Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч, хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч, хохирогч А.Э, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Д-н Л, Б А-н Э нарт холбогдох эрүүгийн 1706 0202 80282 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, борлуулалтын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б А.Э

2. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмч ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Д-н Л

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр нялх хүүхэдтэй, бага хүүхдээ тэврээд унтаж байхад манай ах намайг дуудсан. Энэ хашаа байшин бол эцэг, эхийнх маань юм. Хөрш айлын хүүхэн бид нарыг харааж зүхээд хэл амаар доромжлоод болохгүй байна гээд намайг дуудахаар нь би хүүхдээ тэврээд гарч ирсэн. Намайг гарахад Э тэнэг мал минь яагаад байгаа юм бэ гэж нөхөр болон хашаа янзлуулж байсан ах хоёрыг хэл амаар доромжилж байсан. Хашааг яагаад сунгах болсон бэ гэхээр бид нар зуны 3 сарын турш агаарт гарна гээд лагертаа гарсан хойгуур хашаа дотор хонь, ямааны толгой хаячихсан, толгой нь өтөөд, ялаа шавсан байдалтай байсан. Манай хашааны хаалга дагуу Э машиныхаа сэгийг 2 жил гаруй хугацаанд нэг бүтээлгээр бүтээгээд тавьсан. Бид нар хашааныхаа хаалгыг ч онгойлгож чадахгүй байдаг байсан. Хөрш айл машин задалдаг учир машины сэлбэг нь манай жорлон дээрээс унадаг. Би энэ бүхнийг удаа дараа хэлж байсан. Бид нар хашаандаа гүйдэг хаалга хийх гэж 1 метр хүрэхгүй турба татах гэж байсан. Хөрш айлын хашаа руу орсон зүйл байхгүй. Манай грашш дотор байсан хоёр ч дугуй алга болсон. Намайг энэ бүхнийг хэлэхэд Э миний толгойноос зулгааж, нүүр маажсан. Гэрч Энхтайванг би Э-ийн нөхөр нь юм байх гэж бодсон. Хоёулаа намайг зайл, хүүхдээ хараад гэртээ бай гэж хэлээд зэрэг дайрсан. Миний толгой руу 2 удаа цохиж нүдний шил унагаагаад үснээс зулгааж, нүүр маажсан. Би Э-н гэрт нь очиж, өөрийг нь дуудаж ирээд нүүрийг нь маажаагүй, зөвхөн өөрийнхөө биеийг хамгаалах гэж түлхсэн. Би амгалан тайван амьдрах гэж л хичээж байна. Миний толгой доргиж, хоол унд ч идэж чадахгүй байна. Би Э-д зодуулж байгаад гэр рүүгээ орсон. Энэ нь нотлох баримтаар баталгаажиж байгаа гэв.

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би хүүхдийнхээ цэцэрлэгийн зүйлийг бэлдэх гээд зах явчихаад ирж байхад Лгийн нөхөр нь бололтой 40 орчим насны эрэгтэй хүн манай байшингийн араар 3 метр урттай турба татна гээд ухчихсан байж байсан. Би юу болж байгаа юм бэ, яагаад хэлээгүй юм бэ гэж асуухад чамд ямар хамаатай гэж хэлсэн. Би хоёр том ууттай зүйл бариад явж байсан болохоор гэртээ ууттай зүйлээ тавьчихаад гарч ирээд манай байшин склад учраас наашаа граш хийх боломжтой. Танай татсан турбаг тайрахаар болвол дараа нь манайх хүний өмчинд халдсан зүйл болно. Манайхнаас яагаад турба татаж болох уу гэж асууж болоогүй юм бэ, манай гэрт хүн байсан гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр нь битгий солиороод бай, чамд ямар хамаатай юм бэ гэж үл тоож, танайх энэ машиныхаа сэгийг холдуул хоёр жил байлаа гэж хэл амаар доромжилсон. Би одоо машинаа холдуулъя, танайх турбагаа цаашаагаа татчих гэж хэлсэн. Би машинаа холдуулж, хогоо цэвэрлэх гээд гэртээ орж хувцсаа өмсөөд шуудай, хүрз аваад гарч ирсэн. Л нэг хүүхдээ хөтлөөд нэг хүүхдээ тэврээд гарч ирээд юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Би тантай юм ярихгүй гээд граш руу ороход Л хашааны хаалга цохиод одоо энэ хашааг янзалж өг, танайх энэ хашаагаа янзалж өгсөнгүй гэж хэлсэн. Хашаандаа тавиур хийгээд янзалсан гэж хэлэхэд танайх хоёр дугуй хулгай хийсэн гэж дайрсан. Би дугуй аваагүй, юун дугуй вэ гэхэд намайг Л түлхсэн. 40 орчим насны эрэгтэй хүн дундуур орж ирээд одоо боль гэж хэлээд уурласан. Л миний нүүрийг маажихад нь би түлхсэн. Намайг түлхэхэд дахиж нүүрийг маань маажсан. 40 орчим насны эрэгтэй хүн Лг чи хүний нүүр маажчихлаа гэж хэлэхэд Л гэр рүүгээ зугтаад орсон гэв.

Шүүгдэгч А.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би Д.Л-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэж огт хэлээгүй бөгөөд хэргийг хурдан шийдвэрлэж өгөөч л гэж хэлсэн. Яагаад надаар хэрэг хүлээлгэж бичсэнийг би огт ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би санаатай хөнгөн гэмтэл учруулаагүй. Надтай зууралдаад миний үснээс зулгаагаад салахгүй байхаар нь нүүр рүү нь гараараа түлхэхэд санамсаргүй учирсан гэмтэл гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 68 дугаар хуудас/,

Хохирогч А.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 20 тоотод амьдардаг юм. Манай хажуу айл болох 651 тоотын хүмүүс манай хашааны урд талаар турба тавьж гүйдэг хаалга хийнэ гэхээр нь бид нар манай хашааг хааж байна хийлгэхгүй гэтэл тэр айлын хүмүүс тэгвэл манай хашаа руу налуулсан энэ төмрийн сэгээ ав гэхээр нь танайхыг гэртээ байдаггүй болохоор чинь бид нар янзалж чадаагүй юм гэж би хэлээд одоо янзалчихая гээд гэрээсээ ах Эты хамтаар гарч ирээд янзлах гэтэл тэр айлын эмэгтэй гарч ирээд бид нартай хэрүүл хийсэн. Тэгээд тэр эмэгтэй орилоод л тэр айлын нөхөр нь гарч ирээд манай ахыг чамтай дараа уулзнаа гэх мэтээр занаад байсан. Тэгээд муудалцаж байгаад тэр айлын эмэгтэй миний нүүрийг маажсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-60 дугаар хуудас/,

Хохирогч Д.Л-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хашаандаа гүйдэг хаалгаа хийх гээд газраа ухаж байсан чинь хажуу талын айлын хүмүүс уурлаад больсон юм. Тэгээд тэр айлын эхнэр, нөхөр хоёр нь уурлаад манай нөхрийг энэ турбагаа ав тэнэг мал гээд янз бүрээр хэлээд байхаар нь би гараад очтол тэр эмэгтэй нь намайг айлын авгай минь зайл, ор гээд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд танай талын манай хашаа нураад эвдэрчихсэн байгаа биз дээ гээд наад машины сэг чинь манай хашааг эвдсэн гэж хэлтэл тэр эмэгтэй нь намайг барьж аваад миний үснээс зулгаагаад намайг газар унагаагаад миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд миний нүүрийг хумсаараа маажсан. Бас манай нөхрийг янз бүрээр занаад байсан. Миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад дайраад байхаар нь би гараараа цааш нь түлхсэн. Тэгсэн миний нүүрийг шалбалчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-57 дугаар хуудас/,

Гэрч Ч.Эт-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр би грашиндаа байсан ба үдээс хойш Э орилж хашгираад байхаар нь гараад хартал Э орилсон, нөгөө зүүн хашааны хүүхэн Л бас нэг хоёр залуугийн хамт гараад ирсэн хэрэлдээд байсан. Тэгээд би очоод зүүн айлын хүмүүст хандаж наад хүүхний чинь нөхөр нь байхгүй байгаа, та нар олуулаа дайраад дээрэлхээд байгаа юм уу гэж асуусан. Тэгээд удалгүй тэд нар салцгаагаад холдсон. Тэгтэл Л-ийн нөхөр нь бололтой залуу над руу дайраад байсан. Би энэ газраас болоод хэрүүл зодоон болох нь гээд гар утсаараа цагдаа дуудсан. Тэр үед Эг Л нь гарч ирээд араас нь түлхсэн Э нь эргэж хараад Л-г түлхээд Л-ийн нүдний шил нь газар унасан. Л нь нүдний шилээ тонгойж аваад шууд Э-г маажсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹11526 дүгнэлтэд “А.Э-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хэргийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹11535 дүгнэлтэд “Д.Л-ийн биед тархи доргилт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹1140 дүгнэлтэд “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11535 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 11526 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. А.Э-ын биед тухайн үед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт зулгаралт гэмтэл учирсан ба одоо зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт нөсөөжсөн хэсэг болон сорви гэмтэл тогтоогдож байна. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан байх тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаввар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 71, 74 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Э, Д.Л нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байх бөгөөд мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар шүүх шүүгдэгч А.Э, Д.Л нарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогч Д.Л нь 265.000 төгрөгний хохирлын баримт нотлох баримтаар ирүүлсэн, шүүгдэгч хохирогч А.Э нь 424.900 төгрөгний баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлжээ. Шүүх А.Э-ийн нэхэмжлэлээс Солонгосоос ирүүлсэн сорви арилгах гэх тосны үнэ 116.000 төгрөгийг болон  “СINDERELLA” арьс гоо заслын эмнэлэгт нэг удаагийн эмчилгээний төлбөрт 350.000 төгрөгний төлбөр төлөх болно гэсэн албан бичиг зэргийг  нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна гэж үзэж хохирлоос хасч А.Э-д учирсан хохирлыг 308.900 төгрөгөөр тооцож, үүнээс Д.Л-д учирсан хохирол болох 265.000 төгрөгийг хасч, 43.900 төгрөгний зөрүүг Д.Л-ээс А.Э-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч А.Э, Д.Л нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э, Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.