Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00678

 

 

 

 

 

                            2024        08         12  

151/ШШ2024/00678

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө овогт П,А,

/тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.А,

Гэрч: Д.Д,

Гэрч: Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь Т аймгийн Л сумын авто тээврийн товчоо тэр үеийн “Тээврийн яам”-ний харьяа нэгдсэн туслах аж ахуйд 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл угаагч, кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 10 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Лүн сумын авто тээврийн товчоо буюу тээврийн яамны харьяа нэгдсэн туслах аж ахуйд угаагч кассчинаар 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон, 1989 оны 07 дугаар сараас уг газрын нэр, харьяалал  өөрчлөгдөж тээврийн яамны харьяа хот хоорондын авто тээврийн удирдах ерөнхий газарт харьяалагдах болсон тул ажлаас чөлөөлж дахин өөр тушаал гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэртэй байсан боловч дараа нь ажилд орсон байгууллага маань миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Архиваас 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажилд томилсон ажлаас чөлөөлсөн болон бусад баримтуудаа шүүлгэхэд баримт гараагүй. Би 2024 оны 07 дугаар сарын 12-нд 55 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа дутаж байгаа тул намайг 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд тээврийн яамны нэгдсэн туслах аж ахуйн харьяа Лүн суман дахь шалган бүртгэх товчоонд угаагч кассчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 438 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 869 дугаар тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 321 дугаар албан бичиг, гэрч Д.Д-ийн 169661 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.А-ийн 000821 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон иргэний үнэмлэхийн хуулбар, БНМАУ тээврийн яамны харьяа хот хоорондын авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тушаалын хуулбар, П.Ам-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24/15 дугаар зөвлөгөө зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Т аймгийн Төрийн архивын тасаг, Архивын ерөнхий газраас нотлох баримт бүрдүүлж, гэрч Г.А, Д.Д, Ж.О нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Д.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Ам нь Т аймгийн Л сумын Авто тээврийн товчоо тухайн үеийн “Тээврийн яам”-ний харьяа нэгдсэн туслах аж ахуйд 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл угаагч, кассчинаар ажилласан гэж тайлбарласан.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох гэж заасан.

4. Хүний ажиллаж байсан байдлыг тогтооход хүсэлт гаргагчийн ажиллаж байсан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэдэг.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Аийн улсад шимтгэл төлсөн болон ажиллаж байсан байдал баримтаар тогтоогдсонгүй.

6. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг Т аймгийн Төрийн архив болон Архивын Ерөнхий газраас нотлох баримтыг шүүж цуглуулах ажиллагааг хийсэн.

7. Үүнд: Архивын Ерөнхий газрын  2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/727 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичигт “ Танай 2024.07.18-ны өдрийн /АБ2024/00292 дугаартай албан бичгийг 2024.07.25-ны өдөр хүлээн авч танилцлаа. Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.04-ний өдрийн /ШЗ2024/02193 дугаартай захирамжийн дагуу манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Тээврийн яамны харьяа Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1987-1990 оны тушаалыг шүүж ПАааг 1989 оны 07 дугаар сард ажилд томилсон, 1989 оны 08 дугаар сард угаагчаар, 1989 оны 10 дугаар сард кассаар томилсон, 1990 онд ажлаас чөлөөлсөн тухай лавлагааг гарган хүргүүлэв. Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1987-1990 оны тушаалыг шүүж үзэхэд иргэн П.А-тай холбоотой шагнал урамшуулал, ээлжийн амралт болон бусад холбоотой баримт байхгүй байна. Мөн Т- аймгийн Л сумын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтыг шүүж Пэ-н А-ийн ам бүлд холбоотой лавлагааг гарган хүргүүлэв. Манай архивын сан хөмрөгт Тээврийн яамны харьяа Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын санхүүгийн баримт буюу цалингийн карт, цагийн бүртгэл, байгууллагын хурал цуглааны бүртгэл, бусад баримт шилжиж ирээгүй болно. Мөн Төв аймгийн Лүн сумын "Аян" хоршооллын баримт шилжиж ирээгүй болно” гэжээ.

8. БНМАУ Зам Тээврийн яамны харьяа хот хоорондын тээвэр үйлчилгээний газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх” тухай тушаал,

9. БНМАУ тээврийн яамны харьяа хот хоорондын авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар “Ажилд авах, арга хэмжээ авах, шагнах” тухай тушаалд “П-н А-г 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Л-ийн ШБТ-д үйлчлэгчээр түр хугацаагаар” гэх тушаалын хуулбар,

10. БНМАУ тээврийн яамны харьяа хот хоорондын авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар “Ажлаас чөлөөлж ажилд авч ажиллуулах шагнах” тухай “№2 П.А-ааг 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс кассаар” гэх тушаал,

11. БНМАУ тээврийн яамны харьяа хот хоорондын авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 52 дугаар “Ажилд авах, арга хэмжээ авах, шагнах” тухай “№1 Пэрэнлэй А-ааг 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Л-ийн ШБТ-д түр хугацаагаар үйлчлэгчээр”, “№5  Д.Амарсанаа төсөв ёсоор цалинжуулж, шагнал урамшилд зарцуулах” гэх тушаал,

12. БНМАУ тээврийн яамны харьяа хот хоорондын авто тээврийн удирдах ерөнхий газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд авах шагнах, тэтгэмж олгох” тухай Т- аймгийн Л- сумын харьяат А-ааг 1989-8-5-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан тул” гэх тушаал,

13. Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 869 дугаар Тээврийн яамны харьяа Нэгдсэн туслах аж ахуй, Хот хоорондын авто тээврийн удирдах газрын баримт тус тус хайдаглагдаагүй тул П-эйн А-аад лавлагаа олгох боломжгүй байна гэх тодорхойлолт,

14. Т- аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 321 дугаар Тээврийн яамны харьяа Нэгдсэн туслах аж ахуй, Хот хоорондын авто тээврийн удирдах газрын баримт тус тус хадгалагдаагүй тул П-эйн А-аад лавлагаа олгох боломжгүй байна гэх албан бичиг,

15. Т- аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 389 дугаар Тээврийн яамны харьяа Нэгдсэн туслах аж ахуйн харьяа Л сум дахь шалган бүртгэх товчооны даргын тушаал, цалингийн баримт зэрэг нь шилжиж ирээгүй гэх албан бичиг,

16. Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/651 дугаар албан бичигт П.А-ийн 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны тушаалыг хүргүүлэв гэх албан бичгүүд цугларсан ч тухайн баримтуудаар ажилласан байдал нь тогтоогдсонгүй.

17. Гэрч Г.А “ П.А 10 дугаар ангиа төгсөөд сургууль ахиж сураагүй болохоор гуанзанд кассчинаар ажиллаж байсан өөр А гэх хүн байгаагүй 1987 оноос 1989 оныг хүртэл хамт ажиллаж байгаад Д.А нөхөр хүүхэдтэй болоод сумаас явсан” гэж,  

18. Гэрч Д.Д “Бид нэг суманд амьдардаг, нэг байгууллагад би бэлтгэгчээр, П.А кассаар ажилд орж байсан. Би 1990 оны 4 дүгээр сараас 5 дугаар сард ажлаасаа гараад явсан. Бид нэг дор ажиллаж байсан. П.А 1987 оны 9 дүгээр сар 10 дугаар сард ажилд орсон байх сарыг нь сайн санахгүй байна. Конкурс өгөөд бид нар унаад эргээд сумандаа очоод ажилд орсон шинээр нээгдэж байсан газарт ажилд орж байсан” гэж,  

19. Гэрч Ж.О “1983 онд тогоочоор тээврийн газар 1987 гуанз болсон кассаар ажиллаж байсан. яам салаад гуанз татан буугдаад 1996 оныг хүртэл ажилласан байсан шалган бүртгэх товчоонд диспичир хийж байсан. 3 диспичир үлдэж байсан, диспичир нь татан буугдаагүй” гэж мэдүүлсэн.

20. Гэрчүүдийн мэдүүлгүүд нь П.А-ийн ажилласан гэх хугацаатай таарч тохирохгүй байх ба ажиллаж байсан байдлыг нотлох баримт байхгүй тул тэдгээрийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, нотлох баримтаар үнэлээгүй болно.

21. П.А-ийн ажиллаж байсан байгууллага, албан тушаал, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг холбогдох төрийн архиваас шүүлгэсэн баримтуудаар тооцож тогтооно.

22. Тэтгэвэр авах эрх үүсэхэд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийг үндэслэх эсхүл ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг үндэслэх бөгөөд П.А нь хөдөлмөрийн дэвтэргүй, мөн нэхэмжлэгчийн шаардсан хугацааны ажилд орсон гарсан тушаал нь Төрийн архивын газраас гараагүй болно.

23. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч П.А-ийн Тээврийн яам”-ний харьяа нэгдсэн туслах аж ахуйд 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл угаагч кассчинаар ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

24. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өвөр долоо овогт П-эйн А /РД:НО/-ийн Тээврийн яам”-ний харьяа нэгдсэн туслах аж ахуйд 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл угаагч кассчинаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУУЛ