| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00897/И |
| Дугаар | 151/ШШ2024/00770 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00770
2024 09 13 151/ШШ2024/00770
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн төв байранд байрлах Голомтбанк ХК,
Хариуцагч: Төв аймгийн Б сум, 1 дүгээр баг, Ө салхит гудамж, 2-25 тоотод оршин суух Б овогт Дгийн О,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,316,711.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Голомтбанк ХК нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлдээ: Д.О нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1615187072 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүрэгт 1,316,711.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Голомтбанк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,316,711 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 430,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 430,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 456,711 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3-4/, итгэмжлэл /хх-5/, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 30к1-3/4861 дугаартай албан бичгийн хуулбар /хх-6/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/02714 дүгээр шийдвэрийн хуулбар /хх-7-8/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2023/01844 дүгээр захирамжийн хуулбар /хх-9/, Голомтбанк ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18/04-42023/0187 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай баримтын хуулбар /хх-10/, Голомтбанк ХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1605187072 дугаартай Зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх-11-12/, Голомтбанк ХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ1605187072-А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх-13-14/, Төв аймгийн Б сумын Мандал 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15/69 дугаартай албан бичгийн хуулбар /хх-15/, Төв аймгийн цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 45/04/5523 дугаартай албан бичгийн хуулбар /хх-15/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2023/01844 дүгээр захирамжийн хуулбар /хх-16/, Хүү тооцооллын хүснэгт /хх-17/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Голомтбанк ХК нь хариуцагч Д.Од холбогдуулан гэрээний үүрэгт 1,316,711.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.О нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1615187072 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүрэгт 1,316,711.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Голомтбанк ХК нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18/04-52024/0422 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Н.Оюунбилэг, Ц.Насанбуян нарт олгожээ. /хх-5/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 430,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 430,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 456,711 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-26/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 36,017 төгрөгөөс 18,008.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 18,008.50 төгрөг, хариуцагчаас 18,008.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.О нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 430,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 430,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 456,711 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомтбанк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Голомтбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,017 төгрөгөөс 18,008.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 18,008.50 төгрөг, хариуцагч Д.Оаас 18,008.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомтбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН