Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/838

 

                                      

А.Мхолбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

хохирогч О.Б,

            шүүгдэгч А.М, 

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Мхолбогдох 22000519 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 А.М, 

А.М нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХК” ХХК-ийн байранд О.Б“чиний шалны модыг яаж мэддэг юм” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.МГ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.МГ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.МГ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Моногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар иргэний нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч А.Мас 1.614.368 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 тоот дансанд шилжүүлж, шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон хамаарах бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ажил дээрээ хавтангаар гар руугаа цохиулж нарийн шуугаа хугалуулсан. Үүнээс хойш 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийн хохирол авсан бөгөөд дахин мөнгө өгөөгүй. Би 6 сарын хугацаанд ажилгүй амьдарч байна. Би нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Гараа хугалуулаад 7 сар болж байна. Би тавилгын үйлдвэрт ажилладаг сарын цалин 900.000 төгрөг авдаг байсан. Сүүлийн 7 сар ажилгүй байна. Тиймээс сүүлийн 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин хөлсөө гаргуулж авмаар байна. Маш удаан хугацаа өнгөрсөн байна. Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулчихаад үүнийгээ ухамсарлаж, ойлгохгүй “явдаг газраараа яв” гээд хохирол барагдуулахгүй зүгээр ажлаа хийгээд юу ч болоогүй мэт яваад байгаад гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч, миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалын санд 1.614.368 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Хэрэв өмнө надад мэдэгдсэн бол энэ мөнгийг төлөх байсан, чимээгүй байж байгаад анхан шатны шүүх хуралдаанд очиход гэнэт ийм торгууль гараад ирсэн. Мөн би хохирогчид 3.000.000 төгрөг өгөөд шүүхээр оролгүй хэргийг шийдвэрлэхээр тохиролцсон байсан. Энэ мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг өгсөн байсан, үлдэгдэл мөнгийг өгөх гэсэн боловч боломжгүй байгаад байсан. Гэтэл хохирогч надаас ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулна гээд шүүхээр явж байгаа.” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудал яригдсан. Прокурорын зүгээс хавтаст хэрэгт хохирогч О.Бгийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн баримт байхгүй учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон хамаарах бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой гэсэн саналыг гаргаж анхан шатны шүүхээс энэ дагуу шийдвэрлэсэн. Одоо нэхэмжилж байгаа хохирлыг тодорхой баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Мөн хохирогч О.Б нь эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй учир Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас лавлагаа авч шийтгэх тогтоолд дурдагдсан 1.614.368 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч О.Бгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХК” ХХК-ийн байранд О.Б“чиний шалны модыг яаж мэддэг юм” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бгийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” тавилгын үйлдвэрт 2021 оны 8 дугаар сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа очсон чинь шалны мод хайгаад олдохгүй байхаар нь би хамт ажилладаг Амараа, Бямбаа, А.М нараас шалны мод харсан уу? гээд асуусан чинь А.М гэнэт уурлаад бид нар чиний шалны модыг яаж мэдэх юм бэ, балай авгай минь гэж доромжилсон. Би М “чи яагаад байгаан” гээд нуруу руу нь гараараа цохисон ба А.Мтай маргалдаж байгаад салаад явж байсан чинь А.М над руу тавилга хийдэг модон хавтан шидсэн. Би нүүр, толгойгоо хамгаалаад өөрийнхөө зүүн гараар нүүрээ хаасан чинь миний зүүн гарыг оносон. Миний зүүн гар хавдаад халуу оргиод хөдөлгөөнгүй болсон, эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн гарын шууны яс хугарсан байсан.” /хх-н 7-9/,

гэрч Ц.Аын: “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө би Бямбагарав, мужаан А.М нарын хамт байж байсан чинь манай ажлын үйлчлэгч Баярмаа бид нараас шалны мод асуухад А.М би яаж шалны модыг чинь мэдэх юм бэ? та өөрөө шалны модоо хариуцах ёстой биз дээ гээд Б, А.М нар маргалдаад байсан. Баярмаа нь Мг насаараа шоронгийн хадаас болно гээд хэлсэн чинь А.М тавилгын эвээс хавтан аваад шидсэн чинь Б зүүн гараа бариад уйлаад байсан, эмчид үзүүлсэн чинь О.Б эгчийн зүүн гарын шуу нь хугарсан гэж хэлсэн.” /хх-н 13/

гэрч Н.Сан “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай ажлын үйлчлэгч Баярмаа уйлаад гараа бариад манай өрөөнд орж ирэхээр нь юу болсон талаар асуухад А.Мтай маргалдаад гар руу нь хавтан шидсэн чинь хавдаад өвдөөд байна гэхээр нь Баярмааг эмнэлэгт үзүүлж, хэвтүүлсэн.” /хх-н 17/,

яллагдагч А.МГ: “...Би О.Б эгчийн гарыг модон хавтан шидэж хугалсан буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-н 76/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3647 дугаартай “....О.Бгийн биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжгой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 19-20/,

хавтан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 27-29/, хохирогч О.Бгийн ГССҮТ-н өвчний түүх /хх-н 42-49/, дүрс оношилгооны хариу /хх-н 21/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс А.МГ “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.МГ хохирогч О.Бгийн биед “зүүн богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.М600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Б “...Би тавилгын үйлдвэрт сарын 900.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Сүүлийн 7 сар ажилгүй байна. Тиймээс сүүлийн 7 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авмаар байна. Маш их гомдолтой байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч О.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн боловч түүнийг “Х” ХХК-нд ажилладаг болохыг тодорхойлсон баримт /хх 69/ хэрэгт авагдсан боловч түүний сарын цалин хөлсний хэмжээ, хэдий хугацаанд цалингүй чөлөөтэй байсан зэрэг баримт хэрэгт авагдаагүй ба энэ нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш тул анхан шатны шүүх шүүгдэгч А.М нь хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                     ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ