Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2024/0003

 

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2024/0003

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П

Хариуцагч: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д

Хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарын хоорондын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1.2.    Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах гэсэн байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Нэхэмжлэгчийг 2020 онд 1,542,524,613.17 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй зөрчлийг гаргасан гэж үзэн Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нараас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 154,252,461.32 төгрөгийн нөхөн татвар, 61,700,984.53 төгрөгийн торгууль, 53,101,409.81 төгрөгийн алданги, нийт 269,054,855.66 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал) байна.

2.3. Улмаар нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл

3.1. Нэхэмжлэгч У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК нь 1997 оноос байнгын үйл ажиллагаа эрхэлж, үйл ажиллагааны тайлангаа татварын албанд хуульд заасан журмын дагуу тайлагнаж, татварын ямар ч зөрчил дутагдалгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн. Тус компани нь 2010 онд Монгол Улсын алтан санг арвижуулагч, 2015 онд найдвартай татвар төлөгч, 2017 онд хамгийн өндөр татвар төлөгч, 2018 онд шилдэг татвар төлөгч, 2019 онд Монгол Улсын хариуцлагатай татвар төлөгч, 2016 онд Татварын албаны дээд шагналаар тус тус шагнагдаж байсан, Монгол Улсын сан хөмрөгт тодорхой хувь нэмрээ оруулж яваа компани юм. 2023 оны 3 сард У ХХК-ийн 2020 оны үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Татварын албанаас шалгалт хийж, У ХХК-ийг төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй тул төсөвт төлөх татварыг нөхөн төлүүлж, нийт 1,542,524,613.17 төгрөгийн зөрчилд 154,252,461.32 төгрөгийн төлбөр, 61,700,984 төгрөгийн торгууль, 53,101,409 төгрөгийн алданги нийт 269,054,855.66 төгрөг төлүүлэхээр шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

У ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн албан ёсны гэрчилгээтэй, тамга тэмдэгтэй, хуулийн этгээдээс худалдан авалт хийсэн, хэрэв хий бичилт хийсэн бол тухайн компани нь хуульд заасан хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. У ХХК-ийн хувьд олон жилийн тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа туршлагатай компанийн хувьд татвараа нуун дарагдуулах, хуурамч тайлан гаргах, татвараа дутуу төлөх гэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргах хэрэгцээ шаардлага компанид байхгүй. Ийм байдлаар татварын алба асуудлыг шийдээд байвал татварын зөрчил дутагдал улам ихэсч, аж ахуй нэгжүүдэд ирэх эдийн засгийн дарамт улам ихэснэ биз дээ. У ХХК-ийн хувьд борлуулалтын орлогоо нуун дарагдуулаагүй, 1,542,000.000 төгрөгийн борлуулалтыг аж ахуйн нэгжийн тайландаа тусгаж өсгөн. Үүнээс урд оны борлуулалтын 146,765,815 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Компанийн нягтлан бодогч хуульд заасан хуагцаандаа тайлангаа татварын цахим сан руу илгээж, татварын байцаагч хуульд заасан цаг хугацаандаа компанийн тайланг шалгаж нягтлаад тайлан үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч хүлээн авч баталгаажуулчихаад аль 2 жил гаруй буюу 28 сарын дараа дахин шалгаж зөрчил илэрлээ гэх байдлаар аж ахуй нэгжийг буруутгаж, олон сая төгрөгийн хүү, алданги, торгууль төлүүлэхээр акт үйлдэж байгаа нь У ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Компанийн зүгээс тайлан тооцоо зөрчилтэй, 2020 оны тайланг бүртгэх боломжгүй байсан бол татварын байцаагч болон хяналт шалгалт хийж байгаа төрийн захиргааны байгууллага ямар хяналт хийгээд сууж байсан юм бол. Компанид хуульд заасан хугацаандаа буцааж залруулах, зөрчлөө арилгах боломж яагаад олгоогүй юм бол.

Компанийн зүгээс Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17230000003 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны байгууллагаар нь хянуулахаар Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй, акт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн тул шүүхэд хандаж байна. Мөн компанид холбогдуулан шалгалт хийж, зөрчил илрүүлж, шийдвэрлэсэн гэх боловч эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэр, холбогдох баримтыг шалгагдаж байгаа этгээдэд огт танилцуулахгүй зөвхөн уншиж болно гэх байдлаар хандаж байгаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компанид татварын хэлтсээс шалгалт орсон. Тухайн шалгалтаар 269,000,000 төгрөгийн торгууль тавьсан ба үүнээс 61,900,000 төгрөгийн торгууль, 53,000,000 төгрөгийн алдангийн тооцоо гэсэн ийм акт тавьсан. Тухайн нөхөн ногдуулалтын актыг манайхаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь 2020 онд манай компани ямар ч өргүй байсан. Энэ нь 2020 оны цахим лавлагаагаар хүртэл нотлогдож байгаа. Манайх 2019 онд 149,000,000 төгрөгийн, 2020 онд 134,000,000 буцаан авалттай нийт 283,000,000 төгрөгийн татвар төлөлтөөс чөлөөлөгдөх эрхтэй байсан. Үүнээс манайх 154,000,000 төгрөгийн борлуулалтын орлого хийсэн ба энэ талаараа жилийн эцсийн тайландаа тусгаж өгсөн байгаа. Манай нягтлан сар бүрэн тайлангаа гаргадаг, үүнийг татварын алба хүлээн авч байсан. Мөн манайх 2019 онд 109,000,000 төгрөгийн буцаалт хийсэн үүнтэйгээ нилээд 2020 онд манайх татварын ямар ч өргүй гарсан. Гэтэл манайхыг 2020 онд татварын өртэй гэж татварын байцаагчийн акт тавьсан байх тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Татварын хэлтсээс манай цахим сан руу нэвтэрч орж тайланд өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй гэж тайлбарладаг атал сая миний шүүх хуралдаан дээр гаргасан хоёр лавлагаанаас харах юм бол 2020 оны цахим лавлагаа татварын цахим санд нь өөрчлөлт ордог болох нь харагдаж байгаа юм. Манай компанийг 2020 онд татварын өртэй гэж гаргасан нь цахим алдаа гэж бодож байгаа. Бүхэл бүтэн 12 сарын хугацаанд алдаатай тайлан илгээнэ гэж юу байх юм бэ, жилийн эцсийн тайландаа манайх бүх орлого, зарлагаа тооцож өгсөн. Жилийн эцсийн балансын тайлан бүх орлого, зарлага тусгагддаг ба үүнийг татварын улсын байцаагч нар хүлээн авдаг бөгөөд сайтар шалгаж авах ёстой гэж миний зүгээс бодож байна. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд татварын улсын байцаагч нарын бүрэн эрхийн талаар тусгаж өгсөн байдаг. Манай жилийн эцсийн тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хоёрын хооронд тулгаж үзэж байгаад хүлээн авах ёстой шүү дээ. Хэрэв нэмэгдсэн өртгийн албан татвар зөрүүтэй байх юм бол жилийн эцсийн тайлан ч гэсэн зөрүүтэй л гарна. Хэрэв тухайн хоёр тайлан зөрүүтэй гарах юм бол энэ талаар манайд тухай бүрт нь мэдэгдэх үүрэгтэй байтал манайд нэг ч удаа энэ талаар мэдэгдэж байсан удаа байхгүй. Харин манайхыг ямар ч өргүй гэсэн цахим судалгаа гаргасан байсан. Татварын улсын байцаагчийн үндсэн үүргийн талаар Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.8-д Татварын алба, татварын улсын байцаагч, хураагч нь хуульд заасны дагуу татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавина гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь жилийн эцсийн тайлан гарахаас нэг сарын өмнө гардаг тайлан ба аудитаар баталгаажуулсан тайлангаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантайгаа тулгаад ямар ч зөрүүгүй гэсэн учир тэгээд өр зээлгүй гэж үзээд хаасан. Өмнөх шүүх хуралдаан дээр татвараа хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн төлөх татвар дээр тухайн татварын 50 хувийг нэмээд дахин торгууль тавих талаар Татварын ерөнхий хуульд заасан гэж тайлбарласан боловч уг хуулиас энэ заалтын талаар хайгаад олоогүй. Би тухайн акт тавьсан асуудалтай холбоотойгоор маргаан таслах зөвлөлд хандсан. Ингээд маргаан таслах зөвлөлийн хурал болж өөрийн санал бодлоо илэрхийлсэн. Уг маргаан таслах зөвлөлийн хурал нь хууль бус явагдсан. Э.Энхсайхан дарга надаас үүнийг цахим алдаа гэж та бодож байна уу? гэж асуухаар нь цахим алдаа гэж бодож байгаа гэж би хариулсан, мөн намайг нөхөн ногдуулалтын актыгхүлээн зөвшөөрч байгаа юу гэхээр нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Тэгээд би Бямбасүрэн байцаагчаас яагаад ийм буруу алдаатай тайлан хүлээж авсан юм бэ? гэж асуусан чинь уг тайланг цахим программ хүлээж авдаг бид нар хүлээж авдаггүй гэж тайлбарласан. Маргаан таслах хурлын явагдах журам дээр хурал дуусаад тэр даруй хурлын оролцогч нарт тэмдэглэлийг танилцуулах талаар заасан байдаг боловч огт танилцуулаагүй. Би тухайн хурлын тэмдэглэлийг шүүх хуралдааны өмнө татварын албанд очиж бичүүлж авч танилцсан. Ингэж татвар төлөгч нарын дээрэлхэж, дарамталж хүчээр хэрэг хүлээлгэж татвар төлүүлж болохгүй гэж миний зүгээс үзэж байгаа. Би нэмэгдүүлсэн өртгийн албан татварын талаар сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Учир нь би хянадаггүй манай нягтлан болон татварын байцаагч нарын хооронд шийдэгддэг асуудал юм. Жилийн эцсийн тайлангаа би өөрөө хянаад аудитаар баталгаажуулдаг. Ингээд хоёр тайлангаа илгээсэн үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас надтай болон манай компанитай нэг ч удаа холбогдоогүй учир жилийн эцсийн тайлантай нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг таарч байна гэж бодсон. Хэрэв тухайн үед татварын тайлангаа буруу илгээсэн байна гээд манай компанид мэдэгдсэн бол би төлөөд явах байсан. Гэтэл тухайн тайланг илгээснээ хойш 3 жилийн дараа манай компанид дээр шалгалт хийгээд татвараа худлаа илгээсэн байна гэж нөхөн ногдуулалтын акт тавиад байгаа асуудлыг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани татварын тайлангаа буруу илгээсэнтэй холбоотой улсад, татварын байгууллагад болон манай компанид хохирол учирсан асуудал байхгүй. Иймд миний бие тухайн татварын улсын байцаагч нарын тавьсан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар уг захиргааны акт нь хууль бус бөгөөд миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн акт учир хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн захиргааны акт ерөнхий удирдамжаар хийгдэж байгаа акт гэж тайлбарладаг атлаа уг шалгалтыг хийсэн нөхцөл байдал, удирдамжийг харахад хууль заасан шаардлагыг хангаагүй, тухайн шалтгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдаг. Мөн зарим холбогдох ажиллагаануудыг хийгээгүй, холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгөөгүй, миний үйлчлүүлэгчид шалгагдаж байгаа этгээд ямар эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох ёстой талаараа мэдэгдсэн асуудал байдаггүй. Тухайн захиргааны актын гардуулалд хэрхэн яаж хийгдсэн нь тодорхойгүй, уг акттай танилцаж өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх эрхээр нь хариуцагч тал миний үйлчлүүлэгчийг хангаагүй гэж үзэж байгаа. Мэдээж бичгээр гадуулах, хүргүүлэх энэ журам заалтыг огт хэрэгжүүлээгүй, тухайн актыг хүлээж авсан гэх гарын үсгийг зурахаас татгалзаж байгаа бол таньд гардуулахгүй гэдэг байдлаар хандсан. Миний үйлчлүүлэгч нь хуульд заасан журмын дагуу уг нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир маргаан таслан зөвлөлд хандсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш нөхөн ногдуулалтын акттай бүрэн гүйцэт танилцсан байдаг. Уг нөхөн ногдуулалтын актыг авч үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-т заасныг зөрчиж гаргасан, тодорхойгүй захиргааны акт байх тул хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал,

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд У ХХК-ийн гаргасан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын үйлдсэн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалт актыг хүчингүй болгуулах тухай гомдолд дараах тайлбар хүргүүлж байна.

Нэг. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 тоот тушаалаар баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг 1723100359 дугаар бүхий томилолтоор 2020-2021 оныг хамруулан ногдуулалт, төлөлтөд шалгалтын ажиллагаа хийж, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

Хоёр: У ХХК-ийн татварын эрсдлийн оноо 83 буюу өндөр үнэлгээтэй байсан. Энэ нь 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ТТ-02, Санхүүгийн тайландаа борлуулалтын орлогоор 1,542,902,993.00 төгрөгийг тайлагнасан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 368,871.53 төгрөгөөр борлуулалтын орлогод тусгаж 1,542,524,613.17 төгрөгөөр дутуу тайлагнасан тул Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 154,252,461.32 төгрөгийн нөхөн татвар, 61,700,984.53 төгрөгийн торгууль, 53,101,409.81 төгрөгийн алданги, нийт 269,054,855.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар өгөөд татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд гарын үсгээ зурж компанийн тамгаа дарж баталгаажуулсан.

Гурав. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 28060 дугаартай ярилцлагын тэмдэглэлд У ХХК-ийн захирал С.Г хариултандаа Энэ тайлангийн зөрүүг одоо л мэдэж байна. Нягтлан 2020 оны 12 дугаар сард 2016 оны падаан буцаасан залруулга хийснээ ч хэлээгүй тухайн төлөх ёстой татвараа хэдийг төлөхөөр байна гэж байгаад төлөлтөө хийдэг гэж хариулсан байдаг. Тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар 2020 онд эхний үлдэгдэл 149,765,815.13 төгрөгийн илүү буюу авах дүнтэй байсан боловч тухайн оны 12 сард 109,412,563.63 төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааны залруулга хийн төлөхөөр тайлагнасан шалгалтад хамрагдаж буй хугацаанд буюу 2021 оны жилийн илүү дутуугийн тооцооллоор 1,784,564.13 төгрөгийн дутуу төлөлт үүссэн байдаг. Энэ үзүүлэлт өөрсдийн цахимаас авсан татварын тодорхойлолт дээр ч харагдаж байгаа болно.

Дөрөв. ТТ-ОЗа буюу Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан нь шалгуур хангаагүй байсан болохоор засварлах боломжоор ханган 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 113646 дугаартай улсын байцаагч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 113133 дугаартай улсын байцаагч нар тус тус буцааж 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буцаасан тайлангаа хуулийн хугацаа хэтрүүлсэн тул хуулийн хугацаа дахин сунган 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан байна. У ХХК-ийн гаргасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 28.2-т Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар албан татварыг ногдуулахдаа бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт гэж заасныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн байна.

Иймд НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалт актыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, У ХХК-ийн гомдлоор үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газраас эрсдэлийн оноотой албан байгууллагуудад хяналт шалгалт хийхээр удирдамж ирсэн ба үүнтэй холбоотой томилолт над дээр үүссэн. Тухайн компани дээр шалгалт явуулах гэж байгаа талаараа уг компанид 10 хоногийн өмнө нь мэдэгдсэн. Шалгалт хийх үед тухайн компанийн нягтлан Л.Намчин урьдчилан ирж шалгалтад оролцсон харин шалгалтын дунд үеэс нэхэмжлэгч өөрөө ирж оролцсон байдаг. Нэхэмжлэгч компани нь аж ахуй нэгжийн тайлан болон санхүүгийн тайландаа борлуулалт орлогоо 1,542,000,000 төгрөгөөр тусгасан байдаг. Үүнээс хасагдах зардлууд нь 1,515,000,000 төгрөг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 368,871 төгрөгөөр борлуулалтын орлогоо мэдүүлсэн. Тухайн зөрүү дээр акт тавьсан байгаа. Шалгалтын явцад татвар төлөгч нь өөрийн буцаан авах дүнгээ буюу 109,000,000 төгрөгийн буцаалт хийхээр өөрсдөө тайлагнасан байдаг. Энэ нь төлөх татварын үнийн дүнгээс нь буураад явж байгаа. Түүнээс биш тухайн үнийн дүнг манайх засч залруулаад хийгээд байсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч компани нь 1,542,000,000 төгрөгийн зөрчил илэрч үүн дээр нөхөн татвар, торгууль, алданги тооцоод явсан. Тухайн акт нь хууль зүйн хүчин чадал бүхий акт юм. Анх актыг танилцуулахад нэхэмжлэгч нь хүлээн авч гарын үсэг зурсан, үүнтэй холбоотой тэмдэглэл нь байгаа. Тэгээд нэхэмжлэгч нь тухайн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгээр гаргаж өгөх талаар тайлбарласан. Нэхэмжлэгч маргаан таслах зөвлөлд хандана гэсэн, үүнийхээ дагуу хандаад нөхөн ногдуулалтын акт тавьсан байдаг. Татварын улсын байцаагч, хяналтын ахлах байцаагч нар маргаан таслах зөвлөлийн хурлаар орж холбогдох тайлбаруудыг өгсөн байгаа. Иймд тухайн нөхөн ногдуулалтын акт нь үндэслэл бүхий акт юм гэжээ.

4.3. Хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК нь борлуулалтын орлогоо 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй зөрчилд холбогдуулж Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газрын эрсдэл тооцогдож ирсэн байдаг. Үүний дагуу шалгалтыг татварын улсын байцаагч Т.П, Д.Д нар гүйцэтгэсэн ба 2020 оны борлуулалтын тайландаа борлуулалтын орлого 1,542,000,000 төгрөгийг тусгаагүй зөрчил илэрсэн байдаг. Ингээд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу төлөх ёстой байсан татварыг нөхөн төлүүлээд, холбогдох хариуцлагыг тооцсон ийм нөхөн ногдуулалтын акт юм. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зөрчил нь 2020 онд үйлдэгдсэн байхад тухайн зөрчил үйлдэгдээд 2 жил гаруйн хугацаа буюу 2023 оны 3 дугаар сард зөрчил мэдэгдсэн гэж тайлбарлаад байна. Эрсдэл тооцогдох хугацаа гэдэг нь өнөөдөр тайлан гаргаад маргааш нь зөвхөн нэг компанид зориулаад ажиллаж байдаг татварын албаны нэгж гэж байхгүй. Монгол Улсын хэмжээнд татвар төлдөг маш олон байгууллага, аж ахуй нэгж байдаг ба тухайн байгууллагуудын эрсдэлийн хэмжээг тооцоод шалгалтын ажиллагааг хоёр жилийн дараа эхлүүлсэн гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна. Хяналт шалгалтын ажиллагааг Татварын тухай хуульд 4 жилийн хугацаанд хөөн шалгах талаар заасан учир 2,3 жилийн дараа шалгаж байгаа нь хуульд заасан хугацааны хүрээнд шалгаад явж байгаа.

Буцаалт хийсэн гэж тайлбарлаад байна. Энэ нь 2020 он гарахад 149,000,000 төгрөгийн татвар төлөлттэй байж байгаад дараа нь татварын тайлангаа засварлаад тухайн үед илүү төлөлт үүсгэсэн худалдан авалтын падаан гэсэн үг юм тэр худалдан авалтын падаанууд дотроосоо 109,000,000 төгрөгийн үнийн дүнтэй падааныг буцаасан буюу манай худалдан авсан падаан бишээ гэж зөвшөөрч тайлагнасан. Ингэхээр худалдан авалт буюу хасагдах зардал үүсгээд байгаа падаан нь буцаалт хийхээр илүү төлөлт багасаад явж байгаа. Өмнөх падааныг худалдан авалтай холбоотой биш зөрчил л гэж ярина. Нэхэмжлэгч компани нь борлуулалтын орлогоо жилийн эцсийн болон санхүүгийн тайландаа тусгасан гэдгийг манай талаас хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг тусдаа тайлан ба тухайн тайландаа борлуулалтын тайлангаа тусгаагүй гэж нөхөн ногдуулалтын акт тавьсан. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны санхүүгийн тайлангийн талаар 2023 оны 3 дугаар сард нэг авсан, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдөр авсан лавлагаанууд нь хоорондоо өөр өөр байсан гэж тайлбарлаад байна. Энэ нь өөр өөр байж болно. Учир нь өмнөх тайлангуудын ногдол нь дараа дараагийн тайландаа ороод явж байгаа учраас өөрчлөгдөх боломжтой зүйл юм.

Нэхэмжлэгч компанид хийсэн шалгалтын хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж чадсан уу гэхэд манайх ерөнхий удирдамжийн дагуу хийсэн. Шалгах хугацааны хувьд 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд хийсэн. Нэхэмжлэгч байгууллага дээр 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нөхөн ногдуулалтын акт тавьсан байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр мөн л дурдагдаж байсан компанийн төлөөлөх эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгчийг шалгалтын үйл ажиллагаанд хангалттай оролцуулаагүй, нэхэмжлэгчийг шалгалтад оролцуулсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж тайлбарлаад байсан. Үүнтэй холбоотойгоор манайх шалгалтын явцад ярилцлага хийж тэмдэглэл үйлдсэн баримт болон бусад холбогдох баримтыг шүүх хуралдааны өмнө хэргийн материалд хавсаргасан байгаа. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах журам болон хугацааны талаар манай татварын байцаагч нар нэхэмжлэгчид тайлбарлаж өгсөн гэж ойлгож байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч нь маргаан таслах зөвлөлд хандсан. Тухайн нөхөн ногдуулалтын актыг хүлээж авсан буюу танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрх нь хадгалагдаж байгаа. Энэ хугацаанд гомдол гаргана, нэхэмжлэгчийн анх гаргасан гомдол нь маргаан таслах зөвлөлийн журамд заасан шаардлагыг хангаагүй байсан учир манайхаас нэхэмжлэгчийн гомдлын буцаасан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч шаардлагаа хангаад гомдлоо гаргасан үүнийг хүлээж авсан. Маргаан таслах зөвлөл нь 2023 оны 6 дугаар сард нэг удаа хуралддаг түүнээс биш нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг удаан хугацаагаар хуралдах боломжгүй. Энэ талаар журам дээрээ магадлах байцаагч гэж томилогдсон эрх бүхий албан тушаалтан магадлалыг хийж гүйцэтгээд үүнийхээ үнэн зөв эсэхийг нь маргаан таслах зөвлөлийн хуралд хамгаалж оролцоно. Мөн уг хурал эхлэхээс өмнө өөрийн хийсэн магадлалын талаарх дүгнэлтийг маргаан зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, маргаан таслах комиссын гишүүд уг дүгнэлттэй танилцаад өөрсдийн гэсэн дүгнэлтүүдийг гаргаад хуралдаа оролцоно. Маргаан таслах зөвлөлийн хурлыг нэхэмжлэгч нь ойлгохдоо яг шүүх хуралдаан шиг бүх хүмүүс нь оролцож байгаад тайлбар, мэдүүлэг, дүгнэлтээ танилцуулна гэж ойлгоод байх шиг байна. Маргаан таслах зөвлөлийн хурал нь хараат бусаар дүгнэлтээ гаргаад шаардлагатай бол хяналт тавьсан байцаагч, магадалгаа хийсэн байцаагч, татвар төлөгч талаасаа асуулт асуугаад тодруулах зүйлээ асууж тодруулсан болсон гэж үзэх юм бол гаргаад хурлынхаа үндсэн бүрэлдэхүүн гишүүдээр хэлэлцэж шийдвэрээ гаргадаг байгаа. Иймд манай татварын хоёр улсын байцаагчийн гаргасан нөхөн ногдуулалтын акт нь үндэслэл бүхий акт тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий У ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг 2020 онд 1,542,524,613.17 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй гэж үзэн 154,252,461.32 төгрөгийн нөхөн татвар, 61,700,984.53 төгрөгийн торгууль, 53,101,409.81 төгрөгийн алданги, нийт 269,054,855.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.  Нэхэмжлэгчээс ... компанийн нягтлан бодогч хуульд заасан хугацаандаа тайлангаа татварын цахим сан руу илгээж, татварын улсын байцаагч хуульд заасан цаг хугацаандаа компанийн тайланг шалгаж нягтлаад тайлан үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч хүлээн авч баталгаажуулчихаад 2 жил гаруй буюу 28 сарын дараа дахин шалгаж зөрчил илэрлээ гэх байдлаар аж ахуй нэгжийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй ...нөхөн ногдуулалтын актаа зохих журмын дагуу гардуулах ажиллагаа хийгээгүй ... гэж, хариуцагчаас ...Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар өгөөд татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж компанийн тамгаа дарж баталгаажуулсан ... У ХХК-ийн гарргасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг хэрэгжүүлээгүй буюу татвар ногдох зүйл, татвараа өөрсдөө үнэн зөв тодорхойлоогүй ... бараа, ажил үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж тус тус маргажээ.

4.  Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана, 16.1.1-д Тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө гэж тус тус заасан байна.

5.  Дээрх зохицуулалтуудын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бөгөөд ажил үйлчилгээ борлуулсан хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлоо өөрөө тодорхойлж, тухайн сарын тайландаа тусган, төсөвт төлөх үүрэгтэй байна.

6.  Нэхэмжлэгч нь 2020 онд нийт 1,542,902,993.00 төгрөгийн борлуулалт хийж уг борлуулалтын орлогоо 2020 оны жилийн санхүүгийн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал), мөн оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр тал)-даа тус тус тусгасан байх бөгөөд 2020 онд дээрх үнийн дүн бүхий борлуулалт хийсэн эсэхтэй холбоотой асуудлаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй болно.

7.  Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас (1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дугаар тал) үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 445,818,962.00 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 149,132,395.00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 514,294,265.00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 488,337,162.00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,309,419.00 төгрөгийн орлого тус тус бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх борлуулалтын орлогуудыг татвар ногдох орлогод хамааруулж нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тухайн саруудад нь тайлагнаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2020 оны 1-12 саруудад татварын албанд илгээсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудаар (1 дүгээр хавтаст хэргийн 187-234 дүгээр тал) тогтоогдож байна.

8.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр ...Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан аль үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг гаргаж байгаагаа тодорхой заагаагүй... гэж тайлбарлажээ. Хэдийгээр хариуцагчаас нөхөн ногдуулалтын актад хуулийн заалтын үндэслэлийг зааж дурдаагүй ч актын үндэслэлд 2020 онд 1,542,524,613.17 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ заалтыг тус тус зөрчсөн гэж нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тодорхой тайлбарласан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа барилга угсралтын ажил гүйцэтгэж олсон орлогоо тайлагнаагүй нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр ... нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т заасан үндэслэлээр буюу гүйцэтгэсэн ажил үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй юм.

9.  Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно, 84.1.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2020 онд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн атлаа уг борлуулалтын орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй байх тул дээр дурдсан барилга угсралтын ажлаар олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

10.   Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх ..., 16 дугаар зүйлийн 16.5-д Нөхөн ногдуулалтыг энэ хуулийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд багтаан эхлүүлэх бөгөөд нөхөн ногдуулалтын хамрах хугацаа нь энэ хуулийн 16.3, 16.4-т зааснаар татварын ногдлыг тодорхойлсноос өмнөх 4 жилийг хамаарна гэж заасны дагуу татварын албанаас аливаа хуулийн этгээдийн татварын нөхөн ногдуулалтыг татварын тайлангаа илгээснээс хойш 4 жил дотор шалгах боломжтой байна.

11.   Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1723100359 дугаартай Татварын хяналт шалгалт хийх томилолт-оор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байгаагаас үзэхэд хариуцагчаас хуулийн хугацаанд хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ... компанийн нягтлан бодогч хуульд заасан хугацаандаа тайлангаа татварын цахим сан руу илгээж, татварын улсын байцаагч хуульд заасан цаг хугацаандаа компанийн тайланг шалгаж нягтлаад тайлан үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч хүлээн авч баталгаажуулчихаад 2 жил гаруй буюу 28 сарын дараа дахин шалгаж зөрчил илэрлээ гэх байдлаар аж ахуй нэгжийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

12.   Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.5, 28 дугаар зүйлийн 28.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР