Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2024/00520

 

 

 

 

 

                        2024        06            03

               151/ШШ2024/00520

       

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                      

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Б****н овогт Ч********тын У************

/Улаанбаатар хот, ******** дүүрэг, **** дүгээр хороо, *** тоот/,

   Хариуцагч: Ө*********хөн овогт С*******гийн Ц****

/Төв аймаг, ****** сум, 2 дугаар баг, ******/,

Хариуцагч: Б*********н овогт С*****гийг Э************

/Төв аймаг, *********** сум, 2 дугаар баг, **********/,

   Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 16,232,141 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Ч.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Оюунгэрэл,

Хариуцагч С.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батцэцэг,

Хариуцагч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Отгонсүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Д.Лувсан-Иш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч С.Ц, С.Э нараас гэм хорын хохиролд нийт 16,232,141 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр малчин*******ын хориод үхэр, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******ийн хонь, ямаа  миний байцаа тарьсан талбайд орж байцааг идэж  сүйтгэсэн. Энэ талаар Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Од хэлж газар дээр нь дуудан шалгуулаад дүгнэлт гаргуулсан. Иймд сумаас тогтоосон хохирлын 16,232,141 төгрөгийн гурав хуваасны хоёр болох 10,821,427 төгрөгийг С.Эаас, 5,410,714 төгрөгийг С.Цоос гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

2.Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манайх малаа тариан талбай руу оруулж байгаагүй. Малаа байнгын хариулгатай байлгадаг. Шөнө нь байнга хашиж хонодог. ...хашаа нь эвдэрхий, хашаа хороогоо янзалдаггүй, тариан талбайгаа хардаггүй, тарьсан ногоогоо арчилдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 5,410,714 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ... манай охин болох Э.Сарантуяа нь над руу залгаад "ааваа бригадын ах манай үхрийг хашчихлаа" гэсэн. ...Үхрээ авъя гээд очтол ...17 үхрийн 9 нь манайх байсан. ... 9 үхрээ гаргаад туугаад гэртээ аваачсан. Манайх энэ ногоо тарьсан бригадын ойролцоо 3,4 жил орчим нутаглаж байна. Тэгэхэд ганц ч удаа талбайд нь мал оруулж байгаагүй. Энэ Ч.Уийн хүүхэд болох ногоо тарьсан хүмүүс миний мэдэхийн 3 жил ногоо тарихдаа хашаа, хороогоо янзлахгүй, ногоо нь зэрлэгтээ баригдсан юм л харагдаж байдаг. Намайг очиж үхрээ авахад хашааны хаалга гээд эвдэрхий тор өлгөөд хаасан байсан. Ногооны хашаанд нь үе үе айлын мал орчихсон байгаа харагддаг. Ер нь л бол ногоо тарьж байж хашаа, хороогоо янзлахгүй, эвдэрхий муу торон хашаатай тул айлын хүмүүстэйгээ үе үе хэл ам болоод байгаа дуулддаг. Тарьсан ногоо нь малын ундны зам дээр байдаг. Манаач гээд залуу болох хүүхэд нь хариуцлагагүй, мал харахгүй, утсаараа тоглоод суудаг. Манай 9 үхэр орсон байсныг 20-иод үхэр орсон гэж худал ярьсан бөгөөд 9 үхэр нь 0.8 га газрыг их хэмжээгээр сүйтгэх боломжгүй. Би тус хашаанд нь ороход үүдэнд нь хэдхэн үхрийн мөр байсан бөгөөд оруулаад шууд гаргасан мөр байсан. Талбайн цаашаа явсан мөр байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 10,821,427 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцсон дүгнэлтийн хуулбар, Тариалангийн талбайд учирсан хохирол тооцсон баримт, Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт, Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа, гэрэл зургууд, нэхэмжлэгч Ч.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцсон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, Тариалангийн талбайд хохирол учирсан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн баримт, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус Төв аймгийн Сүмбэр сумын мал аж ахуйн мэргэжилтэнд Н.Хы гаргасан өргөдлийн хуулбар, Төв аймгийн Сүмбэр сумын ЗДТГ-ын иргэний танхимд хохирол тооцох ажлын хэсэг болон тариаланч, малчдын хурлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагч нараас итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хариу тайлбар гаргасан.

6.Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Х, Н.О нараас мэдүүлэг авах ажиллагааг, нэхэмжлэгч Ч.Уийн гар утсанд үзлэгийг  тус тус хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч Ч.Уийн хариуцагч С.Ц, С.Э нараас гэм хорын хохиролд нийт 16,232,141 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Ч.У нь байцаа тарьсан тариан талбайд хариуцагч С.Цийн хонь ямаа, хариуцагч С.Эын үхэр орж тарьсан байцааг идсэний улмаас нийт 16,232,141 төгрөгийн хохирол учирсан гэж хариуцагч С.Эаас 10,821,427 төгрөгийг, С.Цоос 5,410,714 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

3.Хариуцагч С.Ц, С.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, тайлбарлаж байна. 

4.Талууд байцаа тарьсан тариагүй талаар маргаагүй, харин талбайд мал орсон ороогүй болон хашаатай, хашаагүй, мөн түүнчлэн хохирол тооцсон дүгнэлтийн талаар маргаж тайлбарлаж байна.

5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Төв аймаг Сүмбэр сум, Мэргэний Адаг худаг, Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн 49092 м.кв талбайг нэхэмжлэгч Ч.У эзэмшдэг болох нь улсын бүртгэлийн Э-1420000188 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч Ч.У нь өөрт учирсан хохирлыг хэний буруутай үйлдлийн улмаас үүссэн, мөн хэдэн төгрөгийн хохирол учруулсныг тогтоолгохоор Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан гэж тайлбарласан хэдий боловч тухайн өргөдлийг Н.Х нь гаргажээ. /хх 124-125/

 7.Нэхэмжлэгч Ч.У нь гэрч Н.Хыг өөрийн хүү, тариалан эрхлэгч гэж тайлбарлаж байх хэдий ч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд гэрч Н.Хыг тариалан эрхлэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтад зааснаар ...тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцохоор заасан байх ба Н.Х өргөдөл өгсөн байхад Ч.У өргөдөл өгсөн мэтээр ажлын хэсэг байгуулагдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болжээ.

9.Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтад зааснаар дүгнэлт, хохирол тооцох чиг үүргийг хэрэгжүүлжээ.

10.Дээрх дурдсан тушаал, түүний хавсралтад зааснаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар  байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлэх ба ажлын хэсэг нь хохирол тооцох ажиллагааг хохирогч, эсхүл хохирол учруулсан этгээдийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэхээр байна.

11.Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нь Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлтийг 2 удаа гаргасан үйл баримт тогтоогдож байх хэдий ч тухай гаргасан дүгнэлт нь иргэн Ч.Уийн гаргасан өргөдлийн дагуу хийгдсэн гэх боловч Ч.У өргөдөл гаргасан болох нь тогтоогдсонгүй.

12.Мөн түүнчлэн “Иргэн Ч.Уийн байцайны тариалангийн талбайд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар малд идүүлсэн байх боломжтой талбайд хэмжилт хийн хохирлыг тооцоолов. Зөвхөн тухайн 2 иргэний мал идсэнээр учирсан хохирол гэдгийг тодорхойлох боломжгүй болно” гэж, “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр малчин С.Эын 20 тооны үхэр иргэн Ч.Уийн 0,8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0,3 га талбайг идэж сүйтгэж хохирол учруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Эын тариаланчид учирсан хохирлыг хэмжээг 10,368,000 төгрөгөөр тогтоов” ... “2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр малчин С.Цийн хонь иргэн Ч.Уийн 0,8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж, 0,17 га талбайг идэж сүйтгэж хохирол учруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Цийн тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 5,875,200 төгрөгөөр тогтоов” гэж 2 өөр байдлаар гаргасан.

13.Хавтаст хэргийн 4-5 дугаар талд авагдсан дүгнэлтийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, 121-123 дугаар талд авагдсан дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан зэрэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтын 3.3, 3.7-т тус тус заасанд нийцэхгүй байна. /хх 4-5, 121-123/

            14.Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтын 3.9-д зааснаар Ажлын хэсгийн дүгнэлтэд холбогдох баримтуудыг хавсаргах бөгөөд тухайн дурдагдсан баримтуудыг хавсаргаагүйгээс хохирлыг бодиттой гаргасан гэж үзэхгүй.

            15.Нэхэмжлэгч Ч.У нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд сүүлд гаргасан буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлтийг үндэслэн гэж тайлбарласан.

            16.Тухайн дүгнэлтүүдэд “Иргэн Ч.Уийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгсөн” гэсэн байх ба дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан, мөн түүнчлэн дүгнэлтэд “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шаардлагын дагуу” гэж бичигдсэн. 

17.Шүүх, тухайн дүгнэлт гаргах талаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт шаардлага гаргаагүй бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дүгнэлтэд Газар тариалангийн мэргэжилтэн Н.О гэж гарын үсэг зурсан.

18.Гарын үсэг зурсан Н.О нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс тухайн байгууллагаас чөлөөлөгдсөн байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа тухайн дүгнэлтэд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. 

19.Мөн түүнчлэн Тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээ тогтоосон хүснэгтэд “тариалалт хийсэн талбай 0,8 га”, хашаалсан талбай 0,2 гэж бичигдсэн байдлаас дүгнэхэд тариан талбайн хашаажуулалт бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

20. Гэм хор учруулсан эсэх талаар: Нэхэмжлэгч Ч.У нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс шаардсан.

21.Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байх ёстой.

22.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

23. Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-д хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаарна.

24.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хариуцагч нарын ямар хууль бус үйлдэл эс үйлдэхүй нь нэхэмжлэгч Ч.Ут хохирол учруулсан, эсхүл нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм, хэмжээг хэрхэн зөрсөн үйлдэл эс үйлдэхүйн улмаас нийт 16,243,200 төгрөгийн хохирол учруулсан нь болох нь тогтоогдохгүй байна.  

25. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй заасан.

26. Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд гэм хор, учирсан хохирлын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон байх учиртай.

27. Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч С.Ц, С.Э нарын мал орсон гэж тайлбарлан, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гар утсанд үзлэг хийлгэх, гэрч Н.Х, Н.О нараас мэдүүлэг авхуулах ажиллагаа хийлгэсэн.

28.Гэрч Н.Х “... би Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах өөрийн поль /ногоон талбай/ дотор байсан. ... манай байцайны талбайд ... 20 гаруй тооны үхэр орж ирсэн байсан. Тэр үхрүүдийг “Өгөөж” гэдэг компанийн мал хашдаг хашаанд хийгээд сумын төвийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү утсаар хэлсэн. Тэгтэл Хөдөө аж ахуйн мэргэжилтэн сумын төв рүү хүрээд ир гэж хэлэхээр нь очсон. Гэтэл Хөдөө аж ахуйн мэргэжилтэн “Буцаад гэртээ очоод байж бай. Би очно” гэж хэлсэн. ... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн тэр өдрөө ирээгүй. Би хойноос нь ярьсан чинь баг бүрэлдэхүүн бүрдэхгүй байна. Түр хүлээж байж гэж хэлсэн. Өдөр 2 цагийн үед Ц.Энхбатын охин манайд ирсэн. Би охиноос нь энэ үхрүүд танай үхэр мөн үү гэсэн чинь “Манай үхрүүд мөн” гэж хэлсэн. ...Ц.Энхбатын охин саадаг, саалийн үхрээ аваад явъя гэхээр нь бас өгөөгүй. Би Ц.Энхбатын охиныг манай гэрт ирэхээс өмнө гэрт нь очиход С.Ц хэлэхдээ наад үхрүүд чинь Ц.Энхбатын үхрүүд байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.Энхбат манай гэрт ирээд үхрүүдээ авъя гэж хэлсэн. ...би Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ц.Энхбатаас энэ үхэр танай үхрүүд мөн үү гэж гар утсаар спикер дээр нь тавиад ярьсан. Тэгтэл Ц.Энхбат “Тэгсэн, бүгд манай үхэр” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө аж ахуйн мэргэжилтнээс үхрүүдийг өгч явуулах уу гэж асуухад хөдөө аж ахуйн мэргэжилтэн өнөөдөртөө өгөөд явуулчих, үхрүүд нь орсон нь тодорхой юм байна. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цагт уулзъя гэж тохироод үхрүүдийг нь өгөөд явуулсан. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цагт Ц.Энхбат манай поль дээр ирээгүй. 17-ны 2 цагийн үед хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд ирж 3/2 хувь байцааг нь идсэн юм байна. Ардаас ирж өргөдлөө өгөөд дүгнэлтээ аваарай гэж хэлсэн. 17-ны өдөртөө би сумын төв рүү ардаас нь очоод өргөдлөө өгөх гэсэн чинь хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд байгаагүй. Ардаас нь ярихад сумын төвийн нэг дэлгүүрт үлдээчих гэхээр нь үлдээгээд явсан ... С.Цид хонь, ямааг нь хүлээлгэж өгсөн. Өгөхдөө би 100 гаруй тооны хонь, ямааг С.Цид хүлээлгэн өгсөн” ... гэж мэдүүлсэн,

29.Гэрч Н.Огийн “... 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед Ч.У эгчийн хүү над руу залгасан. ...*******ын 30 гаруй тооны үхэр байна. Манай байцайны талбайд дахиад орсон байна. ... би малыг нь хашсан байна гэж надад хэлсэн.******* ах үхрээ авахаар ирсэн байна. Одоо би яах ёстой вэ гэж надаас асууж Н.Х ярьсан. ... малыг нь өгөөд явуулчих гэж хэлсэн. Гаргаж явахад нь утсан дээрээ бичлэг хийж баталгаажуулж авч үлдээрэй гэж хэлсэн. ...Утсаар******* ахтай ярихдаа танай үхэр мөн бол та үхрээ аваад яв. Харин маргааш наад залуутайгаа хамт Тамгын газар дээр хүрээд ир, заавал шүүх, цагдаа гэж байхаар эндээ асуудлаа шийдвэл дээр байна шүү гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн хэдий ч тухайн мэдүүлгүүдийг үндэслэн нийт 16,243,200 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

30.Хэрэгт авагдсан гэрэл зургуудын хуулбаруудаар хариуцагч нарын мал мөн эсэх, талбайн хашаажуулалт бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй гэж үзлээ. 

31.Мөн түүнчлэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын ажил үүргээ зохих журмын дагуу хийгээгүйтэй холбоотойгоор “учирсан хор хохирлыг” журамд нийцээгүй баримтыг үндэслэн гаргуулах нь хуульд нийцэхгүй юм.   

32.Хавтаст хэргийн 9-15 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдэд байгаа үхэр нь хэний үхэр хаана, хэзээ, ямар эрх бүхий этгээд бэхжүүлсэн нь тодорхойгүй, тухайн гэрэл зурагт авагдсан мал нь хариуцагч С.Эын үхэр, хариуцагч С.Цийн хонь, ямаа гэж дүгнэх боломжгүй байна. 

33.Нэхэмжлэгч Ч.Ут хохирол учирсан нь тогтоогдож байх хэдий ч тухайн учирсан хохирлыг тооцсон дүгнэлт нь Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын дагуу хохирол тооцох ажиллагааг хийгээгүй, холбогдох заалтыг зөрчиж дүгнэлт гаргасан байх тул нэхэмжилсэн мөнгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

34.Мөн нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч С.Ц, С.Э нарын мал нь хашаа эвдэж орж ирдэг харин адуунууд нь хашаа давж орж ирдэг гэж тайлбарлаж байгаа боловч хашаа эвдсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэйг Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна” мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заажээ. 

35.Иргэдийн төлөөлөгч Д.Лувсан-Иш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.Уийн тариалангийн газар, хашаа муу болоод мал орж байсан. Газар тариалангийн анхаарах зүйл бол тариалангийн хашаа сайн барих. Ч.У өөрийн өмчөө сайн хамгаалаагүй тул Ч.У буруутай гэж бодож байна” гэжээ.

36.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хариуцагч С.Ц, С.Э нарын мал нэхэмжлэгч Ч.Уийн тариалангийн талбайд орсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн гэм буруутай эсэх асуудлаар дүгнэлт гаргасан ба тухайн хэргийн хувьд гэм хор учруулсан гэх гэм буруугийн шалтгаант холбоотой талаар дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хуулийн гол агуулгад нийцсэн дүгнэлт гэж үзэж байна.

37.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ц, С.Э нараас гэм хорын хохиролд 16,232,141 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

38.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Ц, С.Э нараас гэм хорын хохиролд 16,232,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                    Д.МӨНХБҮРЭН

 

                                                                                                Д.ОТГОНЧУЛУУН