Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2024/00007/И |
Дугаар | 151/ШШ2024/00547 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2024/00547
2024 06 06 151/ШШ2024/00547
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х*****Б****** ХК,
/Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ***** цамхаг/,
Хариуцагч: Г***д овогт Б****н М*******,
/Төв аймаг, ******** сум, * дугаар баг, ***** дүгээр байр ****** тоот,
Хариуцагч: Б******н овогт Э********тын М************
/Төв аймаг, *********** сум, * дүгээр баг, ******* тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 40,459,057 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Оюунсувд,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лхагвадорж,
Хариуцагч: Б.М*******,
Хариуцагч: Э.М********,
Хариуцагч Б.М*******гийн өмгөөлөгч: С.Сувдмаа,
Хариуцагч Э.М********ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Сүхням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х*****Б****** ХК нь хариуцагч Б.М*******, Э.М******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 40,459,057 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1Зээлдэгч Г***** овогт Б****** М****** /РД****/, Б***** овогт Э****** М****** /РД****/ нар нь "Х*****Б******" ХК-ийн Нарантуул тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №3Г201******** тоот Зээлийн гэрээ болон №БГХ/201743271387 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 18,500,000 /Арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртлэх хугацааны цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,675,376 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 988,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,228 төгрөг, нийт 3,668,126 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний Хавсралт 1-т заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.18 2.4.2, 2.4.4, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, Долоодугаар зүйлийн 7.1 дэх заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.8, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б**** М****** /РД: ********/, Э**** М****** /РД: ********/ нарт холбогдуулан, хамтран хариуцуулахаар
1/ 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3Г201******** тоот Зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 15,824,624 төгрөг,
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 22,567,621 төгрөг, 2,035,812 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 40,428,057 төгрөг гаргуулах,
2/ Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 31,000 төгрөг, бүгд 40,459,057 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,245.29 төгрөгийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Г.Лхагвадорж нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Х*****Б****** ХК нь хариуцагч Б.М*******, Э.М******** нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 40,428,057 төгрөг, нотариатын зардлын 31,000 төгрөг, нийт 40,459,057 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М*******гөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс зохих хэмжээгээр хөнгөлүүлж 21,400,000 төгрөг төлж зээлийг хаалгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б.М******* нь 21,400,000 төгрөгийг төлсөн тул Х*****Б****** ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадорж, О.Оюунсувд нар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 40,459,057 төгрөгийн 19,459,057 төгрөгөөс татгалзаж байна гэв.
2. Хариуцагчийн Б.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х*****Б******ны гаргасан 2017 оны 10 дугаар 26-ны өдрийн № ЗГ 201743271387 тоот Зээлийн гэрээний үүрэгт 40,428,057 төгрөг Нотариатын зардал 31,400 нийт 40,459,057 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад Б.М******* би доорх хариу тайлбарыг гаргаж байна. Би Э.М********тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х*****Б******ны Нарантуул тооцооны төвөөс 18,500,000 жилийн 22,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан нь үнэн. Ажиллаж байх хугацаандаа би уг зээлээс төлж явсан. Цалингаасаа үндсэн зээлд 2,675,376 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 988,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,228 төгрөг нийт 3,668,126 төгрөг төлсөн. Үүнээс хойш би жирэмсний амралтаа аваад гэртээ хүүхдээ хараад сууснаас хойш уг зээлийг төлж чадаагүй. Энэ үед би Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан. Би төрөөд зээлээ төлөхийн тулд хүүхдээ 7-н сар болгоод ажилдаа орох гээд очсон чинь захирал хүүхдээ 3-н нас хүртэл чөлөөгөө эдэл гэж хэлээд намайг ажилд аваагүй. Чөлөөний хугацаа дуусаад очсон өр зээлтэй дахин ажиллуулахгүй гээд намайг ажлаас халсан байсан. Үүнээс хойш ковид гарч хоёр жил бүх хүний эдийн засгийн боломж муудаж хүндэрч банкнуудыг зээл төлөхийг хойшлуулж байсан үе таарч байсан. Би 2020 онд банкны эдийн засагч Энхболд мөн Наадам Центр дээр очиж Лхавгадорж гэдэг эдийн засагчтай уулзаж удаа дараа очиж хүсэлт гаргаж байсан. Би зээлэнд хамрагдмаар байна муу зээлийн түүх банкнаасаа хүсэлт гаргавал болно гэсэн учир дараалан гаргаж хүсэлт гуйж хандаж байсан Би сая Монгол банканд очиж зохиох хүмүүстэй уулзсан. Активын сан бүрдүүлээд 29.1 заасанаар 5 үндсэн зарчим байгаа тэр шаардлагын дагуу хаагаагүй зээл болно гэсэн учир надад энэ шаардлага дагуу хүсэлтийг банканд уламжлал өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөндөө өртэй. Би муу зээлийн түүхтэй байгаа учраас надад банкнаас ямар нэгэн зээл гарах боломжгүй байна. Би одоо ажилтай болсон гэж зөндөө гуйсан. Би 4-н хүүтэй хамгийн том хүү маань Мөнхбаатарын хүүхэд биш түүний дараагийн 3-н хүү маань Мөнхбаатарын хүүхдүүд юм. Миний том хүү маань Анагаахын их сургуульд 2017 оюутан болсон одоогоор төгсөх курст суралцаж байна. Түүний дараагийн 3 хүү маань том нь одоо 12 дугаар ангид сурдаг, түүний дараагийн хүү 8 дугаар ангид бага хүү маань одоо 5 настай цэцэрлэгт явдаг. Би авсан зээл өр болгоноо гэр бүл үр хүүдэддээ зарцуулж өр төлбөртөө өгч явсан. Мөнхбаатартай 2005 оноос эхлэн хамтран амьдарч нийт 20 жил хамт амьдрах хугацаанд бидний дундаас 3-н хүү төрсөн. Ер нь анх надтай суухдаа шүүхийн шийдвэрийн газарт хүүхдийн тэтгэвэрийн мөнгө төлдөг байсан. Энэ үед би машин лизингээр авах боломжгүй байсан учир 5 дугаар сургуулийн жижүүр Эрдэнэ-Очир ах өөрийн нэрэн дээрээ машин авч өгөөд тэр машиныг Мөнхөө намайг төлөөрэй гэсэн учир би төлөж байсан. Аваад 4 сарын дараа Батсүмбэр суманд Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарын гүйцэтгэгч Дэлгэрцэцэг ирж хөдөө хадамындаа байхад ирж машин хурааж авсан. Мөнхбаатартай амьдарч байсан хүний хувьд машинаа өгөөд өөрийн шавь Золзаяагийн ээж аавыг гуйж вагоноор хүүхүүдээ аваад Мөнхбаатар бид ирж байсан Энэ машиныг мөд зарах гэж авсан байсан машингүй болоод би цалингийн зээл авч энэ машины өрийг төлсөн харин Мөнхбаатар энэ машинаар хүүхдийнхээ тэтгэвэрт хураалгаж тэтгэвэр хаасан. Энэ үеэс эхлэн өр зээлэнд орж эхэлсэн. Гэтэл Э.М******** нь 2018 оноос хойш бага хүүхдээ ой гарантай байхад миний найз Оюунгэрэлтэй 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад одоо больё гээд гэртээ ирсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр гэрээсээ яваад одоо болтол ирэхгүй байгаа. Бид 20 жил амьдрахдаа аз жаргалтай сайхан үеүүд олон байсан. Гэтэл намайг мөнгө олж ирэхээр хүүхдүүддээ гэр орондоо хэрэглэчихээд одоо өр зээлтэй хүнд үед 3-н хүүхэдтэй минь орхиод өөр хүүхэнтэй болоод удаж байна. Мөнхбаатарын ажил дээр эхнэр нь байна гээд яваад очиж даргатай нь уулзахад эхнэр нь гээд өөр хүүхэн ирж цалинг нь авдаг гэж хэлсэн. Одоо би нэг төгсөх курссын оюутан 5-18 насны 3-н хүүгийн хамт өрх толгойлон амьдарч байна. Одоогийн байдлаар доор өр төлбөрийн асуудал дараалан хүлээгдэж байгаа.
1. Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Б. Мөнхөө, Э.М******** нараас 18,166,000 төгрөгийг иргэн Ч.Цэцэгээд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамгийн эхний өр зээл болон миний цалин дээрээс суутгал хийгдэж явж байгаа. /Энэ мөнгөнөөс Э.М******** огт төлөлт хийгээгүй миний цалингаас суутгал хийгдэж байгаа болно. Уул нь цуг төлөх ёстой /.
2. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны Төв аймгийн эвлэрүүлэн зуучлах шүүхээр Д.Отгонжаргалд 2,730,000 төгрөг төлөхөөр
3. 2022 оны 10 дугаар сарын 06 -ны өдөр Төв аймгийн эвлэрүүлэн зуучлах шүүхээр Г.Чулуунсүрэнд 4,000,000 төгрөг төлөхөөр
4. Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01355 тоот шийдвэрээр 3.Мэндсайхан, Т.Ганболд нарт 15,340,300 төлөхөөр
5. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00597 тоот шүүгчийн захирамжаар С.Баярсайханд 5,300,000 төгрөг төлүүлэхээр тус тус шийдвэрлэгдсэн явж байна. /Нотлох баримтуудыг хасваргав. /Нийт 45,536,300 төгрөг.
Мөн Х*****Б****** зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан байхад түүнээс хойш зээлийн гэрээний хугацааг албан ёсоор сунгаагүй байж түүнээс хойш 2 жилийн зээлийн гэрээний хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусах үед эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандаагүй байж тэр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандаж байгаа нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болохоор харагдаж байна. Иймд Х*****Б******ны нэхэмжилсэн 40,428,057 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй. Харин үндсэн зээлийг тухайн үед хамтран амьдарч байсан зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурсан Э. Мөнхбаатартай хувааж төлөх ёстой гэжээ.
2.1. Хариуцагч Б.М******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Х*****Б****** ХК-тай эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 40,459,057 төгрөгийн 21,400,000 төгрөгийг төлж барагдуулан эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Х*****Б****** ХК нь хариуцагч нараас 21,400,000 төгрөгийг тавь тавин хувиар гаргуулна гэснийг миний бие бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч Э.М********аас 10,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Э.М******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.М******** миний бие 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б**** М******тэй хамт Х*****Б******-с 18,500,000 төгрөгийн зээл авсан.Хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд үндсэн зээлд Б.М******* Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол Содон хороолол Ерөнхий боловсролын сургуульд багш ажил хийдэг тул тэр өөрөө цалингийн зээлээ төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Би Х*****Б******ны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.1. Хариуцагч Э.М******** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х*****Б******ны 40,459,057 төгрөгөөс хариуцагч Б**** М****** 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 21,400,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн тул миний зүгээс 10,700,000 төгрөгийг 6 сарын дотор буюу 2024 оны 07 дугаар сарын 06-аас 10-ны хооронд 1,800,000 төгрөг төлж бүрэн барагдуулахаар харилцан тохирон зөвшөөрсөн тул Б.М******* бид хоёрын эвлэрлийн гэрээг шийдэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйлгээний баримт, нотариатын зардлын баримт, итгэмжлэл, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ201743271387 дугаар хэрэглээний зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №БГХ/201743271387 дугаар барьцааны гэрээний хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар тодорхойлолтын хуулбар, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Б.М*******гийн 0122386 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Э.М********ын 000043429 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагч Б.М*******, Э.М******** нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагч Б.М*******гийн 5721338909 тоот данс руу зээл 18,500,000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, зээлийн бүртгэлтийн картын хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.М*******, Э.М******** нарын тус банканд гаргасан өргөдлийн хуулбар, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 61/3926 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 61/1112 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар зэрэг баримтуудын хуулбар зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагч Б.М******* болон түүний өмгөөлөгч нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ЭГ2022/00076 дугаар эвлэрлийн гэрээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаар эвлэрлийн гэрээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/01355 дугаар шийдвэрийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШЗ2023/00597 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
6. Хариуцагч Э.М******** болон түүний өмгөөлөгчөөс нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
7. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Х*****Б****** ХК нь хариуцагч Б.М*******, Э.М******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 40,459,057 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Тус эвлэрлийн гэрээгээр Нэг талаас Х*****Б****** ХК-ны түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Лхагвадорж О.Оюунсувд нар Хариуцагч Б.М******* 21,400,000 төгрөг 2024 оны 06 сарын 01-ний өдөр Х*****Б******анд төлж барагдуулсан тул 19,059,057 төгрөгөөс татгалзаж байна. 2. Хариуцагч Б.М******* /РД:********/ дангаараа 21,400,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болно. Уг төлбөр болох 21,400,000 төгрөгийн 50 хувь болох 10,700,000 төгрөгийг хариуцагч Эрдэнэцогт овогтой Мөнхбаатар нь 2024 оны 07 дугаар сарын 06-аас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд сар бүр Б.М*******гийн төрийн банкны данс болох 106001856587 тоот дансанд 1,800,000 төгрөг хийхээр тохиролцов.3. Хариуцагч Э.М******** дээрх хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж төлүүлэхээр захирамжид тусгахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ.
3. Нэхэмжлэгч Х*****Б****** ХК болон хариуцагч Б.М*******, Э.М******** нар нь 18,500,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ201743271387 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан мөн өдрөө Б.М*******, Э.М******** нарын цалинг 48 сарын хугацаатайгаар барьцаалсан байна. /хх 11-15/
4. Талууд зээлийн гэрээний талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй болно.
5. Нэхэмжлэгч Х*****Б****** ХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-7/,
6. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тохиролцож, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.
7. Зохигчдын тайлбараар №ЗГ201743271387 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан, хариуцагчаас үндсэн зээлд 2,675,376 төгрөг, зээлийн хүүд 988,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,228 төгрөг, нийт 3,668,126 төгрөг төлсөн энэ талаар маргаагүй.
8. Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг шаардах эрхтэй байна.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсч, улмаар хариуцагч нь мөн хуулийн 451.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч байгууллагын өмнө хүлээнэ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасан.
12. Нэхэмжлэгч Х*****Б****** ХК нь О.Оюунсувдад 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Г.Лхагвадоржид 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх эрхийг итгэмжлэлээр олгосон байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг төлөөлж оролцсон, нэхэмжлэлийн шаардлагаас 19,059,057 төгрөгөөс татгалзаж, үлдэх 21,400,000 төгрөгийг хариуцагч нараас тавь, тавин хувиар гаргуулахыг хариуцагч Б.М******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлсөн тул хариуцагч Э.М********аас 21,400,000 төгрөгийн 50 хувь болох 10,700,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 6 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хороонд сар бүр хариуцагч Б.М*******гийн Төрийн банк ХК дахь ************** тоот дансанд 1,800,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Г.Лхагвадорж нар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанд нийцэх ба итгэмжлэлээр олгосон эрхэд хамаарна.
14. Талуудын шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.
15. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х*****Б****** ХК-ийн хариуцагч Б.М*******, Э.М******** нарт холбогдох 40,459,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,245.29 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******, Э.М******** нараас улсын тэмдэгтийн хураамж 360,245.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*****Б****** ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*****Б****** ХК-ийн хариуцагч Б.М*******, Э.М******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 40,459,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 19,059,057 төгрөгөөс татгалзаж, үлдэх 21,400,000 төгрөгийг хариуцагч Б.М*******, Э.М******** нараас тавь, тавин хувиар буюу 10,700,000 төгрөгийг тус тус гаргуулна гэснийг хариуцагч Б.М******* 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 21,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Х*****Б****** ХК-д төлж барагдуулсан тул хариуцагч Э.М******** нь хариуцагч Б.М*******д 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны хооронд сард 1,800,000 төгрөгийг Төрийн банк ХК дахь Б.М*******гийн ************** тоот дансанд тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Х*****Б****** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,245.29 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******, Э.М******** нараас 360,245.29 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х*****Б****** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ