Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2024/00546

 

2024 06 06                                                    151/ШШ2024/00546

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш***** а***** х***** ХХК,

/Дархан-Уул аймаг, ****** сум, **** дугаар баг, Ш***** а***** х***** оффист байрлах/

Хариуцагч: У***** ө***** ХХК,

/Төв аймаг, ********* сум, ** дугаар баг, ********, Багийн төвд байрлах/

Нэхэмжлэлийн шаардлага: Ургамал хамгаалах бодис нийлүүлэх тухай гэрээний үүрэгт 47,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гантуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК нь хариуцагч У***** ө***** ХХК-аас гэрээний үүрэгт нийт 47,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: У***** ө*****" ХХК нь манай компаниас 66.6 сая төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис авахаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани литр бүр нь 37 000 төгрөгийн үнэ бүхий нийт 1800 литр Глифосата 540IPA SL бодисыг нийлүүлж "У***** ө*****" ХХК-д хүлээлгэн өгч үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч компани нь гэрээний урьдчилгаа төлбөрт 19.98 сая төгрөгийг манай компанид төлсөн. Хариуцагч нь үлдэгдэл 46.62 сая төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул манай компанийн зүгээс төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөхийг утсаар удаа дараа ярьж шаардах, албан бичгээр шаардлагыг хүргүүлж байсан. Хариуцагчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 01-нд 10 сая, 2024 оны 03 дугаар сарын 06-нд 5 сая төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар үндсэн үлдэгдэл төлбөр 31.62 сая төгрөг байна. Хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй, утсаа авахгүй байдалтай байна. Гэрээний 4.3-т заасны дагуу алдангийн хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн түүнээс хойш тооцоолоход 35 сая төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн 50%-аар тооцоход алдангийн хэмжээ 15.81 сая төгрөг болж байна. Иймд "У***** ө*****" ХХК-аас үндсэн үлдэгдэл төлбөр 31,600,000 төгрөг, алданги 15,810,000 төгрөг, нийт 47,430,000 (дөчин долоон сая дөрвөн зуун гучин мянган) төгрөг гаргуулж манай компанид олгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

2. Хариуцагч У***** ө***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анхнаасаа гэрээгээр хүлээсэн үүрэг тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага 47,430,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард, 15,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сард, үлдэх 17,430,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны дотор тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг гаргаж байна.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/19 дугаар Ургамал хамгаалах бодис нийлүүлэх тухай гэрээний хуулбар, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/01 дугаар У***** ө***** ХХК-ийн хүсэлт, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын 26 дугаар баримтын хуулбар, Ш***** а***** х***** ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/02 дугаар мэдэгдлийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У***** ө***** ХХК-ийн дүрмийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК нь хариуцагч У***** ө***** ХХК-аас гэрээний үүрэгт нийт 47,430,000 төгрөгийг нэхэмжил гаргасан.

3. Шүүх хуралдааны үеэр хариуцагч У***** ө***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлага 47,430,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сард, 15,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сард, үлдэх 17,430,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны дотор тус тус төлөхөөр хариу тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ш***** а***** х***** ХХК нь У***** ө***** ХХК-тай Ургамал хамгааллын бодис нийлүүлэх тухай 66,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан. Үүнээс хариуцагч У***** ө***** ХХК нь барааны урьдчилгаа төлбөр 19,980,000 төгрөг төлж, үлдэгдэл 46,620,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан байна. /хх-6-7/

4. Хариуцагч У***** ө***** ХХК гэрээний үлдэгдэл төлбөр 46,620,000 төгрөгөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 31,600,000 төгрөг үлдсэн болох нь талуудын шүүх өгсөн тайлбараар тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК нь У***** ө***** ХХК-тай Ургамал хамгаалах бодис нийлүүлэх тухай гэрээг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний 4.3-т Худалдан авагч тал нь барааны төлбөрөө тохирсон хугацаанд барагдуулахгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам нийт үнийн дүнгийн 0.5 хувь алданги тооцож худалдагч талд төлнө гэж заасны дагуу үндсэн төлбөрт 31,600,000 төгрөг, алданги 15,810,000 төгрөг, нийт 47,430,000 төгрөгийг 6.2-т хэрэв хоёр тал маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй бол аль нэг тал нь нэхэмжлэл гарган Монгол улсын Шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар Ш***** а***** х***** ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд У***** ө***** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 47,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байна.

6. Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК, хариуцагч У***** ө***** ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

6.1. Нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 31,600,000 төгрөгөөс алданги 15,810,000 төгрөгийг тооцож нэхэмжилсэн.

7. Хариуцагч У***** ө***** ХХК нь гэрээний үүрэг зөрчсөнөө ухамсарлаж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК нь гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч У***** ө***** ХХК нь хуульд зааснаар төлөх үүрэгтэй юм.

8. Нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК-ийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 47,430,000 төгрөгийг хариуцагч У***** ө***** ХХК нь бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж буй нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцнэ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

10. Иймд хариуцагч У***** ө***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 47,430,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард, 15,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сард, үлдэх 17,430,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У***** ө***** ХХК-аас 395,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш***** а***** х***** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У***** ө***** ХХК-д холбогдох гэрээний үүрэгт нийт 47,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч У***** ө***** ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У***** ө***** ХХК-аас 395,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш***** а***** х***** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУУЛ