| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04381/И |
| Дугаар | 181/ШШ2024/03363 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03363
2024 09 16 181/ШШ2024/03363
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, т байрлах Г.....ХХК /РД: 6 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, тоот, П.... ХХК-ийн байранд байрлах П.... ХХК /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.....ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь хариуцагч П.... ХХК холбогдуулан түрээсийн барьцаа төлбөрт төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
...Манай компани "П...." ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХАГ/134 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг , П.... тауэр барилгын 13 давхарт байрлах оффисыг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш түрээсийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус өөрчилж, шинэчлэн байгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ХАГ/134 дугаартай Түрээсийн гэрээний дагуу 1,520,400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Түрээсийн гэрээний дагуу 7,906,500 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу 4,040,100 төгрөг нийт 13,467,000 төгрөгийг барьцаа болгож хариуцагч байгууллагад өгсөн байдаг. Түрээслүүлэгч "П...." ХХК нь манай байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 23/067 дугаартай албан бичиг илгээж тус түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өөр бусдад худалдаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг дуусгавар болгож, хөрөнгийн шинэ өмчлөгчтэй Түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай талаар мэдэгдсэн. Талууд харилцан тохиролцсоны дагуу түрээсийн харилцааг хэвийн тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор манай байгууллага түрээсийн барьцаа төлбөрт ннйт 13,467,000 төгрөг буюу нийт талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг П.... ХХК-д урьдчилан өгсөн байсан. Бид түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болох хүртэлх хугацаанд сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөөр ирсэн. Хариуцагч тал нь үл хөдлөх хөрөнгийг нэгэнт өөр бусдад худалдсан тул шинэ өмчлөгчтэй манай байгууллага Эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, гэрээний дагуу барьцаа төлбөрөө төлж, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага хариуцагчид төлөх түрээсийн төлбөрийн ямар нэгэн үлдэгдэлгүй бөгөөд хариуцагч нь барьцаа төлбөрийг буцаан өгөх үүргээ биелүүлэлгүй удаан хугацаа өнгөрч байна. Бид төлсөн барьцаа төлбөрийг буцаан авах талаар утсаар ярьж мэдэгдэх бүрд төлбөрийг төлнө гэдэг боловч гэрээг цуцалснаас хойш энэ асуудлыг хойшлуулсаар ирсэн. Талууд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж П.... ХХК нь Грийн Г ХХК-д түрээсийн барьцаа төлбөрийн үлдэгдэл болох 9,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар баталгаажуулсан. Тухайн тооцоог нийлснээс хойш хариуцагч нь 2,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. П.... ХХК нь түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш нийт 13,467,000 төгрөгийн барьцаа төлбөрийг буцаан өгөх үүрэгтэйгээс 6,467,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Бид 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тус тус төлбөрийг шаардсан боловч уг төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулж дуусгаагүй байна. Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ мэдэж байгаа боловч өнөөдрийг хүртэл эс үйлдэхүй гаргаж төлбөрийг бүрэн төлөөгүй тул бид шүүхэд нэхэмжлэл гаргахаас аргагүйд хүрээд байна. Иймд хариуцагч П.... ХХК-иас түрээсийн барьцаа төлбөр 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулж Г ХХК-д олгож өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд хянагдаж буй Г.....ХХК-ийн нэхэмжлэлтэй П.... ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7,000,000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.....ХХК нь хариуцагч П.... ХХК-д холбогдуулан 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.....ХХК нь хариуцагч П.... ХХК-д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 8 дугаар сарын 19-нний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тал хувь буюу 63,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 63,457 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ