Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/03403

 

 

 

 

 

2024 09 17 181/ШШ2024/03403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  х, Х... ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Т /РД: /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Т ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Г.Т нь Х...тай 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 201  дугаартай зээлийн гэрээ байгуулан 2.200.000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Үүнээс Х... 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 удаагийн зээл олголтын гүйлгээгээр 22.200.000 төгрөг зээлдэгч Г.Т ын Х... дахь 5005  тоот дансанд 2.200.000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 419.999,9 төгрөг, зээлийн хүүд 103.752,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 254,12 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 201 1 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлөөгүй тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 192 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Зээл авах үед үндсэн зээлдэгч Г.Т нь амьдарч байсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71Б-79 тоот хаягт зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардахаар очих болон утсаар холбогдоход хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй болсон. Х...ны зүгээс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71Б-79 тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ20  дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Г.Т ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х... ХХК-ийн 101  дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, А/270, А5/356, Б/211, А-3 , А-1 тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Г.Т ын дансны хуулгууд, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 20  дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2024/12  дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Т ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийж хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Иргэн Г.Т нь Х... ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2010089201 дугаар Зээлийн гэрээг байгуулж, 2.200.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Г.Т хариуцагч болох хуульзүйн үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.Т байнга оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71Б-79 тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2  дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлох шаардлагагүй гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Х... ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Т ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.Т /РД: /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Т ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т /РД:ТЯ /-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон Х... ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ