Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/842

 

 

Б.Цхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,  

шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 22080079 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 Б.Ц, 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны гадна “ИХ” ХХК-ийн барьцаанд байсан “Тоуоta Prius-30” маркын 91-24 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Ж.Ж17.000.000 төгрөгөөр зарахаар тохирч улмаар “Маргааш банк бус санхүүгийн байгууллагад очиж нэрээ шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн ... дугаар дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хиад боржигон овогт Батчулууны Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас 23.865.527 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Ж10.370.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “ИХ” ХХК хууль ёсны төлөөлөгч ИХ 13.495.527 төгрөгийг тус тус олгож, хэрэгт “Тоёота приус-30” маркын 90-04 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хууль ёсны өмчлөгч “ИХ” ХХК (төлөөлөгч ИХ)-д олгож, прокурорын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 9 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цын Хаан банк дахь 5749663664 тоот дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлс болох 120.000 төгрөгийг гаргуулж, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар (РД:5674123)-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Цурьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гадуур ажилд орох гээд ажлын ярилцлагад орж өөрийн гэм буруугаас болон хохирсон иргэний хохирлыг барагдуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа болно. Гэвч хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд ажил хийх, цалин хөлс авдаг албан байгууллагад орж ажиллах зэрэг нөхцөл байдал үүсч байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял авах нь хохирогчийн хохирлыг барагдуулахад хүндрэл бэрхшээл үүсгэхээр нөхцөл байдалд хүргэж ажил хийх боломжгүй болгож байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял шийтгэл, эсхүл тэнсэн харгалзах ял шийтгэлийн арга хэмжээгээр солиулах хүсэлтэй байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогчийн гомдлыг барагдуулах, хохирлоо бүрэн гүйцэт барагдуулах болно. Өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял нь миний ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох, олсон орлогоос хохирол төлбөрөө төлөх нөхцөлийг хязгаарлаж байгаа тул шүүх энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг минь харгалзан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нийтэд тустай ажил хийх ялыг торгуулийн ялаар солиулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хэрвээ торгуулийн ял оногдуулбал миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлж хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирлыг барагдуулах боломж бүрдэж байгаа юм. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Ингээд өдрийн 8 цагаар ажиллахад өөр ажил хийх боломжгүй байгаа. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дугаар үндэслэлд заагдсан нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх дүгнэж үзэхийг хүсэж байна. Учир нь тогтоох хэсгийн 4 дэх үндэслэлд “...шүүгдэгч Б.Цаас 23.865.527 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Ж10.370.000 төгрөг...” гэж, 5 дахь хэсэгт “...Тоёота приус-30” маркын 91-24 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хууль ёсны өмчлөгч “ИХ” ХХК (төлөөлөгч ИХ)-д олгож...” гэж бичсэн байдаг. Уг автомашиныг эзэмшигчид нь өгч байгаа хэрнээ шийтгэх тогтоолд өмчлөгч гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчээс “ИХ” ХХК-нд 13.495.527 төгрөгийн хохирол төлөөд, давхар автомашинаа өгч байгаа нь хохирлыг нугалж авч байгаа мэт үр дагавар үүсэж байна. Нөгөөтэйгүүр “ИХ” ХХК-нд учирсан хохирлыг машинаар төлж байгаа бол 13.495.527 төгрөг шүүгдэгчээс гарах ёсгүй. Хавтаст хэргийн 72-75 дугаар талд тухайн автомашиныг 21.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон байдаг. Энэ үнэлгээнд 13.495.527 төгрөг багтах эсэх гэх мэт асуудлууд гарч ирж байна. Иймээс дээрх асуудлуудыг дүгнэж магадлалдаа тусгаж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц тодорхой ажилгүй, орлогогүй байсан. Анхан шатны шүүхээс Б.Цыг гэм буруутайд тооцож, түүний гэм буруу, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дурдсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цоногдуулсан ялыг түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны гадна “ИХ” ХХК-ийн барьцаанд байсан “Тоуоta Prius-30” маркын 91-24 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Ж.Ж17.000.000 төгрөгөөр зарахаар тохирч улмаар “Маргааш банк бус санхүүгийн байгууллагад очиж нэрээ шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн ... дугаар дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Жаргалын “...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутад “приус-30 эзэмшигчдийн групп” руу өөрийн хаягаас “хувь хүнээс бэлнээр 17.000.000 төгрөгт багтаан 2021 онд орж ирсэн 3 салаа гэрэлтэй “приус-30” маркын автомашин худалдан авна” гэсэн пост оруулсан. Тэр өдөр 16 цаг 44 минутад Батчулуун Б.Ц гэх хаягаас “11, 21 онтой “Эс тоуринг” байна, гурван ширхэг батарей муудсан, урд гупер жаахан асуудалтай” гэсэн чат бичихээр нь “зураг байна уу” гэж хариу явуулахад удалгүй уг тээврийн хэрэгслийн 4 ширхэг зураг ирсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 22 дугаар байрны гадаа хүрээд ир, үзэж хараад авъя гээд өөрийн утсаа үлдээхэд 20 цаг 30 минутын үед байрны гадна ирсэн. Уг тээврийн хэрэгслийг үзэж хараад ярилцахад уг эрэгтэй “энэ машин банк бус дээр лизингтэй байгаа, үнэ хөлс тохирох юм бол банк бусын өрийг барагдуулаад өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгнө” гэсэн. Уг тээврийн хэрэгслийн урд гупер бага зэргийн хугарч хагарсан сэвтэй, жолоочийн эсрэг талын хойд хаалга 30 орчим см зурагдалтын сэвтэй, хойд жижиг шилний дээд хэсэгт төмөр нь хонхойж хумсны лакаар будсан байсан. Машиныхаа 3 ширхэг батарейг муу гэж хэлээд 17.000.000 төгрөгт авахаар харилцан тохиролцож улмаар өөрийн интернэт банкнаас Б.Ц гэх хүний дансанд “машины төлбөр” гэж бичээд 17.000.000 төгрөгийг шилжүүлэн, тээврийн хэрэгслийг авч үлдэн маргааш нэр шилжүүлэхээр болж салсан. Маргааш өглөө уг эрэгтэйн утас руу бэр эгч И.Наранцэцэг залгахад “утсаа авахгүй байна” гэж хэлэхээр нь би залгахад утсаа авахгүй байж байгаад авсан. Ингээд “Би танай бэр эгч гэх хүнтэй сая холбогдсон, Чулуун овоонд байрлах “ИХ” банк бус дээр уулзахаар болсон” гэж хэлэхээр нь “за за” гээд утсаа таслаад эгчтэйгээ банк бус руу очоод дахин залгахад утсаа унтраачихсан байсан. Ингээд тээврийн хэрэгслийн нэр шилжих боломжгүй алга болчихсон болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Хурдан хугацаанд дээрх сэв, болон засвар үйлчилгээг хийлгэж зарах гэж яарсан учраас Гэмтлийн эмнэлгийн баруун талд байрлах Вьетнам засварын газрын монгол ажилтан Оюунчимэг гэх хүнтэй уулзаж гадна хэрэглээний сэвүүдийг 700.000 төгрөгөөр, 5 ширхэг батарейг 300.000 төгрөгөөр, под карлан 2 ширхгийг 280.000 төгрөгөөр, моторын доод ангийн хаалт болох элгэвч 1 ширхгийг 90.000 төгрөгөөр бодож засвар үйлчилгээг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийлгүүлсэн. Би 18.370.000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна.” /хх-н 19-20/,

иргэний нэхэмжлэгч ИХгийн: “...тухайн 91-24 УАС улсын дугаартай Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Ц нь “Эко кар центр” ХХК-иас 18.590.000 төгрөгөөр худалдан авахдаа 2.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 16.590.000 төгрөгийн зээлийг манай байгууллагаас гаргуулж, уг тээврийн хэрэгсэл манай өмчлөлд шилжсэн. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 12.585.894 төгрөг байгаа. Дээрх дүнгээс дараагийн хуваарьт төлбөрийн өдөр болох 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хүү 352.405 төгрөг, тухайн тээврийн хэрэгслийн торгууль бэлэн бусаар 220.000 төгрөг, албан журмын татвар 43.128 төгрөг, зам ашиглалтын татвар 20.000 төгрөг, албан журмын даатгал 89.100 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 185.000 төгрөг зэрэг төлбөрүүд нэмэгдэн нийт 13.495.527 төгрөгийг Б.Цаас нэхэмжилж байна. Барьцааны болон зээлийн гэрээний дагуу манай компанийн нэр дээр өмчлөлтэй байгаа 91-24 УАС улсын дугаартай “Тоёота приус-30” маркын тээврийн хэрэгслийг худалдан авахаар мөнгө шилжүүлсэн гэх хүнээс авч өгнө үү. ...” /хх-н 26-27/,

гэрч И.Наранцэцэгийн: “...Би дүү Жаргалаас тухайн машин зарсан хүний утасны дугаарыг аваад 2022 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 35 минутад залгаад ярьсан. Тухайн хүн “эгчээ би Налайхад ажилладаг, өдрийн цайны цагаар тантай Чулуун овооны тэнд байдаг банк бус санхүүгийн байгууллагын гадна уулзаад машины нэрийг шилжүүлээд өгье” гэж хэлсэн. 12 цаг 40 минутад нөгөөх хүн рүү залгахад “Би ажлаасаа гараагүй байна. Та нөгөө газраа хүлээж байгаач” гэхээр нь би банк бусын гадна хүлээгээд байсан боловч ирээгүй. 14 цаг 50 минутад залгахад дугаар нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би ажилтай байсан тул жаахан хүлээж байгаад явчихсан.” /хх-н 50-51/,

гэрч Б.Оюунчимэгийн: “...2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. Ж.Жаргал гэх манайхаар байнгын машин засуулдаг зүс таних залуу манай авто засварын газарт ирээд 91-24 УАС улсын дугаартай “Тоёота приус 30” маркын тээврийн хэрэгсэл засвар үйлчилгээнд оруулах гэсэн юм гэхээр нь би вьетнам ажилчинтай хамт үнэлгээ гаргахад урд гупер бага зэргийн хугарч хагарсан сэвтэй, жолоочийн эсрэг талын хойд хаалга 30 орчим см зурагдалтын сэвтэй, хойд жижиг шилний дээд хэсэгт төмөр нь хонхойж хумсны лакаар будсан зэрэг засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул 700.000 төгрөгөөр тохирч хүлээн авсан. Манайд засварын ажил хийлгүүлж байхдаа уг эрэгтэй тухайн тээврийн хэрэгсэлд батарей, машины урд, хойд элгэвч зэрэг зүйлийг сольж байхыг нь би харсан...” /хх-н 60/,

гэрч Г.Энх-Амгалангийн: “...Б.Ц гэдэг залуу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн миний 2 өрөө орон сууцыг нэг сарын 1.300.000 төгрөгөөр түрээслэн сууж байгаа. Б.Ц гэдэг залуутай түрээсийн гэрээ байгуулж 3 сарын түрээс болон 1 сарын барьцаа мөнгө гэж миний данс руу нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх-н 65/,

яллагдагчаар Б.Цын: “...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Приус эзэмшигчдийн групп” хаягт “2021 онд орж ирсэн, 3 салаа гэрэлтэй, “Приус 30” маркын автомашин 17.000.000 төгрөгт багтаан авна” гэсэн пост оруулсан байхаар нь өөрийн Батчулууны Б.Ц гэх хаягнаас “11, 21 онтой 3 ширхэг батарей муудсан, Приус 30 машин байна” гээд явуултал зураг явуул гэж хэлсэн. Машиныхаа зургийг явуултал Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны гадна ирээд үзүүлчих гээд өөрийн дугаараа үлдээсэн байхаар нь тэр өдрийн 21 цагийн орчим явж очиход Жаргал гэх эрэгтэй гарч ирээд машиныг үзэж харж байгаад “17.000.000 төгрөгөөр зарвал одоо шилжүүллээ, эгчдээ авч өгч байгаа юм” гээд хэлэхээр нь тохирч 17.000.000 төгрөгийг өөрийн тоот дансаар тэр даруй шилжүүлэн авсан. Тэгээд уг залууд машинаа үлдээгээд “маргааш надтай утсаар холбогдоод тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлээд аваарай, би банк бусад үлдэгдэл тооцоогоо барагдуулна” гэж хэлчихээд явсан. Гэр рүүгээ харьж явахдаа их хэмжээний мөнгө ороод ирсэн учраас уг эрэгтэйн утсыг авахгүй гэж шийдээд авсан мөнгөөрөө түрээслэн амьдарч байгаа байрны 3 сарын төлбөр, барьцаа нэг сарын төлбөрийн хамт 5.200.000 төгрөгийг байрны эзэн Энх-Амгалангийн данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоод зээлээр авсан байсан Ганболд гэх хүнд бэлнээр авч өгсөн. 5.000.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр данснаасаа авч “Эс эм” гэх эрэгтэйчүүдийн эмнэлэгт нарийвчилсан цусны шинжилгээ өгч 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн, “Гарьд манлай” эмнэлэгт бэлэг эрхтнээ үзүүлж эмчилгээний зөвлөгөө авч 40.000 төгрөг төлсөн. Зүс таних хүнээр бэлэг эрхтэн томруулах эмчилгээг 1.500.000 төгрөг өгч хийлгүүлсэн. Такси, хоол унд, эм тариа зэрэг зүйл хэрэглээд Ж.Жаргалаас авсан 17.000.000 төгрөгийг үрж барагдуулсан. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “ИХ” банк бус санхүүгийн газарт зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг өгч үлдэгдэл 16.950.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулан тухайн “Приус-30” маркын тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлж авсан. Сар болгон төлбөр тооцоогоо төлж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш огт төлөөгүй байгаа нь үнэн. Миний хувьд уг тээврийн хэрэгслийг бусдад зарчихаад банк бусынхаа өрийг дараад өргүй үлдэнэ гэж бодож байгаад буруу зүйл хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо түргэн хугацаанд барагдуулна гэж бодож байна. Өөрийн шуналаас болж бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна...” /хх-н 93-94/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Ц-658 дугаар тайланд: “...91-24 УАС улсын дугаартай “Приус-30” автомашины үнэлгээ 21.900.000 төгрөг” гэжээ. /хх-н 72-74/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/,  “Хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-н 5/, шүүгдэгчийн эзэмшлийн дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан тухай албан бичиг /хх-н 6/, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-н 8-9/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 10-11/, “ИХ” ХХК, Б.Ц нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ /хх-н 30-33/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-н 39/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний хөлсний баримт /хх-н 71/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүх шүүгдэгч Б.Цыг “хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Цын “....торгох ял шийтгэл, эсхүл тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо иргэний нэхэмжлэгч “ИХ” ХХК хууль ёсны төлөөлөгч ИХ 13.495.527 төгрөгийг олгож, хэрэгт “Тоёота приус-30” маркын 91-24 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хууль ёсны өмчлөгч “ИХ” ХХК (төлөөлөгч ИХ)-д давхар олгохоор шийдвэрлэснийг энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Тодруулбал, иргэний нэхэмжлэгч “ИХ” ХХК-нд “Тоёота приус-30” маркын 91-24 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12.585.894 төгрөг, 352.405 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль бэлэн бусаар 220.000 төгрөг, албан журмын татвар 43.128 төгрөг, зам ашиглалтын татвар 20.000 төгрөг, албан журмын даатгал 89.100 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 185.000 төгрөг, нийтдээ 13.495.527 төгрөгийн хохирлыг дахин шүүгдэгч Б.Цаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын зарим “...иргэний нэхэмжлэгч “ИХ” ХХК хууль ёсны төлөөлөгч ИХ 13.495.527 төгрөгийг тус тус олгосугай.” гэсэн хэсгийг,

5 дахь заалтын зарим “...прокурорын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 9 дүгээр тогтоол, шүүгдэгч Б.Цын Хаан банк дахь 5749663664 тоот дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ