэрээг байгуулан авсан. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан ч 2020 оны 04 дүгээр сараас эхлэн зээлээ төлөхөө больсон. Төрийн банкны зүгээс зээлдэгч нарт утсаар мэдэгдэж, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөөгүй. Хариуцагч нар Р.Г-ын шахалтаас болж зээлийн гэрээ байгуулж, зээлийг авсан гэж тайлбарлаж байна. “Т” ХК нь өөрөө зээлийн хороотой, тус хороо нь 7 гишүүнтэй, зээл олгохдоо зээлийн хороогоор орж, зээлийг судалж байж зээл олгоно. Өөрөөр хэлбэл 3-4 шат дараалсан процесс ажиллагаатай. Банкны салбарт нэг хүний дарамт, шахалтаар зээл олгодог зүйл байхгүй. Хэрэв ингэж явдаг байсан бол Монгол улсад банк гэх зүйл байхгүй. Өөрсдөө тухайн үед мөнгө өгсөн, авсан дээрээ ярьж тохиролцоод зээл авчхаад одоо нэг нэгэн рүүгээ чихээд, тэр ч төлнө, энэ ч төлнө гэх асуудал үүсээд байгаа юм байна гэж харж байна. Зээлдэгч Л.О, М.М нар анхнаасаа банканд ирж өргөдлөө бичиж, зээлийн гэрээгээ байгуулан гарын үсгээ зурсан ба хүн рүү шилжүүлсэн мөнгөний баримтад хүртэл гарын үсэг зурсан байгаа. Энэ зээлийн хохирогч нь “Т” ХК, Р.Г, М.М нар нэг ч төгрөг төлөөгүй. “Т” ХК нь энэ зээлд 100 хувь эрсдэлийн сан байгуулчихсан, хохиролд явж байна. Зээлээр олгосон мөнгийг өөрөө төлөх эсэх, Р.Г-д өгөх эсэх нь хувь хүний асуудал, зээл гарах процесс Т банкны зээл олгох журмын дагуу явагдсан. Иймд зээлдэгч Л.О, хамтран зээлдэгч М.М нараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 48,046,252 төгрөг, зээлийн хүү 17,765,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,138 төгрөг, нотариатын зардал 68,000 төгрөг, нийт 66,375,143 төгрөгийг гаргуулж, “Т” ХК-д олгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т” ХК нь зээл олгох үйл ажиллагааг харсаар байж зогсоогоогүй, зээлийг олгосон гэх зүйл ярьж байна. Нэгдүгээрт зээлийг авахгүйгээр зогсоох боломж хариуцагч нарт байсан. Яагаад гэхээр өөрсдөө материалаа бүрдүүлж өгөөгүй бол зээл судлагдахгүй. Тэгэхээр хариуцагч нар материалаа бүрдүүлж өгснөөр зээлийн судалгаа эхэлсэн байна. Хоёрдугаарт зээлийн хороонд Р.Г ганцаараа сууж байснаар нөлөөлж зээл гарахгүй, манай зээлийн хорооны үйл ажиллагааны журмаар 7 хүний саналаар зээл олгох шийдвэр гардаг. Гуравдугаарт зээл олгох шийдвэр гарсны дараа буюу зээлийн гэрээнд харилцагч ирж, гарын үсэг зурахгүй бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагчаар Л.О-ийн ээж нь буюу Н.А гарын үсэг зурж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр ганцхан банк гэлтгүй тухайн үед зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар Р.Г-тай холбоотой гомдол гаргасан бол зээл олгогдохгүй байсан гэж харж байгаа. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Р.Г-тай холбоотой гаргасан гомдлыг “Т” ХК-ийн хянан шалгах хороо дүгнээд акт гаргасан тул тухайн гомдлыг банк хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна. Тусгайлан гаргах тайлбар байхгүй гэв.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Т” ХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 48,046,252.06 төгрөгийн 39,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Т” ХК-ийн ... аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан менежер Р.Г нь намайг болон миний гэр бүлийн гишүүдийг удаа дараа айлган сүрдүүлж, бидний амь насанд заналхийлж, элдвийн дарамт шахалт үзүүлж, худлаа ярьж, эгчийнхээ авсан зээлийг төл гэж шахаж шаардаж, элдвээр айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, намайг зээл авахаас өөр сонголтгүй болтол хүчинд автуулан, тэрээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, миний нэр дээр 50,000,000 төгрөгийн зээл гаргаж, түүнээс Р.Г нь өөрөө 39,000,000 төгрөгийг хувьдаа авч завшсан байдаг. Тус зээлийн гэрээг анхнаасаа хүчээр хийсэн. Анхнаасаа зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, яагаад гэхээр ямар ч зээлийн судалгаа хийгдээгүй, баримт материал бүрдүүлээгүй, Р.Г-ын хувьд хариуцагч нарыг зээл ав гэж айлган сүрдүүлж, дарамт үзүүлж гэрээг хүчээр байгуулсан. Би өөрийн охин Л.О-ээс Р.Г яагаад зээл авахыг шаардаад байгаа талаар асуухад “... Би Р.Г-аас 85,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй зээлсэн юм” гэж хэлж байсан. Ийнхүү Р.Г надаас анх 90,000,000 төгрөг нэхдэг байсан. Мөн үед Л.О нялх биетэй байсан ба Р.Г-ын хувьд Л.О-ийг шөнө, орой цагаар дуудаж, дарамталж, янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн мессеж бичдэг байсан. Ингэж дарамталсаар байгаад зээл авхуулсан. Ийм хууль бус зүйл болсон талаар Төрийн банкны удирдах зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын их хурлын тамгын газар зэрэг надад /өргөдөл, гомдол гаргасан/ яваагүй газар байхгүй. Банк Р.Г-ын буруутай, хууль бус үйлдэл хийснийг мэдсээр байж асуудлыг шийдэж өгөөгүй, миний өргөдөлд хариу өгөөгүй. Л.О нь тухайн үед өндөр дүнтэй зээлтэй байсан, баримт материал нь бүрдээгүй, зээлийн судалгаа хийгдээгүй, бүрдэл болоогүй, банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй материалаар оны эцсийн өдөр банкны дотоод гадаад гүйлгээг хаасан байхад хариуцагчийн авах сонирхолгүй зээлийг бизнесийн зээл гэх нэрээр гарган, дахин 50,000,000 төгрөгийн зээлийг нэр дээр нь нэмж, зээл, хүүгийн асар их дарамтанд оруулсан бөгөөд эгчид нь олгосон 85,000,000 төгрөгийн зээлээс хаах нэрээр 39,000,000 төгрөгийг Р.Г нь миний данснаас огт таньж мэдэхгүй н.А гэх хүн рүү өөрөө банкны ахлах теллерээр шилжүүлэг хийлгэж, дураараа авирлан, хувьдаа авч завшсан. Гэтэл тэрээр 85,000,000 төгрөгийг эгч Л.О-ийн харилцах дансанд 2 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатайгаар өөрийн эрх мэдэл албан тушаалаа хувийн зорилгодоо урвуулан ашиглан, 2 хүнээс гаргуулан, Л.Оюунцэцэгийн Төрийн банкны данс руу 40,000,000 төгрөгийг, Л.О-ийн Т банкны данс руу 45,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Тухайн зээл гэх 85,000,000 төгрөгийг Ж тооцооны төвөөс шилжүүлсэн нь банкны харилцагчдын авсан зээлээс, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан гаргасан нь гэрчийн баримтаар нотлогдож байгаа. Р.Г нь эгч Л.О-ээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийтдээ 59,800,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсныг тэрээр өөрийн 6 сарын албан тушаалын цалин хөлс, орлогоосоо илүү хөрөнгө орлогыг хууль ёсны дагуу олсноо банкинд мэдэгдэхгүй нуун дарагдуулсан байдаг. Эдийн засагч Ц.Н нь мөн хууль бус үйлдэл гаргаж, зээлийн судалгааr оrт хийгээгүй ба зээл олгосноос хойш түүний холбогдох баримтыг бүр 1 жилийн дараа буюу 2021 оны 04 сард бүрдүүлсэн ба барааны үлдэгдлийн жагсаалтыг энэ эдийн засагч нь хий хоосон дүнгээр нэмэгдүүлж засварласан, барьцаалбар хөрөнгө болох хашаа байшингуудыг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр газар дээр нь очиж, байрлал, байршлын зургийг нь авч баримтаа бүрдүүлсэн, дэлгүүрийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа мэтээр ойлгуулах үүднээс, дээд газрын шалгалт ирэх гэж байгаа талаар утсаар удаа дараа ярьж, 2021 оны 04 дүгээр сард огт хамааралгүй өөр дэлгүүрийн зургийг авч баримтандаа хавсаргасан, шаардлага хангахгүй барьцаалбарыг зээлийн материалд авч албан тушаалаа урвуулан ашигласан, Р.Г-тай үгсэн хуйвалдан зээлийн баримт материалыг ажлаасаа халагдсан. Р.Г нь өөрөөсөө олгоогүй зээлийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо бүрэн гүйцэлдүүлэн, банкны зээлдэгчийн эрх ашгийг хохироон өөрийн хувийн зүгээс зээл олгосон мэт төөрөгдүүлэн, хувь иргэнд зээл олгож, түүгээрээ мөнгө угааж, хувьдаа мөнгө өсгөж ашиг олдог, үүнийгээ төлүүлэхийн тулд энэ зээлийг авах сонирхолгүй жирийн ядарсан иргэн намайг болон миний өндөр настан ээжийг минь асар их дарамт шахалт, айлган сүрдүүлэлт заналхийлэлийг удаа дараа үзүүлэн зээл гаргасныг би одоо болтол төлж чадаагүй асар их зээл, зээлийн хүүгийн дарамтанд орж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Түүний гаргасан энэ хууль бус үйлдэл нь Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, хариуцагч нарт хүчээр дарамт шахалт үзүүлэн өндөр дүнтэй зээлийг зориуд санаатай олгон мөнгө угааж, зээлийн хорооны гишүүд нь хууль, дүрэм байхад зарим нь үгсэн хуйвалддаг, ямар ч хяналтгүйгээр зээлийн судалгааг хийгээгүй байхад зээл олгохыг зөвшөөрдөг, албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын үүднээс иргэдийн банкнаас авсан зээлийг дураараа авч, хувьдаа захиран зарцуулдаг, үндэслэлгүй хөрөнгөждөг, харилцагч иргэдийг дарамталдаг, банкнаас авах сонирхолгүй зээлийг иргэнд дарамт шахалт үзүүлэн хүчээр олгож, түүнийгээ банкны өндөр албан тушаалтан нь өөрөө хувьдаа авч завшин иргэнийг хохироодог, иргэний хувийн нууцын мэдээллийг задруулдаг, албан тушаалтан нь өөрөө, харилцагчийн өмнөөс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бүх ах дүү хамаатан садангуудын мэдээллийг олж мэдэн тэдний хувийн нууцад халдсан бөгөөд тэд нараараа зээл авахуул гэж шахаж шаарддаг, эдгээр байж боломгүй мэргэжлийн ёс зүйгүй асуудал гаргасан Р.Г-ыг болон нэр дурьдагдсан банкны нэр бүхий ажилтнуудыг дээрх хуулийн дагуу шалгуулахыг хүсч, Р.Г-ын хувьдаа авсан 39,000,000 төгрөгийг түүнээр төлүүлэх хүсэлтэй байна. 39,000,000 төгрөгийн зээлийг, хүү алдангийн хамт, миний зээлийн дүнгээс хасч, Р.Г руу шилжүүлж, миний өөрт ашиглаагүй зээлийн хүнд дарамтаас гаргаж өгнө үү. Зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 12,546,036 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ээс нэхэмжлэгчид холбогдуулан ““Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлээ:
“Т" ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 40 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээнд зааснаар зориулалт нь машин, мотоциклоос бусад барааны жижиглэн худалдаа гэх мөн зээлийн гэрээний барьцаанд ... тоотод байрлах Ү-1... дугаартай 100 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 781 м.кв газар, хашаа, ... тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 600 м.кв газар, хашаа, Соната-6 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, дэлгүүрийн лангуу, гэрийн тавилга, бараа материал гэх мэт зүйлсийг барьцаалсан. Л.О нь тухайн үед ... багт байрлах И дэлгүүрийг түрээсэлж ажиллуулдаг байсан бөгөөд өмнө энэ зээлийг гаргуулахаас “Т” ХК-иас 2018 онд хэрэглээний зээл авч байсан, дахин зээл авах зээлийн лимит буюу хэмжээ хэтэрсэн нэмж зээл гаргуулах боломжгүй байсан. Мөн тухайн үед ... аймгийн сум хөгжүүлэх сангаас зээл авсан, зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, тухайн зээлийн барьцаанд ... тоотод байрлах Ү- дугаартай 100 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 781 м.кв газар, хашаа бүртгэлтэй байсан. Тэрийг “Т” ХК-ийн ажилтан Р.Г энэ зээлийг судлаад энэ зээлээ манайхаас зээл авсны дараа чөлөөлөөд барьцаа хөрөнгөд энэ хөрөнгөө байршуул гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж зээлээ олгоод тус мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг Сум хөгжүүлэх санд төлж, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлээс чөлөөлүүлж, тухайн өдрөө барьцаа хөрөнгөд бүртгүүлэх ажлыг Р.Г өөрөө хөөцөлдөж хийсэн. Тухайн үед Р.Г нь Л.О-тэй зээлийн харилцаатай байсан бөгөөд тэр зээлийг хамаарал бүхий хүмүүсээр төлүүлэхийн тулд зээл авах боломжтой бүх хүмүүсийг судалж Л.О, Л.О нарын ээж Н.А-ийг хамтран зээлдэгчээр хамт ор гэж шахаж байсан бөгөөд тэтгэвэрт гарсан учраас Л.О-ийн нөхөр М.М-ийг хамт оруулна гэж, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулсан. Дээрх нөхцөл байдал нь зээлийн гэрээний оролцогч биш ээж Н.А нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдлаас харагдана. Зээлийн гэрээ байгуулагдах үед барьцаа хөрөнгийн судалгаа хийгдээгүй, 2019 оны жилийн эцэс болж байсан учраас Р.О-ийг зээлийн гэрээгээ байгуул гэж шахаж зээлийн гэрээг хүчээр байгуулсан. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр Р.Г-ын хэлсэн хүний данс руу 39,000,000 төгрөг шилжүүлсэн, барьцаа хөрөнгө чөлөөлөхөөр Сум хөгжүүлэх сангийн зээл хаахад 10,000,000 төгрөг, зээлийн шимтгэлд 1,000,000 төгрөг, нийт зээлсэн 50,000,000 төгрөгийг бүгдийг зарцуулсан, зээлийн зориулалтын дагуу ашигласан зээл байхгүй. Зээлдэгч гэх Л.О, М.М нар нь тухайн зээлийн гэрээг байгуулах хүсэл зориггүй, эрх, үүрэг үүсгэх хүсэлгүй байсан, дүр үзүүлж хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаа дараах байдлаар өөрчилж, тодруулж байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш “Т” ХК-ийн шахалтаар нэг удаа л төлөлт хийсэн өөр төлөлт хийгээгүй. Дээрх асуудлаар “Т” ХК болон бусад хүний эрх хамгаалах газарт удаа дараа хүсэлт гаргаж, “Т” ХК-д ажиллаж байсан Р.Г нь тухайн асуудлаас болж ажлаас халагдсан. Мөн дээрээс нь хэлцлийг хийх хүсэл зориг зээлдэгч нарт байгаагүй, тухайн үед “Т” ХК-д ажиллаж байсан Р.Г-ын зүгээс “Дээд шүүхийн шүүгч та нарын бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан”, “зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор нь эргүүлж орхьёдоо'', “амийг амиар гэнэ гэсэн шүү", “өөрсдөө гомд’’, “энд хориулах тогтоол энэ тэрийн гаргуулахаар байх шиг байна", “хариу энэ тэр байхгүй бол нөхрийн чинь ажлыг хүмүүстэй очиж самарлаа шүү”, “Мөн 31-с эвгүй буцааж болохгүй нөхцөлд оруулж чадах байх би” гэх мэтээр айлган сүрдүүлж, мөнгийг төлөхгүй, зээл авхуулж өгөхгүй бол аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсээр зээл авхуулсан байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй”, 60.2-д “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэсэн, “Аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг” гэдэгт тухайн аюул учирч болзошгүй, бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдэл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн байхыг хамааруулан үзнэ”. Талуудын хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хэлцэл байх тул хэлцэл хийгч тал хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Иймд “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэж тайлбарласан.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:
- "Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх, 43 дугаар зүйлийн 43.2-т “бичгээр хийх халлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ", 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан", 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... тоот гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг байгуулсанд тооцох, 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар Л овогтой О миний бие нь бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000 төгрөгийг зээлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэх өргөдөл гаргасан. Л.О-ийн хүсэлтийн дагуу зээлийг судлан 50,000,000 төгрөгийг ... тоот гэрээг байгуулж талуудын гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ", 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, 451.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ. Зээлийн гэрээний 2.1.3-т “Зээлдэгчийн ... банкин дах ... тоот дансанд бүхэлд нь бэлэн бусаар шилжүүлсэнээр тооцно” гэж заасан байдаг. Зээл олголт дансны хуулгаар баталгаажсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасны дагуу хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг бичгээр үйлдэж, хариуцагч тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч талууд шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч нарын зүгээс гаргаж буй сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нөхцөл байдлыг нотлох аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэсэн тайлбарыг гаргасан.
8. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:
Банк мэдээж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийг мэдээж зориулалтын дагуу олгож, зээлдэгч нар тус зээлийг зориулалтын дагуу ашиглана гэж гэрээ байгуулсан. Гэхдээ анхнаасаа зээлийн гэрээ байгуулж буй хэлбэр, байгуулах болсон санаа, зорилго ойлгомжтой. Өөрөөр хэлбэл Р.Г гэх хүний дарамт шахалтаас болж Л.О, М.М нар 2019 онд зээлийн гэрээ байгуулсан. Р.Г-аас дарамт, шахалт ирж байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотолсон гэж үзэж байгаа. Тухайн үед Төрийн банкны дотоод хяналт шалгалтын гараас нь шалгалт хийхэд Р.Г-ыг дарамт шахалт үзүүлсэн байна, мөн Л.О, Л.Оюунцэцэг, М.М нарыг дарамталж зээлийн гэрээг хүчээр байгуулан мөнгийг нь зээлдэгч нарын данс руу шилжүүлж, тухайн өдөртөө бүх мөнгийг нь шилжүүлэн авсан байдаг. Харин 9,000,000 төгрөг үлдсэн гээд байгаа нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байсан тул Сум хөгжүүлэх сангийн барьцаанд байсан хөрөнгийг чөлөөлж, Төрийн банкны зээлийн барьцаанд тавьсан. Бүх мөнгө нь Р.Г руу орсон үйл баримт харагдаж байгаа. Зээлийн гэрээний гол зорилго нь зээлдэгч тухайн зээлээ тодорхой хэмжээнд ашиглах, гэрээний зориулалтын дагуу хэрэглэх эрхтэй байдаг. Гэтэл зээлдэгчийн данс руу шилжүүлснээр та энэ мөнгийг ашигласан гэж үзэх боломжгүй. Тийм учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр дансанд нь 9,000,000 төгрөг үлдсэн байна. Хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдээд 12,546,035 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээг бичгээр байгуулж 50,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй байршуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк болон банкны эрхтэй харилцааг зохицуулсан байдаг. Тэгэхээр Л.О, М.М нарын хувьд тухайн зээлийг зээлийн гэрээнд заасан хугацаанд ашиглаагүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 39,000,000 төгрөгийн хувьд 0 ашиглаагүй, харин төлсөн мөнгөө хасаад 9,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөө илэрхийлж байгаа. Зээлийг ашиглах боломжийг анхнаасаа олгоогүй дарамт шахалт учруулж, Төрийн банк зээл олгосон. Тэр мөнгийг өөр хүний данс руу хийлгэсэн асуудал байна. Тэгэхээр Р.Г нь уг мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн хорооны гишүүн нь өөрөө авчихсан. Тийм учраас өөрсдийнхөө ашигласан мөнгийг төлөхөө илэрхийлж байгаа. Сөрөг нэхэмжлэл нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсонд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Р.Г нь хүч хэрэглэн зээлийн гэрээ байгуулсан. Н.А гэх хүмүүс гомдлоо гаргаад явж байсан. ... банкны хяналт шалгалт хийгээд тэгэхээр дарамт шахалатаар зээл авсан байна. Мөн дээрээс нь дарамт шахал үзүүлсэн гэх мэдээллийг нотлох баримтаар харагдаж байгаа. Зээлдэгч нарын ээжийг нь ажлаасаа гарах хүртэл дарамт үзүүлдэг байсан юм байна. Ингээд удаа дараагийн заналхийлсэн үйлдлээс шалтгаалан зээлийг авхуулсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлй 60.3-т “Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр 1 жилийн дотор гомдлоо гаргах эрхэй байгаа. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлдэгч талд Төрийн банкид өөрт дарамталсан байна гэдгээ өөрсдөө зөвшөөрсөн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан. Тэгэхээр 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс тасалдсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх хугацааг тооцохгүй дахин шинээр эхэлнэ гэж үзэж байна. Тэгэхээр ... газарт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Р.Г-д энэ асуудлаас болж гомдол гаргасан. Тус газраас шалгаад хэргийг 2023 онд хаасан байгаа. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Тэгэхээр жилийн хугацаанд гомдлоо гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар ямар үр дагаар үүсэх вэ? гэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар нь зээлийг ашиглаагүй, түүний хүүгийн төлбөрийг төлмөөргүй байна. Мэдээж энэ асуудлаас бол банк хохирсон. Мөн Л.О, М.М нар нь зээлийг өөрсдийн хэрэгцээнд ашиглаж чадалгүй хохирсон. Тухайн үед Р.Г нэхэмжлэгч ... банканд ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц “... Өмнө хэлээд зээл гаргах асуудлыг зогсоохгүй яасан юм бэ?” гэх асуудлыг ярьж байна. Өмнө яагаад зогсоогоогүй вэ? гэдэг нь тодорхой шүү дээ. Р.Г нь хариуцагч нар тэдгээрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь дарамталдаг байсан. Хэрхэн дарамталдаг байсан талаар нотлох баримтаар тогтоосон. Р.Г-аас утсанд ирж байсан мессежнүүдийг дурдвал “...Та нарт хийгээгүй хэрэг тохуулна. Ял оногдуулна, ... шүүхийн хүнтэй уулзах гэж байна. Гэмт хэрэгтэн болгоно...” гэх мэтээр удаа дараагийн дарамт учруулснаас эдгээр хүмүүс зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй нөхцөл байдлыг Р.Г бүрдүүлсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийг хүртэл ажлын байранд нь очиж, ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах болтол нь дарамт үзүүлсэн. Энэ дарамтууд үргэлжилсээр байгаад зээл олгосон. Зээл олгосны дараа ... банк болон холбогдох бүх газарт гомдол гаргасан. Ингээд банкны ... дотоод хянан шалгагчид ирж Р.Г-ын үйлдлийг шалгасан. Улмаар “... уг зээл нь өр төлбөр барагдуулах зорилгоор буюу банкны ажилтны шахалтаар гарсан гэж үзэх бүрэн боломжтой байна...” гэх дүгнэлт гаргасан. Дээрээс нь Р.Г-ын мөнгө зээлэх үйл ажиллагаанд оролцсон бусад ажилтны нэрийг барьсан, банкийг оролцуулсан, харилцагчийн дансыг дур мэдэн битүүмжилсэн, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн үйлдэл нь ... банкны ёс зүйн дүрмийн ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээний олон зүйл заалтыг зөрчсөн. Ингээд Р.Г-д сахилгын арга хэмжээ авсан. Тэгэхээр банкны ажилтан өөрөө бусдад дарамт шахалт үзүүлсэн гэдгийг банк өөрөө тогтоосон. Нэг үгээр хэлбэл дарамт шахалтын үндсэн дээр зээл авч, авсан зээлээ ч ашиглаж чадаагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх...” гэж заасан. Түүнчлэн өдөрт нь зээлийг нь олгочхоод Төрийн банкны ажилтан Р.Г нь өдөрт нь өөр хүмүүс рүү шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд мөнгийг нь авч байгаа нь хууль бус буу зээлдэгч нар зээлийг ашиглаагүй гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зээлийг ашигласан хэмжээнд төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Хариуцагч нарын зүгээс “Т” ХК-ийн ... аймаг салбарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь “Т” ХК-ийн ... аймаг салбар болон Л.О нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаагаар, 18 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө, Соната 6 маркийн машин, дэлгүүрийн лангуу гэх мэт зүйлсийг барьцаалсан. Л.О-ийн хувьд тухайн үед И гэх дэлгүүрийг ажиллуулж байсан. Зээл гаргуулахаас өмнө 2018 онд ... банкнаас хэрэглээний зээл авч байсан. Зээлийн хэмжээ хэтэрсэн, зээл гарах боломжгүй байсан. Тухайн үед зээл олгохоос өмнө Р.Г болон хариуцагч нарын эгч Л.О нар зээлийн гэрээний харилцаатай байсан. Ингээд энэ зээлийг төлүүлэхийн тулд тухайн үед Төрийн банканд ажиллаж байсан Р.Г-ын хувьд Л.О-ийн хамаарал бүхий хүмүүсийг судалж, эх Н.А, дүү Л.О, нөхөр М.М гэх мэт хүмүүстэй холбогдож, та нар зээл авах боломжтой юу, би зээл гаргаж өгнө гэх мэтээр асууж, сүүлдээ миний өмнө хэлсэнчлэн дарамт шахалт үзүүлэх болж, үүний улмаас Л.О, М.М нарын зээлийн өр төлбөр үүсэх шалтгаан эхэлсэн ба Р.Г-ын хувьд Л.О-ээр материал бүрдүүлж, өөрөө тухайн баримт материалыг нь боловсруулж зохицуулсан. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хэлцэл хийсэн. Хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэдгийг тухайн үед зээл олгосны дараа зээлдэгч нар болон зээлдэгч нарын эх Н.А нар холбогдох бүх газарт гомдлоо гаргасан. Ингээд гомдлын дагуу Төрийн банкнаас хяналт шалгалт хийсэн. Үүний дагуу Р.Г-д сануулах, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрээс нь Р.Г-ын Л.О рүү бичиж байсан мессежнүүдэд буюу гар утсанд үзлэг хийлгэсэн. Тухайн үзлэгээр Р.Г нь Л.О рүү “... Зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор нь эргүүлнэ, Энэ шүүхийн байранд бүлэглэн луйвар болгож ял хүлээлгэж чадна. Мөнгө өгч чадахгүй бол өөрсдөдөө гомд, илрээгүй хэргийг та нарт үрүүлээд нэг насаар чинь шоронд хатааж чадна шүү ...” гэх мэтээр зээл олгохоос өмнө дарамт үзүүлдэг. Тэгэхээр Р.Г-ын дарамт шахалт үзүүлсэн гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан. Тэгэхээр Р.Г-ын хувьд Л.О, түүний ойр дотнын хамаарал бүхий этгээдүүдэд хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байгаа тул хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна гэв.
9. Гэрч Р.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
Л.О-ийн эгч надтай өмнө хамт ажилладаг байсан. Удаа дараа надаас мөнгө зээлээч, 145,000,000 төгрөг олоод өгөөч, шүдний эмнэлэг нээж байгаа ... зээл удахгүй гарна гэж удаа дараа холбогдсон. Өөрөө манай нөхрийн ах хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед зээлийн талаар найзаасаа асууж өгсөн. Миний бие Л.О-ийн эгч болох Л.О-т 40,000,000 төгрөг, 45,000,000 төгрөгөөр тус тус нийт 85,000,000 төгрөгийг 2 найзаасаа авч зээлүүлсэн байдаг. Тухайн үед би зээлүүлэх үйл ажиллагаанд зуучлах байдлаар оролцсон. Л.О надаас “...145,000,000 төгрөг зээлээч...” гэж хэлсэн. Үүний хүрээнд би 2 найзаасаа мөнгө асууж, зээлүүлсэн. Гэтэл мөнгө зээлүүлсэн 2 найз маань Л.О-ийг мөнгөө өгөхгүй байна, 2 хоногийн хугацаатай зээлсэн гэх мэтээр над руу ярьдаг байсан. Би дунд нь тухайн зээлийг зуучилсан тул 2 найзынхаа хүсэлтийг Л.О-т дамжуулан хэлдэг байсан. Надад мөнгө өгөөгүй. Зээлүүлсэн хүндээ л өгсөн байгаа шүү дээ. Л.О-ийн данс руу манай найз н.П-гийн данснаас нийт 45,000,000 төгрөг орсон. Энэ мөнгөнийхөө тодорхой хэмжээний мөнгийг өгч, үлдэгдэл мөнгийг нь 1 дүгээр сард өгнө гэдэг байдлаар тэдгээр хүмүүс учраа олсон. Сүүлд нь энэ хүмүүсийн үлдэгдэл 27,000,000 төгрөгийг Л.О-гийн өмнөөс би өөрөөсөө төлж барагдуулсан гэв.
10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ... улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэдэгдлүүд, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл олгохыг хүссэн Л.О-ийн өргөдлийн хуулбар, зээлийн хорооны хурлын шийдвэр, мемориалын баримт, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл хүсэлтийг мэдүүлэг, Л.О-ийн өргөдлийг хуулбар, зээлдэгчийн анкет, борлуулалтын орлогын дансны хуулга, бэлэн мөнгө тоолсон акт, “И” хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлын хуулбар, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, түрээсийн гэрээнүүдийн хуулбар, гэрэл зургийн хуулбар, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд, хариу тайлбар, “Т” ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11/1747 дугаартай албан бичиг, “Т” ХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
11. Хариуцагч нараас хариу тайлбар, Л.О-ийн дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, “Т” ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11/1747 дугаартай албан бичгийн хуулбар, “Т” ХК-ийн .. шалгалтын газрын ахлах хянан шалгагч С.Б-д гаргасан өргөдлийн хуулбар, “Т” ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай албан бичгийн хуулбар, шуудангийн тасалбарын баримт, “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын Н.Г-т гаргасан өргөдөл гомдлын хуулбар, “Т” ХК-ийн дотоод хяналт аудитын газрын хяналтын байцаагчид Л.О-ээс гаргасан өргөдлийн хуулбар, “Т” ХК-ийн захирал Л.Н-т иргэн Б.П, Ж.Э, Л.С, Ц.Н нараас өгсөн тайлбарын хуулбар, “Т” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай албан бичгийн хуулбар, шуудангийн тасалбарын баримт, “Т” ХК-ийн дотоод хяналтын газарт гаргасан өргөдлийн хуулбар, гомдлын тодруулга, тайлбар, бараа материалын үлдэгдлийн жагсаалт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Л.О-ийн Төрийн банкны дансны хуулга, сөрөг нэхэмжлэл, мемориалын баримтын хуулбар, Л.О-ийн харилцах болон зээлийн дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
12. Хариуцагчийн хүсэлтээр ... аймгийн аймгийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай албан бичиг, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг буцаах тухай, ... тэмцэх газар, мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай албан бичиг, ... аймгийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай албан бичиг, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, ... аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай албан бичиг, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, “Т” ХК-ийн ... аймаг салбарын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай албан бичиг, “Т” ХК-ийн ... аймаг салбарын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай тушаалын хуулбар, “Т” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай тушаалын хуулбар, ... аймаг салбар, харьяа 29 тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Л.О, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,375,142.88 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ,
хариуцагч Л.О, М.М нар нь нэхэмжлэгч “Т” ХК-д холбогдуулан “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
3. Нэхэмжлэгч “Т” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:
“... Зээлдэгч Л.О, М.М нар нь ... банкны ... аймаг салбараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан. ... Иймд хариуцагч Л.О, М.М нараас үндсэн зээл 48,046,252.06 төгрөг, хуримтлагдсан хүү 17,765,751.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,138.88 төгрөг, нотариатын зардал 63,000 төгрөг, нийт 66,375,142.88 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
4. Хариуцагч Л.О, М.М нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“... “Т” ХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 48,046,252.06 төгрөгөөс 39,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХК-ийн ... аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан менежер Р.Г нь намайг болон миний гэр бүлийн гишүүдийг удаа дараа айлган сүрдүүлж, бидний амь насанд заналхийлж, авах сонирхолгүй зээлийг бидний нэр дээр гаргасан. Иймд 39,000,000 төгрөгийн зээлийг, хүү алдангийн хамт, зээлийн дүнгээс хасч, Р.Г руу шилжүүлэх ёстой. Зээлийн үлдэгдэл 12,546,036 төгрөгийг төлж барагдуулна” гэв.
5. Хариуцагч Л.О, М.М нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:
“ ... Зээлийн гэрээ байгуулснаас хойш “Т” ХК-ийн шахалтаар нэг удаа л төлөлт хийсэн. Уг хэлцлийг хийх хүсэл зориг зээлдэгч нарт байгаагүй. Бидний хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хэлцэл байна. Иймд “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.
6. Нэхэмжлэгч “Т” ХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“ ... Л.О нь бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасан, хүсэлтийн дагуу банкнаас 50,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д зааснаар зээл олголт дансны хуулгаар баталгаажсан. Хариуцагч нарын зүгээс сөрөг нэхэмжлэлдээ дурдсан нөхцөл байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.
7. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. “Т” ХК болон Л.О, М.М нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... тоот зээлийн гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр “Т” ХК нь Л.О, М.М нарт 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,50 /жилийн 18/ хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. /1-р хх-18-20/
7.2. Зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр ... тоотод байрлах 100 мкв талбайтай, №... дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн орон сууц, тус хаягт байрлах 781 мкв талбайтай №.. дугаартай гэрчилгээтэй, Г- ... дугаартай өмчлөлийн газар, ... тоотод байрлах 56 мкв талбайтай №... дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай хувийн сууц, тус хаягт байрлах 1087 мкв талбайтай, №... дугаартай гэрчилгээтэй, Э- дугаартай эзэмшлийн газар, Sonata 6 маркийн суудлын автомашин, дэлгүүрийн лангуу, хөргөгч, хөлдөөгч, НӨАТ-ын машин, камер, гэрийн тавилга эд хогшил, бараа материал зэрэг хөрөнгийг 59,918,400 төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна. /1-р хх-21-23/
7.3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 310000653502 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /1-р хх-18-23/, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /1-р хх-10-11/, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах өргөдөл /1-р хх-12/, Л.Оюун-Эрдэнийн өргөдөл /1-р хх-15/, зээлийн мөнгийг шилжүүлсэн мемориалын баримт /1-р хх-17/, Л.О-ийн харилцагчийн зээлийн дансны хуулга /1-р хх-24-27/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-28/, зээл хүсэгчийн мэдүүлэг /1-р хх-29/, Л.О-ийн өргөдөл /1-р хх-30/, зээлдэгчийн анкет /1-р хх-31-32/ зэрэг баримтуудаар “Т” ХХК болон Л.О, М.М нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн мөнгийг зээлдэгч Л.О-ийн дансанд шилжүүлж олгосон, зээлдэгч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээлийн төлөлт зогссоноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
7.4. Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээний хугацааг хариуцагч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байх ба зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар нь зээлийг эргэн төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хариуцагч Л.О-ийн ... дугаартай зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
7.5. Зээлийн гэрээний 1.1, 2.1.3-д заасны дагуу зээлдэгч Л.О-ийн дансанд зээлийн 50,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, зээлийн мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй байна.
7.6. Харин хариуцагч нар нь “ ... “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,546,036 төгрөгийг төлж барагдуулна, үлдэгдэл 53,829,142.88 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна” гэсэн тайлбар гаргаж гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж байна.
8. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
8.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
8.2. Нэхэмжлэгч “Т” ХК нь зээлийн гэрээнд заасан хэмжээний зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, 6.3-т тус тус заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
8.3. Зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хугацаа 40 сар, зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов” гэж зааж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон, мөн гэрээний 2.1.4, 2.1.5, 3.2.4-т зааснаар зээлдэгч нар нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.
8.4. Мөн зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч М.М нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Л.О, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт 66,375,142.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
9. Хариуцагч Л.О, М.М нар нь “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.
10. Энэ шаардлагын үндэслэлээ “... “Т” ХК-д ажиллаж байсан Р.Г-ын зүгээс ... айлган сүрдүүлж, аюул учирна гэж итгүүлж, зээл авахуулсан. Бидний хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлаж байна.
11. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж,
хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж тус тус заасан.
12. Энд дурдсан “хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэдэгт хүчинд автагдан дарамтлагдаж буй тал аливаа үйлдэл хийж, хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүйд хүрэхүйц хэмжээнд хүч хэрэглэн дарамталсан байхыг ойлгохоос гадна заналхийлэгч этгээд тухайн аюул, гэм хорыг учруулах боломжтой энэ нь тодорхой байхыг ойлгоно.
Мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хэлцэл хийгч этгээдэд чиглэсэн байх ба заналхийлэл нь гэрээ, хэлцэл хийх гол үндэслэл, шалтгаан болсон байхыг ойлгох юм.
13. Хариуцагч Л.О, М.М нарын хувьд “хүчинд автаж зээл авсан” гэж тайлбарлаж байх боловч “Т” ХК болон Р.Г нарын зүгээс хариуцагч нарыг дарамталж, заналхийлж зээл авахуулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
“Т” ХК-ийн ... аймаг салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Г-аас зээлдэгч Л.О-ийн эгч Л.О-гийн утас руу “Дээд шүүхийн шүүгч та нарыг бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан”, “зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор нь эргүүлж орхьёдоо'', “амийг амиар гэнэ гэсэн шүү", “өөрсдөө гомд’’, “энд хориулах тогтоол энэ тэрийн гаргуулахаар байх шиг байна", “хариу энэ тэр байхгүй бол нөхрийн чинь ажлыг хүмүүстэй очиж самарлаа шүү”, “Мөн 31-с эвгүй буцааж болохгүй нөхцөлд оруулж чадах байх би ...” зэрэг утгатай зурвас явуулсан үйлдлийг нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч Л.О, М.М нарт хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.
Зээлдэгч Л.О, М.М нар нь “Т” ХК-тай зээлийн гэрээ байгуулах хүсэл, сонирхолгүй байсан нөхцөлд зээл авах хүсэл сонирхолгүй гэдгээ хэдийд ч бүрэн илэрхийлэх боломжтой байсан байна.
14. Шүүх аливаа этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
15. Тус хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 1 ширхэг ... бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг СD /видео/ бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг зөрчсөн буюу хууль бус аргаар, бусдын зөвшөөрөлгүйгээр бичсэн бичлэг байх тул уг CD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,825.77 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, М.М нараас 489,825.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Л.О, М.М нараас 66,375,142.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, “Т” ХК болон Л.О, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,825.77 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, М.М нараас 489,825.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН