Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Л.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Л-н З-д холбогдох эрүүгийн 1706 0160 70383 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт Баянгол дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Л-н З

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.З нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-г толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр бороо орсон байсан ба манай дүүгийн ажилд хүргэлтийн хүн байхгүй болчихоод би хүргэлт хийж өгсөн. Би бараа хүргэж өгсөн хүнтэйгээ маргалдсан гэв.

Шүүгдэгч О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би уг нь толгой руу нь цохиогүй түлхсэн. Дүү Цээлээд туслах гээд цүнх хүргэлтийг нь түр зуур хийсэн юм. Ингээд захиалсан газар нь яваад очиход цүнхийг авахгүй гэсэн. Тэгээд би ийм бороотой үед авахгүй байсан юм бол яах гэж захиалсан юм бэ гэхэд та нар үзүүлэх ёстой гэсэн. Тэгээд бид хоёрын дунд маргаан болсон. Клонк руу яваад нөхрөө дуудна гэсэн боловч ганцаараа гарч ирсэн. Тэгээд салаад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/,

Хохирогч Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүкэд ороод хүүхдийн цүнхний худалдаа байсан. Тэгээд би утас руу ярихад хүргэлтээр хүргэж өгнө гэсэн. 13-р хорооллоос хүргэж өгнө гэсэн. Бороотой байсан болохоор маргааш ч байсан болно гэхэд хүргэлтээр явуулсан гэхээр нь замын ар талд байх клонк дээр ирээд залгачих би очоод авъя гэж ярьсан. Колонк дээр уулзаад, үзээд зогсож байсан чинь пизда чинь хамаг хувцас норгочихлоо очиж авахгүй яасан юм гэсэн. Та юу яриад байгаа юм бэ хүргэлттэй гэхээр чинь авах гэсэн юм гээд үзээд зогсож байхад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би айгаад, балмагдаад клонк руу ороод цүнхийг чинь авахгүй гэхэд чи муу авахгүй л биз гээд дахин цохих гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай төсөн эгч Цээлээ интернэтээр хүүхдийн хүргэлтийн цүнх зардаг юм. Тухайн өдөр хүргэлтэнд явдаг хүн нь байхгүй байсан болохоор нагац ах З-г дуудаж Сансарт үзнэ гэсэн хүн рүү хүргэлтээр явуулсан. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь надад нэг бүдэг бадаг юм яриад байсан. Цүнх үзэх гэж байсан эмэгтэйтэй хэл амаараа маргалдсан яагаад маргалдсан талаар асуухад зам дээр тогтсон уснаас болж чи наашаа гар, би гарахгүй гэж маргалдсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹10862 дүгнэлтэд “Д-н биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.З нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Дг толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.З-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Л.З-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Д-д 78.000 төгрөг төлсөн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.