Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2024/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Л. Г,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.И,

Гомдлын шаардлага: Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бг /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын талаар:

1.1. Гомдол гаргагч Л.Г нь анх Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ид холбогдуулан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.

1.2. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдлын шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичгийн дагуу Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.И нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшин өрсөлдсөн Ламжавын Гүндалайг 1/ нэр дэвшигчийн тайланд хуулийн этгээдийн мөнгөн хандивыг хуулийн заасан хэмжээнээс хэтрүүлсэн, 2/ хандивын дансыг Монгол Улсын Үндэсний Аудитын газар бүртгүүлээгүй гэсэн хоёр зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.2. Улмаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.И нь гомдол гаргагчийг хандивын дансаа Монгол Улсын Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.

2.3. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2038000672 дугаартай Албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл-д маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч Л.Ггийн иргэний үнэмлэхний хаягаар хүргүүлсэн гэж дурдах боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд: ...Б ХХК-ийн хаягаар хүргүүлсэн... гэж тайлбарласан, мөн холбогдох баталгаат шуудангийн баримтаар гомдол гаргагч Л.Ггийн иргэний үнэмлэхний хаягаар бус Б ХХК-д хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ. гэж заасан байтал хариуцагчаас гомдол гаргагчийн иргэний үнэмлэхний хаягаар бус Б ХХК-ийн хаягаар хүргүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч тухайн үед гардаж аваагүй гэж үзэх үндэслэлтэй.

2.5. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: ... шийтгэлийн хуудас гарсныг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ярих үед олж мэдлээ... гэж тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/159 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 22360255 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол(2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал)-оос үзэхэд гомдол гаргагчийн гомдолдоо дурдаж буй өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шийтгэлийн хуудсыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.6. Улмаар гомдол гаргагч Л.Г нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд уг шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гомдол гаргажээ.

Гурав. Гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч Л.Г шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшсэн. Сонгуулийн хугацаанд хууль дүрмийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон.

Миний зүгээс сонгуулийн хандивын дансыг өөрийн биеэр нээлгэсэн. Ингээд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын байгууллагад бүртгүүлэх ажлыг өөрийн ажилтан нягтлан, менежер Б.Бд даалгасан ба манай ажилтан сонгуулийн зардлын данс, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлэхээр Үндэсний аудитын газарт очиж Ц.Хосжаргал гэдэг хүнтэй уулзан дансаа өгөн уг асуудалтай холбоотой мэдээллийг аван одоо сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх үү гэхэд шаардлагагүй болсон гэж манай ажилтанд хэлсэн ба манай ажилтан бүртгүүлсэн гэж ойлгосон байдаг. Миний зүгээс сонгуулийн зардлын дансыг нээлгэн зохих мэдээллийг бүртгүүлсэн гэж тухайн үед ойлгосон ба бүртгэсэн бүртгээгүйг мэдэх боломжгүй. Бүртгэх ёстой ажилтан нь болсон гэж хэлсэн учраас дахин очоогүй. Иймд захиргааны байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн асуудал би хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь миний зүгээс хийх ёстой зүйлээ хийсэн харин бүртгээгүй асуудал нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл байна.

Хуулийн этгээдийн өгсөн мөнгөн хандив хуульд заасан хэмжээнээс 4 250 000 төгрөгөөр хэтэрсэн тухайд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Журам, маягт, загвар батлах тухай А/45 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланг гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх танилцуулах журам-ын 10.2-т Мөнгөн бус хандивын үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгч болох мөнгөн хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй буюу маягт 1-3 3.1.2 дахь заалтад бичигдсэн мөнгөн бус хандивын дүн бөгөөд хууль журамд заасан хэмжээнээс хэтрээгүй юм. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтны тасгийн татварын улсын байцаагч Ц.И нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа энэ талаар мэдэгдээгүй бөгөөд шийтгэлийн хуудас гарсныг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ярих үед олж мэдлээ.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.И нь намайг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй оролцох эрхээр хангаагүй ба зөрчлийн арга хэмжээ авсан талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байдаг. Захиргааны байгууллага шийдвэр гарган бусдын эрх ашигт халдсан торгуулийн арга хэмжээ авсан атлаа энэ талаараа юу ч болоогүй мэт чимээгүйхэн нуусан төрийн байгууллагын хариуцлагагүй үйлдэл нь гомдол гаргах үндэслэл болсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол гаргах бас нэг үндэслэл болсон.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын татвары улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийж гаргасан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байгаа. Учир нь юу вэ гэвэл Л.Г нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт нэр дэвшсэн. Тухайн үедээ Л.Г гадаад улсад байсан. Сонгуулийн тайлан болон данс бүртгүүлэхтэй холбоотой бусад асуудлыг Б.Бд хариуцуулан үлдээсэн. Б.Б нь Л.Ггийн сонгуулийн тайлан мэдээтэй холбоотой асуудлыг 2,3 удаа хариуцаж байсан. Тухайн сонгууль болохоос 10 хоногийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон байдаг. Б.Б нь Үндэсний аудитын газар дээр биечилж очоод зааварчилгаа мэдээлэл авсан байдаг. Үүнийг Үндэсний аудитын газрын байцаагч бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Явцын болон эцсийн тайлангаа хүргүүлээд 6 дугаар сарын 10-ны өдөр бол сонгуулийн дансаа нээлгээд данс нээлгэсэн өдрөө тухайн дансаа аваад Үндэсний аудитын газар бүртгүүлэхээр очсон байдаг. Данс нээлгэсэн картаа аваачиж өгсөн. Болсон уу гэхээр Үндэсний аудитын байцаагч болсон гэж хэлээд хүлээж авсан байдаг юм байна лээ. Сонгуулийн ажил дуусаад дараа нь энэ зөрчлийг үйлдсэн байгаа хариуцлага тооцуулна гээд бичгээр татварын байцаагч хүргүүлсэн байдаг. Ингэхдээ гурван үндэслэлээр торгох мэдэгдэл ирүүлсэн. Нэгдүгээрт, явцын болон эцсийн тайлангаа ирүүлээгүй гэж, хоёрдугаарт, мөнгөн хандивын хэмжээ хэтэрсэн гэж, гуравдугаарт, дансны мэдээлэл бүртгүүлээгүй байна гэсэн энэ гурван үндэслэлээр тайлбар авах хүсэлтийг ирүүлсэн байдаг. Нэгдүгээр асуудал буюу явцын болон эцсийн тайланг хүргүүлээгүй гэдэг. Тухайн үед азаар Б.Б нь явцын болон эцсийн тайлангаа Үндэсний аудитын газрын мэйлээр хүргүүлсэн байсан учир тухайн баримтыг гаргаж өгсөн. Мөнгөн хандивын хэмжээ хэтэрсэн гэдэг дээр болохоор иргэн 5,000,000 төгрөг, хуулийн этгээд 20,000,000 төгрөг гэдгийг мэдэхгүйгээр торгох гээд байсан юм байна лээ. Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна гээд батлаад өгсөн. Сонгуулийн тухай хуульд заасан дансны асуудлын тухайд 6 дугаар сарын 10-ны өдөр дансаа нээлгээд аваачаад өгснийг танайх гар хөлийн үсэг зуруулахгүйгээр болсон гэж хэлээд явуулсан. Ийм учир болсон гэж үзсэн учраас энэ гурван үндэслэлээр шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна гэдэг тайлбараа хүргүүлсэн. Ингээд харахад татварын улсын байцаагч хэрэг шалгаад явсан. Тэгэхдээ Л.Гд мэдэгдсэн гэдэг. Нэг удаа мэдэгдэхэд нь Б.Бд итгэмжлэл өгсөн юм байна лээ. Б.Бд итгэмжлэл өгөхдөө зөвхөн тайлбар, мэдүүлэг өгөх эрхийг л олгосон. Гэтэл татварын улсын байцаагч олгосон итгэмжлэлээс давсан хяналт шалгалтын ажиллагаанд Б.Бг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулаад явсан. Маргаад байгаа шийтгэлийн хуудсыг Л.Гд биш Б.Бд мэдэгдсэн байдаг. Тухайн үед Л.Г шийтгэлийн хуудас хүлээж аваагүй, мэдээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас таны дансыг битүүмжилж байна гээд тэр өдөр намайг ингэж торгосон юм байна гэдгийг мэдсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ийм юм болсон. Яагаад шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасан байдаг. Юу гэж заасан байдаг вэ гэхээр сонгуулийн дансыг мэдэгдэх буюу цаасаар өгнө гэсэн байдаг. Гомдол гаргагчийн зүгээс яасан байдаг вэ гэхээр 6 дугаар сарын 10-ны өдөр дансаа нээлгээд тухайн өдрөө амаар мэдэгдсэн буюу мөн цаасаар өгсөн. Үүнийг бол татварын улсын байцаагч тэр, шүүх дээр ч тэр тогтоосон зүйл байхгүй. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б тухайн үедээ дансны мэдээллээ аваачаад өгсөн. Захиргааны байгууллага хүлээж авсан. Хүлээж авчхаад Б.Бгаар ямар нэгэн байдлаар гарын үсэг зуруулаагүй. Зүгээр боллоо гээд явуулсан. Боллоо гэхээр болсон л гэж бодно. Захиргааны байгууллага бид нар хүлээж аваагүй гээд байдаг. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Гарын үсэг зуруулаад авсан бол би өгсөн би өгөөгүй гэж ярихгүй. Гэрчийн мэдүүлэг дээрээ Б.Б нь би өгсөн, Ц.Хосжаргал нь би аваагүй гэдэг зүйл яриад байдаг. Тэгэхээр энэ хоёрын гэрчийн мэдүүлэг үндэслэлтэй болоогүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6-д заасан бодит нөхцөл байдалд тохироогүй. Тухайн дансыг бүртгүүлсэн юм уу, бүртгүүлээгүй юм уу гэдгийг тогтоогоогүй нэг ч ажиллагаа хийгээгүй хэрнээ шийтгэлийн хуудас оногдуулаад байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн дээрээс нь итгэмжлэлээр зөвхөн тайлбар мэдүүлэг өгөх эрхийг л олгож байгаа. Түүнээс хэтэрсэн ажиллагаанд оролцуулаад явсан байна. Ийм учир гомдолтой байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 26.1, 42.1, 43.1-т заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй. Хэргийн бодит нөхцөл байдалд тохироогүй шийтгэлийн хуудас оногдуулсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, үндэслэл:

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Ч.Ичинхорлоо миний бие иргэн Л.Г /РХ63110215/-ийн тус шүүхэд гаргасан 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдолтой танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

Иргэн Л.Г нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшихдээ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот албан бичиг Татварын албанд ирүүлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу татварын алба гомдол мэдээллийг хүлээн авч шалгахдаа миний бие 2020 оны 12 сарын 07-ны өдөр Л.Ггийн Хөвсгөл аймаг дахь сонгуулийн менежер Л.Алтанхуягийн 99099136 дугаарын утсаар холбогдож Л.Ггийн дугаарыг асуухад түүний эхнэр н.Аззаяагийн 99000440 дугаарын утсыг өгсөн. Мөн өдөр эхнэр н.Аззаяатай холбогдоход Л.Ггийн 99114140 дугаарыг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Л.Гтай 99114140 дугаарын утасруу холбогдож Аудитын газраас ирсэн албан бичгийн талаар танилцуулж мэдүүлэг, тайлбар авах талаар хэлэхэд Би тухайн үед гадаадад байсан, тэр талаар сайн мэдэх сонгуулийн менежер Б.Бг итгэмжпэлээр оролцуулна гэсэн хариуг өгсөн.

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Бтай 91010672 дугаарын утасруу холбогдож гомдол мэдээллийн талаар танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Л.Гг төлөөлөх итгэмжлэл, бусад нотлох баримт зэргийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан байгууллагын албаны мэйл хаягаар ирүүлэх талаар мэдэгдсэн. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэл, Б.Бгийн тайлбар мэйл хаягаар ирсэн. Б.Б нь гаргасан тайлбартаа 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Үндэсний аудитын газар руу утсаар залгасан боловч тодорхой зөвлөгөө авч чадаагүй тул Үндэсний аудитын газарт очиж Ц.Хосжаргал гэдэг мэргэжилтэнтэй уулзаж дансаа бүртгүүлэх үү гэж асуухад одоо болсон гэсэн хариуг өгсөн тул дансыг хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн гэж үзэж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн тул нэмэлтээр тодруулахаар Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 тоот албан бичгээр Үндэсний аудитын газарт хандаж сонгуулийн зардлын дансаа бүртгүүлсэн эсэх талаар дахин тодруулсан. Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/336 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Л.Г нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан хугацаанд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ирүүлээгүй талаар хариу ирүүлсэн болно.

Мөн төлөөлөгч Б.Бгийн гаргасан хариу тайлбарт дурьдсанаар Л.Г нь сонгуулийн зардлын дансны дугаарыг албан ёсоор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байсан тул зөрчилд хуульд заасан шийтгэлийг оногдуулсан болно гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд иргэн Л.Г Хөвсгөл аймаг буюу 17 дугаар тойрогт нэр дэвшсэн. Нэр дэвших хугацаанд Сонгуулийн тухай хуулиар заасан эрх, үүрэг бүх хүнд ижил тэгш байгаа. Үүргийн хүрээнд бол хандивын дансаа нээх, хандивын дансаа хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газар буюу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх гээд үүргүүд байгаа. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн эцсийн аудитын тайланг хүргүүлэх үүрэгтэй. Үндэсний аудитын газраас 2020 оны 10 дугаар сард Татварын ерөнхий газар луу гомдол мэдээллийг албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлсэн байгаа. Сонгуульд нэр дэвшсэн иргэд Сонгуулийн тухай хуулийн холбогдох тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй байна гэсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн харъяаллаараа татварын улсын байцаагч шалгах ийм хуультай юм байна лээ. Түүний дагуу Татварын ерөнхий газар дээр ирээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр мөн харьяаллын дагуу Хөвсгөл аймаг гэдгээрээ иргэн Л.Г болон нэр бүхий 4 хүний гомдол шилжиж ирсэн. Тэгээд шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн үед манай татварын улсын байцаагч нар чиг үүргийнхээ дагуу хүлээж авч шалгасан. Л.Гтай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг тухайн үеийн хяналт шалгалтын тасгийн дарга хийж байсан Ц.И хүлээж авч шалгасан. Эхлээд Л.Гл холбогдох гомдол мэдээллийг хүлээж аваад эхнэр н.Аззаяатай нь ярьсан байдаг. Утас нь 9911 хэд билээ би сайн санахгүй байна. Тэгэхэд Л.Г гуай өөрөө гадаад улсад байсан. Яаж холбогдох билээ гэж Ц.И байцаагч хөөцөлдсөөр байгаад Л.Гтай холбогдсон байсан. Тэгээд тань дээр ийм зөрчлийн гомдол мэдээлэл ирсэн. Хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн байгаа. Мэдэгдэхэд гадаад улсад байсан. Мөн бас нэг том хүчин зүйл байгаа. 2020 оны 10 сараас эхлээд ковидын нөхцөл байдал тухайн үед байсан. Монгол Улсад эхлээд яг тэр шалгалтын ажиллагаа хэдэн сард эхэлсэн байдаг билээ. Яг тэр үед нийтийг хамарсан хөл хорио улсын хэмжээнд эхэлсэн байдаг. Тэгээд наашаа цаашаа ирж очих гэдэг асуудал байхгүй болсон байсан. Зөвхөн цахимаар мэдүүлэг авах цахимаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөл байдалтай. Л.Г гуай хэлэхдээ 2020 онд сонгуульд нэр дэвших үед Монголд байхгүй байсан. Би дараа нь сонгуулийн өмнөх өдөр билүү сонгуулийн өдөр билүү ирсэн. Олон нийтийн сүлжээгээр уйлаад ярьж байгаа бичлэг яваад байдаг. Тэрнээс өмнө Монголд байхгүй байсан учраас сонгуультай холбоотой зардлын данс, хандивтай холбоотой юмыг ах нь огт мэдэхгүй байна. Мэдэж байгаа хүн нь Б.Б гэж хүн байгаа. Сая хэллээ сүүлийн 2,3 жил сонгуультай холбоотой юм дээр явж байсан гээд. Сая Сонгуулийн хууль өөрчлөгдсөн ч гэж хэллээ хуульд өөрчлөлт орсон юм байна. Энэ хүн бүгдийг нь мэдэж байгаа. Энэ хүнийг зөрчил шалган шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцуулна гэж өөрөө хэлсэн. Тэгэхээр тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах юм бол заавал итгэмжлэлээр оролцуулна. Итгэмжлэлгүй гэх юм бол Б.Б гэдэг хүнээс гэрчээр мэдүүлэг авах ийм л зүйл байгаа. Тэгэхээр Л.Г гэдэг хүн хэнийг итгэмжлэлээр оролцуулах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Б.Бгаас өөр хүн байхгүй учир итгэмжлэлээр оролцуулж байгаа. Гэрчээр мэдүүлэг тайлбар авах биш. Төлөөлөл буюу итгэмжлэл өөрөө хийж өгсөн. Тухайн үед хийж өгсөн итгэмжлэл нь нотариатаар биш. Мэдээж тухайн үеийнхээ нөхцөл байдалтай холбогдуулаад өөрийн гарын үсэгтэй итгэмжлэлээ хийж өгсөн. Ингээд өөрт нь мэдэгдсэн. Итгэмжлэл хүлээж авсан учир Б.Бг утсаар буюу цахимаар мэдүүлэг тайлбарыг нь авсан. Мэдүүлэг тайлбарыг авах хугацаанд би хамгийн сайн санаж байна. Б.Бгийн өгсөн мэдүүлэг бол би энэ зардлыг дансыг бүртгүүлсэн гэж огт хэлээгүй, бүртгүүлээгүй гэж хэлсэн. Тэгээд энэ 2022 оны 5 сараас маргаан эхэлснээс хойш хичнээн удаагийн шүүх хурал болов, явсаар байгаад өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн гэсэн ийм мэдүүлэгтэй болчхоод байна. Хамгийн анхны зөрчил дээр өгсөн мэдүүлэг дээр ийм зүйл байдаггүй юм. Сайн санахгүй байна гэж хэлсэн байдаг. Б.Б гэдэг хүн бүртгүүлсэн, бүртгүүлээгүйгээ нотолж чадахгүй байсан. Зөрчлийн процессын хуулийн дагуу нотлох баримтаа цуглуулах арга хэмжээнийхээ хүрээнд бол Үндэсний аудитын газраас лавлагаа авсан, тодруулсан. Энэ тодруулах юм дээр Л.Г дансны дугаараа бүртгүүлээгүй байдаг. Нэг зүйл ажиглагдаж байна. Одоо манай гомдол гаргагч нар ингэж ярьж байгаа. Аудитын тайлангаа хүргүүлэхдээ дансны дугаараа хүргүүлсэн гэж байна. Өмнөх шүүх хурлууд дээр ч мөн ингэж ярьж байна. Энэ чинь цаг хугацааны хувьд хоёр өөр. Аудитын тайлан өөрөө сонгуулийн хандивын хугацаа дуусаад үүний дараагаар хувийн аудит хийлгээд тэр тайлангаа Үндэсний аудитын газар хүргүүлж байгаа. Зардлын дансны дугаараа 20-30 хоногийн өмнө бүртгүүлэх ёстой. Цаг хугацааны хувьд хоёр өөр юм. Б.Б гэдэг хүн нь олон сонгуульд оролцож байсан, төрийн байгууллага, албан тушаалтнуудтай харьцаад сурсан хүн гэж бий ойлгоод байгаа. Тэгэхэд Ц.Хосжаргал гэдэг хүнд бүртгүүлсэн гэж байгаа. Ц.Хосжаргал гэдэг хүн тэр байгууллагын бичиг хүлээж авдаг хүн биш. Зүгээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг хүн. Ямар ч төрийн байгууллагаар орсон иргэн, төрийн байгууллага аль нь ч байсан бичиг хэргээр дамжаад удирдах албан тушаалтан танилцаад шилжүүлдэг чиг үүрэгтэй. Үндэсний аудитын газарт ганцхан Ц.Хосжаргал гэдэг хүн суудаггүй. Энэ үүрэг нь өөрөө иргэнд байгаа. Бүртгүүлээгүй нөхцөл байдлаа хуулийг замхруулах замаар тайлбарлаад байгаа нь зохимжгүй юм. Б.Б гэдэг хүн шийтгэлийн хуудсыг миний ажилладаг Бат Сарай ХХК-д хүргүүлчих гэсэн. Би ойлгохдоо Бат Сарай ХХК нь Л.Ггийн эхнэрийн ажиллуулдаг компани юм байна гэж ойлгосон. Одоо гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэг гэдэг хүн хүртэл ажилладаг юм байна гэж би ойлгоод байгаа. Энэ бол 100% Л.Гтай холбоо хамаарал бүхий компани байх. Энэ компанийн хаягаар хүлээж авна гэж оролцогч өрөө хэлсэн учир бид нар шуудангаар Бат Сарай ХХК-ийн хаягийг бичээд явуулсан. Шуудан хүргэгч очоод Б.Б гэдэг хүнд ийм бичиг өгөх гэсэн юм гэхээр тийм хүн байхгүй гээд тэгээд буцаагаад аваад ирж байгаа. Албан бичиг хүргэх хуулиараа шийтгэлийн хуудсыг хүлээж авахаас татгалзах үндэслэл нь цаашдаа шийтгэлийг хуудсыг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж хууль журам байгаа гэж бодож байгаа. Үүний дагуу 2021 оны хэдэн сард билээ Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авъя гэсэн. Манайхаас Захиргааны хэргийн шүүхэд хандаад эндээс албадан гүйцэтгүүлэх захирамж гараад Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход харьяаллын дагуу биш байна гэсэн. Л.Г гуай оршин суугаа хаяг буюу Нийслэлийн өр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр очоод ийм процесс дамжлага нь өөрөө маш их удсан. Тэгээд шүүхийн шийдвэрээс ярьж байгаа хугацаа нь орой байсан гээд байгаа нь үүнтэй холбоотой. Шийтгэлийг хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх албанаас мэдсэн гэдэг нь маш өрөөсгөл ойлголт юм. Яагаад гэвэл Б.Б гэдэг хүн тэрийг мэдэгдэхгүй өнөөдрийг хүртэл явсан гэж үү. Мэдээж энэ хүнд үйлчилж байгаа. Цалин мөнгөөр хангаж байгаа тэр хүнийг 10,000,000 төгрөгийн торгууль авсан байхад тэрийг нүдэн балай чих нь дүлий мэдэгдэхгүй явна гэдэг өнөөдөр амьдрал дээр буухгүй асуудал. Шүүхийн дагуу биш хоёр хүн хоорондоо ярьсан ч ойлгомжтой асуудал. Ийм зүйл байна. Мэдэгдэх буюу цаасаар өгсөн гэж ярьсан гэсэн. Энийг өөрөө хуульч хүн мэдэж байгаа байх. Мэдэх буюу цаасаар өгсөн гэдэг чинь мэдэгдээд болчих буюу мэдэгдээд бүртгүүлсэнд тооцно гэж байна шүү дээ. Энийг ярихаас өмнө бүртгүүлэх журам, хуульд заасан асуудлаа биелүүлээгүй асуудал болж байгаа. Одоо тэгээд эргээд хардаг бол дараагийн асуулт хариулт дээр ярих байх. Энэ чинь явцын болон эцсийн тайлангаа хүргүүлэхдээ бүртгүүлсэн гэж өмнөх шүүх хурлууд дээр ярьсан шүү. Энэ цаг хугацаа анхнаасаа зөрүүтэй байна. Өнөөдөр тэгж ярихгүй байна. Тусдаа бүртгүүлсэн гэж хэлж байх шиг байна. Энэ өмнө шүүх хурлууд дээр тайлбар нь шал өөр байсан. Тийм учраас нэхэмжлэх талын шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх процесс ажиллагааны хувьд хууль зөрчсөн гэж бодохгүй байгаа. Л.Г гуайтай гадаад улсад байгаа хүнтэй хамгийн боломжтой байдлаар холбогдоод итгэмжлэлээр төлөөлөгчийн оролцуулаад явсан. Ингээд мэдэгдэх, тайлбар хүргүүлэх явцад ямар ч асуудал байхгүй. Бид нар баталгаат шуудангаар хүргүүлж байгаа. Хүлээж авах, авахгүй нь тэр хүмүүсийн асуудал. Ийм л зүйл болоод байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээрХөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ид холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг ...сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй... гэх зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан байна.

3.  Гомдол гаргагчаас ...сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын байгууллаад бүртгүүлэх ажлыг өөрийн ажилтан нягтлан менежер Б.Бд даалгасан ...манай ажилтан сонгуулийн зардлын данс, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлэхээр Үндэсний аудитын газарт очиж Ц.Хосжаргал гэдэг хүнтэй уулзан дансаа өгөн уг асуудалтай холбоотой мэдээллийг авахад шаардлагагүй болсон гэж манай ажилтанд хэлсэн ... бүртгэх ёстой ажилтан нь болсон гэж хэлсэн учраас дахин очоогүй. Иймд захиргааны байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн асуудалд би хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй... гэж, хариуцагчаас ...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Үндэсний аудитын газар руу утсаар залгасан боловч тодорхой зөвлөгөө авч чадаагүй тул Үндэсний аудитын газарт очиж Ц.Хосжаргал гэдэг мэргэжилтэнтэй уулзаж дансаа бүртгүүлэх үү гэж асуухад одоо болсон гэсэн хариуг өгсөн тул дансыг хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн гэж үзэж байна гэсэн тайлбарыг гомдол гаргагч ирүүлсэн тул нэмэлтээр тодруулахаар Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргаас Үндэсний аудитын газарт хандаж сонгуулийн зардлын дансаа бүртгүүлсэн эсэх талаар дахин тодруулсан. Үндэсний аудитын газрын албан бичгээр Л.Г нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан хугацаанд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ирүүлээгүй талаар хариу ирүүлсэн болно... гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

4.  Маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах үед хэрэгжиж байсан үеийн буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орохоос өмнө мөрдөгдөж байсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэйгэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 13 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоосугай гэж тус тус заажээ.

5.  Уг зохицуулалтуудын дагуу нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг сонгуулийн санал авах өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд торгуулийн шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байна.

6.  Гомдол гаргагч Л.Г нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

7.  Тодруулбал, гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: ... манай ажилтан сонгуулийн зардлын данс, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлэхээр Үндэсний аудитын газарт очиж Ц.Хосжаргал гэдэг хүнтэй уулзан дансаа өгөн уг асуудалтай холбоотой мэдээллийг авахад шаардлагагүй болсон гэж манай ажилтанд хэлсэн... гэж тайлбарлах боловч зөрчлийн хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал), Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/336 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал) хуульд заасан сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

8.  Түүнчлэн гэрч Ц.Хосжаргалын мэдүүлэгт: Шүүгч: 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль 17 дугаар тойрогт нэр дэвшсэн Л.Г болон түүний менежер Б.Б гэх хүнээс сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр таньтай уулзаж байсан уу? гэхэд Гэрч: Уулзаж байгаагүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал), 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсаргасан баримтуудаас (2 дугаар хавтаст хэргийн 167-193 дугаар тал) үзэхэд гомдол гаргагч нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд өөрийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй болох нь нотлогдож байна.

9.     Эдгээрээс дүгнэвэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн хэсгийн 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасны дагуу хариуцагчаас зөрчил гаргагчийн зөрчил үйлдсэн талаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

10.  Нөгөөтэйгүүр гомдол гаргагчаас хуулийн этгээдийн өгсөн мөнгөн хандив хуульд заасан хэмжээнээс 4,250,000 төгрөгөөр хэтэрсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ нь үндэслэлгүй, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй буюу маягт 1-3 3.1.2 дахь заалтад бичигдсэн мөнгөн бус хандивын дүн бөгөөд хууль журамд заасан хэмжээнээс хэтрүүлээгүй гэж гомдлын үндэслэлдээ дурдах боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг зөрчлийн шинжтэй гэж үзээгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан, мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсанд энэ асуудлыг дурдаагүй байх тул шүүх уг асуудалд дүгнэлт өгөөгүй болно.

11.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ид холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргагч Л.Ггийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ид холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Игийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргагч Л.Ггийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР