Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1122

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1916 дугаар шийдвэрээр “Б ” НҮТББ-аас 386 307 526 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Үүнээс 163 207 526 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл Н  нь барьцаа хөрөнгийг хураан авч шинжээч томилохдоо төлбөр төлөгч, өмчлөгч иргэдэд мэдэгдээгүй “Сэлэнгэ эйстимейт” ХХК, “Виннер вэй” ХХК гэх 2 байгууллагыг томилсон, шинжээчид нь эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн.

Барьцаа хөрөнгө болох 7 үл хөдлөх эд хөрөнгөөс 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөд барьцаанаас сулласан. Үлдэх барьцаа 2 үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо Баа 2 дугаар гудамж, 14 тоот барилгын 7 давхрыг 197 730 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 10г байрны 5а тоот орон сууцыг 123 125 000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага шүүхийн гүйцэтгэх ажиллагааны явцад 223 100 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл болох 163 207 526 төгрөгийг төлүүлэхээр энэхүү эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь илт хууль бус, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжээчийн үнэлгээнд гомдолтой байна. мөн уг үнээс 50 хувь дахин бууруулан худалдаалахаар 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолууд гарсан тул гомдолтой байна.

Иймд дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1916 дугаар захирамжаар хариуцагч “Б ” НҮТББ-аас 386 307 000 төгрөгийг “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг сайн дураар биелүүлэхээр шүүхийн шийдвэрээр талууд эвлэрсэн байдаг.

“Б ” НҮТББ-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн. Төлбөрөөс хэсэгчилж төлөөд хэсэгчилж төлсөн үнийн дүнд дүйцүүлээд барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг төлбөр авагчтай тохиролцсоны үндсэн дээр барьцаалагчаас чөлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас битүүмжлэлээс мөн чөлөөлүүлээд явсан.

Төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас барьцааны эд зүйлийг битүүмжилж хураасан байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны явцад өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан ба төлбөр төлөгч 107.26 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 321 780 000 төгрөг, 78.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 234 600 000 төгрөгөөр худалдах үнийн санал гаргасан. Төлбөр авагч зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн гэх тайлбарыг гаргаж үнийн саналд талууд тохиролцоогүй тул хуульд заасан журмын дагуу шинжээчээр үнэлгээг тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн байршил, ашиглалтын хугацаа, тухайн хөрөнгийн эдийн засгийн эрэлт хэрэгцээ, шаардлага зэргийг үндэслээд тухайн зах зээлийн үнэлгээг тогтоосон ба 107.26 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 197 730 000 төгрөгөөр, 78.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 110 025 400 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн. Шинжээчийн тайланг хуульд заасан хугацаанд буюу хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор төлбөр төлөгчид танилцуулахад төлбөр төлөгч шинжээчийн тогтоосон үнээр 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслээд 1 сарын хугацаа өгөхөд худалдан борлуулаагүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон албадан дуудлага худалдааг зарласан.  Нэхэмжлэгчийн үнэлгээг 70 хувь бууруулж худалдсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч “Б ” НҮТББ-аас тохирсон хугацаандаа төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдаж байгаа.

Нэхэмжлэгч үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч биш мэргэжлийн байгууллага үнэлгээ гаргаж дуудлага худалдаанд оруулсан. 2 үл хөдлөх эд хөрөнгө зарагдсан. Тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан Н холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Б ” НҮТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, мэдэгдээгүй гэх үндэслэл баримтаар нотлогдохгүй гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “барьцааны зүйлийг үнэлэх”, “үүрэг гүйцэтгэгч”, “үүрэг гүйцэтгүүлэгч”, “барьцаалагч”, “барьцаалуулаг” “төлбөр төлөгч”, “төлбөр авагч” гэсэн нэх томьёонуудыг нотлох баримт болон хууль зүйн үндэслэлд тулгуурлаж ялгаж салгаж шийдвэрлэж чадаагүй, шүүхийн дүгнэлтүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон зүйлгүй байгаа нь гомдол гаргах үндэслэл болсон.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.2.3-д зааснаар барьцаалагчид үүрэг ногдуулж, нэгээ талд мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар барьцаалуулагчийн эрхийг өргөтгөж бусдын өмч хөрөнгөнд хэн дуртай нь давуу байдлаа ашиглаж хамаагүй халдаж болохгүйг харуулж байна.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн яаж явах талаар тодорхой зохицуулж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ бүхнийг харгалзан үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Б ” НҮТББ нь хариуцагч Н холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2018/01916 дугаар захирамжаар “Б ” НҮТББ-аас 386 307 526 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгож, барьцааны зүйл болох

улсын бүртгэлийн Ү-2201050148 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт найрамдлын зам гудамж, 10в байр, 28 тоот хаягт байрших, 68,88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

улсын бүртгэлийн Ү-2201045981 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт найрамдлын зам гудамж, 10в байр, 34,35 тоот хаягт байрших, 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

улсын бүртгэлийн Ү-2201042749 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Титэм найрамдлын зам гудамж, 10б байр, 6 тоот хаягт байрших, 73,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 улсын бүртгэлийн Ү-2201042748 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Титэм найрамдлын зам гудамж, 10б байр, 7 тоот хаягт байрших, 73,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-2201042952 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Титэм найрамдлын зам гудамж, 10а байр, 8 тоот хаягт байрших, 61,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

улсын бүртгэлийн Ү-2205062612 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Баа 2 дугаар гудамж, 14 тоот 7 давхар, тоот хаягт байрших 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-2201047324 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт найрамдлын зам гудамж, 10г байр, 5а тоот хаягт байрших, 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх 62-64, 73/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс хэсэгчлэн төлөлт хийж, төлсөн үнийн дүнд дүйцүүлэн улсын бүртгэлийн Ү-2201050148, Ү-2201045981 Ү-2201042749, Ү-2201042748, Ү-2201042952 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг  төлбөр авагчтай тохиролцсоны дагуу барьцаанаас чөлөөлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжээс чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Н  нь Д.Гангэрэлийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205062612 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Баа 2 дугаар гудамж, 14 тоот 7 давхар, тоот хаягт байрших 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, П.Ганчимэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201047324 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт найрамдлын зам гудамж, 10г байр, 5а тоот хаягт байрших, 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус битүүмжилж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна./хх 40, 86, 100, 108/

 

Төлбөр төлөгч “Б ” НҮТББ-ын захирал П.Г нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 321 780 000 төгрөгөөр, 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 234 600 000 төгрөгөөр тогтоолгохоор саналыг гаргажээ.

 

Төлбөр авагч 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгүүдийн хэт өндрөөр үнэлсэн байх тул шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгч “талууд үнийн саналд тохиролцоогүй” гэх үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 287 тоот тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг, 290 тоот тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг тус тус шинжээч томилсон нь хуульд нийцжээ. /хх 112, 239/

 

Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 110 025 445 төгрөгөөр, шинжээч “Виннер Вэй” ХХК 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 197 730 000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба хариуцагч байгууллага нь уг шинжээчийн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20644, 4/20646 тоот мэдэгдлээр “Б ” НҮТББ-д мөн өдрөө мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нь шинжээчийн үнэлсэн үнийн дүнгээс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргажээ. Энэ хугацаанд барьцааны зүйлийг төлбөр төлөгч худалдан борлуулаагүй байна. /хх 158, 159, 146/

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 197 730 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 70 хувь болох 1389 411 000 төгрөгөөр, 78,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 110 025 445 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 70 хувь болох 77 017 115 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тус тус тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/26132 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардуулжээ. /хх148/

 

Төлбөр төлөгч “Б ” НҮТББ нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримт нотлоогүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнэнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                        Э.ЗОЛЗАЯА