Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2024/0092

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газраа чөлөөлүүлэх шаардлага бүхий Мана Д.О-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О Баянзүрх сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаартай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн Живлэгийн богтогт байрлах хаваржааны зориулалттай 0.8 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр шийдвэр гарч газар эзэмших гэрээ байгуулж, 0284004 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон юм. Энэ зөвшөөрөгдсөн газартаа өвөлжөө хаваржааны хашаа барьж амьдарч ирсэн. Миний төрсөн ах Д.Отгонбаяр нь надтай ярьж тохиролцоод миний энэ газарт гуйж хонины хашаа барьж нутаглаж байгаад ах маань 2018 оны 03 дугаар сарын 27-нд нас барсан ба түүнээс хойш бэр эгч Доржийн Баасанжав нь миний газар дээр нутаглаж байгаад миний газрыг сумын газрын даамалтай хуйвалдан иргэн Отгонбаярын Батбямбад миний зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргуулсан байгаа юм. Миний эзэмшдэг энэ газрыг Баасанжав нь 2022 оны 3 сард бусдад худалдсан байсан.

Иймд миний газар эзэмших эрхийг сэргээж, Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/83 дугаартай захирамжийн Батбямбад холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргав гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.О нь Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газраа чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газраа чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Огийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газраа чөлөөлүүлэхшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ