Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1119

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00546 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б ,

Хариуцагч: “М ” ГҮТББ,

Хариуцагч: “У ” ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “М ” ГҮТББ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Бадамханд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэчулуун нар,

            Хариуцагч “М ” ГҮТББ-ын төлөөлөгч: Н.Батцэрэн,

Хариуцагч “М ” ГҮТББ-ын өмгөөлөгч: Н.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.1-т заасан 51.36 м.кв талбайн үнэд нийт 66 740 800 төгрөгийг “М ” ГҮТББ болон “У ” ХХК-нд төлж дуусгасан. Гэтэл одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй тул Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 4 давхрын 4035 тоот 51.36 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М ” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 дугаартай гэрээнээс өмнө 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр RE15/024 дугаартай гэрээг “У ” ХХК-тай байгуулж, үүнийхээ дагуу гэрээ байгуулсан өдрөө буюу 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 59 000 000 төгрөг шилжүүлэх зэргээр бүх төлбөрөө манай холбооны дансанд бус “У ” ХХК-ийн захирал болох Д.Шинэсарын “Хас банк” ХХК-ийн дансанд тушаасан. Д.Б  байгуулсан гэх гэрээ хүчингүй, гэрээнийхээ мөнгөө ч өөрөө холбоо руу бус Д.Шинэсарын хувийн данс руу шилжүүлсэн тул хуулийнхаа дагуу гэм хорыг иргэн Д.Шинэсар болон “У ” ХХК-аас нэхэмжлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “У ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилга буюу компьютер худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай 13 давхар барилга нь хөрөнгө оруулагч нарын хөрөнгөөр баригдсан. Манай байгууллага төсөл хэрэгжүүлэгчээр “Сартком” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Юү Эс Би” ХХК, “Легато” ХХК, “Төвхөн трейд” ХХК, “Сителеком” ХХК тус тус барилгыг барихад оролцсон.

“М ” ГҮТББ хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг төвлөрүүлж, тэдний өмнөөс барилгад хөрөнгө оруулж, хуулийн этгээд, хувь хүмүүсийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр ногдох талбайг хуваарилан шилжүүлэх зорилгоор манай байгууллагатай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай” гэрээг байгуулан ажилласан. 13 давхар барилгыг барихад анх “Юү Эс Би” ХХК-аас 200 000 000 төгрөгийг оруулснаар барилгын суурь тавигдаж, ажил эхэлсэн. Барилга эхэлсэн үеэс хөрөнгө оруулагч нартай манай байгууллага болон “М ” ГҮТББ-тай талбай захиалга болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулан, хөрөнгө оруулагч нарын тусламжтайгаар барилгыг барьж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн. Д.Б-т  шилжүүлээгүй талбайг “М ” ГҮТББ шилжүүлэх үүрэгтэй тул манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийг  Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 4 давхрын 51,36 м.кв талбай бүхий 4035 тоот үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “У ” ХХК-д холбогдох хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ” ГҮТББ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М ” ГҮТББ-ын төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиалсан гэх мөнгийг хариуцагч “У ” ХХК-ийн захирал Д.Шинэсар өөрийн хувийн дансаар хүлээн авсан байдаг. Мөн тэрээр  2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Д.Б-ээс  28 800 000 төгрөг зээлж, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн байдаг. Мөн Д.Б  нөхөр Э.Энхбаясгалан нь “У ” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-г байгуулсан. Шүүх 4 давхарт өөр талбайг захиалж “У ” ХХК-ийн захирал Д.Шинэсарт өгсөн мөнгийг манай байгууллагыг авсан мэтээр дүгнэсэн байдаг.

Хэрэв шүүх хуралд хариуцагч Д.Шинэсар өөрийн биеэр орсон бол, ядаж тэр байгууллагыг төлөөлж шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орсон бол манай байгууллагын зүгээс дээрх зээлийн гэрээтэй холбоотой 4 давхарт өөр өрөө захиалсан талаар нь асууж тодруулах, дээрх зээлийн гэрээ болон нэхэмжлэгч Д.Б  нөхөр Э.Энхбаясгалан нь “У ” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний талаарх бичгийн баримтуудыг гаргуулж, тодруулж үйл баримтууд маш тодорхой болох байсан.

Гэвч “У ” ХХК-ийн захирал Д.Шинэсар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирэхгүй цаг хугацаа алдсан учраас Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг яаралтай шийдэх үүднээс тэдгээрийг оролцуулалгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэр гаргасан.

Б болон манай байгууллага хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, шүүх буруу дүгнэсэн, Б нь “У ” ХХК-тай л ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, мөнгийг манай байгууллагад төлөөгүй.

Нэхэмжлэгч “У ” ХХК-ийн захирал Д.Шинэсарт залилуулсан гэдгээ мэдээд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “М ” ТББ-д 20 000 000 төгрөг өгье, эвлэрэх санал тавьж байсан. Харин манай байгууллагын зүгээс 25 000 000 төгрөг өгөөд маргаанаа дуусгаж болох талаар хариу өгсөн. Энэ бүхнээс дүгнэвэл Б нь манай байгууллагад мөнгө төлсөн бол надад 20 000 000 төгрөг өгнө гэж ярихгүй байх байсан. Энэ байдлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарах ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 343 дугаар зүйлүүдэд зааснаар өмчлөгч болохгүй, өмчлөх эрх гагцхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөлийн эрхийг олж авах эрх үүснэ гэж үзэж байна.

Гурван талд гэрээний 2.1.3-т 4 давхрын өмчлөгч нь манай байгууллага болохыг тодорхой заасан, мөн манай байгууллага дээрх оффисын захиалагч болохыг гэрээнд тусгасан. Д.Б-т эй байгуулсан гэрээний 3.1-т төлбөр тооцоог Д.Шинэсартай нийлж дууссан талаар гараар бичсэн байдаг, бөгөөд манай байгууллагаас хэн бичсэн нь тодорхойгүй учир хүлээн зөвшөөрөөгүй, шүүх гараар төлбөр тооцоо дууссан гэж бичсэн бичигт үндэслэн төлбөр тооцоог манай байгууллагыг авсан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Д.Шинэсар давхардуулж зарсныг буцааж 4002 тоотыг 4020 тоотоор сольж бүртгэж авлаа гэсэн бичиг байна гэх боловч бодит байдал дээр 4002, 4020 тоот өрөөнүүд нь манай байгууллагын өмчлөлд байдаггүй. Анхан шатны шүүх хөрөнгө хэрхэн, хэн, хэний өмчлөлд шилжсэн талаарх бичгийн баримтуудыг судлах ёстой байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа дээрх зарим нэг гэрээний хуулбарыг олсон тул дээрх гэрээнүүд хэрэгт авагдаж байж, яг аль алиных нь талбайн хөрөнгө оруулалтын гэрээ болох талаар мөнгийг салгаж ойлгох боломжтой юм. Нэхэмжлэгчийн нөхөр Э.Э нь “У " ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу шилжүүлсэн мөнгөө манай эхнэр гэрээ байгуулсан, би өмнөөс нь мөнгийг нь шилжүүлсэн гэдэг. Хэд хэдэн өөр талбайн мөнгөний ялгааг шүүх гаргалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 4 давхрын 4035 тоотод байрлах 51.36 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч “М ” ГҮТББ, “У ” ХХК-д холбогдуулан гаргасан.

 

Хариуцагч “У ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч “М ” ГҮТББ нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Д.Б-т эй гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б нь өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ “М ” ГҮТББ-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 4 давхрын 4035 тоотод байрлах 51.36 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн үнэд нийт 66 740 800 төгрөг төлсөн гэж тайлбарласан байна.

 

Дээрх тохиолдолд тухайн гэрээний үнийн дүн буюу нэхэмжлэгч уг гэрээний үүрэгт төлсөн гэж өөрөө тодорхойлсон мөнгөн хөрөнгийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хувь тэнцүүлэн тооцоолж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан төлсөн байх учиртай. Гэтэл тэрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгөөр буруу тооцож төлсөн байхад анхан шатны шүүх уг алдааг залруулалгүй, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тайлбарласан байгаагаас үзвэл өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байх боловч нэхэмжлэгч Д.Б-ийг  нэхэмжлэлд дурдсан талбайн өмчлөгчөөр тогтоохдоо талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндэслэсэн талаар мөн дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Б  болон хариуцагч “М ” ГҮТББ-ын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг талбайн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл болгож буй 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу тайлбарлаж, тухайн гэрээний талуудын хүлээх үүрэг, гэрээний зүйлийг тодорхойлох шаардлагатай.

 

Анхан шатны шүүх дээрх гэрээнд хариуцагч “М ” ГҮТББ-ын төлөөлөгч Ц.Б гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасны дагуу сонгож гүйцэтгэх эрхээ эдэлсэн гэх агуулгаар тайлбарласан нь буруу болжээ. Иргэний хуулийн уг заалт нь гүйцэтгэвэл зохих үүрэг хэд хэдэн хувилбартайгаар гэрээ болон хуулиар тодорхойлсон тохиолдолд аль нэг үүргийг сонгох эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгосон, энэ талаар нөгөө талд мэдэгдэх гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн зохицуулалт нь талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй юм.

 

Түүнчлэн, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэг талаас төсөл хэрэгжүүлэгч “У ” ХХК, нөгөө талаас хөрөнгө оруулагч Э.Э нарын байгуулсан RE15/024 дугаартай “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай” гэрээ /2 хх183-184/, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэг талаас захиалагч “М ” ГҮТББ, нөгөө талаас хөрөнгө оруулагч Б нарын байгуулсан 2016/09/01 дугаар гэрээнүүдийн үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар солигдсон талаар хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнөх үүргийг солих замаар үүрэг дуусгавар болох зохицуулалт нь гэрээний зүйл, үнэ эсхүл эрх, үүрэг солигдох талаар тухайн гэрээний талууд тохиролцсон тохиолдлыг илэрхийлдэг. Харин шинээр үүрэг үүссэн өөр өөр талууд оролцсон гэрээний үүргийг хооронд нь сольж дуусгавар болгох гэж тайлбарлах нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 

Нэхэмжлэгч Б болон хариуцагч байгууллагуудын хоорондын эрх зүйн харилцааг тодорхой болгосны үндсэн дээр хэрэглэвэл зохих заалтыг зөв хэрэглэх боломжтой болно.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг залруулах, хариуцагч “М ” ГҮТББ-ын гомдолд дурдсан үндэслэл болон хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх буюу маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “М ” ГҮТББ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                      

                                            ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА