Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/839

 

      З.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,  

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Ахолбогдох эрүүгийн 222222 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 З.А, 

Шүүгдэгч З.А нь ХХ дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, АПУ 50-25 тоот айлд хэрэлдэж зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад Р.Б“гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн асуудал гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны байранд байрлах өөрийн албаны байранд бэлнээр 300.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дөшөд овогт Занабаатарын З.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.Аийг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд З.А нь 300.000 төгрөгийг хохирогч Р.Б төлснийг тэмдэглэж, энэ хэрэгт З.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Аийн өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй байхад анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрч Ммэдүүлэгтээ /1хх-н 42 тал/ 300.000 төгрөгийг “Зайсан стар” төвийн АТМ-ээс өөрийн Хаан баанкны данснаас аваад цагдаад өгөхөд Р.Б ах гадаа байсан, эхнэр бид хоёр өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл 2-124 талд, 3-1 талд Р.Бийн мэдүүлэг “...мөнгийг манай хүргэн дүү Мавчирч өгсөн, би эргүүлж төлөөгүй, мөнгө цагдаад өгөхөд Мбид хоёр хамт байсан” гэж мэдүүлсэн нь мэдүүлгийн ноцтой зөрүүтэй хэргийн шийдэлд нөлөөлж болохуйц байхад анхан шатны шүүх шийдсэн нь ноцтой алдаа юм. Мөн гэмт хэргийн улмаас эд хөрөнгө мөнгөөр хохирсон хүнийг хохирогч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэтэл мөнгө бодитоор өгсөн гэж үзэж байгаа бол хохирогчоор Р.Б биш Мтогтоогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах байтал энэхүү ажиллагааг нэг мөр хийхгүй, хохирогч эргэлзээтэй нөхцөл байдалд шүүгдэгчиин эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй шийдвэрлэсэн байна. Миний үйлчлүүлэгч З.Амөнгө өгсөн гэх хохирогч Р.Б, гэрч Мнарын мэдүүлгийг дангаараа нотлох баримт болгож яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг тогтвортой мэдүүлсээр ирсэнг шүүх анхаарсангүй. Хохирогч гэх Р.Б нь маш олон зөрчлийн хэрэгтэй танхайрах, архидан согтуурах, гэр бүл хүүхдийн хүчирхийллийн маш олон дуудлага мэдээлэл хэрэгт авагдсан энэ бүх ажиллагааг албаны чиг үүргийн дагуу шийтгэл хариуцлага хүлээлгэдэг албан тушаалтанд хувийн сэдэлтээр хандсан байхыг анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилангийн гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг. Гэтэл З.Аийг Р.Бгэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн асуудал гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил нь 7-30 хоног баривчлах санкцтай буюу бодит байдлыг нуух замаар бий болгосон үйлдэл байхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих буюу 5.4.4-д гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон тохиолдолд 5.4.4-д 7-30 хоног баривчлах торгох санкцийг хуульчилсан байна. 3.З.А нь бодит байдлыг зориудаар бий болгоогүй буюу хуульд заасан нөхцөлийг тайлбарлаж өгсөн. Харин З.А нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Р.Бийн үйлдлийг шалгаж зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэлийн хуудас бичиж тухайн шийтгэлийн орлогыг тушаах эрхтэй, гэтэл өөрт авсан гэх үйлдэл нь итгэмжлэгдсэн хариуцсан эд хөрөнгийг завших шинжтэй байхад өрсөлдөх хэм хэмжээг шалгах ёстой байсан. Р.Бторгож байна гэж хэлээд 300.000 төгрөг өөртөө аваад тус хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна хэмээн хааж байгаа үйлдэл нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж байгаа үйлдлийн шинжийг агуулсан эсэх уг үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг хэлбэрийн төдий агуулсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байсан. 300.000 төгрөгийг өөртөө авалгүй байгууллагад шийтгэх хуудасны дагуу тухайн торгуулийг тушаах байтал тушаалгүйгээр өөртөө авч завшиж байгаа үйлдэл мөн эсэх хууль зүйн үйл явдлыг тогтоох ёстой байсан. Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтанд хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэж оногдуулна гэжээ. Цагдаагийн байгууллагын зөрчлийн хянан шийдвэрлэх журмын 812.4.6 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагчид олгосон шийтгэлийн хуудсыг хариуцсан албан хаагч /эд хариуцагч/-тай тооцоо үүсгэж бүртгэнэ. 812.4.9 дүгээр зүйлд шийтгэлийн хуудас, тооцоот маягтын тооцоог байгууллагын санхүүтэй хийх боломжгүй алслагдсан цэгт ажиллаж байгаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагч нар орлого зарлагын баримтаараа сард 1-ээс доошгүй удаа өөрийн биеэр тооцоо хийнэ гэж заасны дагуу З.Аитгэмжлэн хариуцуулсан хөрөнгө нь шийтгэлийн хуудас байх боломжтой байна. Гэтэл З.А нь 300.000 төгрөгөөр Р.Бийг зөрчлийн тухай хуулийн дагуу торгож байна гэж хэлээд тус торгуулийн мөнгийг байгууллагад тушаалгүйгээр өөртөө завшиж байгаа үйлдэл нь эрх зүйн зөрчил гэж шүүх өрсөлдөх хэм хэмжээг нэг бүрчлэн шалгаж хууль зүйн фактад эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх эрүүгийн эрх зүйн зарчмыг хэрэглэх талаар хангалттай мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй. Гэтэл миний үйлчлүүлэгч цагдаагийн албан хаагч албаны үүргээ гүйцэтгэдэг зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэдэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, хохирогч гэх этгээдийн зөрчлийг шийдвэрлэсэн эрүүлжүүлсэн, нийгэмд аюултай үйлдэл байхгүй, хохирлын хэмжээ, хор уршиг нийгэмд аюул дагуулах хэмжээнд хүрээгүй байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх боломжтой Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой тул эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Иймд 3.З.Ад холбогдох зөрчил нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ажил амьдралынхаа гарааг энэ мэргэжлээр эхлүүлсэн. Өдийг хүртэл хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Хохирогч Р.Б удаа дараа архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Тэрээр миний хяналтад байхдаа Зөрчлийн тухай хууль болон Захиргааны тухай хуулиар нийт 17 удаа торгуулж, 11 удаа саатуулж, эрүүлжүүлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид камерын бичлэгийг шалгуулах, тодорхой хүмүүсээс мэдүүлэг авахуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Надад хэцүү байна. Би Р.Бөөс мөнгө аваагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Р.Бийг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийг хохирогчоор тогтоохоор хуульчилсан. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч З.А нь зохиомол байдлыг бий болгож хохирогч Р.Бд 300.000 төгрөгөөр торгуулах ёстой гэж ойлгуулсны улмаас Р.Б нь Мээр дамжуулан 300.000 төгрөг авч З.Аөгсөн байдаг учир Р.Бийг хохирогчоор тогтоосон нь хуульд заасан үндэслэл журамд нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд Зөрчлийн тухай хуульд заасан хөрөнгө завших зөрчил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хавтаст хэрэгт хангалттай ялгаж, нотлон тогтоосон байна. Өмгөөлөгчөөс Зөрчлийн хуульд байхгүй зүйл заалтыг тайлбарлаж, 300.000 төгрөгийг авсан бол зохиомол байдал үүсгэсэн гэж дүгнэх байсан гэж хууль зүйн үндэслэлгүй тайлбар хэлж байна. Учир нь шүүгдэгч З.А хохирогч Р.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мэтээр итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон. Нэгдүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр талд зөрчлийн хэрэг бүртгэлт нээхээс татгалзсан тухай тогтоолын хуулбар хавсрагдсан байхад Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулж байгаа мэт бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг авч бусдыг залилсан гэмт хэрэгт хамаарч байгаа учир энэ зүйл ангиар зүйлчилсэн. Мөн өмгөөлөгчөөс тухайн цаг үед мөнгө авч ирж амжихгүй гэж тайлбарлаж байна. Хохирогч Р.Б болон гэрч Мнарын мэдүүлэгт Р.Б нь цагдаагийн хэлтэст байхдаа өөрийн дүү Мд “300.000 төгрөгөөр торгуулах юм байна, бэлдээд аваад ир” гэж хэлсэн талаар дурдагдсан байдаг. Түүнчлэн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримттай танилцахад эдгээр баримтууд нь хувь хүний нууцтай холбоотой баримт буюу хохирогч Р.Бийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх АСАП сангийн лавлагаа байна. Энэ баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа нь хувь хүний нууцад халдах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл учир шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хувь хүний нууцтай холбоотой баримтыг эх сурвалж нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт хавсаргах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч З.А 300.000 төгрөгийг аваагүй, энэ талаар бусад гэрч нарыг асуух шаардлагатай гэж маргаж байгаа ч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “авсан боловч төрийн санд тушаагаагүй нь завших гэмт хэргийн шинжтэй” гэсэн байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч 300.000 төгрөгийг авсан гэдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээс гадна гаргаж байгаа хүсэлт, гомдлоор нь нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч З.Аийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.А нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, АПУ 50-25 тоот айлд хэрэлдэж зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад Р.Б“гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн асуудал гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны байранд байрлах өөрийн албаны байранд бэлнээр 300.000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Р.Бийн: “...маргааш өглөө нь 18 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очсон. Би одоо цагдаагийн хэсгийн алба хаагчийн нэрийг санахгүй байна, надад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг гэхээр нь би “...би баривчилгаанд явж чадахгүй...” гэхэд “...тэгвэл таныг 300.000 төгрөгөөр торгоно...” гэж хэлсэн. Тэгээд би ээжтэйгээ утсаар ярихад манай хамаатны дүү Чанцалдуламын нөхөр Мирсэн юм. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нь торгож байгаа талаар хэлэхэд манай хүргэн дүү М300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Цагдаагийн газраас намайг дуудаагүй. ...Цагдаагийн алба хаагч надад Зөрчлийн хуулиар торгоно гээд 300.000 төгрөг авсан, харин хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлээгүй, баримт өгөөгүй. Тухайн үед надаас мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан. Би гомдолтой байна. Цагдаагийн алба хаагч торгуулийн хуудас өгөөгүй учир мөнгөө нэхэмжилж байна.” /2хх-н 124-125, 3хх-н 1/,   

гэрч Л.Мийн: “...Уг цагдаагийн хэлтсийн Алтан гэх нэртэй, бүтэн нэрийг нь санахгүй байна, цагдаагийн алба хаагч манай ахын гаргасан зөрчлийн талаар хэлээд “300.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би “картаар шилжүүлж болох уу” гэхэд “бэлнээр авна” гэсэн учир би Зайсан стар худалдааны төвийн 1 давхарт байрлах АТМ-ээс 300.000 төгрөгийг бэлнээр авч, уг цагдаагийн алба хаагчид бэлнээр өгөөд бид гурав явсан.” /2хх-н 128/ гэх  мэдүүлгүүд,

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас /1хх-н 19-21, 29/, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материал /1хх-н 110-121/, Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан З.АЦагдаагийн дэслэгч цол олгосон тухай ЦЕГ-ын даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/298 дугаартай тушаал, мөн түүнийг ажлаас чөлөөлж, томилсон ЦЕГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/181 дугаартай тушаал, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/196 дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, боловсролын гэрчилгээ зэрэг баримтууд /1хх-н 192-214/, гэрч Д.Мөнх-Эрдэнийн Хаан банк дахь депозит дансны хуулга баримт /3хх-н 10-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, З.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Аийг залилах гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогч Р.Б, гэрч Л.Мнараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хохирогч Р.Б /2хх-н 124-125, 3хх-н 1/ болон гэрч Л.Мөнхтөр /2хх-н 128/ нарын мөрдөн шалгах ажиллагааны ажиллагааны явцад “...зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий цагдаагийн албан тушаалтанд торгуулийн мөнгө гэж 300.000 төгрөг өгсөн" талаар тогтвортой өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг дирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ