Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Д.Золбоо  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгч Ч.Э нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутагт иргэн Ц.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Ч.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Э намайг эхлээд цохьсон гээд байгаа. Би цохиогүй эхлээд түлхсэн юм. Газрын уруу хэсэг байгаагүй, өөд хэсэг байсан. Миний дээд талд зогсож байсан. Тэгээд би түлхэхэд унаад босч ирэхээр нь 1-2 удаа цохьсон. Унахаар нь 1 өшиглөсөн. Гэрчийн өгсөн тайлбарт үсдэж босгож ирсэн, дээрээс нь дэвссэн гэсэн байсан. Тийм үйл явдал ерөөсөө болоогүй. 1 өшиглөсөн 1-2 удаа цохьсон. Үсдэж босгож ирээд дэвссэн зүйл байхгүй. Чамтай харьцахгүй, харьцах ч шаардлагагүй гэж олон удаа хэлсэн. Тэгж хэлээд байхад араас дагаад үгээр өдөөд байхаар нь түрхэн зуур уур хүрээд тэгээд хэд цохьчихсон гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э би одоо чамайг яах вэ хаана чинь цохих юм гэх зэргээр үгээр өдөөд байхаар нь би нэг удаа түлхчихсэн чинь газар унасан. Тэгээд эргэж босч ирчихээд намайг араас дагаад хэрүүл өдөөд үгээр идээд байхаар нь би гараа зангидаж байгаад нэг удаа хамрыг нь цохьсон чинь газар унахаар нь толгой орчимд нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-3 дугаар хуудас/

Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “..Миний уур хүрээд чи тэгээд яах гээд байгаа юм бэ надтай харьцах гээд байгаа юм уу гэж хэлтэл Ч.Э шууд миний нүүр лүү гараараа цохьсон би газар өнхөрсөн. Тухайн үед газрын гадарга уруу байсан учир би өнхөрсөн ба босох гэтэл миний хамарнаас цус гарч байхаар нь би сөхөрч суугаад хамраа дараад байж байтал хөлөөрөө миний хамар луу дахиж өшиглөхөөр нь би одоо болио хамар гэмтээчихлээ гэж хэлсэн тэгтэл болихгүй миний толгой руу хөл гараараа цохиод л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч.Э шууд Эын нүүр лүү нь хоёр удаа цохьсон тэгээд Э нүүрээ дарж хамгаалаад доошоо суухаар нь Ч.Э Эын үснээс татаж босгоод нүүр лүү нь өшиглөөд унагаасан. Тэгээд дээрээс нь дэвсээд байсан. Тэгэхээр нь би очиж Эг салгаад цааш аваад явж байтал Ч.Э эргэж очоод дахиад Эыг босох гэж байхад нь дахиад нүүр лүү нь өшиглөөд унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шинжээчийн .... дугаартай: “...Ц.Эын биед зүүн хацар яс, зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Эын биед учирсан зүүн хацар яс, зүүн гайморовын хөндий урд ханын цөмөрсөн хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

          Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутагт иргэн Ц.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэгээд би түлхэхэд унаад босч ирэхээр нь 1-2 удаа цохьсон. Унахаар нь 1 өшиглөсөн. ...араас дагаад үгээр өдөөд байхаар нь түрхэн зуур уур хүрээд тэгээд хэд цохьчихсон гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э би одоо чамайг яах вэ хаана чинь цохих юм гэх зэргээр үгээр өдөөд байхаар нь би нэг удаа түлхчихсэн чинь газар унасан. Тэгээд эргэж босч ирчихээд намайг араас дагаад хэрүүл өдөөд үгээр идээд байхаар нь би гараа зангидаж байгаад нэг удаа хамрыг нь цохьсон чинь газар унахаар нь толгой орчимд нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “..Миний уур хүрээд чи тэгээд яах гээд байгаа юм бэ надтай харьцах гээд байгаа юм уу гэж хэлтэл Ч.Э шууд миний нүүр лүү гараараа цохьсон би газар өнхөрсөн. ...миний хамарнаас цус гарч байхаар нь би сөхөрч суугаад хамраа дараад байж байтал хөлөөрөө миний хамар луу дахиж өшиглөхөөр нь би одоо болио хамар гэмтээчихлээ гэж хэлсэн тэгтэл болихгүй миний толгой руу хөл гараараа цохиод л байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч.Э шууд Эын нүүр лүү нь хоёр удаа цохьсон тэгээд Э нүүрээ дарж хамгаалаад доошоо суухаар нь Ч.Э Эын үснээс татаж босгоод нүүр лүү нь өшиглөөд унагаасан тэгээд дээрээс нь дэвсээд байсан тэгэхээр нь би очиж Эг салгаад цааш аваад явж байтал Ч.Э эргэж очоод дахиад Эыг босох гэж байхад нь дахиад нүүр лүү нь өшиглөөд унагасан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн .... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ч.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Э нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 454800 төгрөгийн эмчилгээний болон унааны зардлыг  шүүгдэгч Ч.Э нь төлөх үндэслэлтэй бөгөөд 480 000 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлсөн  байна. Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 145200 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн хохирол гэж тооцогдох ямар зардалд зарцуулсан нь  тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь 500 000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагаас 145200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД